Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 156/шш2020/00738

 

156/ШШ2020/00738

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00679/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух, Ч.Ө-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул, прокурор Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ч.Ө  нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ө нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1959 онд Д.Ч-н гэр бүлд хүү болж төрсөн. Миний эцэг Д.Ч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний өвөө Г нь мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Би өмнө нь өвөө Гүнчин, эцэг Ч нарын нэр дээр 1,000,000 төгрөгийг авсан. Иймд надад нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д.Чын хүүхэд нь Ч.Ө мөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Гэвч хэлмэгдэгч Д.Ч нь хэлмэгдэхдээ эд хөрөнгө хураалгасан эсэх нь тодорхойгүй байгаа тул нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг олгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв. 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Ч.Ө нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Ө нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 126 /6351/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.

Д.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Ч нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна.

Д.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, хүсэлт гаргагч Ч.Ө нь Д.Чын хүүхэд мөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2020 оны 8 сарын 03-ны өдрийн 00/003923 тоот албан бичгээр ирүүлсэн Ч.Өын эцэг нь Чойжамц, эх нь Лхамжав гэх ХААТР-1 маягт,

-Хүсэлт гаргагч Ч.Өын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03-4/1975 дугаартай лавлагаа,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/3695 тоот лавлагаа,

- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 5 сарын 28-ны өдрийн 84 дугаартай магадлалын хуулбар,

- Хэнтий аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 68 дугаартай ...Орон сууц аваагүй талаарх лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 0106/000205 тоот ...Н.Б нь 1987 оны 2 сарын 26-ны өдөр нас барсныг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1987 оны 3 сарын 09-ний өдөр бүртгэсэн талаарх лавлагаа,

- Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 7 сарын 09-ний өдрийн 10/7407 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 4 сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийдвэрийн хуулбар,

-2020 оны 6 сарын 03-ны өдрийн 126 /6351/ дугаартай Зууны мэдээ сонин зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс хэлмэгдэгч Д.Ч нь хэлмэгдэхдээ эд хөрөнгө хураалгасан эсэх нь тодорхойгүй байгаа тул нөхөх олговрыг олгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заажээ.

Гэвч Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/3695 тоот лавлагаагаар ...хэлмэгдэгч Д.Ч нь эд хөрөнгө хураалгасан талаарх баримт байхгүй байна гэж дурдагдсан нь түүнийг хэлмэгдэхдээ эд хөрөнгө хураалгаагүй байна гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн эд хөрөнгө хураалгасан эсэх талаарх баримт байхгүй байгаа тохиололд нөхөх олговор авах эрх бүхий этгээдийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарлаж болохгүй.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 зааснаар хэлмэгдэгч Д.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ч.Өт 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь: 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Төрийн сангаас 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан регистрийн дугаартай, Ч.Ө-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАРИНА