Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2022/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар  маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамжийг гаргажээ.

3. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамж гарсныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын өрөөнд албан уулзалттай байх үедээ мэдсэн тухай тайлбартаа бичсэн. Тус захирамжийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулаагүй, гардуулаагүй, албан бичгээр хүргүүлээгүй байна.

3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” захирамжаар Баянхонгор сумын наадмын талбайн зүүн хойд талын цэгээс эхлэн зүүн тийш Жаргалант паркийн ар талаар ******* багийн 1 дүгээр гудамжны урдуур зүүн тийш засмал зам хүртэл яваад урагш эргээд Огтонотой булаг хүрээд, түүнээс урагш голын хамгаалалтын далангаар урагшаа гүүрний пост хүрээд баруун тийш эргээд хуучин хилтэй нийлэх хилийн эргэлтийн цэг дотор төлөвлөлт хийж, газрын асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт зөвшөөрч, инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг тэлж координатыг баталсан байна. Тус захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.” гэж заасан нь инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох үндэслэл биш юм.

Миний бие ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын өрөөнд албан уулзалттай байх үедээ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг мэдсэн. Тус захирамж нь Баянхонгор сумын гэр хорооллын бүсийг инженерийн шугам сүлжээ бүхий бүс болгож сунгахдаа сумын Засаг даргаас санал аваагүй бөгөөд тус захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт нь гэр хорооллын бүсийг инженерийн шугам, сүлжээ бүхий газар болон сунгах үндэслэл биш юм.

Тус захирамж батлагдсанаас үүдэн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны ******* дугаар тус захирамж нь гэр хорооллын бүсийг хууль бусаар инженерийн шугам сүлжээ бүхий бүс болгон сунгаж, Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд шууд халдаж, зөрчсөн гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 24-ний “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг тогтоох тухай” 142, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 228 дугаар захирамжуудаар инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил заагийг тус тус тогтоосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 /аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна./-т заасны дагуу аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гаргахаас өмнө Баянхонгор сумын Засаг дарга *******той харилцан ярилцаж санал авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2003 оноос хойш инженерийн шугам сүлжээ бүхий газрууд ихээр нэмэгдсэн бөгөөд цаашид гэр хорооллын иргэдийг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах зорилгоор инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил заагийг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага гарч байгааг харгалзан Баянхонгор хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг үндэслэн 2020 оны 228 дугаар захирамжийг гаргасан.

Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь ‘Баянхонгор аймгийн гэр хорооллын бүсийг инженерийн шугам сүлжээ бүхий бүс болгож сунгасан’ гэж үзэж байгаа нь Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот ерөнхий дүгнэлттэй, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны 5/4 тогтоолоор батлагдсан “Баянхонгор хотыг 2013-2033 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г үгүйсгэж, дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн гэр хорооллын бүсийг хууль бусаар инженерийн шугам сүлжээ бүхий газар болгосон нь Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд шууд халдаж, зөрчсөн гэжээ. Баянхонгор хотын гэр хороолол, хуучны орон сууцуудыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх асуудал цаашид ч хийгдэх учир Газрын тухай хуулийн 21.4.3./энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/-т зааснаар сумын хэмжээнд эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх сумын Засаг даргын бүрэн эрхэд халдаагүй бөгөөд мөн хуулийн 33.1.1./энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/- дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаар захирамжаар Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг тогтоосон байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэн Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн эргэлтийн цэгийг “Наадмын талбайн зүүн хойд цэгээс эхлэн зүүн тийш Жаргалан паркын ар талаар ******* 4-р багийн нүүрний гудамжны урдуур зүүн тийш засмал зам хүртэл яваад урагш эргээд оготнотой булаг хүрээд, түүнээс урагш голын хамгаалалтын далангаар урагшаа гүүрний пост хүрээд баруун тийш эргээд хуучин хилтэй нийлнэ” гэж тогтоожээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж хуульчилжээ.

Гэтэл маргаан бүхий захиргааны актаар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлээгүй, харин Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоосон байна.

 Нэхэмжлэгч талын “...Баянхонгор сумын гэр хорооллын бүсийг инженерийн шугам сүлжээ бүхий бүс болгож сунгахдаа сумын Засаг даргаас санал аваагүй тус захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт нь дээрх газрыг сунгах үндэслэл биш. Тус захирамж батлагдснаар Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Тус захирамжаар булаг, шанд, голын ай, сав гүүр гээд ногоон байгууламжийг бүхэлд нь хамруулж, инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамруулж авсан нь ямар ч үндэслэлгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхэд шууд халдаж, хууль зөрчсөн. Энэхүү захирамжийг мэдээгүй, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын өрөөнд албан уулзалттай байх үедээ мэдсэн. Тус захирамжийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулаагүй, гардуулаагүй, албан бичгээр хүргүүлээгүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй.

Харин хариуцагч талаас “…аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахаас өмнө Баянхонгор сумын Засаг дарга *******той харилцан ярилцаж санал авсан нь хууль зөрчөөгүй. Баянхонгор хотын гэр хороолол, хуучны орон сууцуудыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх асуудал цаашид ч хийгдэх учир Газрын тухай хуулийн 21.4.3-т зааснаар сумын хэмжээнд эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх сумын Засаг даргын бүрэн эрхэд халдаагүй бөгөөд мөн хуулийн 33.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018, 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд тусгагдсаны дагуу тус захирамж гарсан…” гэж маргаж,  байгаа нь хууль бус байна.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 506 дугаар албан бичгээр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт “...инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил заагийг шинэчлэн тогтооход санал ирүүлэх тухай...” гэсэн, сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж,  “...Аймгийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаар захирамжаар тогтоосон инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн санал хүргүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан санал авах ажиллагаа нь Аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сумын Засаг даргын саналыг авахыг заасан болохоос аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрын хилийн заагийг тогтоох, үүнийг тогтоохдоо санал авах талаар заагаагүй юм.

Аймгийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх…”,  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж… …хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тус тус заасныг баримтлах зарчимтай.

Газрын тухай хуулиар Аймгийн Засаг даргад аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил хязгаарыг тогтоох бүрэн эрхийг олгоогүй бөгөөд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад хүргүүлээгүй болох нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны явсан бичгийн бүртгэлийн дэвтэр, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт тус бүр хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдоно.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байх тул захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар “Инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.СУВДМАА