Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0304

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр                   Дугаар 221/МА2017/0304                          Улаанбаатар хот

        

“Чандмань-Ананд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Чандмань-Ананд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Чандмань-Ананд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Чандмань-Ананд” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргад холбогдуулан “тус Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540х165 м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан болно. Тус нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 тоот шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07/195 тоот албан бичиг болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09/138 тоот албан бичгээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 тоот тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталсан” бөгөөд “...газар доорх авто зогсоол, дээрээ хүүхдийн талбай барих зориулалттай сонгон шалгаруулалт одоогоор зарлаагүй” гэх хариу ирсэн тул шүүх ирээдүйд болох үйл явдлыг тус шүүх хуралдаанаар хэлэлцэн дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан бөгөөд тус сонгон шалгаруулалтаар олгогдсон 540х165 м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас бус дахин шинээр сонгон шалгаруулалтад оролцох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 175 тоот тогтоол болон түүний хавсралт журмын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт газар доорх авто гражийг барьж байгуулах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргад даалгажээ. Түүнчлэн тус журмын 2.1.1 дэх хэсэгт “авто зогсоол барих шаардлагатай газрын судалгааг гарган, барих боломжтой газрын байршлыг тогтоох” тухай заасан байна. Тус журмыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргын хувьд газар доорх авто зогсоол барих газрын байршлыг холбогдох байгууллагатай хамтран тогтоож, нэхэмжлэгчид дүйцүүлэн өгөх бүрэн эрхтэй бөгөөд тухайн байршил тогтоосон газар дээр сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой юм. Гэтэл шүүхээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07/195 тоот албан бичиг болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09/138 тоот албан бичгүүдэд буруу үнэлэлт, дүгнэлт өгч, заавал сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж дүгнэн, үүнийгээ ирээдүйд болох үйл явдал хэмээн дүгнэсэн нь буруу болжээ. Харин шүүхийн шийдвэрлэсний дагуу тухайн газар сонгон шалгаруулалт зарласны дараа нэхэмжлэгчид дүйцүүлэн олгоно гэвэл нийтэд зарласан төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцох бусад этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэрэг болох юм. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй бөгөөд хариуцагчид тодорхой үйлдэл хийхийг даалгах нь нэхэмжлэлийн шаардлага нь аль ч тохиолдолд ирээдүйд хэрэгждэг зүйл юм.

Хоёр. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...”Чандмань-Ананд” ХХК-иас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу аливаа нэгэн байршилд газар эзэмшүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргаагүй байх тул... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь тус шүүхийн зүгээс уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэрэглэхгүй ёсгүй хуулийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон байна.

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргадаг бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс уг зохицуулалтын дагуу шинээр газар эзэмших эрх олох зорилготой биш бөгөөд нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/54 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай” захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгаран, нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/365 тоот “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн дагуу газар эзэмших эрхийг нэгэнт олж авсан. Нэгэнт олж авсан уг эрхээ хэрэгжүүлэх үүднээс боломжтой өөр бусад газрыг дүйцүүлэн олгож өгөхийг хүссэн хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газруудад тус тус гаргаж байсан болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хууль тогтоомжийн дагуу олж авсан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал дахин газар эзэмших эрх олж авах тухай хуулийн зохицуулалтыг баримталж тухайн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Шүүхийн зүгээс тухайн хэрэгт холбогдох тогтоол, захирамж, нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч  дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд:

1. Нийслэлийн газрын албанаас 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 4/1147 тоот албан бичгээр “Чандмань-Ананд” ХХК-нд “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр байрны зүүн талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гражийн зориулалтаар ирүүлсэн төсөл 244 оноогоор 1 дүгээрт ... орсон” болохыг мэдэгдсэн.

2. “Чандмань-Ананд” ХХК-д “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр байрны зүүн талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж байгуулах зориулалтаар 0.15 га газрыг ... 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх” олгосон нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/365 тоот захирамжийг мэдэгдээгүй нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

3. “Чандмань-Ананд” ХХК-д нийслэлийн Засаг даргын захирамжийг мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгч нь тухайн талбайд, хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж байгуулахаар шалгарсан төслөө хэрэгжүүлж чадаагүй, уг газар дээр нь 2013 онд Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын захиалгаар “Хөгжлийн шинэ гарц” ТББ тохижилтын ажил хийсэн болох ... зэрэг нь тогтоогдож байна.

Шүүхийн зүгээс хариуцагчийн холбогдох хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдлийг бүрэн тогтоосон хэрнээ дээрх үндэслэлүүдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Шүүхийн шийдвэрийн тухай Улсын Дээд шүүхийн тогтоолд “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана” гэж заажээ. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй болно.

Мөн шүүхийн зүгээс шүүхийн шийдвэр нь биелэх боломжтой байх ёстой гэж дүгнэсэн хэрнээ захиргааны буруутай үйл ажиллагааг тогтоосон ч иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалаагүй буюу ямар нэгэн ач холбогдолгүй, биелсэн хэдий ч үр нөлөөгүй шийдвэрийг гаргасан болно. Захиргааны хэргийн шүүхэд иргэн, аж ахуйн нэгж нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ханддаг байтал шүүхийн зүгээс хохирсон аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Тухайн газар дээр хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гражийг байгуулах зорилгоор холбогдох зураг төсөл, бусад үйл ажиллагааны зардалд “Чандмань-Ананд” ХХК нь 20 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Гэтэл төрийн байгууллагуудын залгамж халаагүй, уялдаа холбоогүй ажилладгийн уршгаар аж ахуйн нэгжид учирсан хохирлыг шүүхийн зүгээс буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, арилгуулах, холбогдох арга хэмжээг авах зэрэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд боломжит арга хэмжээг авсангүй.  

Нөгөө талаар шүүхийн зүгээс ирээдүйд гарах үйл явдлыг дүгнэн шийдвэр гаргах нь шүүхийн шийдвэр биелэх боломжгүй нөхцөл байдалд хүргэнэ гэж үзсэн байна. Гэвч нийслэлийн Засаг даргад өөрийн бүрэн эрхийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх газрын байршлыг тогтоон, нэхэмжлэгчийн эзэмших эрх олж авсан өмнөх газартай нь дүйцүүлэн олгох тухай шийдвэр гаргахыг даалгах нь ирээдүйн тааж болшгүй үйлдэл, үйл ажиллагаа биш бөгөөд харин ч биелэх боломжтой бодит шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Чандмань-Ананд” ХХК-иас “...2012 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж байгуулах зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор төсвийн хөрөнгөөр хийгдэх барилгын ажлыг эхлүүлэхийг түр зогсоосон тул уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл хүлээсэн... Гэтэл 2013 онд тус газарт өөр хуулийн этгээд тоглоомын талбай барьснаар бид их хэмжээний хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байна...” гэх үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 /Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 /захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох/-т тус тус зааснаар захиргааны байгууллагын захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй хууль бус байсан болох нь тогтоогдсон тохиолдолд л шаардлагатай захиргааны акт гаргах, тодорхой үйлдэл хийхийг захиргааны байгууллагад даалгахаар шийдвэрлэх боломжтой юм.

Гэтэл нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй төдийгүй нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манайх шинээр газар эзэмших эрх олох зорилготой биш, сонгон шалгаруулалтад оролцож шалгаран, нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамжийн дагуу нэгэнт олж авсан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх үүднээс өөр бусад газрыг дүйцүүлэн олгож өгөхийг хүссэн хүсэлтүүдийг гаргаж байсан” гэж маргах боловч хариуцагч 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний өөр газрыг нэхэмжлэгч “Чандмань-Ананд” ХХК-д эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахгүй байснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөхөөргүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар Засаг дарга газар эзэмших хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлт, газрын хэмжээ, байршлыг харуулсан тойм зураг зэрэгт үндэслэн тухайн байршилд газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Чандмань-Ананд” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх граж байгуулах зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгох төсөл сонгон шалгаруулалтад оролцож, 1 дүгээр байранд шалгарсан учир нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/365 дугаар захирамжаар дээрх байршилд 0.15 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн энэхүү газар эзэмших эрх зөвхөн захирамжаар өөрт нь эзэмшүүлэхээр заасан байршилд орших газарт, мөн захирамжид заасан хэмжээний газарт л хэрэгжих учиртай юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “нэгэнт олж авсан газар эзэмших эрхээ өөр байршилд дүйцүүлэн газар олгуулах замаар хэрэгжүүлэх эрхтэй” гэх тайлбарлан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН