Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2022/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ ” ерөнхий боловсролын сургууль,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Политехникийн коллеж нарын хоорондын “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын дуудлага худалдааг хүчингүй болгосонтой холбогдуулан гэснийг хүчингүй болгуулах, “ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах  тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ ” ЕБС нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан  Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын дуудлага худалдааг хүчингүй болгосонтой холбогдуулан гэснийг хүчингүй болгуулах, “ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган, маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Нэхэмжлэгч “ ” ерөнхий боловсролын сургууль нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 10 дугаар баг Т*******-1 гудамж, ******* тоотод байрлах биеийн тамир спортын байгууллагын зориулалттай ******* мкв газрын дуудлага худалдаанд оролцож ялагч болсон. Дээрх дуудлага худалдааг Баянхонгор Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

2.2. Нэхэмжлэгч нь Баянхонгор Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрт нь хаяглан гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэн, хариу өгөөгүй.  

2.3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын дуудлага худалдааг хүчингүй болгосонтой холбогдуулан гэснийг хүчингүй болгуулах, “ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ““ ” Ерөнхий боловсролын сургууль нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан Баянхонгор сум, ******* 10 дугаар баг Т*******-1 гудамж, ******* тоотод байрлах биеийн тамир спортын байгууллагын зориулалттай *******м2 газрын дуудлага худалдаанд зохих хууль, дүрэм журмын дагуу материалаа бүрдүүлэн оролцож ялагчаар тодрон, гэрээ байгуулж газрын төлбөр болох 44,000,000 сая төгрөгийг заасан хугацаанд нь төлж газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэргийг хүлээн авсан боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжаар Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн газартай давхцсан шалтгаанаар дуудлага худалдааг хүчингүй болгосон.

3.2. Уг газрын дуудлага худалдааг зарлахдаа Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 113 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байна. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 2.1.1-ийн дагуу дуудлага худалдаагаар худалдаалах газар нь Баянхонгор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “Биеийн тамир спортын зориулалттай" газраар тусгагдсан газар байсан, мөн манай байгууллага хууль, дүрэм журмын дагуу зарласан дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодрон, газрын төлбөрийг заасан хугацаанд төлж уг газрыг эзэмших эрхтэй болсон тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.3. Баянхонгор аймгийн Засаг даргад хандан 2022 оны 4 дүгээр сарын 29-нna өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй.

3.4. Хариуцагч өөрийн алдаагаа залруулахдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн дуудлага худалдааг хүчингүй болгосон алдаагаа засалгүйгээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг өөр газарт шилжүүлэн Баянхонгор аймгийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг гаргаснаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, үүнээс болж захиргааны байгууллагад хандан Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан захиргааны актыг дахин гаргах ажиллагааг хийлгэх боломжгүйд хүрсэн. Иймд дуудлага худалдааг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулснаар дуудлага худалдааны үр дүнд олж авсан газар эзэмших эрх сэргэнэ.” гэжээ.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн дуудлага худалдааг хүчингүй болгох агуулга бүхий 1, 2 дугаар заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгох хүсэлтэй байна. Үүнийг тодруулан ярья, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тогтоолоор тухайн газрыг боловсролын бүс болгон өөрчилсөнтэй холбогдуулаад тухайн газар дуудлага худалдаа явуулах шийдвэр гарсан байдаг. Дуудлага худалдааг Баянхонгор аймгийн Засаг даргын газар зохион байгуулаад захирамж нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч тус газрын өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэж ойлгож байтал 2022 оны 4 дүгээр сард тус газар нь өөр этгээдийн эзэмшлийн газартай давхацсан талаарх шалтгааныг дурдсан байдаг. Сонсох ажиллагааг “ алгоритм” ерөнхий боловсролын сургуульд явуулсан байдаг. Тухайн үед манайх саналаа хэлэхдээ дуудлага худалдаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү, шилжүүлэх шаардлагатай бол шилжүүлж өгнө үү гэсэн саналыг хэлж байсан. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжаар дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл маш тодорхой байх ёстой. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг тодорхой заасан байдаг. Гэтэл захирамж нь өөр ямар зүйл заалтыг үндэслэж гарч байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшил эрхийг хүчингүй болгож байгаа зохицуулалтад маргаагүй тухайн үед өөр хүний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг үүднээсээ газар эзэмших эрхийг хүчингүй болгоход маргаан байхгүй юм. Харин хууль дүрмийн дагуу зохион байгуулж явуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож байгаа нь буруу юм. Үүнтэй холбоотойгоор оролцогчдоос гомдол гаргаагүй мөн хууль зөрчсөн баримт бүрдээгүй байхад үүнтэй холбоотой сонсох ажиллагаа явуулаагүй байж дуудлага худалдааг хүчингүй болгож байгаа нь боломжгүй зүйл гэж үзэж нэхэмжлэлийн эхний шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн дуудлага худалдааг хүчингүй болгох зохицуулалтыг хүчингүй болгож өгнө үү, “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Засаг дарга нь өөрийн алдаагаа залруулахдаа өөр хэн нэгний эрх ашгийг хөндөж байгаа нь буруу юм. Дуудлага худалдааг дахин зарлах нь “ алгоритм” ерөнхий боловсролын сургуульд маш их хохиролтой байна. Учир нь 2021 оны 11 дүгээр сараас хойш маш их зүйл өөрчлөгдсөн. Дуудлага худалдаа явуулахдаа Баянхонгор аймгийн Засаг дарга нь бусдын эрх ашгийг хөндөж буйг мэдэгдээгүй хэр нь өөрийн алдааг залруулахдаа “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн эрх ашгийг хөндөж байгаа нь буруу юм.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг Баянхонгор аймгийн Засаг дарга олгохыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Учир нь нэхэмжлэлийг гаргахаас өмнө 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга гомдол гаргасан. Гомдлыг агуулга нь газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн агуулгатай. Энэ нь Засаг дарга алдаагаа залруулах ажиллагааг явуулж өгнө үү гэсэн үг юм. Захиргааны актыг дахин гаргах ажиллагааг буруу явуулсан гэж үзэж байна. Ажиллагааг буруу явуулсан үндэслэл нь “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоход “Политехник коллеж”-ийн эрх ашиг хөндөгдсөн алдаа залруулагдаж үүний дараа Политехникийн коллежтой харилцан ярилцах байсан. Гэхдээ энэ ажиллагааг хийгдсэн гэж үзэж байгаа. Ажиллагааг хийхдээ дуудлага худалдааг хүчингүй болгож байгаа асуудал нь эрх ашгийг хөндөж байна. Мөн дахин хийгдэх ажиллагаа нь хүчингүй болсон газрын эрхийг манайд сэргээж өгөх ёстой байсан. Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 тоот захирамж гарснаар политехникийн коллежийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Политехникийн коллеж шүүхэд гомдол гаргаагүй байгаа, 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах боломжтой байсан. Бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрх байсаар байхад гомдол гаргаагүй тул А/359 тоот захирамж нь хүчин төгөлдөр юм. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Хууль бус үйлдэхгүй гэж үзэж байгаа хамгийн гол шалтгаан нөхцөл нь нэхэмжлэлийг гаргахаас өмнө 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 тоот захирамж гарсан гэж шүүх хуралдааны явцад мэдсэн.

Гомдол өгүүлснээс хойш захирамж гарсан гэж мэдэгдсэн байсан бол бидний зүгээс Баянхонгор аймгийн Засаг даргад хүсэлтээ өгөх нь ойлгомжтой байсан. Хууль бус үйлдэхүй гэж үзэж байгаа учир Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 тоот захирамжийн дагуу өмнөх захирамжийн эрх зүйн нөхцөл байдал нэхэмжлэгчийн талд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл тухайн газар эзэмшлийг “ алгоритм” ерөнхий боловсролын сургуульд эзэмшүүлсэн тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал бүрэн арилсан гэж үзэж байна. Тийм учраас Баянхонгор аймгийн Засаг дарга нь шинээр захирамж гаргах ёстой. Үүнийг тодруулан хэлэхэд хариуцагчийн хариу тайлбарт тодорхой бичигдсэн байна. Гэхдээ хариуцагч байгууллага юуг хүлээж асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь тодорхойгүй байгаа учир эс үйлдэхүй юм. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 тоот захирамж гарснаар өмнөх захирамж буюу Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн 3 дугаар заалтыг хаяглагдсан этгээд болох “ алгоритм” ерөнхий боловсролын сургууль нь маргаан бүхий газрыг олгох эсэх асуудлыг бодит эрх зүйн нөхцөл байдлын хаяглагдсан этгээд өөрчлөгдсөн байна гэж үзэж байгаа учраас тухайн захирамжийг гаргахгүй байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу захирамж гаргахгүй байгаа үйлдлийг тогтоож өгнө үү, “ алгоритм” ерөнхий боловсролын сургуульд маргаан бүхий газрыг олгож өгөхийг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Политехникийн коллежийн автодромын зориулалттай газар нь Баянхонгор хотыг хөгжүүлэх 2017 оны Аймгийн ИТХ-ын 5/4 дүгээр тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр сургууль орчмын бүсэд байдаг бөгөөд алгоритм ерөнхий боловсролын сургуулийн хажууд байгаа нь хүүхдүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх учраас Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ дахь заалтын дагуу сонсох ажиллагааг Политехникийн коллежийн захирал *******той хийж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний А/54 дүгээр захирамжаар авто дромын зориулалтаар Политехникийн коллежийн эзэмшилд олгосон ******* м2 газрыг аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг, Нисэхийн-2 гудамжны 207 тоот хаягт болгож байршлыг шилжүүлсэн.

Политехникийн коллежийн захирал ******* байршил өөрчилсөн мэдүүлэгт гарын үсэг зурсан тохиолдолд кадастрын мэдээллийн нэгдсэн системд политехникийн коллежийн ******* м2 автодромын зориулалттай газар сургууль орчмын бүсээс хасагдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага хангагдана.

Аймгийн Засаг даргад хандсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 015 дугаар тоот албан бичигт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн засаг даргын цохолттой бичиг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн боловч хариу хүргүүлээгүй байна.” гэжээ.

4.1. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмнө гаргасан тайлбараа дэмжсэн болно.

5. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянхонгор аймгийн Политехникийн коллеж нь 1963 онд байгуулагдсан. Одоогоор 922 суралцагчидтай, 100 гаруй багш, ажилчидтай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус коллеж нь Баянхонгор сумын ******* 10 дугаар багийн Т*******-1 гудамж, ******* тоотод байрлах авто замын сургалт дадлагын талбай 6409007921 дугаар бүхий ******* м.кв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000003870 дугаар гэрчилгээтэйгээр 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэрчилгээ 2019 онд сунгагдсан. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сургууль хүсэлт гаргахдаа газар давхацсан гэсэн утгатай зүйл бичсэн нь худлаа байна.

Дээрх газар манай Политехник коллежийн эзэмшил газар болно. Аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамж нь алдаагаа зассан зөв шийдвэр юм.” гэжээ.

5.1. Гуравдагч этгээд  өмнө бичгээр гаргасан тайлбараа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгч “ ” ерөнхий боловсролын сургууль нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтаас дуудлага худалдааг хүчингүй болгосонтой холбогдуулан гэснийг хүчингүй болгуулах, “ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах”-аар өөрчлөн, ихэсгэсэн газрын маргааныг хянан хэлэлцсэн болно.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарууд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж, захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг даалгах үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

8.1. “ ” Ерөнхий боловсролын сургууль нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан Баянхонгор сум, ******* 10 дугаар баг Т*******-1 гудамж, ******* тоотод байрлах биеийн тамир спортын байгууллагын зориулалттай ******* м.кв газрын дуудлага худалдаанд зохих хууль, дүрэм журмын дагуу материалаа бүрдүүлэн оролцож ялагчаар тодрон, гэрээ байгуулж газрын төлбөр болох 44,000,000 сая төгрөгийг заасан хугацаанд нь төлж газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэргийг хүлээн авсан боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн газартай давхацсан шалтгаанаар дуудлага худалдааг хүчингүй болгосон.

8.2. Уг газрын дуудлага худалдааг зарлахдаа Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 113 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байна. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 2.1.1-ийн дагуу дуудлага худалдаагаар худалдаалах газар нь Баянхонгор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “Биеийн тамир спортын зориулалттай" газраар тусгагдсан газар байсан, мөн манай байгууллага хууль, дүрэм журмын дагуу зарласан дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодрон, газрын төлбөрийг заасан хугацаанд төлж уг газрыг эзэмших эрхтэй болсон тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй.

8.3. Баянхонгор аймгийн Засаг даргад хандан 2022 оны 4 дүгээр сарын 29-нna өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй.

8.4. Хариуцагч өөрийн алдаагаа залруулахдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн дуудлага худалдааг хүчингүй болгосон алдаагаа засалгүйгээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг өөр газарт шилжүүлэн Баянхонгор аймгийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг гаргаснаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, үүнээс болж захиргааны байгууллагад хандан Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан захиргааны актыг дахин гаргах ажиллагааг хийлгэх боломжгүйд хүрсэн. Иймд дуудлага худалдааг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулснаар дуудлага худалдааны үр дүнд олж авсан газар эзэмших эрх сэргэнэ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

9.1. Политехникийн коллежийн авто дромын зориулалттай газар нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Баянхонгор хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 5/4 дугаар тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр сургуулийн орчмын бүсэд байдаг тул хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу ажиллагаа хийж, аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар ******* кв.м газрыг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг, Нисэхийн-2 гудамжны 207 тоот хаягт шилжүүлсэн.

9.2. Политехникийн коллежийн захирал ******* мэдүүлэгт гарын үсэг зурсан тохиолдолд кадастрын мэдээллийн нэгдсэн системд гуравдагч этгээдийн авто дромын зориулалттай газар сургууль орчмын бүсээс хасагдсанаар нэхэмжлэгчийн 2 дугаар шаардлага хангагдана.

 Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10. Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний “Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулж, нэр өөрчлөх тухай” А/54 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Политехникийн коллеж болж нэр өөрчлөгдсөнтэй нь холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг нь шинээр олгохоор захирамжилжээ. Уг захирамжийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор сумын Т*******-1 дүгээр гудамжны ******* дугаар хаягт байрлах, авто замын сургалт, дадлагын талбайн зориулалттай ******* кв.м газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000003870 дугаартай гэрчилгээгээр Баянхонгор аймгийн Политехникийн коллежид эзэмшүүлжээ.

11. Газар эзэмших эрх гуравдагч этгээдэд хуулийн дагуу үүссэнийг анхааралгүйгээр Баянхонгор аймгийн Засаг дарга Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 113 дугаар тогтоолын хавсралтаар биеийн тамир, спортын байгууллагын зориулалттай ******* кв.м газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Улмаар дээрх ******* кв.м газрыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа зарлах тухай” А/711 дүгээр захирамжаар дуудлага худалдаа зарласны дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулсан нь Дуудлага худалдаа зохион явуулсан тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

12. Дуудлага худалдаанд 2 оролцогч оролцсон бөгөөд анхны үнийг 7.537.500 төгрөгөөр тогтоож, “ ” ЕБС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цагаан 44.000.000 сая төгрөгийн саналаар ялагч болжээ. Дээрх дуудлага худалдааны үнийг мөн өдөртөө багтаан Төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ ерөнхий боловсролын сургуульд газар эзэмшүүлэх тухай” А/810 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн хийгдсэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” 06401-2022/06672 дугаар гэрээ, мөн өдрийн 0000037320 дугаартай “Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлан маргана.

13. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын дуудлага худалдааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн авто дромын газартай давхацсан гэж үзэн, Баянхонгор сумын ******* 10 дугаар баг, Т*******-1 гудамж, ******* дугаар хаягт байрлах биеийн тамир, спортын байгууллагын зориулалттай ******* кв.м газрыг эзэмшүүлэх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдааг хүчингүй болгожээ.

13.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй   байна.” гэж тус тус заасан.

Хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актаар дуудлага худалдааг хүчингүй болгосон бөгөөд энэ нь аливаа этгээдэд газар эзэмшүүлэх эрх үүсгэхийн тулд хийгддэг процедур ажиллагаа юм. Хариуцагч маргаан бүхий захиргааны актад дуудлага худалдааг хүчингүй болгосон гэх үгийг ашигласан боловч баримталсан хуулийн зүйл заалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзвэл өмнөх хуульд нийцээгүй захирамжаа өөрөө хүчингүй болгосон нь илэрхий байна. Тиймээс маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн газар эзэмших эрх сэргэхгүй, нэхэмжлэгчид хуулийн дагуу хамгаалагдвал зохих эрх үүсээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

14. ““ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.1. Захиргааны хэргийн шүүх захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэдэг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж тус тус заасан.

14.2. Нэхэмжлэгч “ алгоритм” ерөнхий боловсролын сургууль даалгах нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 15 дугаар албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар хандсан асуудлаар хариу өгөөгүй, газар эзэмших захирамж гаргахгүй байгаа үйлдлүүдийг захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж маргаж байгаа боловч тухайн тохиолдолд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн эзэмшилд байгаа маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг даалгах хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан гэх өргөдлийг шийдвэрлүүлэхээр Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт цохсон болох нь ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээр нотлогдох бөгөөд эс үйлдэхүйг захиргааны актад тооцохын тулд хангагдсан байх 3 шаардлага бүрэн хангагдахааргүй байна.

Түүнчлэн эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн гэх Аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг гаргасныг нэхэмжлэгчид мэдэгдээгүйг хууль бус эс үйлдэхүйд хамааруулах боломжгүй юм.

15. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан дуудлага худалдааны үнэ 44.000.000 сая төгрөгийг гаргуулахаар тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ алгоритм” ерөнхий боловсролын сургуулийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын дуудлага худалдааг хүчингүй болгосонтой холбогдуулан гэснийг хүчингүй болгуулах, “ ” ЕБС-д газар олгох захирамж гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН