| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2020/00283/И |
| Дугаар | 156/ШШ2020/00488 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2020/00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00020/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ........ тоотод оршин суух, З овогт Д Б (РД: .......)-ын хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Н Д төрсөн охин юм.
Миний эцэг С.Д нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Хэргийг хянаад Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3т заасныг баримтлан хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатган сулласан байна.
Төрөөс орон сууцны дэмжлэг авч байгаагүй. Манай дүү М 2000 онд нас барсан. Надаас өөр нөхөх олговор авах хүнгүй. Аавыг хэлмэгдэх үед эд хөрөнгө малыг хураасан юм.
Иймд төрсөн охин Д Б надад нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1, 20 тал)
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.О нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... хэлмэгдэгч С. нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоол, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан байна.
Иймд хэлмэгдэгчийн төрсөн охин Д Б нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Д.Б өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр С.Д улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хэргийг хянаад 1941 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолоор (хх-ийн 5 тал) цагаатгагдсан Н Д төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 101/003429 дугаартай лавлагаагаар, (хх-ийн 9 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Н Д нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн 1941 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолоор хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 252 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт...Д Б нь хэлмэгдэгч Н Д төрсөн охин болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний паспорт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Д Б 500 000 (таван зуун мянга) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 11 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн...хэлмэгдэгч Н (Н)-ын Д болон түүний эхнэр Д Х нарт байр орон сууц болон байр орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна ... гэсэн 888 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх-ийн 4 тал)
Зууны мэдээ сонингийн хуулбарт:..Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт, ...хэлмэгдэгч Н Д (Н Д), хүүхэд Д Б 40 000 000 төгрөг олгосугай... (хх-ийн 13 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.2-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 000 000 төгрөг... олгоно гэснээр Д.Б 40 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, ........... регистрийн дугаартай, З овогт Д Б олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ