| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00655/И |
| Дугаар | 156/шш2020/00720 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 156/шш2020/00720
156/ШШ2020/00720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00655/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багт оршин суух, Н.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Б.У-д холбогдох 3,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 2019 оны 8 сард манай их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг гуйж аваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цэцэг ломбардад сарын 7 хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан юм. Мөн 2019 оны 9 сард 500,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгө болон гуйж авч ломбардад тавьсан мөнгөн чимэгтэй эмээлээ одоо болтол авч өгөөгүй намайг хохироож байна. Иймд Б.Угоос мөнгөн чимэгтэй эмээлийн ломбардад төлөх үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 175,000 төгрөг, зээлж авсан 500,000 төгрөг, нийт 3,175,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо ломбардны 175,000 төгрөгөөс татгалзаж байна. Би Б.Угоос 2,500,000 төгрөгийг аваад ломбардад өгч эмээлээ авахыг хүссэн. Хамгийн гол нь би эмээлээ л гаргуулж авмаар байна гэв.
Хариуцагч Б.У нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.У нь Н.Эаас мөнгөн чимэгтэй эмээлийг нь гуйж авч Мөнгөн гоёл ломбардад сарын 7 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөгт тавьсан нь үнэн. Мөн зээлсэн гэх 500,000 төгрөгийг Жаргалтхаан суманд очиж Эд ажлынхан гадаа бэлнээр өөрийн биеэр өгсөн. Э нь өөрөө банк руу очиж дансруугаа хийсэн. Миний бие эмээлийг ломбардад тавиад хүүг өгөөд сунгуулаад явж байгаа. Тухайн үед ажилгүй байсан болохоор авч өгч чадахгүй өдийг хүргэсэн. Одоо би ажилд орсон тул өөрийн боломжоор бага багаар төлөлтөө хийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ломбардын төлбөрийг төлөөд эмээлийг барьцаанаас чөлөөлж өгөх саналтай байна. Яг одоо мөнгийг төлөөд эмээлийг авч өгөх боломж надад байхгүй байна. Мөн Н.Эын нөхрөөс авсан 500,000 төгрөгийг төлнө гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Угоос их гарын мөнгөн эмээл ломбардад тавьсан барьцааны үнэ 2,500,000 төгрөг, ломбардны хүү 175,000 төгрөг, зээлж авсан 500,000 төгрөг, нийт 3,175,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчид шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.У нь Н.Эын өмчлөлийн их гарын мөнгөн эмээлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр ломбардад тавьсан, мөн Н.Эын нөхөрөөс нь 500,000 төгрөгийг зээлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ломбардны хүү 175,000 төгрөг гаргуулахаас татгалзсан ба ломбардад тавьсан эмээлийн барьцааны үнэ 2,500,000 төгрөг гаргуулах биш харин их гарын мөнгөн эмээлээ гаргуулж, мөн зээлсэн 500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.
Харин хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Н.Эын шүүх хуралдаанд гаргасан ломбардад тавьсан эмээлийн барьцааны үнэ 2,500,000 төгрөг гаргуулах биш харин их гарын мөнгөн эмээлийг ломбардны барьцаанаас чөлөөлүүлэх, мөн зээлсэн 500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Угоос 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эын өмчлөлийн их гарын мөнгөн эмээлийг ломбардаас чөлөөлж тус эмээлийг Н.Эд хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 175,000 төгрөгөөс татгалзсан татгалзалыг батлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Угоос 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, мөн ломбардад тавьсан их гарын мөнгөн эмээлийг ломбарднаас чөлөөлж нэхэмжлэгч Н.Эд хүлээлэн өгөхийг хариуцагч Б.Уд даалгасугай.
2. Нэхэмжлэгч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас ломбардад тавьсан эмээлийн зээлийн хүү 175,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Эаас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4,000 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Угоос 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА