Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.Энхбаяр түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Энхбаярт холбогдох 201707000029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, 1964 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 12-3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аминдаа 10 тооны бог малтай, ДБ64060318 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Биймаагийн Энхбаяр гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Энхбаяр нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 12-4 тоот хашаанд оршин суух иргэн Т.Саруултуяагийн гэрт Д.Ганбаатар, Л.Алтансүх нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэн танхайрч хохирогч Д.Ганбаатарын хөлөн тус газар хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 12-4 тоот хашаанд оршин суух иргэн Т.Саруултуяагийн гэрт Д.Ганбаатар, Л.Алтансүх нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн хохирогч Д.Ганбаатарын хөлөн тус газар хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Архинаас болоод Ганбаатар намайг барьж аваад чихнээс хазаад чихийг нь адилхан сэтэрхий болгоно гэж дарж унасан. Би босгох гээд чадаагүй тэр чинь надаас залуу хүн би бүх арга хэмжээгээ авсан. Тэгээд хутга гаргаж ирээд хутгалсан орилоод боссон ийм л зүйл болсон байх яг нарийн санахгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байсан гэх мэдүүлэг,  

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөнөөс ирээд өөрийн найз Түвшинжаргал гэдэг айлд байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Жаргалант баг 12-4 тоот хашаанд байх Т.Саруултуяагийн гэрт очсон юм. Тэнд Б.Энхбаяр өөр нэг танихгүй ахтай хамт байсан гэрийн эзэн Т.Саруултуяа бас тэнд байсан. Б.Энхбаяр 5000 төгрөг гаргаж ирсэн, хамт байсан ах 2000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь би аваад дэлгүүрээс Түмний хишиг гэдэг архи 0.75 литрийн архи авч ирээд бид нар хамт ууж тэр архийг дуусгасан. Түүний дараа би өөрийн өмсөж явсан хагас түрүүтэй гутлыг Т.Саруултуяагийн хүүхдэд нэг шил архи, нэг ширхэг тамхиар зарсан. Тэгээд миний гутлаараа сольсон архийг ууж байгаад намайг Б.Энхбаяр хутгалсан гэж бодож байна. Б.Энхбаяр нь надтай маргалдаж муудалцаагүй зүгээр хамт архи ууж байгаад намайг хутгалсан. Б.Энхбаяр өөрөөсөө гаргаж ирсэн тэр хутга нь улаан хүрэн иштэй эвхдэг хутга байсан. Болсон явдлыг Т.Саруултуяагийн охин Ооноо, Л.Алтансүх нар харж байсан, харин Т.Саруултуяа архи уугаад тасарсан байсан. Би эмнэлэгт үзүүлсэний мөнгө, эмчилгээ хийлгэсний мөнгө, өмсөж явсан өмд гутал зэрэг зүйлс цус болоод өмсөх боломжгүй болсон байна. Миний өмсөж байсан гутал 50.000-60.000 төгрөг, өмд 20.000 төгрөг, куртик 50.000 төгрөг, ноосон цамц 10.000 төгрөг, подволка 5.000 төгрөг болно. Миний хохирлыг барагдуулж өгөх юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 33-34-рт/,

Гэрч Л.Алтансүхийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 31-ны үдээс хойш Б.Энхбаяр нь намайг дуудаад утсаар байнга залгаад байсан тэгээд би Б.Энхбаярын гэрт ганцаараа очиход Б.Энхбаяр согтуу байсан. Тэдний гэрт архи байгаагүй. Намайг архи аваад өг гэсэн. Тэгээд тэднийд хэсэг хугацаанд сууж байгаад гарсан чинь хажуу талын гэрт хүн орилох шиг болсон. Т.Саруултуяагийн гэрт ороход Т.Саруултуяа тасраад зүүн талын орон дээрээ унтаж байсан. Гэрийн баруун талд Д.Ганбаатар орилоод сууж байсан. Б.Энхбаяр гэрт орж ирээд Д.Ганбаатарыг дуугүй бай гэж хэлсэн. Д.Ганбаатар дуугүй бололгүй орилоод байхад өмсөж явсан хувцасныхаа энгэрийн халаасыг ухаж байгаад эвхдэг хутга гаргаж ирээд шууд Д.Ганбаатарын хөлрүү нь хутгалсан. Тэр үед би босож очоод салгасан чинь чамайг бас ална гээд надруу дайрсан. Би хутгатай гарыг нь барьж байгаад Б.Энхбаярыг гаргаж явуулах гээд хаалгаар түлхэж гаргасан чинь гарахгүй байсан. Тэр үед Мөнхдэлгэр Гантогтох 2 ирээд надтай нийлээд түлхэж гэрээс гаргасан ...” гэх мэдүүлэг /хх 36-37-рт/,

Насанд хүрээгүй гэрч С.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед би хичээлээсээ ирээд гэртээ хоол хийх гээд байж байтал гаднаас Л.Алтансүх ах орж ирсэн. Араас нь Б.Энхбаяр ах орж ирсэн. Б.Энхбаяр Д.Ганбаатар ахын хөлрүү нь өшиглөж байгаад хутга гаргаж ирээд хөлрүү нь хутгалсан. Л.Алтансүх ах салгасан чинь энийг гүйцээнэ гээд Д.Ганбаатар луу дайраад байсан, тэгж байснаа Л.Алтансүх ахыг тэгвэл чамайг ална гээд дайрсан би айгаад гэрээс гараад хүн дуудах гээд гүйсэн...” гэх мэдүүлэг /хх 40-41-рт/,

Гэрч Р.Мөнхдэлгэрийн “...2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 18-19 цагийн үед Т.Саруултуяагийн охин Ооноо гэж авгайлдаг хүүхэд Гантулга бид хоёрын өмнөөс гүйгээд гараад ирсэн. Энхбаяр ах хүн хутгалчихсан гэж хэлээд зөрөөд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх 43-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “1...иргэн Д.Ганбаатарын биед гэмтэл учирсан байна,

2.Иргэн Д.Ганбаатарын биед: зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна…” гэх дүгнэлт /хх 54-55-рт/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-558

1. Б.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг” сэтгэцийн өвчтэй байсан байна. Уг өвчин нь 2000 оноос эхэлсэн байх боломжтой байна. Б.Энхбаяр нь өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна.

2. Б.Энхбаяр нь одоо “Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг”   сэтгэцийн   өвчтэй   байна. Архинд  донтох  өвчин нь сэтгэцийн өвчинд хамаарна. Цаашид архины эсрэг өвөрмөц эмчилгээ хийсэн тохиолдолд засрал сайжралын байдалд орох боломжтой.

З. Б.Энхбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Шинжээч эмчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 1-р дүгнэлтийн “Архинд донтох өвчтэй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин “Архины цагаан солио өвчтэй байсан, тухайн үед өөрийгөө хянах чадвар бүрэн алдагдсан тул хийж буй үйлдлээ ухамсарлан ойлгох чадваргүй” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Мөн 2 дугаар дүгнэлтийн “Б.Энхбаяр нь одоогоор “архинд донтох өвчтэй ба зан төрхийн гүнзгий өөрчлөлт тод ажиглагдана” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин аөвчин архаг учир эдгэрэх боломжгүй гэсэн дүгнэлт үндэслэл муутай байна. Мөн 3 дугаар дүгнэлтийн “Б.Энхбаяр нь одоогоор нүдний эмгэгийн улмаас нүдний эмчийн хяналтанд байдаг ба сэтгэцийн эмгэгээр сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. Харин нийгэмд аюултай үйлдэл хийх магадлалтай үйлчлүүлэгч гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Мөн 4 дүгээр дүгнэлтэд “Б.Энхбаярын аавын ээж нь сэтгэцийн эмгэгтэй хүн байсан. Төрсөн 2 дүү нь сэтгэцийн өвчтэй байдаг гэх өгүүлэмж байгаа боловч үүнийг нотлох баримт одоогоор үгүй байна гэх 5 гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /хх 170-рт/,

Шүүгдэгч Б.Энхбаярын сэжигтнээр мэдүүлсэн “...Бид нарын ууж байсан “Түмний хишиг” нэртэй архи дуусаад Ганбаатар дахиж яваад нэг шил архи авч ирсэн. Тэр архийг би ууж байгаад тасраад ухаангүй болсон байна. Түүнээс хойш болсон явдлын талаар би санахгүй байгаа юм. Миний биед үзлэг хийхэд гарч ирсэн эвхдэг хутга буюу тонгорог нь миний өөрийн хутга байгаа юм. Энэ хутгыг би 2016 оны өвөл аймгийн зах дээрээс 8.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний хутганы үзүүр хэсэгт байсан цус нь Д.Ганбаатарын цус байх гэж бодож байна. Би Д.Ганбаатарыг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг/хх 78-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Б.Энхбаяр нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, түүний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх үзлээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй зэргийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэн танхайрч хохирогч Д.Ганбаатарын хөлөн тус газар хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж” гэж ганцаараа танхайрах гэсэн ойлголт байхгүй болсон бөгөөд харин хохирогч Д.Ганбаатарын биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Яллагдагч Б.Энхбаярын мэдүүлэг/хх 80-рт/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 558 дугаартай дүгнэлт/хх 167-170-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг/хх 33-34-рт/, гэрч Т.Саруултуяагийн мэдүүлэг/хх 39-рт/, насанд хүрээгүй гэрч С.Оюунгэрэлийн мэдүүлэг/хх 40-рт/, гэрч Р.Мөнхдэлгэрийн мэдүүлэг/хх 43-рт/, гэрч Р.Баярсайханы мэдүүлэг/хх 44-рт/,  Сэтгэц гэм судлалын магадлагаа/хх 66-рт/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт/хх 81-рт/, ял шалгах хуудас/хх 83-рт/, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

 

Эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй Д.Ганбаатарыг хутгалсан Б.Энхбаярын хутга, “Түмний хишиг” нэртэй архины 2 ширхэг ногоон өнгөтэй таг, эмчлүүлэгчийн карт зэргийг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар Б.Энхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Энхбаярын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн хутга 1 ширхэг, Түмний хишиг нэртэй архины таг 1 ширхэг зэргийг устгаж, Б.Энхбаярын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг өөрт нь буцаан олгох, шүүгдэгч Б.Энхбаяраас эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ялтан Б.Энхбаярын 10 тооны бог мал буюу 5 ямаа, 5 хонийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч  Б.Энхбаяр нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Энхбаярын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Еншөөбү овогт Биймаагийн Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Б.Энхбаярт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Ялтан Б.Энхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх 8 цагийг ажлын 1 хоногоор бодож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн хутга 1 ширхэг, Түмний хишиг нэртэй архины таг 1 ширхэг зэргийг устгаж, Б.Энхбаярын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг өөрт нь буцаан олгосугай.

6. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаагчийн битүүмжилсэн ялтан Б.Энхбаярын 10 тооны бог мал буюу 5 ямаа, 5 хонийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Энхбаяраас 100.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганбаатарт олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Энхбаярт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Ялтан Б.Энхбаяр нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид хохирлоо бүрэн төлөөгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА