2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/864

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          03          28                                           2025/ШЦТ/864

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч А.Марал,

хохирогч Д.Т**************, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

иргэний нэхэмжлэгч О.А**************,

шүүгдэгч П.Г****************, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Т************** овогт П*************ын Г****************ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403007851*** дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19*** оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ** аймгийн *** ***-р баг, **, *** гудамж **-р байр *** тоотод оршин суух хаягтай боловч одоо *** дүүргийн *** багийн *** байрны 1-*** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

***** аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

** аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. Т************** овогт П*************ын Г****************. /********/

 

Шүүгдэгч П.Г**************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 хорооллын, 57 дугаар байрны баруун замд Портер маркийн 36-22 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн **** УКО улсын дугаартай автомашин болон авто зогсоолд зогсож байсан Т.Prius маркийн **** УЕА улсын дугаартай, Т.County маркийн **** УНУ улсын дугаартай, T.Alphard маркийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, мөн явган хүний замаар зорчин явсан, явган зорчигч Доржийн Т**************ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г**************** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т************** мэдүүлэхдээ: “Би тэр орой зам дагуу явж байхад намайг ирж мөргөсөн. Гэмтэл их авсан учир мөргөснөөс хойших зүйлийг санахгүй байна. Одоогоор удаан ярьж чаддаггүй мөн баруун нүд хараагүй болсон. Эмнэлгээр явж нүдээ үзүүлэхэд хараа орохгүй гэсэн. Мөн толгойндоо их гэмтэл авсан” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл. /хэргийн 5 дахь тал/

 

Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас. /хэргийн 6 дахь тал/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-13 дахь тал/

 

Жолооч П.Г****************ын согтуурлын зэргийг “1,922 хувь”-ийн спиртийн агууламжтай” болохыг шалгасан“ тэмдэглэл. /хэргийн 14 дэх тал/

 

Хохирогч Д. Т**************ын "Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нисэхийн эцэст өөрийн найзын гэрт очиж хамт 1 шил архи хувааж уусан. Миний хувьд их амархан согтоод байдаг хүн юм.

Ингээд 00 цаг өнгөрөөгөөд гэрээс нь гараад доошоо уруудаад гэр лүүгээ 2 буудал гаран газарт алхаж явсан. Ингээд гэрийнхээ наахан талд CU-ийн орчимд замын баруун талд явган хүний зам дээр явж байсан чинь гэнэт л нэг машин давхиж ирээд л намайг мөргөөд түс тас гээд явсан. Улмаар би ямар ч ухаангүй эмнэлэгт 4 хоносон ба сэргэсэн чинь миний баруун нүд хараагүй болсон маш их хагалгаанд орсон байсан. Ингээд гэрийнхэнтэйгээ уулзсан чинь замаар явж байсан согтуу жолооч намайг явган хүний замаар явж байхад мөргөөд дахиад 4 машин мөргөсөн, цагдаа нар шалгаж байгаа гэж хэлсэн. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.А**************ийн "Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны орой ажил тараад улмаар өөрийн үеэл эгчийг 21-р хороололд гэрт нь хүргэж өгөөд буцаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр рүүгээ харих гээд өөрөө урьдчилгаа өгч лизингээр авсан **** УКО улсын дугаартай Т.Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Нисэхийн эцэс рүү чиглэн явсан замаар урдаас хойд зүгийг чиглээд явж байсан хойноос урд зүгийг чиглэсэн урсгалаар ирж байсан машин хоёр тийш найгаад, хаазлаад давхиад байх шиг санагдсан.

Ингээд би за гайгүй байгаа даа гэж бодсон. Тэр машин улам ширүүн яваад байсан ба би аргаа бараад баруун гар тийш дараад, тэр машинаас зайлж холдох гэсэн боловч давхиж ирээд миний машины зүүн талыг тэр чигт нь урдаас нь хойд булан хүртэл мөргөөд улмаар улмаар тэр машины замын баруун гар тал руу гарч явган хүний замаар явсан нэг хүнийг мөргөөд, цаана зогсож байсан 3 машиныг мөргөөд зогсож байгаа харагдсан ба түс тас хийх их хүчтэй дуу чимээ гараад байсан.

Би тухайн үед их сандарч балмагдсан байсан учраас зарим нэгэн зүйлийг санахгүй байна. Ингээд нэг мэдсэн 102, 103 эмч нар ирсэн байсан. Тэгээд эмч нь үзээд, цагдаа нар хэмжилт хийсэн. Нөгөө мөргүүлсэн хүнийг эмч нар шууд аваад явсныг сүүлд мэдсэн.

Ингээд машинаас буугаад ирэх үед осол гаргасан машин нь 36-22 ДГС улсын дугаартай цэнхэр өнгийн Х.Портер маркийн машин байсан ба жолооч нь ямар ч ухаан мэдрэлгүй согтуу хүн орилоод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч А.Д***********ын "Тухайн ослын талаар тэр шөнө мэдсэн. Ээж болох Эрдэнэцэцэг мэдэгдсэн. Үнэлгээний дагуу нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.Б***********ий "Тухайн ослын талаар тэр шөнө мэдсэн. Үнэлгээний дагуу хохирол нэхэмжилнэ”. /хэргийн 33 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч С.О***********ийн "Тухайн ослын талаар өглөө мэдсэн. Өглөө босож ирэхэд машин дээрээ ирэхэд машин мөргөсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дахь тал /

 

Иргэний нэхэмжлэгч Д.Е***********ийн "Тухайн ослын талаар 2024 оны 10 дугаар сарын 01-нд мэдсэн. Хохирогч А************** давхар мэдэгдсэн. Үнэлгээний дагуу бодит хохирол нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Га**********гийн “Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын, 57-р байрны баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 01 цаг 45 минутын орчимд 36-22 ДГС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь **** УКО улсын дугаартай Т.Приус 30 мар ийн тээврийн хэрэгсэл болон бусад 3 тээврийн хэрэгсэл, явган зорчигч Доржийн Т**************ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Доржийн Т************** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,852,230 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Доржийн Т************** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,852,230 тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч П.Г****************аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60 дахь тал/

 

Гэрч Г.Жамъянжавын “Тухайн орой ажлаа тарж ирээд, 20 цаг өнгөрч байхад манай гэрт уулзсан. Ирэхээс өмнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нэг шил архи хувааж уусан. Тэрийгээ ууж байгаад хоёулаа машинтайгаа гарсан. Гараад Яармагаас гараад тэнд аваар гаргасан. Эхний тэрэг мөргөхөд би машинаас буугаад үлдсэн байсан. Харин Г**************** цаашаа явчихсан байсан. Нэг мэдсэн Яармаг сандал дээр унтсан өглөө сэрсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №12605 дугаартай:

“1. Д.Т**************ын биед духны баруун хажуу хэсгээс баруун чамархайд хоёрлосон суурь ясны их, бага далавч, баруун нүдний ухархайн гадна хана, духны хөндийн гадна дотор ялтас, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндийгөөр дамжин суурийн хөндий рүү үргэлжилсэн, баруун гайморын хөндийн гадна доод хана, баруун хацар яс суурь, их бие хэсгээр хоёрлосон нийлмэл хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дал яс, сээрний Th3-р нугалам, баруун IV, V-р хавирга, зүүн III, IV, V, VI, VII-р хавирганы далд хугарал, хоёр уушгины эдийн няцрал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, дух, хацар, цээж, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 70-73 дахь тал/

 

"Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ" ХХК-ны Т.Приус 30 маркийн **** УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн хөрөнгийн 6,667,000 төгрөгийн хохирлын үнэлгээ. /хэргийн 100 дахь тал/

 

"Ашид Б***********" ХХК-ны Т.Алфард маркийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн 2,442500 төгрөгийн хохирлын үнэлгээ. /хэргийн 128 дахь тал/

 

"Ашид Б***********" ХХК-ны Х.Коунтри маркийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн хөрөнгийн 3,115,000 төгрөгийн хохирлын үнэлгээ /хэргийн 140 дэх тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1979 дугаартай:

“1. Toyota Prius маркийн **** УКО улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

2. Ковонти маркийн **** УНУ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Toyota Prius маркийн **** УАЕ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

4. Toyota Alphard маркийн **** УНУ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

6. Явган зорчигч Д. Т************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

7. Жолооч П.Г**************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа. /хэргийн 145-146 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / хэргийн 155-157 дахь тал/,

 

П.Г****************ын яллагдагчаар өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 169 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч П.Г**************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж “1,922 хувийн” согтолттой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 01 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 хорооллын, 57 дугаар байрны баруун замд Портер маркийн 36-22 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож, Toyota Prius маркийн **** УКО улсын дугаартай автомашин болон авто зогсоолд зогсож байсан Т.Prius маркийн **** УЕА улсын дугаартай, Т.County маркийн **** УНУ улсын дугаартай, T.Alphard маркийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, мөн явган хүний замаар зорчин явсан, явган зорчигч Доржийн Т**************ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч П.Г**************** нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...  согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Харин “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч П.Г**************** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн (согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно) үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандсан байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Д.Т**************ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №12605 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Д.Т**************ын сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлж, 26,400,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч П.Г**************** нь хохиролд тооцож 11,000,000 төгрөг төлснөөс хохирогчийн мөрдөн байцаалтын явцад нэхэмжилсэн 5,165,500 төгрөгийг хасаж, үлдэх 5,834,500 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд тооцож 26,400,000 төгрөгөөс хасч 20,565,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Г****************ыг гэм буруутайд тооцож, хохирлыг шийдвэрлэхдээ тооцооны алдаа буюу төлсөн 11,000,000 төгрөгөөс нэхэмжилсэн 5,165,500 төгрөгийг хасаад үлдэх 5,834,500 төгрөгийг сэтгэцэд учирсан хохирол гэж тооцооны алдаа гарчээ.

Зөв нь шүүхээс тогтоосон “26,400,000 төгрөгөөс, төлсөн 5,834,500 төгрөгийг хасаж” гэж шүүх хуралдаанд танилцуулсан тул тооцоог зөвтгөж залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд “ ... шүүгдэгч П.Г****************аас хохирогч Д.Т**************ын сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 40 хувиар тооцож сэтгэцэд учирсан хохирол 26,400,000 төгрөгөөр тогтоогдлоо.

Үүнээс хэрэгт цугларсан нотлох баримтаар 5,165,500 төгрөг тогтоогдсон байсан бөгөөд шүүгдэгч 11,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд 11,000,000 төгрөгөөс 5,165,500 төгрөгийг хасаж үлдэгдэл 5,834,500 төгрөг гарсан тул сэтгэцэд учирсан хохирол болох 26,400,000 төгрөгөөс үлдэгдэл 5,834,500 төгрөгийг хасаж 5,845,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт тооцож тогтоолоо ... ” гэж тооцооны талаар танилцуулсан болохыг дурдаж байна.

 

Ингээд сэтгэцэд учирсан хор уршиг болох 26,400,000 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн 5,834,500 төгрөгийг хасаж, үлдэх 20,565,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Т**************аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хор уршгийн талаарх баримт болох “Буянт Ухаа” шүдний эмнэлгийн “250,000 төгрөгийн” эмчийн тодорхойлолт санхүүгийн баримтыг орлохгүй тул хор уршигт тооцох боломжгүй, “Апекс менежмент” гэсэн нэртэй эмнэлгийн ерөнхий үйлчилгээ гэсэн 544,150 төгрөгний НӨАТ-ын баримт, мөн уг компаний 580,650 төгрөгний нэхэмжлэх зэрэг баримтууд нь энэ гэмт хэргийн улмаас авсан үйлчилгээ эсэх нь тодорхойгүй тул хохирлын хэмжээнд тооцох боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Т************** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний нэхэмжлэгч С.О*********** мэдүүлэхдээ “Үнэлгээний дагуу 2,600,000 төгрөгнөөс 1,500,000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгө болох 1,100,000 төгрөг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 37 дах тал/, шүүхэд ирүүлсэн баримтандаа “... хохирол болох 1,500,000 гаргуулж авсан. Одоо энэ хүнд гомдол байхгүй” гэжээ. /хэргийн 38 дах тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.А**************ээс шүүхэд гаргаж өгсөн баримтандаа “... 6,667,000 төгрөгийн хохирлоос 3,030,000 төгрөгийн хохирлыг төлсөн болно” гэсэн баримт гаргаж өгсөн бөгөөд үлдэх 3,637,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч О.А**************эд олгуулах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч О.Б***********д учирсан 3,115,000 төгрөгний хохирлоос шүүх хуралдаанд завсарлах явцад 1,500,000 төгрөгийг төлсөн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгчээ.

Иймд үлдэх 1,615,000 төгрөгийг П.Г****************аас гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Б***********д олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Э.Д***********д учирсан хохирол 6,985,000 төгрөгөөс төлж барагдуулаагүй тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 5,852,230 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “Улсын яллагчын ялын санал дээр хүндэтгэлтэй хандаж байна, өнөөдрийн байдлаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 17,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Буруутай үйлдэл дээрээ маргаагүй. Тиймээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч О.Оюунчимэг: “хохирогчоос өдийг хүртэл уучлалт гуйгаагүй, байх ёстой зүйл мэтээр хүлээж авч байгаа байдал зэргийг харгалзаад хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч П.Г****************ын хувьд тэрээр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн атлаа санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хохирогчид олон удаагийн хавсарсан хүнд зэргийн гэмтэл учруулсан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Г**************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т************** овогт П*************ын Г****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар П.Г****************ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Г****************ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Г****************ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч П.Г****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Г**************** нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Г****************аас хохирогч Д.Т**************т сэтгэцэд учирсан хохирол 20,565,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.А**************эд 3,637,000 төгрөгийг, А.Д***********д 6,985,000 төгрөгийг, О.Б***********д 1,615,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Т************** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г****************аас 5,852,230 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г****************ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ