Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2021/00040/И |
Дугаар | 129/ШШ2021/00489 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 129/ШШ2021/00489
129/ШШ2021/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Оюут овгийн Шаравдоржийн *******гийн /РД:АР61111119/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Оюут овгийн Даваагийн ******* /РД:АР71041770/,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Монгол овгийн Сайнтөмөрийн ******* /РД:АР01272314/ нарт холбогдох
Эзэмшил газраас Д.*******, С.******* нарыг нүүхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, Ж.Батмөнх, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* миний бие Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн Ар хэмээх газарт малын хашаа /өвөлжөө/-ний газар эзэмшдэг. Уг газарт миний аав, ээж насаараа мал маллаж эзэмшиж ирсэн ба миний бие 2006 оны хавар өвөлжөөний хашаа барьж тэр цагаасаа хойш байнга өвөлжиж байгаа, надтай энэ газрын талаар хэн ч маргаж хэн ч тэнд хашаа барьж байгаагүй. Гэтэл миний өвөлжөөний хашааны газарт миний хүүгийн гэрийн үүднээс 20 метр хүрэхгүй зайтайгаар Д.******* нь малын хашаа дур мэдэн тулгаж бариад “гэрийн үүд тулгаж энд хашаа бариад яах вэ эндээс нүү” гэсэн шаардлага тавихад биелүүлэхгүй хаана хашаа барихаа чамаар заалгахгүй гээд барьсан юм. Энэ талаар шүүхэд гомдол гаргаж байсан боловч зохигч газрыг эзэмших, ашиглах талаар маргаж байх ба газартай холбогдон үүссэн маргааныг Газрын тухай хуульд зааснаар зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан, урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Шүүгч хэргийг шийдвэрлэсний дараа сумын Засаг даргад амаар болон бичгээр удаа дараа хандаж, *******гийнхныг эзэмших эрх бүхий газарт нь нүүлгэж өгөхийг хүссэн. Миний хүсэлтийн дагуу сумын холбогдох албан тушаалтнууд хэлж мэдэгдсэн, газар дээр нь очиж нүүхийг шаардсан боловч өөрсдийн эзэмших эрх бүхий газарт хашаагаа зайлуулж барихгүй улмаар намайг болон манай гэр бүлийнхнийг хэл амаар доромжлох, зодох цохих зэрэг үйлдэл гаргаж миний газар эзэмших эрхэд саад учруулж байна. Үүнээс шалтгаалан манайх өвөлжөөндөө өвөлжиж чадахгүй байдалд хүрсэн. Энэ өвөл өөрийн өвөлжөөндөө буугаагүй. Сумын Засаг дарга “Д.*******д тавьж байгаа албан шаардлагыг биелүүлэхгүй, бид тэдний барьсан хашааг нүүлгэж чадахгүй байгаа тул дараагийн шатанд хандаж асуудлаа шийдүүл” гэсэн хариуг бичгээр өгсөн. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн боловч тэдний барьсан хашааг нүүлгэж чадахгүй байна. Иймд Шаравдоржийн ******* миний эзэмшил бүхий газраас Д.*******, С.******* нарыг нүүхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Гүнчин овогтой Даваа нь 1986-1993 оныг хүртэл Алаг-Уул багийн Хэсгийн ар хэмээх газар мал маллаж байгаад 1993 онд нас барсан юм. Үүний дараа тус газартаа манай гэр бүл буюу ах Сайнтөмөр, ээж Отгын дүү Өлзийжаргал болон миний бие ******* нар нь үргэлжлүүлэн амьдарсаар ирсэн бөгөөд тус газрын малын хашааг 1992 онд хувьчилж авсан юм. Харин Ш.*******гийн аавынх нь манайхаас 02 км орчим зайнд Батын толгой хэмээх газар мал маллаж байсан бөгөөд тус хашааг нь *******гийн хүү Ш.Энхбат, Ш.Пүрэвхүү хүргэн Мягмарсүрэн нар нь хувьчилж авсан юм. Харин Ш.******* нь тухайн үед Хүнүйн голын доод хэсэг болох Хан-Оюут багийн Хайлаастын шовх гэдэг газрын хашааг хувьчилж авсан байдаг юм. Миний ах Сайнтөмөр нь 2009 оны 09 сарын 25-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Харин ******* нь 2010 онд хашаа шинээр барьж 2017 онд гэрчилгээ авсан. Тус хашааг барихын тулд миний ах Сайнтөмөрийг /хашаагаа ав/ хэмээн удаа дараа дарамталж зодсон ч удаа байдаг юм. Ш.******* нь Хэсгийн арын хашааг нь буулган эвдэж буурин дээр нь өөрөө хашаа барьсан байдаг юм. Тэгээд бид Налгар хэмээх хаваржаандаа өвөлжиж, хаварждаг болсон. Гэтэл Ш.******* бидний тус хаваржаанд зусаж, хаваржиж манай малыг бэлчих бэлчээргүй болгож хөөж туух болсон. Ийм учир 2009 онд эзэмшлээр гэрчилгээ авсан газраа хашаа барьж буух болсон юм. Гэтэл Ш.******* нь гэр бариулахгүй гэж эхнэр, хүүхэд, дүү нартайгаа бүлэглэж хана, хаалга эвдэж эхнэр Хашчулуу, хүү Энхбат, бага дүү Эрдэнэбаатар, охин дүү Оюунбилэг, хүргэн Буяндүүрэн, хүргэн Буяндүүрэнгийн хүү нартайгаа гэр буулгаад бариулахгүй бүлэглэн дээрэлхэж өвлийн хүйтэнд гадаа долоо хоног байлгасан. Үүгээр зогсохгүй намайг иргэний хэргийн шүүхэд 2019 онд өгсөн. Харин тэр шүүхийн шийдвэр нь тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн захирамж ирсэн болохоор би үүнийг ингээд хэрэгсэхгүй болгожээ гэж ойлгосон юм аа. Гэтэл Ш.******* нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж бүр намайг цохиж зодсон дарамталсан гэж нэхэмжлэлдээ бичжээ. Энэ бол цэвэр гүтгэлэг. Бидний хооронд тийм харьцаа үүсээгүй. Ш.******* нь биднийг хөөх эрх байхгүй гэж бодож байна. С.******* нь аавынхаа гэрчилгээтэй өвөлжөөнд буух бүрэн эрхтэй байхаа. Ш.******* нь аавынхаа өвөлжөөнд буух гээд байгаа бол дүү Энхбат, Ш.Оюунбилэг нартайгаа цуг Батын толгой гэдэг өвөлжөөнд бууж болохгүй юм уу?. Тиймээс Ш.*******гийн 2017 онд хууль бусаар авсан Хэсгийн арын гэрчилгээг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэдэг газарт оршин суудаг. Миний өвөө болон аав, ах, дүү нар Хэсгийн ард амьдарч байгаа нь үнэн. Миний аав Хайлаастын Хэсгийн ард орших малын өвөлжөөндөө 2009 онд газрын гэрчилгээ авч байсан. Тухайн үед манай хашаанаас өөр хашаа байгаагүй. Ш.******* 2006 онд хашаагаа Хайлаастын Хэсэгт барьсан гэдэг нь худал юм. Би 2007 онд сургуульд сурахаар Улаанбаатар хот руу явсан. Зуны амралт болохоор хөдөө гэртээ ирж эмээ, аав, ээждээ тусалдаг байсан. 2009 оны зуны амралтаар ирэхэд Ш.******* манай гэрт ирж Хэсгийн ард байгаа манай өвөлжөөг наад балгасаа аваад зайл, би хашаа барина гэж хэрүүл маргаан хийгээд явсан. Түүнээс хойш 2012 онд зуны амралтаараа ирэхэд манай хашаа байхгүй, Ш.******* хашаа барьсан байсан. Би тухайн үед хүүхэд байсан болохоор учир шалтгааныг нь ойлгоогүй. Миний аав 2013 онд нас барсан. Би 2018 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хөдөө мал дээрээ гарч ирсэн. Намайг хөдөө ирэхээс өмнө миний ээж Бадамханд Баянгол гэдэг газар ах, дүү нартайгаа айл буун малаа маллаж байсан. Би 2019 онд Хайлаастын Хэсгийн ар дахь өвөлжөөгөө Д.******* ахтай сэргээж барьсан. Хашаагаа барьчихаад буух гэтэл Ш.******* ах, дүү нартайгаа нийлж та нарыг буулгахгүй хулгайчууд минь гэх мэтээр доромжилж машинаараа гэрийн бууц хааж тавьсан. Гэрээ барих гээд ханаа босгохоор тал талаас булааж аваад газар шидлээд байсан. Маргааш нь Д.******* ах сумын Засаг даргын орлогч мөн багийн Засаг дарга, цагдаа, газрын даамал нарыг дагуулан ирж асуудлыг шийдээд өгөөч гэхэд тэд нар одоо өвөл болж байна гэрийг нь бариул, энэ машин тэргээ холдуул гэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй бид өвлийн хүйтэнд гадаа долоо хоносон. Буусан хойно манай малыг хөөж туугаад хулгайчууд минь манай газраас зайлцгаа гэж үргэлж дарамтлах болсон. Ш.*******г өвөлжөөндөө буух гэхэд нь буулгахгүй гэж дарамталсан зүйл байхгүй учир худал зүйл нэхэмжлэлд бичсэн байна. Үүнийг нутгийн ард иргэд болон сумын захиргаа бүгд мэдэж байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэсгийн ар гэдэг газар би аавынхаа хамт нэгдлийн мал маллаж байсан. 1983 онд аав нас барсны дараа ч энд мал маллаж байсан. Би Алаг-уул багийн Хэсгийн ар гэдэг газрыг эзэмших гэрчилгээтэй. Малаа айлд тавьж, хүүхдүүдийн сургууль соёл гэж явж байгаад 2006 онд өөрийнхөө энэ өвөлжөөг сэргээж шинээр хашаа бариад ашиглаж байсан. Д.******* нь 2019 онд манай өвөлжиж байсан энэ газарт манай хүүгийнхтэй тулгаж хашаа барьсан. Энд хашаа бариулахгүй гэхэд би барих газраа барьж байна гэж эсэргүүцэж маргаан болоход Д.*******гийн хүүхэд миний гарыг барьж аваад мушгисны дараа миний мөр зүрх өвдөөд эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ газраас болж хэрүүл маргаан гарч, намайг удаа дараа хэл амаар доромжилж, мөн хонь мал хөөгөөд манайх өвөлжөөндөө буух ямар ч боломжгүй болсон. Манай хүүгийн эхнэр ноднин 10 сард төрөөд ирэх гээд чадаагүй хотод өвөлжсөн. Яаж хэрүүлтэй газар буух вэ дээ. Үнэхээр болохгүй болоод л миний эзэмшлийн газраас *******гийн хашааг зайлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Ахаа уучлаарай, би хашаагаа жаахан зайлуулчихъя, ингэчихье, тэгчихье гээд эвтэй сайхан ярьж хөөрвөл ийм асуудал гарахгүй байсан. Уг нь ******* бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Хэсгийн ар гэх газарт одоогоор *******, ******* нар байгаа. Би Хэсгийн ар гэх газарт эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь үнэн. Энэ газар байгаа манай хүүгийн гэр хашаатай ойрхон зайнд шахаж хашаа барьсан учраас миний эзэмшлийн газраас Д.*******, ******* нарыг нүүлгэж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.*******г Хүнүйн голд байхад Хэсгийн ар гэх газарт манайхаас өөр хашаа барьсан айл байгаагүй. Ш.*******г эхний өвөлжөөнд нутаглаж байхад миний ах Сайнтөмөр нь Хэсгийн ар гэх газарт нутаглаж байсан. Ш.******* ахыг минь хэл амаар доромжилж, өвөлжиж байсан газраас нь хөөж байсан удаатай. Сайнтөмөр ах 2013 онд нас барсан бөгөөд Ш.*******гийнх анх 2012 онд Хэсгийн ар гэх газар буусан. Би 2004 онд ах, дүүгийнхээ төлөө Улаанбаатар хотод очиж ажил, төрөл хийхээр явахдаа малчин авч малаа маллуулсан. Энэ хугацаанд Ш.******* гэдэг хүн “та нар Хэсгийн ар гэдэг газраас зайл” гэж хөөж тууж байсан учраас Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Налгар гэх газарт өвөлжиж байсан. Миний ахын хүүхэд болох С.******* нь Хэсгийн ар гэх газарт хэн нутаглаж байсан үүх түүхийг нь мэдэхгүйг Ш.******* далимдуулж Хэсгийн ар гэх газарт 2017 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Миний хувьд Хэсгийн ар гэх газарт хэн нутаглаж байсан талаар мэдэх учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаад байгаа юм. Би өөрийнхөө төлөө газрын асуудлаар Ш.*******тэй маргалдаад байгаа юм биш. Надад бол Алаг-Уул багт өвөлжөө, хаваржааны хашаа ч байдаг. 2020 онд Хэсгийн араас намайг нүү гэж сумын Засаг дарга мэдэгдэл ирүүлж байсан боловч би нүүгээгүй. Үүний учир нь захиргааны шүүхээс шийдвэр гарсан байдаг, тухайн шийдвэрийг би ойлгохдоо Ш.*******тэй ах, дүү явахаа байг гэхэд энэ газартаа хоорондоо зохицоод амьдар гэснээс намайг Хэсгийн ар гэх газраас нүү гээгүй, нүүх ч үндэслэлгүй юм байна гэж ойлгосон юм. Тийм ч учраас би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хүлээж ч аваагүй юм. Миний аавын эзэмшиж байсан Хэсгийн ар гэх газрыг Сайнтөмөр гэдэг хүн 2009 онд эзэмших эрхтэй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авч байсан. Ш.******* 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахдаа Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газарт байх Хэсгийн ар, Хайлаастын ам гэдгээс Хайлаастын ам гэх хэсгийг нь хасуулаад сумын Засаг даргаар 2017 онд Хэсгийн ар гэх газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Үүнийг хүмүүс ойлгохдоо Хэсгийн ам, Хайлаастын ам гэж байгаа учраас энэ нь хоёр тусдаа газар байгаа гэж ойлгоод байгаа юм. Угтаа Хэсгийн ар, Хайлаастын ам нь нэг газар. Сайнтөмөр гэдэг хүний хүүхэд *******ыг эцгийнхээ нутаглаж байсан газарт нутаглаж, амьдраасай гэсэндээ би Ш.******* гэдэг хүнтэй газрын маргаан үүсгээд байгаа юм. С.*******ад болон надад Хэсгийн ар гэх газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй ч Сайнтөмөр гэдэг хүн Хэсгийн ар гэх газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй учраас түүний хүү С.*******ыг аавынхаа эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт амьдарч тэр хүүхэд тэндээ нутаглаг, энэ хүүхдийн төлөө надаас өөр явах хүн байхгүй учраас С.*******ад газрыг нь олоод өгье гэж би өөртөө биш Сайнтөмөрийн хүү *******ад аавынх нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг олж өгөхийн тулд зүтгэж яваа. Тиймээс Хэсгийн ар гэх газарт Ш.*******гийнхтэй болон түүний хүүгийнхтэй ойрхон зайнд хашаа барьж буусан юм. Одоо энэ газарт би, миний хүү, манай дүү, ******* бид нар байгаа. Ш.******* гэдэг хүн 2006 онд Хэсгийн ар гэх газарт хашаа барьж амьдарч эхэлсэн гэдэг нь худал. Яагаад гэвэл тухайн үед Ш.******* Улаанбаатар хотод худалдаа, наймаа эрхлээд явж байсан. Мөн сумын Засаг дарга өөрөө ирж газар чөлөөлөх мэдэгдлийг өгөөгүй харин багийн Засаг дарга нэг өдөр ирээд та нар нүү гэж хэлсэн. Би нүүхгүй, эвлэрээд байж болох юм байна гэсэн бичиг нь байна гээд захиргааны шүүхийн шийдвэрийг багийн Засаг даргад өгсөн гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.*******, С.******* нарыг өөрийн эзэмшлийн газраас нүүлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх доорхи үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Ш.******* Эрдэнэмандал сумын Засаг даргад газрын эзэмших, ашиглах талаарх маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан нь түүний 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Эрдэнэмандал сумын Засаг даргад гаргасан хүсэлт, Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын бүртгэл хяналтын картаар, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.*******гийн “2020 онд Хэсгийн араас намайг нүү гэж Засаг дарга мэдэгдэл ирүүлж байсан боловч би нүүгээгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 01 дүгээр “С.******* зохих шийдвэр зөвшөөрөлгүйгээр дур мэдэн малын хашаа барьж буусан тул 2020 оны 09 сарын 28-ны дотор хашаагаа буулгаж заасан цэгт барихыг мэдэгдье” гэсэн мэдэгдэх хуудас, Эрдэнэмандал сумын Засаг дарга 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 1/396 дугаар албан бичгээр “Д.*******ыг нүүлгүүлэх өргөдлийн дагуу Д.*******д удаа дараа амаар хашаагаа зөөх талаар хэлсэн буюу албадан нүүлгэх мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдэл шаардлагыг хүлээн авахгүй байгаа тул дараагийн шатанд хандана уу” гэсэн хариуг нэхэмжлэгч Ш.*******д өгснөөр нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийг газар эзэмших, ашиглах талаар иргэн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан журмыг хэрэглэсэн, улмаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ш.*******гийн “Д.*******, С.******* нарыг өөрийн эзэмшлийн газраас нүүлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч “Миний аавын эзэмшиж байсан Хэсгийн ар гэх газрыг ах Сайнтөмөр 2009 онд эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмшсэн учраас түүний хүү С.*******ыг аавынхаа эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт амьдарч нутаглаг, С.*******ад газрыг нь олоод өгье гэж зүтгэж яваа. С.******* аавынхаа гэрчилгээтэй газар буух бүрэн эрхтэй. Харин Ш.******* гэдэг хүн 2017 онд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олж авсан” гэж маргаж байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Хэсгийн ар гэх газар буюу маргаан бүхий газарт Д.*******, С.******* нар нь малын хашаа, гэрээ барьж амьдарч байгаа нь хариуцагч нарын тайлбараар тогтоогддог.
Эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрээ байгуулснаар газрын эзэмшил үүсэхээр Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заажээ. Ингэхдээ газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн а/47 тоот шийдвэрээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Хэсгийн ард байршилтай газрыг малын хашааны /өвөлжөө/ зориулалтаар 40 жилийн хугацаатай Оюут овгийн Шаравдоржийн *******д эзэмшүүлсэн нь 000695107 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 33, 34, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Хэсгийн ард байршилтай газрыг малын хашааны /өвөлжөө/ зориулалтаар эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм.
Хариуцагч Д.*******, С.******* нар нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Хэсгийн ар гэх газрын эзэмших, ашиглах эрхтэйгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагч Д.*******, С.******* нарыг уг маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй гэж үзнэ.
Шударга эзэмшигч эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ш.******* нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ш.*******гийн эзэмшлийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Хэсгийн ар гэх өвөлжөөний зориулалттай /гэрчилгээний дугаар 000695107/ газраас хариуцагч Д.*******, С.******* нарыг нүүлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.******* “Ш.******* нь газрыг хууль бусаар авсан. Түүний 2017 онд хууль бусаар авсан Хэсгийн арын гэрчилгээг цуцалж өгнө үү” гэж тайлбартаа дурдсан боловч тэрээр энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг Хэсгийн Ар гэх өвөлжөөний зориулалттай, нэхэмжлэгч Ш.*******гийн эзэмшлийн газраас хариуцагч Д.*******, С.******* нарыг нүүхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.*******, С.******* нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА