Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/272

 

 

 

 

    

 

       2021           03           18                                      2021/ДШМ/272

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/334 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганчимэгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бт холбогдох 2010010800679 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалан эко хотхоны 38а тоотын гадна талд Ц.Этой “Нохой зодлоо” гэснээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гарыг нь хазах зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, буйлны цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41, 42, 31, 32 дугаар шүд унасан” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын гаргасан дүгнэлтийг хэлэлцэж хянаад, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчилтэй гэж үзэж, хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотолно гэж хуульчилсан ба энэхүү заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь:

Шүүх хэрэгт хэрэгт цугларсан баримтаас үзвэл:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6143 дугаар дүгнэлтээр “...хэсэг газрын үзлэгт”...дээд талын баруун 1,2-р, зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй, ...”

Дүгнэлт: “...Ц.Эын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, доод уруулын цус хуралт, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 3 шүдний сулрал, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 3-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /шинжээч Б.У/ гэсэн байна./хх-н 19-21/,

Шинжээч Б.У мэдүүлэхдээ “...намайг үзэх үед 11-р шүд /томъёогоор бичвэл/ булгарч унасан. 31, 41, 42 дугаар шүднүүд хөдөлгөөнтэй суларсан байсан...” гэж мэдүүлжээ. /хх 120/

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 887 дугаар дүгнэлтэд:

Эмнэлгийн бичиг баримтаас:”...2/ 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Глобал дент” шүдний эмнэлгийн зураг болон тодорхойлолтод 41, 42, 31, 32-р шүд авсан байна.

Дүгнэлт: Ц.Эын шүүх эмнэлгийн 6143 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс гадна 41, 42, 31, 32-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.3-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 15 хувь сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна....” /шинжээч Б.Ариунзул, Ө.С, Н.Туяа/ гэсэн дүгнэлт гарчээ. /хх-н 70-71/

Шинжээч Ө.С мэдүүлэхдээ “... Олон улсын стандартын нэр томъёогоор дугаарлахад 41, 42, 31, 32 гэж дугаарлаж бичсэн...” гэжээ. /хх 121/

Дээрх зөрүүтэй дүгнэлтүүдийг эцэслэн зөрүүг арилгахаар прокуророос 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүн хэргийн материалаар шүүх эмнэлгийн дахин шинжилгээг явуулж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №2 дугаар /шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар/ дүгнэлтийг гаргасан байх боловч энэхүү дүгнэлт нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал прокуророос сондгой тооны буюу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар байтал 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилохдоо адил түвшний , ижил эрхтэй буюу дахин өөр 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилж дүгнэлт гаргуулсан нь өмнөх 6143 , 887 дугаартай дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсэх зөрүүг арилгаж чадаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт шинжилгээ биш, дахин давтан гаргаж байгаа дүгнэлтийг буюу 3 шинжээчдийн дүгнэлтийг дахин өөр 3 шинжээчдийн бүрэлдэхүүнээр няцаах, үгүйсгэх, хянах, бататгах үндэслэлгүй тул 2 дугаартай дүгнэлт нь зөрүүтэй дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж чадаагүй гэж үзнэ.

Улмаар дээрх №2 дугаартай дүгнэлтэд бичихдээ :

-“...шинжээчийн 6143 дугаартай дүгнэлтэд Ц.Эын баруун 1-р /11-р шүдний булгарал, баруун доод 1, 2 /31 , 32/- р шүд , зүүн доод 1-р /41-р шүд хөдөлгөөнтэй байсан нь тогтоогдсон ..." гэсэн, мөн 2020.7.6-ны өдрийн 887 тоот дүгнэлтэд дурдсан 41, 42, 31, 32 дугаар шүднээс урьд нь гаргасан 6143 дүгнэлтэд баруун доод 1, 2-р буюу 31, 32, шүд , зүүн доод 1-р шүд буюу 41-р шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байх тул 6143 дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжтой…” гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтээс үзвэл Олон улсын шүдний нэр томъёогоор нэрлэсэн гэх анхны буюу 6143 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун 1-р шүд буюу 11-р шүд нь давтан гаргасан 887 дугаартай дүгнэлтэд байхгүй, уг дүгнэлтэд 41, 42, 31, 32 шүдийг Олон улсын шүдний нэр томъёогоор нэрлэсэн гэсэн байх ба баруун 1-р буюу 11 дүгээр шүд гэмтсэн эсэх талаар №887, №2 дугаар дүгнэлтэд дүгнээгүй орхигдуулсан, хохирогчийн 4 шүд эсхүл 5 шүд гэмтсэн эсэхийг бүрэн тогтоогоогүйн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мэтгэлцэхдээ “Булган дент” эмнэлэгт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч үзүүлэхэд 4 шүдийг нь авсан гэдэг, харин дараа нь “Глобол дент” эмнэлэгт үзүүлэхэд авахуулсан шүд нь байж байгаа нь хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтад байгаа гэж мэтгэлцсэн тул эдгээр зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байна.

Иймд хохирогч Ц.Эын биед учирсан гэмтлүүд, гэмтлийн зэргийг үнэн зөв, бодитой тогтоох нь шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд хамааралтай, зүйлчлэлийг зөв тогтооход чухал холбогдолтой юм.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцохдоо 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан талаар мэтгэлцсэн бөгөөд тус хэрэгт 7 шинжээчийн бүрэлдэхүүн томилж дүгнэлт гаргуулсан талаар баримтгүй, нөгөө талаас нийт шинжээч эмчийн тоогоор 7 шинжээчийн дүгнэлт гарсан гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй",

2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.",

3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох үүрэг нь мөрдөгч прокурорт байна.

Иймээс дээрх зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2010010800679 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн 2021/ШЗ/334 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна . Үүнд: Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, "Жаргалан эко” хотхоны 38-а тоотын гадна талд Ц.Этой "нохой зодлоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, гарыг нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, баруун гарын 2 дугаар хуруу, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, 41, 42, 31, 32 дугаар шүд унасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Бт холбогдох эрүүгийн 2020010800679 дугаартай хэргийг хянан хэлэлцээд, 334 дугаар захирамжаар “...шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчилтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Шүүгчийн захирамжинд “...Прокуророос сондгой тооны буюу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар байтал 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилохдоо адил түвшиний ижил эрхтэй буюу дахин өөр 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилж дүгнэлт гаргуулсан нь өмнөх 6143, 887 дугаартай дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсэх зөрүүг арилгаж чадаагүй өөрөөр хэлбэл нэмэлт шинжилгээ биш , давтан гаргаж байгаа дүгнэлтийг буюу 3 шинжээчдийн дүгнэлтийг дахин өөр 3 шинжээчдийн бүрэлдэхүүнээр няцаах, үгүйсгэх, хянах, бататгах үндэслэлгүй тул №2 дугаар дүгнэлт нь зөрүүтэй дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж чадаагүй гэж үзнэ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу мэдлэг, мэргэжил, ажилласан жил, чадварыг харгалзан өөр шинжээчдийг дахин томилж шинжээч Ц.Ганболд, С.Энхбаяр, Г.Энхбаатар дүгнэлт гаргуулсан болно. Гурван шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл 5 шинжээч томилж дүгнэлт гаргуулна гэсэн хуулийн заалт байхгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №2 дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Захирамжинд “...Улмаар дээрх 2 дугаартай дүгнэлтэд бичихдээ: шинжээчийн 6143 дугаартай дүгнэлтэд Ц.Эын баруун 1-р /11-р/ шүдний булгарал, баруун доод 1,2 /31,32 - р шүд , зүүн доод 1-р /41/-р шүд хөдөлгөөнтэй байсан нь тогтоогдсон гэсэн, мөн 2020.07.06-ны өдрийн 887 тоот дүгнэлтэд дурдсан 41, 42, 31, 32 дугаар шүднээс урьд нь гаргасан 6143 дүгнэлтэд баруун доод 1,2-р буюу 31, 32 шүд , зүүн доод 1-р шүд буюу 41-р шүд хөдөлгөөнтэй гэж дурдагдсан байх тул 6143 дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжтой..." гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтээс үзвэл Олон улсын шүдний нэр томьёогоор нэрлэсэн гэх анхны буюу 6143 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун 1-р шүд буюу 11-р дүгээр шүд давтан гаргасан 887 дугаартай дүгнэлтэд байхгүй , уг дүгнэлт нь 41, 42, 31, 32-р шүдийг Олон улсын шүдний нэр томьёогоор нэрлэсэн гэсэн байх ба баруун 1-р буюу 11 дүгээр шүд гэмтсэн эсэх талаар 887, 2 дугаар дүгнэлтэд оруулаагүй орхигдуулсан, хохирогчийн 4 шүд эсвэл 5 шүд гэмтсэн эсэхийг бүрэн тогтоогүйн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоож чадаагүй байна ” гэсэн нь ойлгомжгүй байна.

887 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...хохирогч Ц.Эын 41, 42, 31, 32-р шүд унасан” гэмтэл тогтоогдлоо гэж, 2 дугаартай дүгнэлтэд "... 887 дугаартай дүгнэлтэд дурьдсан 41, 42, 31, 32 шүднүүдээс урьд гаргасан 6143 дугаартай дүгнэлтэд баруун доод 1, 2-р буюу 31, 32-р шүд, зүүн доод 1-р шүд буюу 41-р шүд хөдөлгөөнтэй гэж дурьдагдсан байх тул дээрх 41, 42, 31, 32-р шүднүүд 6143 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд мөн байх боломжтой, дээрх гэмтлүүдийн улмаас уг шүднүүдийг авахуулсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д заасан /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүдээр хохирогч Ц.Эын эрүүл мэндэд 4 шүд гэмтэж авахуулсан, ямар хохирол, хор уршиг учирсан болохыг 887, 2 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Шүүх хуралдаанд шинжээчийн 887 болон №2 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулан, дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг гаргуулан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/334 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Шүүгчийн захирамжид “...Прокуророос сондгой тооны буюу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар байтал 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилохдоо адил түвшиний ижил эрхтэй буюу дахин өөр 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилж дүгнэлт гаргуулсан нь өмнөх 6143, 887 дугаартай дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсэх зөрүүг арилгаж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэмэлт шинжилгээ биш, дахин гаргаж байгаа дүгнэлтийг дахин өөр 3 шинжээчдийн бүрэлдэхүүнээр няцаах, үгүйсгэх, хянах, бататгах үндэслэлгүй тул №2 дугаар дүгнэлт нь зөрүүтэй дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж чадаагүй гэж үзнэ. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокуророос 6143, 887 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгуулахаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 2 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “...Дахин шинжилгээ хийхэд, шинжээчийн дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно. ...”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “...Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно. ...” гэсэн зүйл, заалтуудтай харшлаагүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Б.Бт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/334 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ