Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 03

 

“Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0813 дугаар магадлалтай, “Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т г” ХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Э т” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Э т” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э т” ХХК-д 14209А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0813 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Т г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 813 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгт “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улмаар уг тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах тухай хуульчилсан ба энэхүү зүйлийн 122.1 дэх хэсэгт 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байна. Мөн хуулийн 122.2 дахь хэсэгг зааснаар 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж зааснаас үзэхэд “Т г” ХК-ийн өмгөөлөгчөөс гаргасан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 94 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг давж заалдах шатны журмаар хэлэлцэх болсон тул хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Хоёр. Мөн шүүхийн магадлалд Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр олгосныг эсхүл талбайн тодорхой хэсгийг буцаан өгч үлдсэн талбайг үргэлжлүүлэн эзэмшүүлсэнтэй маргаад байгаагийн аль нь болохыг тодруулан шийдвэрлээгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай байсан ба нэхэмжлэгч компани шийдвэрийн дугаарыг буруу бичиж техникийн алдаа гаргасан ба нотлох баримтыг судлахад Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэр гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Мөн түүнчлэн Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийг 1346 дугаар шийдвэр үү 1396 дугаар шийдвэр үү гэдэгтэй хэргийн оролцогчдын аль нэг тал маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хууль буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалт хамаарч байгаа бөгөөд энэ зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тохиолдлыг зохицуулсан байна. Энэхүү 65 дугаар зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж түдгэлзүүлнэ” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт 65.1 хамаарахаар заасныг зөвхөн түдгэлзүүлсэн шийдвэрт хамааралтай гэж тайлбарлах боломжгүй, учир нь хэргийн оролцогчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсхүл түдгэлзүүлээгүй нь нэгэн адил эрх зүйн үр дагавартай, өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэх нь илүү үр дагавартай тул гомдол гаргах эрхтэй, харин түдгэлзүүлээгүй нь үр дагаваргүй, эсхүл бага үр дагавартай тул гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлах үндэслэлгүй юм.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангах эсэх нь, энэхүү маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т хамаарахгүй гэж үзсэн нь түүний бүрэн эрх боловч, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргах эрхгүй гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 65.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно” гэснийг 65.1-т огт заагаагүй үндэслэлийг ойлгохоос бус бодит нөхцөл байдал уг зүйл, заалтад хамаарах эсэхийг зүйлчилснийг, тухайлбал нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт нь 65.1.3-т хамаарч буй эсэхийг шалгах гэж үзэхгүй.  

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т хамаарч байгаа тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “Мөн хуулийн 122.2 дахь хэсэгт зааснаар 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж зааснаас үзэхэд ... хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй” гэснийг хангах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, эсхүл өөрчилсний аль нь болохыг дахин тодруулах, тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр болон түүний үндсэн дээр гарсан тусгай зөвшөөрөл нь тус тусдаа нэхэмжлэлийн зүйл буюу захиргааны акт мөн эсэхийг шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0813 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ