| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00635/И |
| Дугаар | 156/ШШ2019/00723 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2019/00723
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00635/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, О. М /РД:............./-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: ...............тоот хаягт оршин суух, . А. Т /РД:.........../, Хариуцагч: Х........................... тоот хаягт оршин суух, Т-ын А /РД:................../, нарт холбогдох, А.Таас 5 300 000 төгрөг, А.Т, Т.А нараас 5 194 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч А.Т, гэрч Ш.Очирбилэг, С.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сард Т.Атай танилцаж тус оны 11 дүгээр сараас Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн хорооллын ............. тоотод хамтран амьдарч байсан. Бидний дундаас хүү А.Б мэндэлж 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг, .............................тоотод 1 өрөө 33м2 байрыг иргэн Д.Бэс 33 000 000 төгрөгөөр худалдан авч байрныхаа ордерийг өөрсдийн нэр дээр болгож амжаагүй байтал нөхөр бид 2 хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдрах болсон. Намайг Дадал сум руу яваад иртэл нөхөр Т.А, түүний аав А.Т нар надад хэлэлгүй бидний амьдарч байсан байрыг маань Агваанцэрэнгийн Т өөрийн нэр дээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн гэрчилгээ авсан. Иймд А.Таас түүний эзэмшилд байгаа байранд миний зүгээс оруулсан 12 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад А.Таас байранд оруулсан мөнгөнд 5 300 000 төгрөг нэхэмжилж байна. А.Т, Т.А нараас 2017, 2018, 2019 онуудад өвлийн идшинд хэрэглэсэн 3 сувай үхэрийн төлбөр 5 200 000 төгрөгийн 50 хувь буюу 2 600 000 төгрөг, 6 хонины 900 000 төгрөгийн 50 хувь 450 000 төгрөг нэхэмжилсэн, үүнийг хамт амьдрахдаа дундаа хэрэглсэн учир тал мөнгөөр нь нэхэмжилж байгаа. Т тухайн идэш, малаас хэрэглээгүй учир зөвхөн Агаас гаргуулна. 2018 оны 9 дүгээр сард шинэ байранд орохдоо авсан буйдан 780 000 төгрөг, авжур 95 000 төгрөг, хөшиг, тюль, хөшиг тогтоогчийн үнэ 324 000 төгрөг, зурагтын тавиурын үнэ 35 000 төгрөг, хананы обойны үнэ 240 000 төгрөг, бойлуурын үнэ 150 000 төгрөг, тээврийн хөлс 120 000 төгрөг, нийт тавилга бараа материалын үнэ 1 744 000 төгрөг болж байгаа. Одоо эдгээр тавлигыг би хэрэглэж байгаа ч гэсэн байр суллаж өгөөд гарахад авч явахгүй учир үүний үнийг А, Т нараас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.М нь 12 000 000 төгрөгөөс зээл хаахад зориулж 4 700 000 төгрөг, машин авахад зориулж 2 000 000 төгрөгийг тус тус авсан. Иймээс байранд оруулсан мөнгөнд 5 300 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бусад шаардлагыг хариуцахгүй гэв.
Хариуцагч Т.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Мын гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. 2016, 2017, 2018 оны өвлийн идшинд сувай үнээ идээгүй. Байрандаа тавилга худалдан авахад ээжийн данснаас дэлгүүрийн худалдагчийн данс руу мөнгийг шилжүүлж, нийт 2 472 900 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гэрч Ш.Очирбилэг нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай охин О.М нь Т.Атай 2016 оны 10 сараас эхэлж Хэрлэн хороололд байр түрээслэн хамт амьдарч байсан. Шинэ байр авахад манай охин 12 000 000 төгрөгийг, машин авахад 8 000 000 төгрөгийг гаргасан. Би 3 жил дараалан 3 сувай үхэр идшинд, 6 хонийг хоол хүнсэнд нь өгч байсан. Шинэ байранд орохдоо тавилга авахад нь би хамт яваагүй ээ. Манай охин буйдан, овжур, бойлуур, хөшиг, тюль зурагтын тавиур зэрэг 2 000 000 гаруй төгрөгийг тавилга авахад зарцуулсан гэж хэлсэн. Охин Мын нэр дээр данстай мал гэж байхгүй бүгд миний нэр дээр байдаг. Би охин, хүргэн хоёртоо өвлийн идшийг нь өөрийн малаас өгч байсан гэв.
Гэрч С.Тунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: Бид хашаа байшингаа 14 000 000 төгрөгөөр зарсан. Хүү А нь 21 000 000 төгрөгийн зээл, нэмэлтээр 2 400 000 төгрөгийг зээлж шинэ байр авч байсан. Бид Улаанбаатар хот руу явж тавилга худалдан авсан Би өөрийн данснаас худалдагч руу мөнгийг нь шилжүүлж угаалгын машин, буйданг авсан. Бид хүү, охин 2 тоо идэш хоол бол бэлдэж өгч байгаагүй ээ цалин мөнгөнөөсөө авч байсан гэж бодож байна гэв. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөгдсөн байдал: - Байр авахад оруулсан хөрөнгө болох 12 000 000 төгрөгийг хариуцагч А.Таас нэхэмжилж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан, - 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж хариуцагч А.Таас байранд оруулсан хөрөнгөд 5 300 000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Т, Т.А нараас малын үнэ 3 450 000 төгрөг, тавилгын үнэ 1 744 000 төгрөг буюу 5 194 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, - Шүүх хуралдааны явцад 5 194 000 төгрөг гаргуулах шаардлагаа тодруулахдаа тавилгын үнэ 1 744 000 төгрөгийг хариуцагч А.Т, Т.А нараас нэхэмжилж, харин малны үнэ 3 450 000 төгрөгийн шаардлагыг 3 050 000 төгрөг болгон бууруулж хариуцагч Т.Агаас нэхэмжилсэн байна. Хариуцагч А.Т байр авахад оруулсан хөрөнгө болох 5 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргасан. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Байр авахад оруулсан хөрөнгө болох 5 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Хариуцагч А.Т нь Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Өндөрхаан Ц-03 байр, 17 тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдсон. Уг орон сууцыг худалдан авахад оруулсан хөрөнгөд нэхэмжилсэн 5 300 000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч, хариуцагч А.Т нарын хооронд үүргийн болон дундын эд хөрөнгөтэй болох талаар харилцаа үүсээгүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд 5 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.
Тавилгын үнэ 1 744 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Нэхэмжлэгч О.М нь буйданы үнэ 780 000 төгрөг, авжурын үнэ 95 000 төгрөг, хөшиг, тюль, хөшиг тогтоогчийн үнэ 324 000 төгрөг, зурагтын тавиурын үнэ 35 000 төгрөг, хананы обойны үнэ 240 000 төгрөг, бойлуурын үнэ 150 000 төгрөг, тээврийн хөлс 120 000 төгрөг, нийт 1 774 000 төгрөгийг хариуцагч А.Т, Т.А нараас нэхэмжилсэн. Зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар үнийг нь нэхэмжилсэн тавилгууд нь нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцанд, түүний эзэмшилд байгаа гэх үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө, түүний үнийг шаардах эрхтэй, харин шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж буй энэ цаг хугацаанд өөрийн эзэмшилд байгаа хөрөнгийг хариуцагч нараас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцнаас гарсан тохиолдолд дээрх тавилгуудыг орхиод гарна гэх тайлбарыг өгсөн боловч ирээдүйд үүсэх үүргийн, өмчлөлийн маргааныг одоо хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Малын үнэ 3 050 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Ад холбогдуулан 2016-2018 онд гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн 3 сувай үнээний үнийн 50 хувь болох 2 600 000 төгрөг, 6 хонины үнийн 50 хувь болох 450 000 төгрөг, нийт 3 050 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Шүүх хуралдааны явцад гэрч Ш.Очирбилэг нь өөрийн нэр дээр бүртгэлтэй малаас хүргэн Т.А, охин О.М нарын хэрэгцээнд 3 сувай үнээ, 6 хонийг өвлийн идэш болон хоол хүнсэнд зориулж өгч байсан гэж мэдүүлэг өгснийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн малыг хоол хүнсэнд хэрэглэж байсан гэдгээ баримтаар нотлоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөгч нь бусдаас өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэлд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгчид уг шаардах эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэх малын өмчлөгч нь нэхэмжлэгч О.М биш байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгов.
Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч А.Таас 5 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч А.Т, Т.А нараас 1 744 000 төгрөгийг гаргуулах болон хариуцагч Т.Агаас 3 050 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А.Таас тэмдэгтийн хураамжид 99 750 төгрөг, мөн илүү төлсөн тэмдэгтийн хураамжид төрийн сангаас 30 496 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Таас 5 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мт олгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т, Т.А нараас 1 744 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Агаас 3 050 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 30 496 төгрөг, хариуцагч А.Таас 99 750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
|