| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00701/И |
| Дугаар | 156/шш2020/00722 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 156/шш2020/00722
156/ШШ2020/00722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00701/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум 4-р багт оршин суухЦ.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг Хэрлэн сум 1-р баг 3 дугаар багт оршин суух, Э.Г-д холбогдох 1,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Э.Г, гэрч Х.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г нь надтай тохиролцон 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2020 оны 7-р сарын 18-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяа Гурванбаян тосгоны Соёлын төвийн урсгал засварын ажил болох замаск, эмульс, амалгаа, будгийн ажлыг хийхээр 8,000,000 сая төгрөгөөр тохирч ажиллахаар болсон. Ингээд ажлын хөлсийг төлөхдөө эхний удаад уг ажлын 30%-ийн гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр нь өгөхөөр болсон. Гэтэл энэ мөнгө орж ирэх хугацаа сонгуультай давхцан хойшлогдсон бөгөөд би Э.Гд 2020 оны 5-р сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 6-р сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг, 6-р сарын 23-ны өдөр 30,000 төгрөгийг хувиасаа өгсөн. Улсын сангаас 2020 оны 7-р сарын 07-ны өдөр 80 %-ын гүйцэтгэлийн мөнгө орж ирсэн тул үүнээс 5,000,000 төгрөгийг Э.Гд өгсөн. Ингээд Э.Гд нийт 5,430,000 төгрөгийг би ажлын гүйцэтгэлээс нь үл хамааран итгэж найдан өгсөн боловч ажлаа дундаас нь хаян үргэлжлүүлж хийхгүй гэдэг хариуг 7-р сарын 09-ний өдөр надад өгсөн.
Гурванбаян тосгоны Соёлын төвийн замаск, эмульс, амалгааны ажлын гүйцэтгэлийг шалгаж үзтэл Э.Г нь тохиролцсон ажлынхаа 45 %-ийн ажлыг хийсэн байсан. Би Э.Гд өгсөн 5,430,000 төгрөгийг 68%-ийн гүйцэтгэлийн хөлс гэж үзэн 45 хувийн ажлыг Э.Г хийж гүйцэтгэсэн байна. Үлдэх 23%-ийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул 23%-ийн ажлын гүйцэтгэлд ногдох 1,840,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс өмнө би 850,000 төгрөгийг Э.Ггээс нэхэмжлэн 7-р сарын 15-ны өдөр уулзан авахаар болсон ч өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Иймд би мэргэшсэн төсөвчнөөр ажлын гүйцэтгэлийн дүгнэлтийг гаргуулсан ба энэхүү дүгнэлтийг үндэслэн Э.Ггээс амаар байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын 23%-ийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгээгүй тул түүнээс 1,840,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Э.Г нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Атай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны Соёлын төвийн засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцон урьдчилгаа 200,000 төгрөг авч мөн өдрөө засвар хийх уг барилгыг очиж үзсэн. Тэгээд тус барилга дээр 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан. Энэхүү ажлыг миний бие Г., М.А, Б.Б, Б.Б нартай хийсэн. Энэ барилга нь 2 давхар хуучин барилга байсан. 2 давхартаа 2 ариун цэврийн өрөө, том, жижиг 8 өрөө, 1 том заал, 2 шатны хонгил, 1 урт кордор бүхий барилга байсан. Үйл ажиллагаа явуулаагүй олон жил болсон байсан учир тааз, хана нь борооны усанд идэгдсэн, хагарч цуурсан, ажиллахад маш хүнд байсан. Хана таазыг хусаж, нурааж, шавар, нөхөөс хийж, замаск тогтохгүй хуурайшилт ихтэй, удаж муудсан будагтай хананд крүнт түрхэж бэхжүүлж будаг эмульс хийхэд бэлэн болгосон. 1 давхарт үүдний хаалга, бүжгийн том заал, том жижиг нийлсэн 6 өрөө бүхий талбайд хусалт хийж, хана тааз, дам нуруунуудын хөндийрч хагарсан шаврыг бүгдийг буулгаж шинээр шавар хийсэн. Ихэнх талбайд 2 үе цавуу түрхэж зарим талбайд нөхөөс хийсэн. Барилгыг анх харахад ажиллагаа их орохыг мэдсэн боловч урьдчилгаанд 200,000 төгрөг авчихсан болохоор больж чадаагүй. Учир нь надад буцааж өгөх 200,000 төгрөг байхгүй байсан. Бид удаан хугацаанд цалингүй ажилласан. Энэ хугацаанд бидний ар гэрийн байдал хэцүү болж, хүнд байдалд орсон. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүс ажлаа хаяад яваад өгсөн. Би 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явсан. Явсан тухайгаа дараа нь Ц.А руу утасдаж хэлсэн. Би буцаж очоогүй. Надтай хамт ажилласан 5 хүний 40 хоногийн хэрэглээ 600,000 гаруй төгрөгт хүрсэн байсан. Эцэст нь наадмын өмнө 5,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Энэхүү 5,000,000 төгрөгийг 5 хүний 40 хоногийн цалин гэж тооцвол нэг хүнд өдрийн цалин 25,000 төгрөг ногдож байна. Энэ нь одоогийн барилгын туслахын цалингаас 2 дахин бага байна. Би Ц.Ааас нийт 5,430,000 төгрөг авсан. Би тохиролцсон засварын ажлынхаа 65 хувийг хийж гүйцэтгэсэн. 35 хувийг хийгээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагаас 840,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Э.Ггээс 1,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдийн шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тус хэргийн маргаан бүхий Хэнтий аймгийн Хурх тосгоны Соёлын төвийн засварын ажлын захиалагч буюу түүнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Ц.А мөн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Засаг дарга, Хос ховор сувд ХХК-ний хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хурх тосгоны соёлын төвийн барилгын их засварын ажлын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хос ховор сувд ХХК, Ц.А нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Э.Г нар нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны Соёлын төвийн засварын ажил болох замаск, эмульс, шаврын нөхөөс, будагны ажлыг 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, хөлс төлөх хугацааг ажлын гүйцэтгэлээр нь 6 дугаар сард 30%-ийн цалин, дараа нь 70%-ийн цалинг олгохоор тохиролцон, хариуцагч Э.Г нь урьдчилгаанд 200,000 төгрөг авч, мөн өдрөө засвар хийх уг барилга дээр очиж засварын ажлаа эхлүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрэл зургуудаар нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгч, ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөр авч засварын ажлыг эхлүүлсэн байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд тооцно.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээр дурдсанаар ажил гүйцэтгэх гэрээг талууд хэрэгжүүлж эхэлсэн боловч хожим талуудын хооронд ажлын хөлс өгөх хугацааны маргаан гарсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...цалингаа өгөхгүй байсан учир хамт ажиллаж байсан хүмүүс ажлаа орхиод явсан... гэх тайлбараар тогтоогдож байна. Гэвч тэрээр тохиролцсон ёсоор ажлыг гүйцэтгэн дараа нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсөө шаардах эрх нь нээлттэй байсан.
Мөн хариуцагчийн зүгээс ажлыг гүйцэтгэх хугацааг тохироогүй гэх боловч дээрх байдлаар ажлыг эхлүүлсэн, зарим ажлыг хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэгч нь ажлын хөлсийн зарим хэсгийг хүлээж авсан байх тул тэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэх ёстой байсан. Гэтэл энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр ажлаа орхин явсан болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй явсан болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч Э.Г нь нийт 5,430,000 төгрөгийг авсан талаар маргаагүй. Харин зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлын хэмжээний цалин хөлсийн талаар маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг нотлохоор мэргэшсэн төсөвчин Г.Наранбаатараар Хэнтий аймгийн Хурх тосгоны Соёлын төвийн барилгын засварын ажлын заслын ажил дээр дүгнэлт гаргуулсан байх бөгөөд тус дүгнэлтээр дээрх ажлын 45%-ийг хийж гүйцэтгэсэн байна гэжээ. Хариуцагч Э.Г нь энэхүү дүгнэлттэй танилцсан боловч энэ талаар ямар нэгэн хүсэлт, тайлбар гаргаагүй болно.
Иймд хариуцагч нь гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын 45%-ийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан мэргэшсэн төсөвчиний дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасч илүү төлсөн төлбөрөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч хариуцагчид нийт 5,430,000 төгрөгийг шилжүүлсэн ба 5,430,000 төгрөгийг нийт хийх ёстой ажлын 68%-ийн гүйцэтгэлийн хөлс гэж үзэн үүнээс 45%-ийн ажлыг хариуцагч Э.Г хийж гүйцэтгэсэн, үлдэх 23%-ийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул 23%-ийн ажлын гүйцэтгэлд ногдох 1,840,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн дээрх тохиолдолд нэхэмжлэгч Ц.А нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ггээс 1,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ггээс улсын тэмдэгтийн хураамж 44,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА