Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2019/00010

 

 2019          04           23                                      202/МА2019/00010

 

А.А-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2019/00053 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 10 дугаар хэсэг, ......дугаар байрны ...... тоотод оршин суух, ...... өртөөнд ...... ажилтай, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, ....... овогт А-ийн  А /РД:ЕП........12/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ....... байрны .......тоотод оршин суух, .......... өртөөнд ахлах агент ажилтай, 1990 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Боржигон овогт З-ын Д /РД:ЕС......03/-д холбогдох,

Гэм хорын хохирол 18004000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч З.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагчийн өмгөөлөгч С.Энх-Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал зам дээр 49-9 ДГА улсын дугаартай автомашинаар З.Д, Г.Д нартай зорчин явж байхдаа онхолдож Г.Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан билээ. Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот дүгнэлтээр З.Дг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг гарсан гэж дүгнэсэн ба улмаар А.А намайг анхан шатны шүүхээс цагаатгаж улмаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/08 тоот прокурорын тогтоолоор ЭХХШТХуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.А надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ба улмаар 218 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 тоот тогтоолоор З.Д-д холбогдох ЭХХШТХуульд зааснаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас миний өмч болох 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркын автомашинд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 6 271 000 төгрөгийн хохирол учирсан ба 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн дүгнэлтээр автомашинд учирсан гэмтлүүдийг тодорхойлсон ба ерөнхий өнгө үзэмж техникийн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн энэ хэргээс хойш миний автомашин тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд бүтэн 1 жил байсны улмаас хулгайд өртөж энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа билээ.

З.Д-гийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас би Тоёота Альпард маркийн автомашинаараа хохирсон ба би энэ машинаа засуулаад зарж хохирлоо барагдуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар адил төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэсний дагуу машинтай дүйцэхүйц машин гаргуулж авах буюу 17 456 000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч З.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 17 456 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь З.Д миний бие 2017-07-17-ны өдөр Аын эзэмшлийн машинаар Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу зорчин явж байхад тус машин онхолдож миний биед хөнгөн гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн. Одоо ч миний эрүүл мэнд бүрэн эдгээгүй байна. Уг асуудалд намайг холбогдуулан шалгасан боловч Прокурорын газрын 2018-07-31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолоор ЭХХШтХуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. А нь уг ослыг З.Д надаас болж гарсан гэж үзэж надаас хохирол 17 456 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1131 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул “Хас үнэлгээ” ХХК-аар шинжээч томилуулж автомашинд учирсан эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээний үнэлгээг дахин гаргуулах тухай тогтоол гарсан. Үүний дагуу автомашинд Замын-Үүд дэх Авто тээврийн шинжээчийн оношлогоо дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн зардал 548 00 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч З.Д нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь уг маргаантай асуудлыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Тэгэхдээ нэхэмжлэгч талд дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан тал үнэлгээний хөлс, зардлаа өөрсдөө хариуцдаг талаар тайлбарлаж хэлсэн. Үүнийг ойлгож мэдэж нэхэмжлэгч А “Хас үнэлгээ” ХХК-аар дүгнэлтээ гаргуулсан. Нэг үгээр хэлбэл надаас шалтгаалаагүй, өөрийн хүсэлтээр дахин үнэлгээ хийлгэчихээд тухайн зардлаа надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд 548000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч З.Д-гаас 12 814 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 190 000  төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч З.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 219974 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч З.Д давж заалдсан гомдолдоо: 137/ШШ2019/00053 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг осол гарах болсон шалтгааныг тухайн үед уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Д надаас болсон гэж үзэж А нь гэм хорын хохирол 18 004 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл уг ослын шалтгаан нөхцлийг эрүүгийн хэрэг шалгагдаж байх явад бүрэн тогтоогоогүй, энэ талаар З.Д намайг гэм буруутайд тооцсон ямар ч шүүхийн шийдвэр байхгүй, харин мөрдөн шалгах ажиллагаа хойшид явуулах боломжгүй болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай Прокурорын тогтоол гарсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2018.05.20-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр А.А, З.Д нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, шинжээчид тавьсан 5 дахь асуулт “Уг зам тээврийн осол хэний буруугаас болж гарсан бэ” гэсэн асуултад шинжээчийн дүгнэлтээр хариулаагүй.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж З.Д намайг суудлын бүсээ зүүх үүрэгтэй талаараа, мөн урагшаа суух үйлдэл хийх явцад зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Аыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “...зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнийг, жолооч хүний үүрэг хариуцлагыг огт дүгнээгүй. Уг шүүхийн шийдвэр нь бүхэлдээ З.Д миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн эрхийг минь ноцтой зөрчсөн болно. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ219/00053 дугаар шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Энх-Амар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Прокуророос миний үйлчлүүлэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл нь зөвхөн тээврийн хэрэгслийн жолоочид хамааралтай буюу хуульд зааснаар авто тээврийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учирсан байхыг шаарддаг хуулийн зүйлчлэл юм.

Прокурорын 2018.07.31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолоор миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. 2018.07.31-ний өдрийн 5/08 дугаартай тогтоолыг үндэслээд А нь надад холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон, тиймээс Дгаас гэм хорын хохирол нэхэмжилж байна гэдэг. Гэтэл энэ хэргийг шүүхээс цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгоод хэргийг буцааж байсан. Мөн хохирогч Дгийн өмгөөлөгч Энхтүвшингийн гомдлоор Аринубатад холбогдох хэрэгт хохирогч Дгийн өмгөөлөгч Энхтүвшин нь Улсын Ерөнхий прокурорт хандан гомдол гаргасан ба гомдлыг хянаж байгаа, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Иймээс хяналтын прокурор Мөнхтүвшингийн 2018.07.31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоол нь одоогоор хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэгт шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэсэн нь гэм буруугийн асуудлыг тогтоогоогүй байна, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь яллагдагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Дд буруу байхгүй байна гэсэн үг.

 Мөн хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг нэхэмжлэх, төлүүлэх хүсэлт гаргах гэх мэт эрхтэй талаар хэд хэдэн зохицуулалтыг заагаад өгчихсөн байгаа. Дээрх зохицуулалтаас харахад эрүүгийн хэрэгт учирсан зөвхөн иргэний нэхэмжлэгч, хохирогч нэхэмжлэх хууль зүйн үр дагавартай байгаа юм. Гэтэл А нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан бус хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож байгаагүй тул хохирол нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Дгийн хувьд 49-09 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч биш учир гэм хорыг арилгах үүрэг хүлээх этгээд биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иргэний хэргийн шийдвэрийн талаар тайлбараа хэлье. Анхан шатны шүүхээс Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн 2018.05.20-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон нь нотлох баримтын журам зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээч томилох тогтоолын 5 дахь асуулт нь уг зам тээврийн осол хэний буруутай үйлдлээс болж гарсан бэ гэж шинжээч томилсон тогтоолд асуулт болгон оруулж өгсөн. Гэтэл 2018.05.20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр дээрх асуултанд хариулаагүй. Өөрөөр хэлбэл Дгийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан уу гэдэг нь тогтоогдоогүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Автотээврийн үндэсний төвийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ дүгнэлтийг үндэслээд шүүх дүгнэлт гаргасан нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Автотээврийн үндэсний төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтэнд Аын эхнэр Энхжаргалыг байлцуулж, хэн гэдэг ямар шинжээчийн, хэний тогтоол шийдвэрээр дүгнэлт гаргасан нь тодорхойгүй. Уг тогтоол нь гарын үсэггүй. Тухайн тогтоолд огноо байгаад байгаа мөртлөө шүүхээс шинжээч томилох хугацаанаас хойш бичигдсэн. 2 сард хийсэн дүгнэлт байгаа. Огнооны хувьд ийм учир дутагдалтай. Авто тээврийн үндэсний төв гэдэг нь өөрөө төрийн байгууллага. Хэрвээ ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа бол албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй байх ёстой. Гэтэл тухайн Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтэнд тийм зүйл байхгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй тул хуурамч нотлох баримт болж байгаа юм. Энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн. ИХШХШТХуульд зааснаар нэхэмжлэгч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, нотлох баримтуудын талаар нотолж чадахгүй, эхнэр мэднэ, би мэдэхгүй  гээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байсан. Гэтэл энэ үүргийг шүүх хэрэгжүүлсэн. Энэ бүгд нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээс харагдана. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д тайлбараа гагцхүү зохигч талууд гаргана гэснийг зөрчсөн байгаа. Дээрх дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзээд хэргийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь 2018.07.17-ны өдөр болсон үйл явдлын улмаас учирсан гэм хорын хохирол гэж Дгаас 18004000 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг яаж шийдвэрлэсэн талаар Энх-Амар өмгөөлөгч тодорхой ярилаа. Эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд цагаатгагдахдаа Аын үйлдэл дээр ямар нэгэн буруу, зөрүү байна гэсэн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн хохирогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан байна гэдэг байдлаар буцаасан байдаг. Ингэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Аын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гээд үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгоод харин Дд холбогдох асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд ирэхээр Дгийн хохирлын асуудал, Аын эд хөрөнгөд учирсан гэм хорын асуудлыг хэн хариуцах вэ гээд А өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг дээр энэ хэргийн гол буруутан нь хэн бэ гэсэн 2 удаа шинжээчийн дүгнэлтээр зорчигчийн буруутай үйлдэл байна гэсэн дүгнэлт гарсан байдаг тул уг нотлох баримтаа хавсаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дгаас 12 сая төгрөгийг гаргуулаад, 5 сая төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал дэмжиж байгаа. Гэтэл одоо хариуцагч талаас Дг буруутай байна гэдгийг тогтоогоогүй байхад шийдвэрлэчихлээ гэсэн асуудал яриад байгаа. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслээд иргэний шүүх өөрөө гэм хохирол учирсан байна гэдгийг тогтоогоод, гэм хорын хохиролыг Дгаас гаргуулах үндэслэлтэй байна гээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч З.Дд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 17456000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 548000 төгрөгөөр нэмэгдүүлж /хх 191-192/ нийт 18004000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч З.Д эс зөвшөөрч өөрийгөө гэм буруугүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг хэрэглэж, хариуцагч З.Дг нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэж 12814000 төгрөг гаргуулж, үлдэх 5190000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч З.Д эс зөвшөөрч “...гэм буруутайд тооцож эрхийг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  “тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал замаар 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн автомашиныг нэхэмжлэгч А.А жолоодож, уг тээврийн хэрэгслээр хариуцагч З.Д зорчин явах үед тээврийн хэрэгсэл осолдож, мөн зорчин явсан Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр, хариуцагч З.Дгийн биед хөнгөн хохирол учирсан /хх-66/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолоор /хх-101/ хариуцагч З.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 дугаар /хх-4/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолоор /хх-29/ тус тус хариуцагч З.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч А.Аыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар  татаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолоор /хх-5/ түүнд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

Гэтэл хариуцагч З.Д нь энэхүү тогтоолуудад гомдол гаргаагүй ба мөн бусад оролцогчдоос гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигчид эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар анхан шатны шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ дурдаагүй атал хариуцагч З.Д давж заалдсан гомдолдоо болон түүний өмгөөлөгч Ц.Энх-Амар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн эрхийг зөрчсөн, эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй, мөн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болох бөгөөд хариуцагч З.Д нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолуудтай танилцсан атлаа  ийнхүү гомдол гаргаагүй, энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэгэнт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх буюу гэмт хэрэг үйлдсэн эсэх гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол хүсэлт гаргаагүй тул гэм хорын хохирлын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан бусдын шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын гэм буруугийн хэр хэмжээг тогтоон гэм хорын хохирлыг хариуцуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т нийцэх бөгөөд энэ нь зохигчдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа явдал биш бөгөөд нөгөө талаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай эсэхийг тогтооход цорын ганц харгалзан үзэж үндэслэл болгох нөхцөл байдал болохгүй юм.

Харин анхан шатны шүүхэд зохигчид уг осол гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн асуудлаар маргасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримт болох зохигчдын тайлбар болон тэдний өмнө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болох нэхэмжлэгч А.Аын гэрчээр өгсөн мэдүүлэгт /хх-64/ “... Би машинаа жолоодоод Д, Д нарын арын суудал дээр суугаад хөдөлсөн ба явах замдаа ... 40-50 км орчимд ...тэд ядарч байна, унтая урд талын суудал дээр унтана гэж байгаа сонсогдсон. Гэтэл гэнэт Д нь урд суух гээд 2 суудлын голоор хөлөө давуулаад ороод ирсэн, тэгээд давж амжаагүй миний гар Дгийн өгзөг хэсгээр цохигдоод баруун гар тал руу дараад замын далангийн шороон дээгүүр гараад эргэж зүүн талруугаа дараад тэр чигээрээ замынхаа зүүн гар тал руу буюу ертөнцийн зүгээр замынхаа баруун гар талруу  далан руу машин онхолдоод бидний сууж явсан машин 4 дугуй дээш харсан. ... Би машинаасаа эхэлж гараад Д, Д нарыг цуваад гаргасан.” гэж,

Яллагдагчаар өгсөн мэдүүлэгт /хх-76/ “...Д нь надад мэдэгдээгүй гэнэт урд талын 2 суудлын голын хайрцган дээгүүр даваад орж ирээд бөгсөн биеэ над руу харсан байдалтай орж ирээд өгзөгний дээд хэсгээрээ миний зүүн гарын тохойны доод хэсгээр цохиж тэгээд машин баруун гар талруугаа тэнцвэр алдаж тэгэхэд суудалдаа сууж амжаагүй зорчигч Д дахин энерцээрээ зүүн гарт хүрч машин замаас гарч уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон.” гэж,

Хариуцагч З.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт /хх-73/“...шөнө ээлжтэй хоносон учир унтах гээд Д нь намайг урд суух гээд голын хайрцаг дээр Аын төмөр замын дүрэмт хувцас байсан бөгөөд цамцыг нь авч тавьчихаад 2 суудлын голоор урд талын суудал дээр суух үедээ бөхийсөн чинь машин онхолдсон.” гэж,

Яллагдагчаар өгсөн мэдүүлэгт /хх-102/ “...Д хойд сандал дээр миний араар хэвтэх гээд намайг урагшаа ороод суучих гэж хэлэхээр нь жолооч А ахаас би урагшаа сууж болох юм уу гэж асуухад тэг гэж хэлэхээр нь машины голын хайрцаг дээр байсан А ахын цамцыг хойд талын түшлэг дээр тавиад эргээд урагшаа тонгойх гэтэл машин унасан.” гэж тус тус дурдагджээ.

Мөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-8/, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр /хх-99/ “... жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг “зорчигч З.Д нь ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 в-д заасан хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй байх” гэснийг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

Дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэж үзвэл хариуцагч З.Д нь нэхэмжлэгч А.Аын жолоодож явсан автомашинд зорчин явахдаа машины голоор дамжиж урд суудалд суух явцдаа түүний гарт хүрснээр жолоодлого алдагдаж улмаар машин тэнцвэрээ алдаж осол гарах шалтгаан болсон ба энэ нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан Зорчигч хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй байх гэснийг зөрчсөн буюу хариуцагч З.Д нь зорчигчийн үүргээ биелүүлээгүй буруутайгаас нэхэмжлэгч А.Аын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аын эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болох ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол ... гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Гэтэл хариуцагч З.Д нь ийнхүү гэм буруугүй болохоо нотлоогүй,  шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч А.Аыг ... хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн гэх боловч зорчигч бүс хэрэглээгүйгээс осол гарсан гэж дүгнэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба энэ талаар анхан шатны шүүх “... Уг осол гарах болсон шалтгааныг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хариуцагч З.Д нь бүс хэрэглээгүйгээс шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ч ийнхүү гэм хорыг хариуцан арилгахад гэм буруугийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.

Тодруулбал энэ талаар Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т  гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор заажээ.

Зохигчдын тайлбар болон дээр дурдсан нотлох баримтуудад дурдагдсан “...  урд талын суудал дээр унтана гэж байгаа сонсогдсон”,  “... А ахаас би урагшаа сууж болох юм уу гэж асуухад тэг гэж хэлэхээр нь...” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгч А.А нь  хариуцагч З.Дг голын суудлын дундуур гарч урагшаа суудалд суух гэж байгааг мэдсэн байх ба жолоочийн хувьд машинаа зогсоох, эсхүл урагшаа суухыг хориглох зэргээр ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж болох байсан боловч энэхүү нөхцөл байдалд жолооч ямар нэгэн арга хэмжээ аваагүй хайнга хандсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй буюу зохигчдын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.  

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх гэм буруугийн хэмжээг харгалзан түүнд учирсан гэм хорын хохирлыг 10 хувиар багасгаж хариуцагч З.Дгаар төлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аын  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг тооцохдоо энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй гэж үзнэ.

Энэ нь нэхэмжлэгч А.А 1. Дгийн эмчилгээнд төлсөн 1550000 төгрөг, 2. Ослын газраас машиныг кранаар цагдаагийн байгууллагад авчирсан зардал 500000 төгрөг, 3. Машиныг цагдаагийн байгууллагаас буцааж авсан зардал 70000 төгрөг, 4. Ашид билгүүн ХХК-д үнэлгээний зардалд төлсөн 266000 төгрөг, тодорхойлолт гаргуулсан зардал 20000 төгрөг, 5. Замын-Үүд авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлтийн зардал 80000 төгрөг, 6. Тoyota Alphard машины зах зээлийн үнэ 14500000 төгрөг, 7. Машины шалавчны үнэ 280000 төгрөг, суудлын бүрээс 180000 төгрөг, голын хайрцагны савхин бүрээсний үнэ 10000 төгрөг, нийт 17456000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас үнэлгээ ХХК-аар машины гэмтэлд дахин үнэлгээ хийлгэсэн зардалд нийт 548000 төгрөг нэмж нэхэмжилж нийт 18004000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөд учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...”-ээр заасан, уг автомашин нь одоо ашиглагдах боломжгүй /хх-7, 152/ байгаа  хэдий ч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр осол гарч түүнээс хойш нэхэмжлэгч нь автомашинаа Цагдаагийн байгууллагаас 2018 оны 09 сард хүлээн авахад автомашины зарим эд анги хулгайд алдагдсан болох нь тогтоогдсон боловч ямар эд анги алдагдсан нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч машинаа хүлээж авснаас хойш 4 сарын дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хас үнэлгээ ХХК /хх-146-151/ үнэлгээг дахин гаргасан нь тухайн үед буюу осол гарах үеийн машинд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлын улмаас хариуцагч З.Дгаар машиныг зах зээлийн үнэлгээгээр төлүүлэх эсхүл Хас үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр хохирлыг тооцох боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр буюу осол гарсны дараа Ашид билгүүн ХХК нь автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээг 6271000 төгрөгөөр тогтоосон /хх-6/ байх тул нэхэмжлэгчийн машинд учирсан гэм хорын хохирлыг энэ үнээр тооцох нь зүйтэй ба анхан шатны шүүх машиныг цаашид ашиглах боломжгүй буюу засварлагдах боломжгүй нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Мөн энэхүү Ашид билгүүн ХХК-аас үнэлгээ тогтоохтой холбоотой гарсан зардал 266000 төгрөг /хх-16/, ослын газраас машиныг кранаар цагдаагийн байгууллагад авчирсан зардал 500000 төгрөг /хх-12/, Замын-Үүд авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлтийн зардал 80000 төгрөг /хх-13/, Дгийн эмчилгээнд төлсөн 1550000 төгрөг /хх-9-10/ /нэхэмжлэгчээс гарсан зардал тул түүний эд хөрөнгөд учирсан гэм хор гэж үзнэ/, нийт 8667000 төгрөгийн гэм хор буюу хохирол нэхэмжлэгчид учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул үүнээс 10 хувийг /866700 төгрөг/ хасч нийт 7800300 төгрөгийг хариуцагч З.Д төлөх үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх ослын газраас машиныг кранаар цагдаагийн байгууллагад авчирсан зардал 500000 төгрөгийн талаарх баримтыг үнэлэхдээ хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй ба хэрэгт авагдсан тодорхойлолт баримтанд /хх12/ Д.Доржготов нь тээврийн хөлсөнд 500000 төгрөгийг авсанаа дурдсанаас үзэхэд энэхүү баримтыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин машиныг цагдаагийн байгууллагаас буцааж авсан зардал 70000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд тодорхойлолт гаргуулсан зардал 20000 төгрөг /Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгоход төлсөн гэх боловч үнэлгээг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тогтоосон атал уг төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн/-ийн баримтууд нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй, машины шалавчны үнэ 280000 төгрөг, суудлын бүрээс 180000 төгрөг, голын хайрцагны савхин бүрээсний үнэ 10000 төгрөг зэрэг зардлуудыг баримтаар нотлоогүй тул эдгээрийг нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Улмаар машины эвдрэл гэмтлийн үнэлгээг Хас үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр тооцох үндэслэлгүй тул ийнхүү дахин үнэлгээ хийлгэсэн зардалд нэхэмжилсэн нийт 548000 төгрөгийг хариуцагч З.Дгийн гэм буруутай үйдлийн улмаас нэхэмжлэгч А.Аын эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч З.Дгийн давж заалдсан гомдлоос гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзээгүй гэсэн агуулга  бүхий хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хэсгийг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 510.1-д ...“ гэснийг “510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д” гэж,  “...12814000...” гэснийг “7800300” гэж, “...5 190 000...” гэснийг “10 203 700” гэж,

2 дахь заалтын “... 219 974...” гэснийг “139 755” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч З.Дгийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ