| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0709/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/905 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Шүүгдэгч Ц.А ,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306001732114 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирол учруулсан гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,
Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 103 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...нойлын цаас аваад ир гэж хэлсэн, гарахад ШТС-ын хойд автобусны буудал дээр зогсож байсан. Би яагаад нойл ороод ирье гэж хэлчхээд хойд автобусны буудал дээр байгаа юм бол гэж бодсон...” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирол учруулсан;
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Иргэн С.Э аас 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 00 цаг 49 минутад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны РСNL13578573 дугаартай хуудас /хх-ийн 14, 15 дугаар тал/,
Хохирогч С.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сансарын ШТС-ын урд талын ТҮЦ орж 2 ширхэг кола, нэг change esse тамхи авч, 9,400 төгрөгийн юм авсан. Тэр үед 175 см орчим өндөртэй, саравчтай малгайтай хүн “Хөзөр авъя” гээд зогсож байсан. Түцний ажилчид 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Эрэгтэй нь бэлэн гоймон идэж байсан. Би картаа уншуулах үедээ гар утсаар давхар ярьж банкны нууц үгээ 3077 гээд чанга хэлсэн. Би ундаа тамхиа бариад тэндээс гараад машиндаа суугаад жолоочийнхоо хамт 100 айл төвийн тийшээ явсан. Тамир гэдэг найз маань 20,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би утсаа аваад түүн рүү 20,000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Удалгүй тэр үед надад “таны данснаас 840,000 төгрөгийн зарлага гарлаа” гээд мессеж ирсэн. Би Хаан банкны ... гэсэн дансныхаа картыг Сансарын ТҮЦ-т үлдээснээ санаад 100 айлын гэрлэн дохиогоор буцаж машинаа эргүүлж ТҮЦ-д ирсэн. Ирэхэд нөгөө 3 хүний залуу нь сууж байсан. Хоёр эмэгтэй гаднаас удалгүй орж ирсэн. Бид KFC-н нойл орчиход ирсэн юм гэсэн. Картаа асуусан чинь тэр ТҮЦ-ийн худалдагч охины /.../ хэлж байгаагаар нэг охин нь таны гарт бариулсан гэж хэлээд байгаа. Ямартай ч пос машины баримтын хуулбарыг гаргаж өгнө. Миний картаас мөнгө авсан хүн “Их засаг ОУИС-ын тэнд байх”, Хаан бакны АТМ-с авсан байна гэж Хаан банкнаас хэлсэн. Энэ үл таних хүн миний данснаас 840,000 төгрөг авсан асуудал нь миний дансны үлдэгдэл болох 8,499,000 төгрөгийн талаар мэдсэн байж магадгүй. 840,000 төгрөг байна гэж андуурч харсан байх гэж бодож байна. Би ТҮЦ-н худалдагчид, мөн 2,500 төгрөгөөр хөзөр авсан гадны үйлчлүүлэгчийг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр тал/,
Хаан банкны 29/10264 дугаартай албан бичиг, ... тоот дансны хуулга /хх-ийн 54-56 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,
Шүүгдэгч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 187-188 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Ц.А эгч ...сая яваад АТМ-с 840,000 төгрөг байхаар нь уншуулаад авчихлаа. ...эндээс явахгүй бол нөгөө хүн картыг нь авсныг мэдчихнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.
Учир нь шүүгдэгч Д.С нь Ц.А тай төрсөн эгч дүүс, хэрэгт хамтран оролцоотой талаар мэдүүлж байхад Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А , Д.С нараас: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээс бусад дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,
Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 103 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...нойлын цаас аваад ир гэж хэлсэн, гарахад ШТС-ын хойд автобусны буудал дээр зогсож байсан. Би яагаад нойл ороод ирье гэж хэлчхээд хойд автобусны буудал дээр байгаа юм бол гэж бодсон...” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч Ц.А аас 420,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.А , Д.С нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хулгайлах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.А ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картаас 840,000 төгрөг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ц.А ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ц.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөнгө угаах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь аливаа этгээдийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан байдлаар илэрнэ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь Ц.А ыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840,000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэдгийг мэдсээр байж, мөнгийг хамт зарцуулж, хувийн хэрэгцээнд эд зүйл авах байдлаар үрэлцэж ашигласан болох нь нотлогдон тогтоогдсон ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.С г “Гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Харин прокуророос шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 39 минутад мэдүүлэг өгөхдөө “...нойлын цаас аваад ир гэж хэлсэн, гарахад ШТС-ын хойд автобусны буудал дээр зогсож байсан. Би яагаад нойл ороод ирье гэж хэлчхээд хойд автобусны буудал дээр байгаа юм бол гэж бодсон...” гэсэн нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 20 минутад өгсөн: “...Ц.А эгч ...сая яваад АТМ-с 840,000 төгрөг байхаар нь уншуулаад авчихлаа. ...эндээс явахгүй бол нөгөө хүн картыг нь авсныг мэдчихнэ...” гэх агуулга бүхий мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ нь хоорондоо зөрүүтэй, бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулсан гэж буруутган ялласан байна.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой ...С.Э ын эзэмшлийн картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, данснаас нь 840,000 төгрөгийг бэлнээр гарган авсан байх бөгөөд шүүгдэгч Д.С нь уг хулгайлж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж тэр өдрийн орой, маргааш өдөр нь мөнгийг хамт зарцуулж, хувьдаа эд зүйл авхуулсан байна.
Шүүгдэгч Д.С гээс гэрчийн мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан байх бөгөөд мэдүүлгүүдээр түүнийг гэмт хэрэгт сэжиглэх, буруутгах үндэслэлтэй байхад мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, өмгөөлөгч авах хуулиар олгогдсон эрхийг түүнд эдлүүлэхгүйгээр мэдүүлгийг үргэлжлүүлж, өгсөн мэдүүлгээр өөрийг нь ялласан нь өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж, тулгасан хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.А тай төрөл садны холбоотой буюу нэг эхээс төрсөн, эгч дүүс гэж мэдүүлсэн байхад мөрдөгч Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон “...гэр бүлийн гишүүний эсрэг өгөхгүй байх...”, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Энэ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ийн “ж” хэсэгт “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн зарчим,
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж заасан зарчим,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хүний эрхийн тулгуур зарчмуудыг зөрчсөн байх тул шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э ад 840,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 420,000 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ц.А аас 420,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Э ад олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, хязгаарын бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, хязгаарын бүсийг түүний оршин суугаа газраас Эх нялхас орох хүртэл газраар маршрут тогтоолгох тус тус саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.А , Д.С нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44, 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-43 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52 дугаар тал/;
Шүүгдэгч Д.С гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А, Д.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ыг оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.С г оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А , Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А , Д.С нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Шүүгдэгч Д.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ыг оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.С г оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.А аас 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Э ад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.А , Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН