Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2019/00694

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр            Дугаар 156/ШШ2019/00694                 Хэрлэн сум

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00642

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: эээээээээээээ оршин суух, Б.Э /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х............тоот хаягт оршин суух,  Г- Н /РД:.............../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б.,

хариуцагийн төлөөлөгч итгэмжлэгдсэн Я.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов. 

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нтай 2010 онд танилцаж, 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү И нь төрсөн. Б.Э нь 2017 оны 08 дугаар сард Солонгос улсад суралцах болсон. 2018 оноос Г.Н нь тусдаа амьдралтай болж эхэлсэн бөгөөд хүүхэдтэйгээ хүртэл уулзах нь багассан. Н тусдаа амьдралтай болсон, мөн Э нь Солонгос улсад суралцаж амьдарч байгаа тул эвлэрэх арга хэмжээ бодитоор авах боломжгүй. Зун эвлэрүүлэн зуучлал ажиллагаа хийхэд Н салъя гэж байсан. Хүү И нь төрснөөсөө хойш Эгийн гэр бүл, аав, ээж дээр өссөн.

 Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүү Иийг эх Б.Эгийн асрамжид үлдээж, эцэг Г.Нгаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

                Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөр эхнэртэй болсон гэх асуудлыг зөвшөөрөхгүй. Үнэхээр салахаар шийдсэн бол өөрийн биеэр оролцож, шүүх хуралдаан дээр хүүхдээ өөрийн биеэр харна гэдэг баталгааг гаргах хэрэгтэй. Гэр бүлээ цуцлана гэхэд хүүхэд бид хоёрын аль нэг дээр өсөж хүмүүжээсэй гэж бодож байна. Хадамуудтай гэр бүл цуцлах талаар уулзахгүй. Хүүхдийн одоо байгаа орчин нөхцөл хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх зүйл бол байхгүй, тэнд өссөн хүүхэд гэв.

                               

             Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь Г.Нд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

Г.Н, Б.Э нар нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  хүү Н.И нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргасан боловч гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх тухайд санал гаргаагүй. Өөрөөр хэлбэл гэрлэгчдийг эвлэрүүлэх бүр талын арга хэмжээ авахуулах болон цаашид хамт амьдарна гэсэн тодорхой байр суурь илэрхийлэгдээгүй.

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь Г.Нгийн ... миний бие өөр хүнтэй танилцаж, найз охинтой болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Цаашид Б.Этай эвлэрч хамт амьдрах боломжгүй тул дахин уулзалт товлохгүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож өгнө үү ... гэх тайлбарыг үндэслэн амжилтгүй болж дуусгавар болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэгдчийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг урьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноос үл хамаархан авах эрхтэй боловч энэ нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй байгаа талын идэвхитэй байр суурийг дэмжиж авагдах учиртай.

Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахуулах тодорхой санал гараагүй, урьд авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хариуцагчийн хүсэлтээр амжилтгүй болж дуусгавар болсон байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч талын мэтгэлцээний байр суурийг хүлээн авч гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Г.Н, Б.Э нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.

Гэрлэгчид нь хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тодорхой тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүхийн зүгээс хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд өөрөө ... Ээж илүү анхаарал тавьдаг, аав анхаарал тавьдаггүй, хэзээ уулзсанаа санахгүй байна. Ээжтэйгээ хамт амьдармаар байна ... гэх тайлбар өгсөн, мөн хүүхдийн багаасаа өсөж хүмүүжсэн, сурч буй ахуй нөхцөл, орчныг өөрчлөх нь хүүхдэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж одоо байгаа асрамжийг үргэлжлүүлэн эх Б.Эгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Талууд хүү Б.И нь эхийгээ 2017 онд Солонгос улс руу явснаас хойш зөвхөн эхийнхээ ар гэрт одоог хүртэл өсөж хүмүүжиж, сурч ирсэнтэй маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдэснээр энэ орчин хэвээр үлдэж, эхийн асран хамгаалалтанд хүүхэд байгаа гэж үзэх нь зүйтэй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Н.Иийг сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д  зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангах үүднээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд 2 дахь шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэгчийн эзгүйд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй зэргийг харгалзан гэрлэгчдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

          

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г. Н, Хөх овогт Б. Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н.Иийг эх Б.Эгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Иийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г. Наар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Эд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

                6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

                7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

                8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ