| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0071/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2017-05-03 |
| Зүйл хэсэг | 201.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Маралмаа
Улсын яллагч Э.Болор
Шүүгдэгч Н.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Шивээ овогт Намсрайжавын Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 201710010093 тоот хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 13-нд Сүхбаатар аймаг Баяндэлгэр суманд төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, УБТЗ-ын Алтанхаргана цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сум 2 дугаар баг Мобикомын гудамж 2-28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа, бие эрхтэн эрүүл, Шивээ овогт Намсрайжавын Алтанцэцэг /РД: ЛБ73111327/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч Намсрайжавын Алтанцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр орчиндоо орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын 2-28 тоот хашаанд тоглож байсан 3 настай хүү Э.Сайнбаярыг хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Алтанцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд би ажлаасаа тарж гэртээ очоод нөхрийн хамт байхад манай зүүн талын өвгөний хүүхэд болох зүс таних эмэгтэй нөхөр хүүхдийн хамт орж ирсэн юм. Тэгээд танай нохой чинь хүүхэд хазаж гэмтээсэн гэж хэлсэн. Түүний хүү болох 3 настай хүүгийн зүүн хацарт нохойны шүдний ором үүсч шарх учирсан байсан. Тэр хэд бидэнд хэлэхдээ танай нохой хашаанд орж ирээд хүүхэд урсан байна гэж хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө манай нохой уяанаасаа алдуурч алга болсон байсан би маргааш өглөө нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө ажилдаа явахаасаа өмнө 07 цагийн орчимд гэрийн орчмоор Баавгай гэж дуудаж тэр хавийн айлуудын хашаагаар хайсан боловч олоогүй юм. Тэгээд намайг ажлаас ирэх үед 17 цаг 30 минутын орчимд буюу тэр хүмүүсийг ирэхийн өмнө би хашаанд ороход сул хашаанд нохой байсныг би уясан юм. Манай дүүгийн хүү Ариунхүслэнг 2016 оны 08 сард манай хашаанд тоглож байгаад уяатай нохойд уруулсан бололтой гэмтэж байсан. Чухам хаана нь хазаж гэмтээснийг одоо сайн санахгүй байна. Манай нохой ямар нэг бүртгэл байхгүй манайх уг нохойг гөлөг байх үеэс нь олж тэжээгээд 4 жил болж байна. Бид нохойгоо Баавгай гэж дуудаж нэрлэдэг юм. Бид нохойгоо сул тавьдаггүй юм. Тухайн өдөр нохойны хүзүүвчний уяа сэтэрч уяанаас алдуурч явсан байсан юм. Манайх өөр нохой тэжээдэггүй юм. Манай нохой шар халтар зүсмийн эр нохой байгаа юм. Би Оюунцэцэгтэй уулзаж ярилцан түүний хүүгийн эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан вм. Манай нохой тухайн өдөр сул явсан тийм болохоор энэ хүмүүстэй уулзаж хохирол мөнгийг бүрэн барагдуулсан. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэв.
-Хохирогч М.Оюунцэцэг хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: Манай аав Монхорынх Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын гудамж 2-28 тоотод байдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой би өөрийн төрсөн хүү 3 настай О.Сайнбаярыг өвөө Монхорын гэрт үлдээгээд БНХАУ-ын Эрээн хот руу ажлаар гарч хоносон юм. Гэтэл маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд намайг хятадын хилээс Монголын хил рүү явах үед төрсөн дүү М.Ариунболд миний утас руу залгаж хүүг чинь сая нохой хазчихлаа гэж хэлж ярьсан. Тэгээд би хилээс 17 цаг орчимд орж ирж аавын гэрт очиж юу болсон талаар тодруулж асуухад Ариунболд хэлэхдээ гэрийн гадаа Сайнбаяр, О.Бумбабаяр хоёр тоглож байгаад гэнэт О.Бумбабаяр, Сайнбаяр хоёр уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар нь асуухад гадаа байгаа шар нохой хазсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд гарч харахад Чинзоригийн нохой хашаанд байсан ба тэр нохойг хазсан гэж хэлсэн байсан. Манай аавынх нэг охин цагаан нохойтой юм. Тэр нохойн дээр орж ирээд хашаанд байхдаа хүүхдийг минь хазсан байна лээ. Тэгээд би хүүхдээ дагуулан Чинзоригийн гэрт уулзахаар очиход Чинзориг гэртээ унтаж байсан тийм болохоор тухайн үед би түүнийг сэрээгээгүй юм. Тэгээд орой нь дахин гэрт нь орж Чинзориг болон түүний эхнэр Алтанцэцэгтэй уулзаж танай шар нохой манай хүүг урж гэмтээсэн байна гэж хэлсэн. Алтанцэцэг манай нохой хүүхэд настай хүн рүү дайраад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд одоо яанаа эм тариаг нь авч өгье гэж хэлсэн юм. Нөхөр нь ямар нэг юм хэлээгүй бидэнтэй бидэнтэй харьцахгүй жаахан дурамжхан байгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хүүгийн зүүн хацарт орчимд хазаж 2 шүдний ором гарсан байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Хоёр хүүхэд нохойд хазуулсан гэж уйлж орж ирэхэд манай цагаан нохой болон Чинзоригийн нохой байсан ба манай дүү Чинзоригийн нохой байна гэдгийг таньсан байсан. Чинзоригийнх манай аавын баруун талд байдаг ба 31 тоотод байдаг юм. Манай гэрийнхэн бүгд тэдний шар нохойг харвал мэднэ. Би Алтанцэцэгтэй ярилцаж ойлголцон түүнээс эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй. Би түүнтэй ярилцаж ойлголцон эвлэрсэн тэр надад учруулсан хохирол болох эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан тийм болохоор одоо надад гомдол санал хүсэлт алга байна хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 11/
-Гэрч М.Ариунболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: ...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би хил дээр хувийн ажилтай байсан юм. Тэгээд гэртээ хүргэн ах Оюунболдын хамт 13 цагийн үед ирэхэд хамаатны ах Намхайцэрэн манай эгч Оюунцэцэгийн хүү Сайнбаяр, бага эгч Оюунтуяагийн хүү Бумбабаяр нарын хамт гэртээ байсан. Бумбабаяр, Сайнбаяр хоёр тухайн үед гэрийн хашаанд тоглож байсан юм. Тэгээд бид хоёрыг гэрт ирсэн учир хамаатны ах Намхайцэрэн гарч явсан. Түүнийг яваад удаагүй байхад бид хоёрыг гэрт цай уугаад сууж байхад гэрийн гаднаас Бумбабаяр, Сайнбаяр хоёр уйлчихсан орж ирсэн. Сайнбаярын хацарнаас цус гарчихсан байсан юу болсон бэ гэж Бумбабаяраас асуухад айлын шар нохой Сайнбаярыг урчихсан гэж хэлэхээр нь гараад хартал байшингийн хойно уяатай байсан манай нохойны хажуу талд Чинзоригийн нохой зогсож байсан. Бумбабаяраас энэ нохой хазсан юм уу гэж асуухад энэ нохой Сайнбаярын хацарнаас хазсан гэж хэлсэн. Тэгээд би шууд Чинзоригийн гэрт очиход хүн байгаагүй. Би Оюунцэцэг эгчид болсон асуудлын талаар хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан учир тухайн үедээ хэлж чадаагүй. Тэгээд 15 цагийн үед түүнтэй холбогдож болсон асуудлын талаар хэлсэн юм. Чинзоригийнх манай гэрээс баруун талын 2 дахь хашаанд байдаг. Тэдний нохой мөн болохыг хараад л таньсан. Тэдний хашааны баруун талд байнга уяатай харагдаж байдаг юм. Манай аавынх ирээд жил гаруй болж байна. Үүнээс өмнө манай хашаанд манай эгч Оюунболор нөхөр хүүхдийн хамт урьд өмнө амьдарч байсан юм. Би тэнд нийт 9 жил амьдарч байгаа Чинзориг болон түүний эхнэрийг танина манай хөрш айл байгаа юм. Манай байшин хашааны урд хэсэгт байрладаг юм. Хүүхдүүд байшингийн хойно тоглож байсан тэнд нилээд тоглох талбай ихтэй байдаг юм. Манай эгч Оюунцэцэг Чинзориг болон түүний эхнэртэй уулзаж хүүхдийн эмчилгээний зардлыг авч ярилцаж ойлголцсон гэсэн надад өөр нэмж ярих зүйлгүй, ярьсан зүйд үнэн ямар нэгэн санал хүсэлт гэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 12-13/
-Шинжээчийн 415 дугаартай дүгнэлт: 1.О.Сайнбаярын биед зүүн хацарт нь шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь амьтны шүдээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарнилулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/
-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
- Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, хохирогч О.Сайнбаярын төрсний гэрчилгээний хуулбар, М.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25-27/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29-30/
-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32/
-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 34/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын 2-28 тоот хашаанд тоглож байсан 3 настай хүү Э.Сайнбаярыг шүүгдэгч Н.Алтанцэцэгийн эзэмшлийн нохой хазаж зүүн хацарт нь шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч М.Оюунцэцэг, гэрч М.Ариунболдын “...Бумбабаяр, Сайнбаяр хоёр уйлчихсан орж ирсэн. Сайнбаярын хацарнаас цус гарчихсан байсан юу болсон бэ гэж Бумбабаяраас асуухад айлын шар нохой Сайнбаярыг урчихсан гэж хэлэхээр нь гараад хартал байшингийн хойно уяатай байсан манай нохойны хажуу талд Чинзоригийн нохой зогсож байсан. Бумбабаяраас энэ нохой хазсан юм уу гэж асуухад энэ нохой Сайнбаярын хацарнаас хазсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, шинжээч П.Гаваасүрэнгийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Алтанцэцэгт Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Алтанцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 400.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзсэн болно.
Хохирогч М.Оюунцэцэг нь эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөгийг шүүгдэгч Н.Алтанцэцэгээс нэхэмжилж шүүгдэгч нь 400.000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн оролцогчдийн тайлбараар тогтоогдож байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шивээ овогт Намсрайжавын Алтанцэцэгийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Намсрайжавын Алтанцэцэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Н.Алтанцэцэгт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ шийтгэх тогтоолыг Н.Алтанцэцэг, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА