Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 04

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай шийдвэртэй,

Б.С.гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Н.Э-д холбогдох, ажилгүйдлийн тэтгэмж 1630808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Э.гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                            Б.С

Хариуцагч байгууллагын төлөөлөгч                       Д.Б

Нарийн бичгийн дарга                                             С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ажлаас гарах хүсэлтээ өгсний дагуу ажлаас халагдах тушаал гарч, захирлын тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед хүний нөөцийн менежерээс авсан билээ. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн нарийн бичигт аваачиж өгөхөд хуулийн хугацаа дууссан байна гэсэн. Тэгэхээр ажил олгогчийг энэ хугацааны цалинг өгөх эсвэл тушаалд өөрчлөлт оруулах санал тавьсан. Хүний нөөцийн менежерээс шаардаж байж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр тушаалыг дахин гаргуулж аваад бичиг баримтыг бүрдүүлээд Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.гаар шалгуулаад, тус хэлтсийн нарийн бичгийн дарга Н.д өгөхөд юу ч хэлэлгүй авсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөнгө орохгүй болохоор нь улсын байцаагч Г.с асуухад надад бүртгэгдэж ирээгүй гэсэн. Н.тай уулзахад бичиг баримтыг олохгүй байсан. Тэгээд Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзаад учир байдлаа хэлээд 7 хоногийн дараа очиход Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежер тушаалаа зассан гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Уг нь Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежер нь цаг хугацаанд нь Нийгмийн даатгалын хуулийн 15 дугаар зүйлийн дагуу ажлаас гарсан тохиолдолд бичилт хийж дэвтрийг эзэнд нь өгөх хуулийг зөрчсөн учир даатгуулагч хохироод хоцорч байна. Иймд ажилгүйдлийн тэтгэмж 1 630 808 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээр гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын слесарь албан тушаалд ажиллаж байсан Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авч, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орох байсан боловч шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тухайгаа байгууллагын удирдлагад мэдэгдэн, тухайн өдрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Миний бие удирдлагаас цохсон өргөдлийг судлан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 /ажилтан санаачилсан/, 39 дүгээр зүйлийн 39.2 /хүндэтгэн үзэх шалтгаанаар/ заалтуудыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс чөлөөлж, тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/136 тоот дугаараар дугаарласан. Б.С.ийг ажлаас чөлөөлсөн тушаалаа ирж авах хүртэл миний бие 2018 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тушаал гарсан тухай мэдэгдээгүй. Учир нь Б.С нь ажил олгогчийн санаачилгаар бус өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас тушаал гарах тухай мэдэж байсан, миний бие тухайн хугацаанд ажлаас чөлөө авсан өвчилсөн, эзгүй байсан тохиолдол огт байгаагүй тул тушаалаа ирж авах боломжтой байсан. Тухайн хугацаанаас хойш улсын баяр наадмын өдрүүд үргэлжлэн тохиосон. Б.С-ийг Нийгмийн даатгалаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар тэтгэмж авах тухай албан бус шугамаар сонссон байсан тул тухайн хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацааг дуусахаас өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тушаалыг өгөхийн тулд Б.С-тэй холбогдохоор судалгаанд бүртгэлтэй 95348548 дугаарын утасруу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тоног төхөөрөмжийн инженер Ч.Б-р өөр холбогдох дугаар хайлгаж мөн Ч.Б  гэрт нь очиж асуухад хөдөө явсан байна гэсэн. Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тушаалаа өөрийн биеэр ирж авсан бөгөөд миний бие тухайн хугацаанд тушаал өгөхөөр хайсан, утас нь холбогдоогүй, ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх хугацаа нь тулсан тухай тодорхой тайлбарлаж, тушаалыг өгсөн. Тушаалаа хүлээж авахдаа хөдөө явсан байсан тухайгаа хэлж, ямар ч маргаангүйгээр явсан. Тушаалаа авснаас хойш 2 хоногийн дараагаар Б.С-н хадам дүү нь гэх хүн ирж эгч нь С ахын дүү байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх хугацаа нь өнгерсөн байна гэхэд нь би өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүдэлтэй, хугацаа нь хоцорсон учраас манай байгууллага хариуцлага хүлээх боломжгүй тухай мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллагын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачлагаар дуусгавар болгосон тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараах ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлыг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болоод итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тайлбарыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.С нь манай байгууллагын слесериэр ажиллаж байсан. Ээлжийн амралттай байсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй. 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ажил дээрээ ирээд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй байна гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Б.С нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж тушаал гарна гэдгийг мэдсэн атлаа тушаалаа ирж аваагүй учраас Булган аймгийн Н.Э нэхэмжлэлд дурдсан мөнгийг олгох боломжгүй. Хүний нөөцийн ажилтан  нэхэмжлэгч Б.С ажлаас чөлөөлсөн тушаалыг нь өгөх гэсэн боловч утас нь холбогдохгүй, гэрт нь хүн байхгүй байсан. Иймд нэхэмжлэгч Б.С ажлаас чөлөөлөгдөх тушаалаа өөрөө гардаж аваагүй, тушаалыг хугацаанд нь өгөхөөр арга хэмжээ авч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Н.Э-с  1153833 /нэг сая нэг зуун тавин гурван мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 476975 /дөрвөн зуун далан таван мянга есөн зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  41 043 /дөчин нэгэн мянга дөчин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 32242 /гучин хоёр мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Н.Э С-г ажлаас чөлөөлсөн тушаалыг ажлаас чөлөөлсөн өдөрт нь гардуулж өгөөгүй, тушаалыг өгөхөөр удаа дараа утсаар ярьсан гэрт нь очсон гэх боловч нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй ул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг нь хязгаарлаж хохироосон гэж үзэхээр байна” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч өргөдлөө өгсөн атлаа ямар учраас тушаалаа гардан авахгүй байсан, нэхэмжлэгийн ажлаа таслаад ажлаас чөлөөлөгдсөн байдал зэргийг анхааран үзэлгүй зөвхөн ажлаас халагдсан өдөрт нь тушаалыг гардуулан өгөөгүй гэж үзсэн нь нэг талыг барьж өрөөсгөл хандсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нэтэг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас харахад нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь өөрт хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн нэхэмжлэгч 14 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас чөлөөлснийг 7 дугаар сарын 16-ны өдөр мэдээд тушаалаа авсан. Нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгтөл тэтгэмж олгох боломжгүй хугацаа хэтэрсэн байна гэсэн тул дахин 07 дугаар сарын 26-ны өдрөөр тушаал гаргуулан Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Гантуяагаар шалгуулаад тус хэлтсийн нарийн бичгийн дарга Нарантуяад өгөхөд юу ч хэлэлгүй авсан. Дараа нь Нарантуяатай уулзахад бичиг баримтыг олохгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь тухайн байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг олох боломжтой гэж материалыг хүлээн авсан гэж үзэж байна.Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С хариу тайлбартаа: “...Миний тушаал 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан байсан. Би Н.Э-гийн хүний нөөцөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тушаалаа аваад Нийгмийн даатгалын хэлтсийн нарийн бичиг Н-д аваачиж өгөхөд хуулийн хугацаа дууссан байна гэж хэлсэн. Тушаалыг авахад тушаалын хугацаа дууссан байсан учир энэ хугацааны цалин гаргаж өг эсвэл тушаалынхаа сар, өдрийн сольж өг гэсний дагуу тушаалын сар, өдрийн сольж өгөхөөр тохиролцсон. Тэгээд Нийгмийн даатгалын байцаагч Г-р шалгуулаад нарийн бичиг Н-д өгсөн боловч ажилгүйдлийн тэтгэмж маань орохгүй байсан. Гэтэл нарийн бичиг Н нь бүртгэж аваагүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцөөс тушаалд засвар хийлгэж авсан гэсэн тодорхойлолт авсан байсан. Энэ хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод би улсад 20 жил ажилсан боловч ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна… Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Б.С нэхэмжлэлтэй Булган аймгийн Н.Э холбогдох иргэний хэрэгт анхан шатны шүүхээс Н.Э-с Б.С-т олгохоор шийдвэрлэсэн 1 153 833 төгрөгийг гурав хуваан Н.Э, хүний нөөцийн менежер, Н.Э дарга нар хариуцаж 769 000 төгрөгийг  төлөхөөр, нэхэмжлэгч Б.С нь 384 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зуржээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.С нь Булган аймгийн Н.Э-т холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 1 630 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.С нь Булган аймгийн Н.Э-т слесериэр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж Булган аймгийн Н.Э-н даргын 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/136 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэн /ажилтны санаачилгаар/ ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Б.С нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гардан авч 7 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө гаргасан боловч хугацаа хэтэрсэн гэж өргөдлийг хүлээн аваагүй, Булган аймгийн Н.Э нь ажлаас чөлөөлсөн тушаалыг ажлаас чөлөөлсөн өдөрт нь гардуулан өгөөгүй гэж, Булган аймгийн Н.Э нь Б.С нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж тушаал гарна гэдгийг мэдсэн атлаа тушаалаа өөрөө ирж аваагүй гэж маргаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт Б.С-н нэхэмжлэлтэй Булган аймгийн Н.Э холбогдох иргэний хэрэгт анхан шатны шүүх Н.Э-с 1 153 833 төгрөг гаргуулж Б.С-т олгохоор шийдвэрлэжээ. Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 1 153 833 төгрөгийг бууруулж 769000 төгрөг төлөхөөр эвлэрсэн, зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, Б.С-н нэхэмжлэлтэй Булган аймгийн Н.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Э-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.     

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                  ШҮҮГЧИД                    Са.УРАНЧИМЭГ                                                                                                                                         М.ХҮРЭЛБААТАР