Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2021/00057/И |
Дугаар | 129/ШШ2021/00475 |
Огноо | 2021-10-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2021/00475
129/ШШ2021/00475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 10-137 тоотод оршин суух Бэхээ овгийн Ганбаатарын Жавзандулам /РД:АЕ93121000/
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өлзийт сумын Өлзийт багийн Баруун хорооллын 02-01 тоотод оршин суух Зул овгийн Ядамсүрэнгийн Алтанцэцэг /РД:АЕ63020362/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт оршин суух Бошигт овгийн Пүрэвсүрэнгийн Даваадоржид /РД:АЖ64081710/ холбогдох
Гэм хорын хохирол 14.826.666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг, хариуцагч П.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэлэнцэрэн овогтой Ганбаатар нь Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг байсан ба тус сумын иргэн П.Даваадоржтой 2019 оны 05 сарын 02-ны өдөр маргалдаж улмаар Даваадорж цохиж унагааснаас болоод сүүжинд ордог дунд чөмөгний толгой хугарсан бэртэл авч 105 хоног хэвтэрт байж байгаад хөдөлгөөнгүй хэвтснээс болж хөлийн судаснууд дарагдаж венийн судасны бөглөрөлөөс үүдэн 2019 оны 08 сарын 15-ны өдөр нас барсан /энэ 105 хоногт аавд маань очоогүй эмнэлэг хийгээгүй эмчилгээ тариа, уугаагүй эм бараг үгүй/. Ингээд би шүүхээр явсан боловч хэрэг мөрдлөгийн явцад удааширсан, задлан шинжилгээний хариу хэт удаж гарсан гэх зэрэг шалтгаанаар хугацаа алдсаар шүүхээс хугацаа нь хэтэрсэн гэх шалтгаанаар хэргийг хаасан. П.Даваадоржийн буруутай үйлдлээс болж Г.Ганбаатар нас барсан нь үнэн тул бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хандаж байна. Түнхний үеийн эмчилгээний зардал 6.350.000 төгрөг, оршуулгын зардал 3.647.228 төгрөг, тэтгэврийн зээл 1.700.000 төгрөг, малчны зээл 3.129.438 төгрөг нийт 14.826.666 төгрөгний зардлыг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П.Даваадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн иргэн Пүрэвсүрэнгийн Даваадорж би Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Ганбаатарын Жавзандуламаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Түүний аав Г.Ганбаатарын биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан нь надтай холбоогүй болохыг цагдаагаас шалгаж тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Г.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав н.Ганбаатар 2019 оны 08 сарын 15-ны өдөр нас барсан. Прокурорын дүгнэлтэнд “П.Даваадорж нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт аав Г.Ганбаатартай маргалдан түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байх ба улмаар зүүн дунд чөмөгний бороолоогүй хугарлын улмаас хөлийн венийн судсанд цусан бүлэн үүсэн, уушгины нянт-үжлийн хатгаа, цус түгээмэл бүлэгнэх хам шинж болж 2019 оны 08 сарын 15-ны өдөр нас барсан” гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор хэргийг хааж шийдвэрлэсэн учраас би гарсан зардлаа П.Даваадоржоос гаргуулахаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Миний бие анх хүсэлтээ бичихдээ нотлох баримтаас хол байсан болохоор эмчилгээний зардал, оршуулгын зардлын мөнгийг сольж бичсэн учраас одоо залруулж байна. Үүнд: эмчилгээний зардалд 3.647.228 төгрөг, оршуулгын зардалд 6.350.000 төгрөг, тэтгэврийн зээл 1.700.000 төгрөг, малчны зээл 3.129.438 төгрөгийн зардал гарсан. Бид ихэнх эмийг Өлзийт сумын эмийн санд хэлж байгаад бөөний үнээр хотоос авч хэрэглэж байсан. Үндсэн үнээр нь авах бид нарт хэцүү байсан. Эдгээр зардлын баримт, материалыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжилснээс гадна баримтгүй зардлууд ч байгаа. Тэтгэврийн зээлийн тухайд улсаас зогсоогоогүй манай ээж уг тэтгэврийн зээл, малчны зээлийг төлсөн мөн бид нар хамтарч оршуулгын зардлыг гаргасан. Эмчилгээний зардлын тооцоонд түлш шатахууны зардал /470.000 төгрөг/ орж тооцогдсон гэв.
Нэхэмжлэгч Я.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Жавзандуламтай адилхан тайлбартай байна. Би Г.Ганбаатарын эхнэр нь. Г.Ганбаатар бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Малчны зээл, тэтгэврийн зээлийг би төлж дуусгасан гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайн үед тэтгэврийн зээлийг 06 сараар байтугай хэд бол хэдэн ч жилээр олгож байсан. Г.Ганбаатарыг нас барсны дараа буюу 2021 оны 08 сарын 23-ны өдөр би өөрөө сайн дураараа /банк төл гэж шаардаагүй байхад/ 1.700.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг төлсөн. Малчны зээлийн тухайд ч Г.Ганбаатарыг нас барсны дараа төлсөн. Үүний учир нь ясыг нь өндөлзүүлээд яах вэ? гэж бодсондоо тэтгэврийн зээл, малчны зээлийг хугацаанаас нь өмнө төлж дуусгасан. Талийгаач Улаанбаатар хот руу орж эмчилгээ хийлгэсэн. Намайг 2021 оны 05 сарын 16-нд хотоос ирэхэд П.Даваадорж авгайтайгаа манайд орж ирэхээр нь би “чи яагаад ахыгаа ийм болгочихов, гарыг нь зөрүүлээд бариад зогсож байхгүй” гэхэд “харин тиймээ санаандгүй түлчихсэн чинь уначихсан” гэж надад хэлсэн. Би П.Даваадоржийг авгайтай нь хамт дуудаж байгаад өөрөөр нь хэлүүлсэн, авгай нь ч мэдэж байгаа. Одоо П.Даваадорж миний хэлсэн үгийг би гарыг нь зөрүүлээд барьж байсан гэж хэлж байна. 2019 оны 05 сарын 02-ны шөнө хүүхдүүд хотоос ирж Г.Ганбаатарыг аваад Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт 06 хоног хэвтүүлэхэд цус багадалтай, сахартай болсон байна хагалгаа хийж болохгүй гээд эм тариа хийсэн. П.Даваадорж Г.Ганбаатарыг түлхэж унагаасных нь дараа хэсгийн төлөөлөгч, цагдаад мэдэгдэхэд эхлээд гэмтлийн зэргийн хүнд эсхүл хөнгөн гэдгийг нь тогтоолгосны дараа П.Даваадоржийг хэрэгт татна гэж хэлсэн. Г.Ганбаатар унасны улмаас гэмтэл авч нас барах хүртэл хугацаанд П.Даваадоржийг яллагдагчаар татаж байцаасан, шалгасан асуудал байгаагүй. Яагаад гэхээр П.Даваадорж, талийгаач Г.Ганбаатар нар нь ах, дүү хүмүүс, П.Даваадоржийг ирээд н.Ганбаатартай уулзах байх гэж бодсон юм. 2019 оны 05 сарын 02-ны өдөр Г.Ганбаатар хүнд хайрцаг хийж өгнө гээд гэрээсээ гарахад хөл нь бэртээгүй байсан. Тэгээд Г.Ганбаатарыг эмнэлэгт хүргэгдсэн байхад нь очиход П.Даваадорж намайг түлхээд ийм болгочихлоо гэж хэлж байсан, Г.Ганбаатар явж чадахгүй хоёр хүнээр түшүүлж явж байсан. 2019 оны 07 сарын 01-ний өдөр Г.Ганбаатарын хөл эрээн болчихсон байхаар нь н.Эрдэнэчимэг эмчид үзүүлэхэд явж үзүүл, болохоо байчихсан байна гэхээр нь явж үзүүлж ирчихээд П.Даваадоржийг ирж уулзахгүй болохоор гомдолтой байна гээд 2019 оны 07 сарын 23-ны өдөр цагдаад гомдол гаргасан. П.Даваадоржийн хувьд тухайн үед Г.Ганбаатарын бие тааруу байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд эмчилгээний зардалд мөнгө төгрөг төлж байгаагүй. Би П.Даваадоржтой таарахдаа “чи ахтайгаа уулзчихаач, ахын чинь санаа нь амарна” гэхэд “би айгаад байна” гээд Г.Ганбаатартай уулзаагүй. Би Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 268/а тоот тогтоолыг өөрийн биеэр гардаж авсан бөгөөд уг тогтоолд гомдол гаргаагүй. Прокурор надад хэлэхдээ иргэний шүүхийн журмаар гомдлоо нэхэмжлээрэй гэсэн юм. Г.Ганбаатар 2019 оны 05 сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд буюу бэртэл авсан өдрөөсөө нас барах хүртэл цаг хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй, хэвтэрт байсан. Нэгэнт прокурорын дүгнэлт гарсан учраас П.Даваадоржоос хохиролд нийт 14.826.666 төгрөгийг гаргуулна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 268/а тоот тогтоолоос үзэхэд П.Даваадорж нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Г.Ганбаатартай маргалдан түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний бороолоогүй хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байх ба улмаар Г.Ганбаатар нь зүүн дунд чөмөгний бороолоогүй хугарлын улмаас хөлийн венийн судсанд цусан бүлэн үүсэн, уушгины нянт-үжлийн хатгаа, цус түгээмэл бүлэгнэх хам шинж болж Г.Ганбаатар нас барсан үйл баримт эрүүгийн хэрэгт буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон бөгөөд Я.Алтанцэцэгийг хохирогчоор тогтоосон байдаг. Талийгаач нас барсантай холбоотой гэм, хор уршгийн 14.826.666 төгрөгийн хохирол учирсан байна. Эрүүгийн хэрэг цаашид шалгагдаагүйн шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа цааш үргэлжлэхгүйгээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул дэмжиж оролцож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхээс гэм буруутай болохыг нь тогтоогоогүй байхад прокурорын тогтоолд үндэслэн хариуцагчийг гэм буруутайд тооцож, гэм буруугийн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлуудыг заасан бөгөөд үүнд жишээлбэл 1.5 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байна. Маргаан бүхий үйл явдлын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурорын шатанд хэргийг хаах боломжтой нөгөө талаараа уг хэргийг шүүхийн шатанд хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгч миний хувьд прокурорын тогтоолоос үзэхэд П.Даваадоржийг гэм буруутай болохыг эцэслэн тогтоосон бөгөөд П.Даваадорж нь Г.Ганбаатарын биед болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан, уг учирсан гэмтлийн улмаас н.Ганбаатар нас барсан болох нь прокурорын тогтоол, эрүүгийн хэргээс татаж авсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Талийгаач Г.Ганбаатарын малчны зээл, тэтгэврийн зээлийн хувьд өв нээгдэхээс өмнө нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нар талийгаач Г.Ганбаатарын өрийг тэглэсэн учраас дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь хууль ёсны дагуу байна гэв.
Хариуцагч П.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач ах Г.Ганбаатар нь миний ах өөрөөр хэлбэл манай ээжийн ахынх нь хүүхэд. Манай ээж Г.Ганбаатар ахыг миний ганц гэж хэлдэг. Намайг зүгээр явж байхад Г.Ганбаатар ах согтуу хүрч ирээд өөрөө намайг 02-03 удаа цохиж авахаар нь би хоёр гарыг нь барьж байгаад тавихад өөрөө арагшаа унасан, энэ үйл баримт гэрт, гудамжинд болоогүй дэлгүүрийн үүдэнд их олон хүний нүдэн дээр болсон. Г.Ганбаатар өөрөө над дээр ирээд уурласан. Би Г.Ганбаатартай маргалдсан, түүнийг цохиж, зодсон, зодолдсон асуудал байхгүй. Харин ч би Г.Ганбаатар ахад зодуулж өссөн бөгөөд нэг дор өссөн цагаасаа урдаас нь яадаг юм гэж ч хэлж өсөөгүй. Би энэ хэрэгт ямар ч буруугүй. Намайг Г.Ганбаатарын хоёр гарыг нь барьж байгаад тавьсныг хүмүүс гэрчилж байгаа. Би Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 268/а тоот тогтоолтой танилцаад өөрийгөө гэм буруугүй юм байна гэж ойлгосон. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Манайх хөдөө байдаг айл. Би тухайн өдөр хөдөөнөөс орж ирээд авгай, хүүхэдтэйгээ дэлгүүр орчихоод хөдлөх гээд байж байтал Г.Ганбаатар ах шал согтуу, машинаараа миний машины хамрыг шүргээд зогссон. Гэрч Ганбаатар гэдэг хүн намайг Г.Ганбаатарыг түлхэж унагаасан гэж худал мэдүүлсэн. Би түүнийг түлхэж унагаагүй. Би Г.Ганбаатарын гарыг барьж байгаад тавих үед талийгаач н.Ганбаатар газар унасан. Тэр үед хөл нь хугарчихлаа гэдгийг би мэдсэн. Г.Ганбаатарыг өвчтэй, хэвтэрт байхад нь очих гэсэн боловч Г.Ганбаатар ах над руу утсаар яриад “чи сахлын притка аваад ир” гэж намайг айлгасан, мөн том хүү нь “та аав дээр очоод хэрэггүй” гэсэн учраас би түүнтэй очиж уулзаж байгаагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс төрөл садан хүмүүс байна нэхэмжлэлийн шаардлагын талаар хоорондоо эвлэрчих гэхэд хариуцагч П.Даваадорж би энэ хэрэгт буруугүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй. Энэ талаар Я.Алтанцэцэг гуайд ч хэлж үзсэн. Хариуцагч өөрийгөө хэрэг хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай анхнаасаа маргадаг учраас нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрчих гэж хүнийг шахаад байж болохгүй нөхцөл байдал үүсээд байна. Даваадоржийн гэм буруутай болох нь шүүхээр нэгэнт тогтоогдчихсон, үүнтэй холбогдуулан гэм буруугийн асуудал хөндөгдөж байвал нэг өөр асуудал. Гэтэл прокурорын тогтоолоор П.Даваадоржийг гэм буруутай болохыг тогтоогоогүй. Нэхэмжлэгч талаас прокурорын тогтоолд үндэслэн П.Даваадоржоос хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас П.Даваадоржийн үйлдэл нь Ганбаатарын үхэлтэй шалтгаант холбоотой гэдгийг эргэлзээгүй байдлаар тогтоосон нотлох баримтаа бүрдүүлээгүй. Тэтгэврийн зээлийн тухайд Г.Ганбаатар нас барахад хуулийнхаа дагуу тэтгэврийн зээл зогсдог. Хэрэв банк нас барсан этгээдийн тэтгэврийн зээлийг үргэлжлүүлэн төлүүлсэн бол хууль бусаар авсан байгууллагаасаа тухайн төлбөрөө буцаан шаардах эрх нь нэхэмжлэгч талд байгаа. Нэхэмжлэгч тал банкны тавьсан шаардлагын дагуу тэтгэврийн зээлийг төлчихөөд уг зээлийн төлбөрт төлсөн мөнгөө П.Даваадоржоос нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байна. Малчны зээлийн тухайд гэвэл Г.Ганбаатарын нас барсан гэх 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд буюу 2021 оны 08 сарын 26-ны өдөр байгуулж 2020 оны 10 сарын 13-ны өдөр зээл дууссан байдаг. Мөн малчны зээл нь хамтран хариуцагчтай, малаа барьцаанд тавьсан байдаг. Хэрэв малчны зээлээ барагдуулж чадаагүй тохиолдолд зээлийн мөнгөний оронд малыг нь авах, хамтран хариуцагч нь үндсэн хариуцагчтай адил эрх, үүрэгтэй байдаг учраас зээлийг төлөх үүрэг хүлээнэ. Үүнээс үзвэл малчны зээлийн барьцаанд тавьсан мал нь байгаа, мөн хамтран хариуцагч нь ч байгаа ийм тохиолдолд П.Даваадорж уг малчны зээлийг төлөх үүрэг хүлээхгүй. Эмчилгээний зардал 3.647.000 төгрөг нэхэмжилдэг. Г..Ганбаатар амьд сэрүүн байх цаг хугацаандаа эмчилгээ хийлгэж байсан бол яг ямар нотлох баримтаар эмчилгээ хийлгэсэн гэдэг нь тогтоогдож байгаа юм бэ?. Эмчилгээний материалд жишээлбэл түнхний үеийн аппарат гэсэн байдаг. Үүнийг халамжаас үнэгүй олгодог. Гэхдээ уг аппаратыг өөрөө мөнгөөрөө худалдаж авч байсныг үгүйсгэхгүй. Өмгөөлөгчийн зүгээс эмчилгээ хийлгэсэн гэх тайлбарыг үгүйсгэхгүй. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд олон байдаг. Мөн хаана юунд зарцуулсан болох нь ойлгомжгүй бензиний баримтууд ч байдаг. Хариуцагч нь энэ хэрэг надад огт хамааралгүй, би хэрэг хийгээгүй, надад гэм буруу байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна. Шүүхээс П.Даваадоржийг гэм буруутай гэж тогтоогдоогүй байхад түүнээс гэм буруугийн хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд н.Ганбаатар өөрөө өөрийнхөө энерциэр өөрөө унасан нь П.Даваадоржид хамааралгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэг болох газар Даваадорж байсан учраас нэхэмжлэгч Алтанцэцэг хариуцагч Даваадорж гэдэг хүнээс 14.000.000 төгрөг авах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нар нь хариуцагч П.Даваадоржид холбогдуулан Г.Ганбаатарт учирсан эрүүл мэндийн хохирол болон нас барснаас учирсан хохирол нийт 14.826.666 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Жавзандулам талийгаач Г.Ганбаатарын охин болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар /хх-123х/, Я.Алтанцэцэг нь талийгаач Г.Ганбаатартай гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэрээр Г.Ганбаатартай хамтран амьдарч байсан эхнэр болох нь нэхэмжлэгч Я.Алтанцэцэгийн тайлбараар тогтоогддог бөгөөд энэ талаар хариуцагч П.Даваадорж маргаагүй. Иймд Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нар нь талийгаач Г.Ганбаатарт учирсан хохирлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
П.Даваадорж нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр Г.Ганбаатарыг түлхэн унагааснаас талийгаачийн хөлийн зүүн дунд чөмөг хугарсан ба энэ гэмтлийн хүндрэлээс хохирогч нас барсан учир талийгаач Г.Ганбаатарын эмчилгээний зардалд 3.647.228 төгрөг, оршуулгын зардалд 6.350.000 төгрөг, төлсөн тэтгэврийн зээл 1.700.000 төгрөг, малчны зээл 3.129.438 төгрөг нийт 14.826.666 төгрөгийг нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нар П.Даваадоржоос нэхэмжилж, хариуцагч П.Даваадорж “Би Г.Ганбаатартай маргалдсан, түүнийг цохиж, зодсон, зодолдсон асуудал байхгүй Г.Ганбаатарын 2 гарыг барьж байгаад тавихад тэрээр унасан. Би энэ хэрэгт ямар ч буруугүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
2019 оны 05 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвд Г.Ганбаатар нь П.Даваадоржтой маргах явцдаа түлхэгдэн унаж Г.Ганбаатарын хөл хугарсан үйл баримттай хариуцагч П.Даваадорж маргаагүй бөгөөд энэ талаар гэрч Н.Ганбаатар мэдүүлсэн.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 640 тоот дүгнэлтэд “талийгаач Г.Ганбаатар нь зүүн хөлийн венийн судасны бүлэнт бөглөөс үүсч энэ нь уушигны нянт-үжлийн хатгаа, цус түгээмэл бүлэгнэх хам шинжээр хүндэрч нас барсан” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан.
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 268/а дугаар тогтоолд “П.Даваадоржийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүй нь хүнийг алах санаа зорилго агуулаагүйн зэрэгцээ хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлээс шалтгаалан өөр нэгэн хүндрэл үүсч хохирогч нас барсан байх тул П.Даваадоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдснээс хойш энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан бөгөөд П.Даваадоржийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэлтэй байна” гэсэн тогтоол нь хариуцагч П.Даваадоржийн үйлдлийн улмаас Г.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн бөгөөд П.Даваадоржийг хүний амь насыг хохироосон гэм буруутайг тогтоосон шийдвэр биш юм.
Хариуцагч П.Даваадоржийн үйлдэл талийгаач Г.Ганбаатарын нас барсантай шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй тул талийгаач Г.Ганбаатарын нас барснаас учирсан оршуулгын зардал 6.350.000 төгрөг, түүний банкнаас зээлж авсан малчны зээл 3.129.438 төгрөг, тэтгэврийн зээл 1.700.000 төгрөг, нийт 11.179.438 төгрөгийн хохирлыг хариуцагч П.Даваадорж арилгах үүрэг хүлээхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин хариуцагч П.Даваадорж нь Г.Ганбаатарыг унагаасны улмаас түүний хөлийн зүүн дунд чөмөг хугарсан үйл баримттай маргадаггүй, талийгаачийн биед учирсан энэхүү зүүн дунд чөмөгний бороолоогүй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 640 тоот дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагчийг Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 268/а дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн тул түүнийг талийгаач Г.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн Г.Ганбаатарын эрүүл мэндэд учирсан /хөл хугарсан/ хохирлыг хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар төлөх үүрэгтэй байна.
Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан талийгаач Г.Ганбаатарын эмчилгээ, эмчилгээ хийхэд зарцуулсан зардлын баримтаас тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эм тариа болон эмнэлгийн үйлчилгээ авсан
хавтаст хэргийн 15-р талд авагдсан 2019-7-16-ний өдрийн 22.240 төгрөг, 2019-6-8-ны өдрийн 1100 төгрөг, 2019-6-15-ны өдрийн 11.100 төгрөг, 2019-8-05-ны өдөр 9.842 төгрөг, 2019-8-05-ны өдрийн 72.757 төгрөг, 2019-6-8-ны өдрийн 22.350 төгрөг, 2019-5-08-ны өдрийн 78.675 төгрөг,
хавтаст хэргийн 17-р талд авагдсан 2019-7-18-ны өдрийн 185.000 төгрөг, 2019-5-04-ний өдрийн 13.310 төгрөг, 2019-5-8-ний өдрийн 30.000 төгрөг, 2019-5-06-ны өдрийн 110.000 төгрөг, нийт 556.374 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нар “Өлзийт сумын эмийн сангийн нэрээр Улаанбаатар хотын эмийн бөөний худалдаанаас /Бүрэн хайрхан сервис ХХК, Ази-2 салбар, Монос фарм трейд ХХК/ эм тариа худалдан авсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримтыг нэхэмжлэгч нар бусад нотлох баримтаар нотлоогүй учир эм ханган нийлүүлүүлэх төвүүдээс харилцагч “Өлзийт сумын эмийн сан”-гийн худалдан авсан эм тарианы үнэ болон уншигдахгүй /баларч арилсан/ нотлох баримтын шаардлага хангаагүй эм тариа, бусад зардлын баримтуудыг үнэлээгүй, мөн Г.Ганбаатарыг эмчлүүлэхэд гарсан шатахууны зардлын талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлаас 3.090.854 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүй болно.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч П.Даваадоржоос 556.374 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.270.292 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ “Тухайн хэрэг болох газар Даваадорж байсан учраас нэхэмжлэгч Алтанцэцэг нь хариуцагч Даваадорж гэдэг хүнээс 14.000.000 төгрөг авах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Талийгаач Г.Ганбаатарын амь нас хохирсонд хариуцагч П.Даваадоржийн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй учир хохирогчийн нас барснаас учирсан гэм хорыг арилгах үүргийг хариуцагч хүлээхгүй. Харин хариуцагчийн үйлдлийн улмаас Г.Ганбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа. Иймээс хохирогч нас барснаас учирсан хохирол болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлага хангаагүй нотлох баримттай болон нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлээгүй бөгөөд талийгаачийн биед учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулсан зардал хохирол нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг хариуцагчаар төлүүлэхээр шүүх дүгнэсэн учир иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэснийг үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 232.083 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр /17.341 төгрөг/ хариуцагч П.Даваадоржоос гаргуулж нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д хариуцагч П.Даваадоржоос 556.374 /таван зуун тавин зургаан мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.270.292 /арван дөрвөн сая хоёр зуун далан мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 232.083 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч П.Даваадоржоос 17.341 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жавзандулам, Я.Алтанцэцэг нарт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд өөсрдөө хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.