Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч  Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч С.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сүхбаатарын Ариунаад холбогдох эрүүгийн 201610010239 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2-р хороо 63-2-34 тоотод оршин суух, Тайж овгийн Сүхбаатарын Ариунаа  /РД: ДЭ85110201/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.Ариунаа нь 2016 оны 11 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өөрийн төрсөн дүү Сүхбаатарын Ариунжаргалын Е1086935 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                       

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч С.Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Би Турк улс руу анх 2014 оны 04 сард ажиллаж амьдрахаар явсан. Туркт 1 жил болоод 2015 оны 11 сарын дундуур Mонголд ирсэн. Ирэхдээ Туркын харьяатын албаныханд баригдаад Турк улсад нэвтрэх эрхээ 5 жилээр хасуулж хар даруулсан. Тэгээд Монголд ирээд ажилгүй гэртээ байж байгаад 2016 оны 7 сарын 26-ны өдөр Турк улс руу дахин явахаар болсон. Тэгэхдээ гэрт байсан дүү С.Ариунжаргалын гадаад паспортыг авч Мөөгий гэгч хүнээр хуурамч штамп даруулсан. Тэгээд Монголын Буянт-Ухаа боомтоор өөрийн гадаад паспортороо гараад Турк улсын хил рүү орохдоо С.Ариунжаргалын гадаад паспортыг ашиглан Турк улсад нэвтэрсэн. Тэгээд тэндээ удалгүй биеийн байдал муудаад Монгол руу гэр рүүгээ явахаар болсон. Тэгээд 2016 оны 11 сарын 15-ны өдөр С.Ариунжаргалын гадаад паспортоор Бээжин явах онгоцны билет авсан. Тэгээд онгоцонд суугаад Бээжинд 2016 оны 11 сарын 16-нд ирсэн. Бээжинд найз Анхмаа маань тосч аваад бид хоёр Монгол улс руу Замын-Үүдийн боомтоор хил нэвтэрхээр болсон. Тэгээд 2016 оны 11 сарын 18-ны өдөр БНХАУ-ын хилээр гараад Монголын хил дээр орж ирээд бичиг баримтаа шалгуулсан чинь намайг саатуулсан. Тухайн үед С.Ариунжаргалын гадаад паспортоор Монголын хилээр орж ирсэн гэв. 

- Гэрч Г.Мандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би оны 2016 оны 11 сарын 18-ны өдөр Замын-Үүд боомт дахь орох чиглэлийн зорчигчийн бүртгэлийн 3 дугаар цэгт зэрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр буюу 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Турк улсаас БНХАУ-аар дамжин Монгол улсад орж ирж байгаа Сүхбаатар овогтой Ариунжаргал гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд түүний бичиг баримтыг шалгахад Буянт-Ухаа боомтоор 2016 оны 07 сарын 26-ны өдөр гарсан штамп дарагдсан байсан ба штампыг харахад сэжигтэй байсан. Тэгээд Сүхбаатарын Ариунжаргалын ИБМУТ-ын иргэний үнэмлэхний лавлагаа руу ороход түүний зураг болон мэдээлэл байгаагүй. Тэгээд сэжиг бүхий зорчигчийг нарийвчилсан шалгалтаар оруулж овог, нэр, төрсөн он, сар, өдөр, орд, сургууль төгссөн оноо 2000 он гэж буруу хэлсэн. С.Ариунжаргалын төрсөн он нь 1993 он байсан ба сэжиг бүхий зорчигч сургууль төгссөн оноо 2000 гэж хэлсэн нь 7 настайдаа сургууль төгссөн мэт ярьсан. Тэгээд Буянт-Ухаа боомтоор Монгол улсаас гарсан мэдээлэл нь мэдээллийн санд байгаагүй. Тэгээд энэ 2016 оны 07 сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор гарахдаа даруулсан штамп чинь жинхэнэ юм уу гэж асуухад тиймээ жинхэнэ би өөрөө энэ гадаад паспортоор гарсан гэж хэлсэн. Тэгээд битгий худлаа яриад бай гэхэд үгүй би мөн С.Ариунжаргал гэж хэлсэн. Тэгээд боомтын дарга Т.Наранбаатарт шилжүүлсэн. Тэгээд даргын өрөөнд ороход зөрчилтэй иргэн өөрийгөө Сүхбаатар овогтой Ариунаа 1985 онд төрсөн гэж хэлсэн байсан гэжээ. /хх-ийн 87-88/

- Гэрч Т.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Гадаадын иргэн харъяатын газрын Замын-Үүдийн автозамын боомтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр шалганы албаны мэргэжилтэн Г.Мандах хуурамч штамп даруулсан зөрчилтэй иргэн байна, гүнзгийрүүлсэн шалгалтанд оруулъя гэж мэдэгдсэн. Тухайн үед зөрчилтэй иргэнийг гүнзгийрүүлсэн шалгалтын өрөөнд оруулж шалгахад хуурамч штамп болон дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж Монгол Улсад орж ирэх гэж байсан нь тогтоогдсон. Тухайн хил зөрчигч нь эмэгтэй, Сүхбаатарын Ариунаа гэдэг. Өөрийн төрсөн дүү болох С.Ариунжаргалын Е1086935 дугаартай гадаад паспортыг ашигласан нь тогтоогдсон. Мэргэжилтэн Г.Мандах хуурамч штампыг илрүүлсэн. Харин дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж явж байгаа нь түүний болон гадаад паспорт дээр С.Ариунжаргал гэсэн нэртэй хүний зураг хоёр тохирохгүй байсан. Тэгээд үнэнээ хэл гэхэд “Би дүүгийнхээ бичиг баримтыг ашигласан юм” гэж хэлсэн. Гүнзгийрүүлсэн шалгалтанд орох хүртэл С.Ариунаа нь өөрийгөө С.Ариунжаргал гэж хэлж байсан. Тэгээд хилийн тагнуулын албанд хил зөрчигчийг шилжүүлсэн гэжээ.  /хх-ийн 89-90/

- Гэрч С.Анхмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би С.Ариунаатай найзлаад 5 жил болж байна. Саяхан 8 сараас эхлэн интернэтээр холбогдсон. С.Ариунаа Австралид байгаа гэж байсан. Гэр бүлийнх нь хувьд 2 ахтай, 1 эмэгтэй дүүтэй, ээж нь С.Ариунаагийн хүүхдийг нь хардаг. Хүүхэд нь 3-р ангид сурдаг. 9 настай. Би 2016 оны 11 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын Бээжин хот руу лангуундаа бараа авахаар явсан. Тэгээд БНХАУ-руу явахаас 5 хоногийн өмнө С.Ариунаатай интернэтээр холбогдсон. Тэгэхэд С.Ариунаа надад хэлэхдээ найз залуу нутагруугаа явсан. Энд байж чадахгүйнээ. Жирэмсэн болчихож гэсэн. Тэгээд эндээсээ билетээ аваад очино. Намайг Бээжинд тосоод аваарай гэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 16-нд байхаа өглөө Бээжингийн нисэх онгоцны буудлаас С.Ариунааг тосч авсан. Тэр өдрөө Бээжинд хоноод 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-Замын-Үүд гэсэн автобусанд суусан. Тэгээд 18-ны өглөө Эрээнд орж ирээд БНХАУ-ын хилээр гараад Монголын хилээр орсон. Тэгээд би түрүүлээд бичиг баримтаа шалгуулаад явсан, Ариунаа бичиг баримтаа шалгуулж байсан. Тэгээд харсан чинь Ариунааг нэг эрэгтэй хүн аваад явж байсан. Хэсэг хугацааны дараа Анхмаа гэж хүн байна уу гээд С.Ариунаа гэдэг хүн өөр хүний бичиг баримтаар явж байна, чи явж болно гээд тэгэхээр нь би хот руу явсан. Монголын хилээр ороход бичиг баримтын шалгагч саатуулсан байсан. Тэгээд өөр хүний бичиг баримтаар явж байгааг нь мэдсэн гэжээ. /хх-ийн 91/

- Гэрч Г.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ариунааг танина. Анхмаагаар дамжуулан танилцаж байсан. Ариунаа над руу залгаад “миний данс болдоггүй ээ, чи картаа аваад гараад ирээчээ хүний данс руу мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэж ярьсан. Ямар дугаараас залгаж байсныг санахгүй байна. Тэгээд манай гэр ойр байсан болохоор Хаан банкны картаа авч очсон. Тэгээд Ундрам плазад уулзаад миний данс руу Ариунаа 250,000 төгрөг хийсэн. Тэгээд Ариунаагийн өгсөн 250,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. 1 сая төгрөг бол биш ээ. Дансны хуулга авчирсан. Хүний дансруу мөнгө шилжүүлснээс хойш уулзаагүй. Ямарч байсан утсаар холбогдсон. Тэгээд гадагшаа явлаа гэж байсан. Хаашаа гэдгээ хэлээгүй. Уулзья гэхэд нь завгүй байна гээд тасалсан. Тэгээд саяхан Ариунаа над руу залгаад найз нь Монголд ирчихлээ. Анхмаатай гурвуулаа уулзья гэсэн. Тэгээд уулзах өдөр нь миний бие өвдөөд уулзаж чадаагүй. Сүүлд нь Анхмаагаас юу болсон гэж асуухад Ариунаа надтай юм яриагүй гэж байсан гэжээ. /хх-ийн 93/

- Гэрч С.Ариунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би С.Ариунаагийн төрсөн дүү нь юм. Эгчтэйгээ 2013 онд нэг жил хамт амьдарч байсан. Өөр сайн мэдэх зүйл байхгүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Найз нөхдийнхөөрөө яваа байх. Гэртээ ирээгүй. 2015 оны өвөл эгч маань Америкаас ирсэн гэж байсан. Тэгээд 2016 оны 6 сар хүртэл гэртээ хааяа ирээд, ирдэггүй өдөр ч байдаг байсан. 6 сарын үед бид нар гэртээ байгаагүй. Би ч хадмындаа байдаг байсан. Тэгээд 6 сардаа гэнэт эгч алга болсон. Тэгээд 2016 оны 8 дугаар сард Ц.Пүрэвбатын хичээл нь орох үеэр надруу 9-өөр эхэлсэн олон тоотой дугаараас залгаад “эгч нь америкт ирсэн байна” гэж ярьж байсан. Тэгээд саяхан нэг найзаасаа гадаад паспорт дээр тууз нааж байгаа гэсэн мэдээлэл аваад, гадаад паспорт дээрээ наалгахаар гэртээ хайсан боловч олоогүй. Тэгээд 10 сарын үед эгчтэйгээ фасебүүкээр дүрсээ харж ярьж холбогдоод гадаад паспортоо асуухад “мэдэхгүй”, чиний гадаад паспортоор юу гэж намайг хилээр гаргадаг юм” гэж хэлсэн. Эгч маань бид нартай хамт амьдраад байдаггүй. Хэзээ, хаанаас яаж авсныг нь мэдэхгүй байна. Миний гадаад паспорт өрөөний номын тавиур дээр бичиг баримт хийдэг хайрцганд байсан. Эгч маань миний гадаад паспортыг ашиглан Турк улс руу явсныг саяхан мэдсэн. Ганц удаа л авч байсан 2012 онд. БНХАУ-ын Эрээн хот руу 2-3 удаа явж байсан. Саяхныг хүртэл гадаад паспортоо хаана байгааг олоогүй. Тэгээд тагнуулаас дуудаад уулзахад л мэдсэн. Би зөвхөн 2012 оны 8 дугаар сарын 12-нд БНХАУ-руу гараад 16-нд Монголд орж ирсэн. Тэгээд 2013 оны 4 дүгээр сарын 16-нд БНХАУ-руу гараад, 2013 оны 4 дүгээр сарын 17-нд Монголд орж ирсэн. Тэгээд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-руу гараад, тухайн өдрөө буцаж Замын-Үүдээр орж ирсэн.  Бусад нь миний хилээр нэвтэрсэн он, сар, өдөр, биш байна. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод хадмындаа байсан. Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Их нялхаст хүүгээ төрүүлсэн. Тэгэхлээр би яаж хил гарах вэ? 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл би гадаадад паспортоо хаана байгааг нь мэдээгүй, олоогүй. Хилээр ч гараагүй. Тэгэхлээр эгч маань гэрт байсан миний паспортыг аваад явсан байсан. Ямар ч байсан надтай тохиролцож, миний гадаад паспортыг авна гэсэн юм яриагүй. Надад ч өгөх шаардлага байхгүй. Эгч маань хамар дээрх мэнгээ авхуулсан байсан, сая ирэхэд нь анзаарсан гэжээ. /хх-ийн 99-100/

- Гэрч У.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би ИХШХЕГ-ын харъяа Буянт-Ухаа дахь газрын 2 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр сэжиг бүхий иргэн, зөрчилтэй зүйл байгаагүй. Тухайн өдөр шалгасан зорчигчийн бүртгэлээс шүүж үзэхэд С.Ариунаа нь улсын хил нэвтрэх хүчин төгөлдөр Е1304587 тоот гадаад паспортоор шалгагдсан нь үнэн гэжээ. /хх-ийн 102/

- Гэрч Ж.Өлзийбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байгаагүй. Өвчний учир акттай байсан. Би 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс 10 хоногийн чөлөө авсан байсан. Миний штамп 21 дугаартай. 2015 оноос хойш эзэмшиж байна. Тухайн өдөр би ажлаасаа чөлөө авсан байсан. Энэ миний дарсан штамп биш байна. Хуурамч штамп байна. Яагаад хуурамч гэж байгаа вэ гэхээр: нэгдүгээрт би тухайн өдөр ажил дээрээ байгаагүй. Хоёрдугаарт тухайн гадаад паспорт дээр дарагдсан 21 дугаартай штампны үсгийн хэмжээ том, үсэг хоорондын зай хол, үсэгнүүдийг бичвэр нь далийдуу байдалтай байсан. Штампны тос болон өнгө нь өөр байсан.  Мөн над дээр шалгагдаж улсын хил нэвтэрсэн иргэдийн бүртгэлд тухайн С.Ариунжаргал гэх эмэгтэй Е1086935 дугаартай гадаад паспортыг шүүн үзэхэд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр орж, гарсан бүртгэл байгаагүй. Тийм болохоор миний дарсан штамп биш байна гэжээ. /хх-ийн 103/

-Эрүүгийн хэрэг үүсгэх 201610010239 дугаартай тогтоол /хх-ийн 1/

-Зөрчлийн материал /хх-ийн 3-13/

-Шүүгдэгч С.Ариунаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21/

-Монгол улсын Үндэсний энгийн гадаад паспорт, гадаад улсад зорчих баримт бичиг хүсэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

-Шүүгдэгч С.Ариунаагийн 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 40-41/

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-50/

-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-58/

-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-66/

-Гадаадын иргэн, харьяатын газар Буянт-Ухаа дахь газрын 2016 оны 13/125 дугаартай албан тоот /хх-ийн 69-81/

-Эд мөрийн баримт хурааж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 86/

-Шинжээчийн 3 тоот дүгнэлт /хх-ийн 114-119/

-Шинжээчийн 04 тоот дүгнэлт /хх-ийн 120-121/

-Шинжээчийн 83 тоот дүгнэлт /хх-ийн 124-128/

-Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 144/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147/

-Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 180/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч С.Ариунаа нь 2016 оны 11 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өөрийн төрсөн дүү Сүхбаатарын Ариунжаргалын Е1086935 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Мандахын “…Тэгээд түүний бичиг баримтыг шалгахад Буянт-Ухаа боомтоор 2016 оны 07 сарын 26-ны өдөр гарсан штамп дарагдсан байсан ба штампыг харахад сэжигтэй байсан. Тэгээд Сүхбаатарын Ариунжаргалын ИБМУТ-ын иргэний үнэмлэхний лавлагаа руу ороход түүний зураг болон мэдээлэл байгаагүй. Тэгээд сэжиг бүхий зорчигчийг нарийвчилсан шалгалтаар оруулж овог, нэг, төрсөн он, сар, өдөр, орд, сургууль төгссөн оноо 2000 он гэж уруу хэлсэн. С.Ариунжаргалын төрсөн он нь 1993 он байсан ба сэжиг бүхий зорчигч сургууль төгссөн оноо 2000 гэж хэлсэн нь 7 настайдаа сургууль төгссөн мэт ярьсан. Тэгээд Буянт-Ухаа боомтоор Монгол улсаас гарсан мэдээлэл нь мэдээллийн санд байгаагүй.” гэх мэдүүлэг, гэрч Т.Наранбаатарын “…Тухайн өдөр шалганы албаны мэргэжилтэн Г.Мандах хуурамч штамп даруулсан зөрчилтэй иргэн байна, гүнзгийрүүлсэн шалгалтанд оруулъя гэж мэдэгдсэн. Тухайн үед зөрчилтэй иргэнийг гүнзгийрүүлсэн шалгалтын өрөөнд оруулж шалгахад хуурамч штамп болон дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж Монгол Улсад орж ирэх гэж байсан нь тогтоогдсон. Тухайн хил зөрчигч нь эмэгтэй, Сүхбаатарын Ариунаа гэдэг. Өөрийн төрсөн дүү болох М.Ариунжаргалын Е1086935 дугаартай гадаад паспортыг ашигласан нь тогтоогдсон. Мэргэжилтэн Г.Мандах хуурамч штампыг илрүүлсэн. Харин дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж явж байгаа нь түүний болон гадаад паспорт дээр С.Ариунжаргал гэсэн нэртэй хүний зураг хоёр тохирохгүй байсан. Тэгээд үнэнээ хэл гэхэд “Би дүүгийнхээ бичиг баримтыг ашигласан юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч С.Ариунжаргалын “…Тэгээд 2016 оны 8 дугаар сард Ц.Пүрэвбатын хичээл нь орох үеэр надруу 9-өөр эхэлсэн олон тоотой дугаараас залгаад “эгч нь америкт ирсэн байна” гэж ярьж байсан. Тэгээд саяхан нэг найзаасаа гадаад паспорт дээр тууз нааж байгаа гэсэн мэдээлэл аваад, гадаад паспорт дээрээ наалгахаар гэртээ хайсан боловч олоогүй. Тэгээд 10 сарын үед эгчтэйгээ фасебүүкээр дүрсээ харж ярьж холбогдоод гадаад паспортоо асуухад “мэдэхгүй”, чиний гадаад паспортоор юу гэж намайг хилээр гаргадаг юм” гэж хэлсэн. Эгч маань бид нартай хамт амьдраад байдаггүй. Хэзээ, хаанаас яаж авсныг нь мэдэхгүй байна. Миний гадаад паспорт өрөөний номын тавиур дээр бичиг баримт хийдэг хайрцганд байсан. Эгч маань миний гадаад паспортыг ашиглан Турк улс руу явсныг саяхан мэдсэн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Ариунаагийн 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 40-41/, шинжээчийн 3 тоот дүгнэлт /хх-ийн 114-119/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь 2016 оны 11 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өөрийн төрсөн дүү Сүхбаатарын Ариунжаргалын Е1086935 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул С.Ариунааг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Ариунааг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм. Шүүгдэгч С.Ариунаагийн үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хөнгөрүүлэн зүйлчилж тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн DVD-R 120 min/4.7GB гэсэн бичигтэй дискийг хэрэгт хавсаргаж, Сүхбаатарын Ариунжаргалын Е-1086935 дугаартай, Сүхбаатарын Ариунаагийн Е-1304587 дугаартай гадаад паспорт зэргийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сүхбаатарын Ариунаад зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-г болгон зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайж овгийн Сүхбаатарын Ариунааг Монгол улсын орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Ариунааг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар нээлттэй хорих байгууллагад шүүгдэгч С.Ариунаад оногдуулсан 6 сарын хорих ялыг эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ариунаад 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Баянгол дүүргийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн DVD-R 120 min/4.7GB гэсэн бичигтэй дискийг хэрэгт хавсаргаж, Сүхбаатарын Ариунжаргалын Е-1086935 дугаартай, Сүхбаатарын Ариунаагийн Е-1304587 дугаартай гадаад паспорт зэргийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ариунаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА