Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 327

 

                           Л.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн

                       хэргийн тухай

            Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 432 дугаар магадлалтай, 1708006730077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Л.Б.

2.Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2016 онд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Шариуд овогт Э.М.

Шүүгдэгч Л.Б, Э.Б нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Э.М-т холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, прокуророос Л.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-оос 155.400 төгрөг гаргуулж хохирогч Э.Мишээлд олгуулах, хохирогчийн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-оос 155.400 төгрөг гаргуулж хохирогч Э.Мишээлд олгож, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-оос 1.872.971 төгрөг гаргуулж, хохирогч Э.Мишээлд олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б гаргасан гомдолдоо: “...Хохирогч тухайн үед согтуугаар автомашин жолоодож, ажил хийж байхад ёс суртахуунгүй авирлан элдвээр доромжилж, намайг цохиж авсан. Би гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үнэн зөвийг тогтвортой мэдүүлж ирсэн. Гэтэл хохирогчийн буруутай үйлдэл, бусад нөхцөл байдлыг харгалзалгүй түүний цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн 423 дугаар магадлалыг шударга ёсны зарчимд нийцээгүй хэмээн үзэж байна. Хохирогчид эмчилгээний зардал гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны дагуу гарсан. Миний бие хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр гэмтэл учруулаагүй. Хохирогчийн “Эрчим хүчний яаманд төслийн ажилтан” гэсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн зохицуулалтаас харахад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-оос өмгөөлөгчийн хөлс гэж 500 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хяналтын шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн зардлыг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулсан байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нь зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай болсон тул өмгөөллийн хөлсөнд хохирогийн зүгээс төлсөн мөнгийг хохиролд тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл огт хохирол төлбөр төлөөгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Тус хэрэгт шүүгдэгч болон хохирогчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаан үүсгээгүй, зөвхөн хохирол болон төлбөрийн асуудал дээр маргасан байна. Өмгөөллийн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх цалингийн зөрүүг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсээр байтал давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газарт байрлах “Найрамдал-2” хотхоны гадна иргэн Э.Мишээлийг “Ажил хийж байхад автомашинаар хурдтай ирж газарт байсан хүрз дайрлаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүгдэгч Л.Б, Э.Б нарыг бүлэглэн хохирогч Э.Мишээлийг зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Э.М-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс “гэмт хэргийн улмаас хохирогч эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч, өмгөөллийн төлбөр төлсөн нотлох баримтууд хангалттай авагдсан байхад, ...цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу” гэсэн үндэслэлээр хохирогчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.217.391 төгрөгийг шүүгдэгч Л.Б-оос гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Харин хохирогч Э.Мишээлийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дугаар зүйлд “хөдөлмөрийн чадвар түр алдаж 10 хоног акттай байсан хугацаанд эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн тэтгэмжийн даатгалын сангаас нөхөж олгох”-оор хуульчилжээ.

Хохирогч Э.Мишээлд эмнэлгээс олгогдсон 10 хоногийн акт нь /хх-114/ нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт байх бөгөөд түүнд тэтгэмж олгогдсон эсэхийг тэмдэглэсэн хэсгийг хуулбарлаж хэрэгт хавсаргаагүй, ажил олгогч байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтод тэтгэмжийн мөнгө олгогдсон эсэх /хх-116/, 2017 оны 9 сард хэдэн төгрөгийн цалин, актны мөнгө авсан /хх-115/ тухай мэдээлэл байхгүй байна. 

Анхан шатны шүүхээс хохирогчийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг дан ганц цалингийн тооцооны баримтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин Эрүүгийн хууулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Л.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын “шүүгдэгч Л.Б-оос хохирогч Э.Мишээлийн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.217.391 төгрөг гаргуулсан” 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Л.Б-од холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 432 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Л.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН