2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/597

 

 

 

 

 

 

2025         02           25                                    2025/ШЦТ/616

 

 

                              

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогч Д.Т-,

шүүгдэгч  А.Чинзориг, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт А-ны Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын 1**8-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “***” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх эхнэр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** тоотод  оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-ны Ч- /регистрийн дугаар ***/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “***” автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулдаг Д.Т-ийг “Ченж эссэ тамхины үйлдвэрт найз нь ажилладаг учраас хямд тамхи олж өгч чадна, нэг боодлыг нь 22.000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ажлын байран дээрээ байхдаа “ХААН” банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн 990.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч-ийн өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т-ийн өгсөн “...А.Ч- надтай сар гаран ажилласан. Өглөө болгон надад пирожки ороомог хүлээлгэ өгдөг байсан. Бид хоёр дандаа бэлэн мөнгөөр харьцдаг байсан би түүнд итгэдэг байсан. 25-ны өдөр А.Ч- орж ирээд манай найз тамхины үйлдвэрт ажилладаг би танд тамхи авчирч өгье. 1 блокийг 22,000 төгрөгөөр зарна. Би танд 22,000 төгрөгөөр зарна. Би найзаасаа 20,000 төгрөгөөр авах гэж байгаа гэж надад хэлсэн. Би ийм хямд тамхи байгаа юм уу гэж асуухад байгаа эгчээ гэж надад хэлсэн. Би тэр тамхийг авъя, одоо байгаа юу гэж асуухад тээврийн хэрэгсэл дотор хайрцагтай тамхи байгаа, би хүнд хүргэж өгөх гэж явж байна гэж хэлсэн. Би хармаар байна гэж хэлэхэд юуг нь хардаг юм бэ, хайрцаг дотор 60 блок байгаа гэж надад хэлсэн. Би тэр үед түүнд итгээд үзээгүй. Үдээс хойш А.Ч- над руу залгаад найзаасаа 45 блок тамхи авах болсон тул 990,000 төгрөгийг над руу шилжүүлээрэй, манай найз тамхиа өгөхдөө заавал бэлнээр мөнгөө авна гэнэ гэж надад хэлсэн. Би тамхиа авчирч өгч болохгүй юу гэж асуухад үгүй ээ, эгчээ та мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. 13 цаг өнгөрч байхад би А.Ч-ийн данс руу мөнгө шилжүүлсэн. А.Ч- орой пирожки, ороомог авчирч өгөхдөө тамхиа хамтад нь авчирч өгнө гэж хэлсэн. 18 цаг өнгөрч байхад би А.Ч- руу залгахад эгчээ би танд авчирч өгнө гэж хэлсэн. А.Ч- өглөө болгон пирожки, ороомог авчирч өгдөг байсан. Дараагийн өдөр А.Ч- ирэхгүй байсан тул гар утас руу залгасан. Гар утас нь холбогдох боломжгүй байсан. Би захирал руу нь залгаад А.Ч- нөгөө бүтээгдэхүүнээ авчирч өгөөгүй байна гэж хэлэхэд А.Ч- таныг байхгүй байгаа гэж надад хэлсэн гэсэн хариу тайлбар авсан. Би А.Ч-оос тамхиа авах гэж хүлээгээд сууж байна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш би А.Ч-т руу залгаад тамхи авахаа болилоо гэж хэлдэг байсан. Би А.Ч-той уулзаад тамхи авахаа болилоо миний мөнгийг буцаагаад өгчих гэж хэлэхэд надад одоо таны мөнгийг өгөх боломж байхгүй. Надад 600,000 төгрөг олдоно гэж хэлэхэд нь би мөнгөө бүрэн авна, цувруулж авахгүй, энэ мөнгийг хүнээс зээлсэн гэж хэлсэн. Тэр үед А.Ч- гараад явах гэж байхад би хэрвээ чи гарч явах юм бол цагдаа дуудна гэж хэлсэн. Б.Ч- та цагдаа дуудаад намайг өгөөрэй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгслийнх нь хажууд зогсож байгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Монос автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг ба TҮЦ-нд өдөртөө ороомог, пирошки зардаг. Түүнийгээ хувь хүнээс авдаг ба тараадаг олон хүн байдаг. Тэгээд саяханаас нэг Ч гэх залуу манай ТҮЦ-нд ороомог, пирошки тараадаг болсон. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ч- эгчээ манай найз тамхины үйлдвэрт ажилладаг, хямдхан тамхи зардаг, тамхи авах уу гэж асуусан ба би хямдхан бол авья гэж  хэлсэн. Тэгээд би ямар тамхи юм гэж асуухад ченж эссэ гэж хэлсэн. Би ченж эссэгээ тамхины бөөний төвөөс 33.000 төгрөгөөр авдаг. Харин тэр залуу надад нэг боодлыг нь 22.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би авахаар болоод тохиролцсон. Маргааш нь буюу нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед залгаад эгчээ та тамхиа авахаар болсон уу гэхэд авна гэж хэлсэн ба эхлээд мөнгөө хийчихээд тамхиа авах юм байна, та над руу мөнгөө хийгээд өгөөч би яг гадаа нь тамхиа авах гээд зогсож байна гэж хэлэхээр нь би итгээд дансыг асуутал над руy **** тоот дугаарын А.Ч- гэх хүний “ХААН” банкны данс явуулсан. Би тухайн залуугаас 45 боодол ченж эссэ авахаар болоод 990.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би хэзээ тамхиа өгөх вэ гэхэд орой хүргэлтээ явахдаа замдаа өгнө гэж хэлсэн. Гэтэл орой тамхиа өгөөгүй тул би орой залгаж асуухад ажлын газрын хүн хажууд байна, айгаад тамхиа авч чадсангүй, маргааш өглөө хүргээд өгнө гэж хэлсэн. Би тухайн ороомог өгдөг хүнавьяий дугаар руу залгаж асуухад Ч таныг хаалттай байхаар нь ороогүй гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 08 цагийн үед орж ирж надад ороомог өгсөн. Би мөнгөө авья гэж хэлэхэд таны мөнгө надад орж ирээгүй гэж хэлээд гараад явчихсан... Би өөрийнхөө **** тоот дугаарын данснаас гүйлгээний утга дээр Монос 2 гэж бичиж шилжүүлсэн, маш их гомдолтой байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний данс руу тухайн залуу 990,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9, 12 дахь тал/,

 

“ХААН” банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-30 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Гэрч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би Нарантуул-2 захын заалны зохион байгуулагч, эрүүл ахуйн албан тушаалтай ажиллаж байна. Нарантуул-2 захад тамхи худалдан борлуулдаг нэг цэг байдаг. Би Нарантуул-2 зах дотор дотоод хяналт шалгалтыг хариуцдаг. Нарантуул-2 захын дотор болон гадна талд өөр ямар нэгэн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй тамхины чиглэлээр худалдаа, наймаа хийдэг хувь хүн, хуулийн этгээд байхгүй. 2024, 2025 онд Б гэх хүн тамхины худалдаа наймаа хийж байгаагүй. Би Нарантуул-2 захын захиргаанд ажиллаад 6 жил болж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-106 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би “Урин” ХХК-ийн бэлэн хоолны борлуулалтаар гадуур дэлгүүр, ТҮЦ-үүдэд тарааж явдаг. Ингэж явж байхдаа *** 1-н автобусны буудал дээр байрлах ТҮЦ рүү ороод “change esse” гэх нэртэй 45 палчик тамхи нийлүүлнэ гэж хэлсэн. Тухайн ТҮЦ-ний худалдагчийг би танихгүй, 1 палчик тамхины үнэ нь 22,000 төгрөг гэж хэлсэн. Худалдагч эмэгтэй надаас тамхи худалдаж авъя гэж хэлээд миний “ХААН” банкны *** тоот данс руу 990,000 төгрөг шилжүүлсэн. Би тамхийг нь маргааш нь  оройн цагаар авчирч өгөхөөр тохиролцсон. Маргааш өдөр нь би өөрийнхөө **** улсын дугаартай приус-30 загварын автомашинаасаа палчик тамхинуудаа борлуулалтын автомшинд хийхээ мартчихсан байсан. Өглөө 10 цагийн үед ТҮЦ дээр нь явж очоод хоолыг нь өгөх гэтэл тухайн ТҮЦ хаалттай байсан тул захирал руугаа залгаад хаалттай байгаа талаар хэлсэн чинь хаяад дараачийн газар руу хоолоо хүргэ гэж хэлсэн. Гэтэл нөгөө худалдагч эмэгтэй араас залгаад манай ТҮЦ хаагаагүй байсан. Би түр ойрхон гарчихаад орж ирж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би уг эмэгтэйд палчик тамхи өгөхгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөө би уг эмэгтэйн утсыг залгахад нь аваагүй. Маргааш өдөр нь дахин дэлгүүр, ТҮЦ-ээр хоол хүргэлт хийж явахдаа нөгөө ТҮЦ рүү дахин орж хоол өгсөн. Гэтэл худалдагч эмэгтэй намайг явуулахгүй. Тамхины мөнгөө өгчихөөд яв гэж хэлсэн. Би уг эмэгтэйд орой мөнгийг чинь өгчихье гэж хэлсэн чинь чамайг цагдаад бариад өгнө гэж хэлэхээр нь би дараагийн газарт хоол хүргэж өгөх гээд яараад яваад өгсөн. 2 хоногийн дараа над руу цагдаагийн байгууллагаас залгасан... Манай ээж, аав хоёр Нарантуул-2 зах дээр нэг удаагийн ахуйн хэрэглээний бараа зардаг. Би Нарантуул-2 зах дээр тамхи худалдан борлуулдаг Баатар гэх хүнээс 45 палчик тамхи 1,200,000 төгрөгөөр авч байсан. Би ТҮЦ түрээслэх гэж байгаад больчихсон байсан тул уг худалдагч эмэгтэйд зарахаар болсон. Би Баатарт 1,200,000 төгрөг төлчихсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 101-102 дахь тал/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэгийн 46 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч А.Ч- хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Т-ийн мэдүүлэг, гэрч Ш.Д-н мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлжээ. 

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Ч- “Ченж эссэ тамхины үйлдвэрт найз нь ажилладаг учраас хямд тамхи олж өгч чадна, нэг боодлыг нь 22.000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж худал хэлж 990.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны данс руу шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдох ба хохирогчоос авсан 990.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах залилжээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Ч- нь хохирогч Д.Т-өд 990.000 төгрөгийг шилжүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор хульд заасан байгаа тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Ч- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх байна.

 

Иймд шүүгдэгч А.Ч-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч А.Ч-ийг гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000  нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5  дахь хэсэгт зааснаар  уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т- “...би 990.000 төгрөгөө хүлээн авсан...” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт хохирогч Д.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 52 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч А.Ч-оос сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гаргуулж, хохирогч Д.Т-өд олгох нь зүйтэй байна.

 

Иймд хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 660.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Т-ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Учир нь: Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх)  шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж, мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч А.Ч-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь дээрх журмын 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг ба хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар хэрэгт авагсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч А.Ч- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Анхсайханы Ч-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ийг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох зааснаар шүүгдэгч А.Ч-оос 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Т-өд олгосугай.

 

6. Шүүгдэгч А.Ч- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ