| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00763/И |
| Дугаар | 156/шш2020/00843 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 156/шш2020/00843
156/ШШ2020/00843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00763/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 2 дугаар хороонд оршин суух, Н.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух, Ж.Б-д холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Бэрхийн уурхайд 1993 оноос өрөмдөгчөөр ажиллаж байсан бөгөөд өмч хувьчлалаар Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцыг уурхайгаас надад хувьчилж өгсөн юм. Ингээд уг байрандаа амьдарч байтал аав Нацагийн маань бие муудсан учир аав, ээжийндээ очиж, асрах гээд байрнаасаа түр гарсан юм. Энэ хугацаанд байр хоосон байсан учир өөрийн хуучин хадам ах Х.Б байранд чинь түр байя гэж гуйхаар нь байрандаа оруулсан. Аав Н маань 2002 онд нас барж ээж Ш.Х өндөр настай үлдсэн учир ээжийгээ цаашид асаръя гэж байрандаа орохгүй түр хойшлуулсан. Хэсэг хугацааны дараа очиход байранд нь Г.Д гэх хүн гэр бүлийн хамт орсон байсан. Тэгэхээр нь би байрнаас гар байрандаа оръё гэхэд манай дүү С.Б гэх залуу хүнээс худалдаж авч өгсөн, мөнгөө авахгүй бол гарахгүй гэх тайлбар тавиад өнөөдрийг хүрсэн. Одоо би Бэрх тосгоны Зүүн 60-ийн 2-13 тоотод аав, ээжийнхээ амьдарч байсан хашаанд амьдарч байгаа бөгөөд Бэрхийн уурхайгаас хувьчилж өгсөн уг байрыг Г.Д-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А нь Бэрхийн уурхайд 1993 оноос өрөмдөгчөөр ажиллаж байсан бөгөөд өмч хувьлалаар Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцыг уурхайгаас түүнд хувьчилж өгсөн байна. Ингээд уг байрандаа амьдарч байтал аав Н-ийн нь бие муудсан учир очиж асрах гээд байрнаасаа түр гарсан. Энэ хугацаанд байр хоосон байсан учир А-ын хуучин хадам ах Х.Б байранд нь 2005 оныг хүртэл амьдарсан байна. Аав Н нь 2002 онд нас барж ээж Ш.Х өндөр настай үлдсэн учир ээжийгээ цаашид асаръя гэж байрандаа орохгүй түр хойшлуулсан. Хэсэг хугацааны дараа очиход Г.Д гэх хүн гэр бүлийн хамт орсон байсан. Түүнийг байрнаас гар байрандаа оръё гэхэд байрыг чөлөөлж өгөөгүй бөгөөд Дэлгэрсайхан нь амьдралын боломж муу учир түүнийг хөөж гаргаж чадалгүй байраа чөлөөлж өгөхийг шаардаж өдий хүрсэн байна. Иймд Н.А-ын Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв байрыг Г.Д-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 14 тоотод байршилтай орон сууц нь миний эхнэрийн дүү С.Болдсүхийн өмчлөлийн байр бөгөөд Б эгчтэйгээ хамт амьдарч байгаад 2005 оноос Бор-Өндөр сум руу шилжихэд эхнэр бид хоёр одоог хүртэл байранд нь амьдарч, засан сайжруулж, ус, цахилгааны төлбөрийг төлж байгаа. Уг байрны талаар ямар ч хүн асууж сураглаж ирээгүй 10 гаран жил өнгөрсөн атал гэнэт 2019 оны намраас байрны эзэн нь гэж хүн асууж сураглах болсон. Би бусдын өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй, хадам дүүгийнхээ байранд л амьдарч байгаа. Болдсүх уг байрыг аваад бараг 20 шахам жил болох гэж байна. Гэхдээ би энэ байрыг Сандагийн Амгаланбаатарын байр гэж боддог. Овог, нэрийг нь буруу хэлж байж магадгүй. Нацагийн Амарбаатар гэдэг ч билүү. Тэр надтай уулзаад 3 сая төгрөг өгье, байр чөлөөлж өг гэж Иймээс надад холбогдуулан гаргасан байрыг чөлөөлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Г.Дд холбогдуулан Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...уг орон сууц нь миний эхнэрийн дүү С.Б-ийн өмчлөлийн байр бөгөөд Б амьдарч байгаад 2005 оноос Бор-Өндөр сум руу шилжээд явахад эхнэр бид хоёр одоог хүртэл тус байранд нь амьдарч, засан сайжруулж, ус, цахилгааны төлбөрийг төлж байгаа...” гэж, мөн “...2019 оны намраас байрны эзэн нь гэж хүн асууж сураглах болсон. Би энэ байрыг Сандагийн Амгаланбаатарын байр гэж боддог. Овог, нэрийг нь буруу хэлж байж магадгүй. Н.А гэдэг ч билүү. Тэр надтай уулзаад 3 сая төгрөг өгье, байр чөлөөлж өг гэж хэлсэн” гэж өөр өөрөөр тайлбарлаж мэтгэлцлээ.
Хэрэгт Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчооны дарга Н.Г, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Төрхүү нарын гарын үсгээр баталгаажуулсан Н.А-н нэр дээрх Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцны 0118101 тоот гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/ авагдсан байх бөгөөд тус баримт дээр хариуцагч тал маргаагүй болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцыг 0118101 дугаартай, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.А бүртгэгдсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу өмчлөгчийн өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхэд бусад этгээд саад болох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Д-аас дээрх орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин дээрх орон сууц хариуцагч Г.Д-ы болон бусад этгээдүүдийн хууль ёсны өмч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа бол үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон татгалзалын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.О нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Г.Д нь дүү Болдсүхийн байр болох Бэрх тосгоны 107 дугаар байрны 14 тоотод амьдардаг. Уг байрыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Г.Д нь 2001 оноос хойш уг байранд амьдарч байгаа. Нэхэмжлэгч Н.А нь 2001 оноос хойш байраа чөлөөлүүлэх талаар шаардаагүй бөгөөд хариуцагч Г.Д нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д зааснаар шударга эзэмшигч, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлалаа. Гэвч хэрэгт авагдсан Н.А-ын нэр дээрх Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцны 0118101 тоот гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/-т дурдсанаар нэхэмжлэгч нь уг байрны өмчлөлийн гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан байх тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болохоо нотлох эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ын өмчлөлийн Хэнтий аймгийн Бэрх тосгоны 107 дугаар байрны 2-14 тоот 18 мкв орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Д-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Д-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА