Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 156/шш2020/00732

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00652/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар багт оршин суух, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар багт оршин суух, С.Е-д холбогдох,

1 025 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Ц,

хариуцагч С.Е,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 38 толгой мал буюу хонь-17, ямаа-11 толгой малыг сарын 20 000 төгрөг өгөх тохиролцоотой хүлээлгэн өгсөн. 10 хоногийн дараа 7 ямаа, 7 ишиг, 1 хонь алдсан гээд цагдаад мэдэгдээд одоо болтол төлөхгүй чирэгдүүлж байна. Иймд С.Е-аас дутагдуулсан малын үнэ болох 1 025 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч С.Е нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Б.Ц-ээс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 38 толгой мал хүлээн авсан нь үнэн юм. Би нэхэмжилж буй 1 025 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 38 толгой малаас ямаа 10, ишиг 2 толгойг дутагдуулсан юм.

Б.Ц нь Н.У-аас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 38 толгой малаа авч надад хүлээлгэж өгсөн. Би мал маллаж байх хугацаанд ээж маань нас барж ажил явдал гарах үед 10 ямаа, 2 ишиг нь тасарсан. Тасарсан 10 ямаа, 2 ишиг нь иргэн У-ын хотонд байсан. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэсгийн төлөөлөгч Г-т мэдүүлсэн. Иргэн У надад хэлэхдээ Е ах тэр ямааг эрж хэрэггүй, наймаанд явсан гэж хэлсэн. Гэхдээ хэсгийн төлөөлөгч Ганзориг нь Ууганбаярыг авсан гэж надад хэлээгүй юм. Иймд нэхэмжилж буй 1 025 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.Е-аас дутагдуулсан малын үнэ 1 025 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч С.Е нь ...иргэн Б.Ц-ийн 38 толгой малаас ямаа 10, ишиг 2 толгой дутагдуулсан. Би нэхэмжлэлийн шаардлага 1 025 000 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, нэхэмжлэгч Б.Ц ...хариуцагч С.Е 7 ямаа, 7 ишиг, 1 хонь алдсан, одоо болтол төлөхгүй чирэгдүүлж байгаа тул С.Е-аас 1 025 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж хэргийн зохигчид маргажээ.

Хариуцагч С.Е-аас өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...миний бие 2015 оны 08 дугаар сарын 13-нд 38 толгой малыг сарын 20 000 төгрөг өгөх тохиролцоотой хүлээлгэж өгсөн... гэж, хариуцагч С.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2015 оны 08 дугаар сарын 13-нд иргэн Б.Ц нь 38 толгой мал надад хүлээлгэж өгсөн... гэж хүлээн зөвшөөрч байгаа байдлыг дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С.Е нар өөр хоорондоо мал маллах, түүнд тохирсон хөлс өгч, авахаар амаар харилцан тохиролцсон болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар бүрэн нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээ хийгдэж, хоёр тал үүрэг хүлээсэн байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Ц нь өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч С.Е-д 38 толгой мал, үүнд 17 толгой хонь, 21 ямаа хүлээлгэн өгч, зохигчид хүлээн авсныг нэг бүрчлэн бичиж, тэмдэглэл хөтөлж байсан нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар, мөн хариуцагч С.Еы шүүх хуралдаанд иргэн Б.Ц-ээс 38 толгой мал хүлээж авсан гэх хэсэгт зурсан гарын үсэг минийх мөн байна гэх үйл баримт маргаагүй байдлаар тус тус нотлогдож байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчээс хариуцагчид 38 толгой мал хүлээлгэн өгч, хүлээн авсан талаарх үйл баримт нотлогдож байгаа хэдий ч хариуцагч С.Е-ны хувьд нэхэмжлэгч Б.Ц-ийн малыг маллаж байх хугацаанд хэдэн тооны ямаа, хонь, ишиг дутагдуулсан, хэдэн тооны мал буцаан хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй, энэ талаар зохигчид маргана.

Ингэхдээ шүүхээс хариуцагч С.Е-ны дутагдуулсан мал буюу түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 ямаа, 2 ишиг дутагдуулсныг хүлээн зөвшөөрөх боловч нэхэмжлэгчээс 7 ямаа, 7 ишиг, 1 хонь дутагдуулсан гэж маргаж байх тул хариуцагч С.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 7 ямаанаас 3 ямааг илүү хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг 3 ишигээр тооцож, хариуцагч С.Е-аас 7 ямаа, 5 ишигний үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг маргааны зүйл болох малын нас хүйсээр нь тооцох боломжгүй тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаар тогтоолоор батлагдсан тус сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 43/20 дугаартай шийдвэрийн үнэлгээ болох ямаа 90 000 төгрөг, ишиг 35 000 төгрөгийн үнээр тооцсон болно. (7 ямаа х 90 000 = 630 000, ишиг 5 х 35 000 = 175 000, 175,000+630,000=805,000)

Иймд хариуцагч С.Е-аас 805 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 220 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тэр хэмжээгээр хариуцагчаар... нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 150 төгрөгийг улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч С.Е-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 23 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч С.Е-аас 805 000 /найман зуун таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 220 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Е-аас 23 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН