| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Ц.Цэрэн-Од,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар баг нутаг “*******” гэх газар иргэн Э.Мтай маргалдаж хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын ..-наас ..-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газар Э.Мгийн “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, агсан согтуу тавьсан зүй бус үйлдлийн улмаас харилцан зодолдож, улмаар ширээн дээр байсан хутгыг авч цээж рүү нь хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мийн өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө гэртээ байж байхад гаднаас н.М-ийн ээж ороод ирсэн. Манай хүү агсан тавиад байна. Явуулаад өг гэсэн. Гарсан чинь манай гадаа ирсэн машиндаа хашхирсан сууж байсан. Би миний дүү нилээн согтуу байна. Хариад амар гэхэд чи муу намайг хөөдөг хэн бэ пизда минь гээд бууж ирээд намайг зодоод, цохиод унасан. Гэрт байсан улсууд гарч ирээд салгаад ороод гэртээ сууж байсан чинь араас чамайг ална гэж гүйж орж ирээд дахиад намайг цохиж, зодсон. Тэнд байсан улсууд салгаад нөгөө талын орон дээрээ сууж байсан чинь араас ирсэн. Тэгээд бид хоёр ширээ рүү унаад босоод ирсэн гэдэснээс нь цус гарч байсан. Би хутга авснаа санахгүй байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Мгийн өгсөн: “...2024 оны 11 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед аавынхаасаа гараад гэр рүүгээ явж байтал М.А ахын гадаа хүмүүс хашхиралдаад байхаар нь ороод гаръя гээд очсон. Тэгтэл намайг очтол М.А ах хүмүүстэй цуг гэрийнхээ гадаа байсан. Тэгээд би машинаасаа буугаад очтол шоовой пизда минь зайлаарай яваарай харь чи гэхээр нь та одоо гэртээ оруулахгүй гэрийнхээ гадаанаас хөөдөг болсон юм уу гэтэл М.А ах тэгж байна тэгсэн хүнийг яадаг юм зайл чи гэхээр нь тэгээд тэр үед уусан байсан болохоор эвгүй санагдаад барилцаж аваад цохилцоод эхэлсэн тэгээд хальт салтал М.А ах намайг тонгойтол чулуугаар толгой руу цохисон тэгээд толгой хагарчихлаа гээд гэрт нь ортол хэсэг байж байтал донхор тэр үед чамайг нухчий гэж байхад нухчих байсан юм гээд дайраад байсан. Тэгтэл ээж чи яасан муухай юм санаж явдаг хүүхэд вэ гээд ээж хажуунаас тэгтэл ах ээжийг балай авгай минь цохиод алчихна шүү гэхээр нь би уур хүрээд дахиад очоод барилцаад авсан тэгээд ноцолдож байтал гэрийн баруун талд байтал угаалтуурын хажууд намхан ширээ байсан тэр дээр намхан савтай айраг байсан тэр рүү унасан тэгээд сууж байтал ээж гэдэснээс нь яагаад цус гараад унаваа гэтэл М.А ах айрагны бүлүүр рүү л унаа биз гэсэн тэгээд хэсэг байж байтал би бөөлжтөл улаан юмаар бөөлжөөд эхэлсэн тэгээд дотор сонин болоод эхэлсэн тэгээд эмнэлэг явъя гээд ээж намайг аваад эмнэлэг дээр иртэл эмч нь үзээд өлзий эмч ирээд наадах чинь хутганы шарх байна гүехэн бол биш байна. Манай хүргэн юм. М.Ж нэлээн согтуу байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн зүйл байхгүй. Надад учирсан хохирлоо барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “...Э.М нь 2.198.868 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Д.Оийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө гэрээсээ гараад хүүгээ хүргэж өгөх гээд явж байтал хүргэний гадаа хүмүүс байж байхаар нь очтол манай хүү М.А ахынд орно гэхээр нь би М.Атай уулзаад дүү чинь өнөөдөр уусан байгаа гэртээ харьж амар гээд хэлчих гэсэн. Тэгтэл М.А нь М.Г харьж амар гэтэл манай манай хүү та намайг гэртээ оруулахгүй хөөж байгаа юм уу гэтэл хүргэн тэгж байна тэгээд яадаг юм гэсэн тэгээд хүү маань М.Аг цохиод авахаар нь М.А яадаг муу пизда вэ гээд чулуу аваад толгой руу нь цохисон тэгтэл толгойноос нь цус гараад тэгээд гэртээ бөөнөөрөө ороод дээр доороо ороод цохилцоод байсан тэгээд байж байтал М.А гаръя гээд манай хүүг аваад гарсан. Хэсэг байж байгаад орж ирээд М.А орон дээр сууж байснаа Д.Р чамайг тэр жил нийлээд нударчъя гээд байсан тэр үед нь нь нударчих байсан юм гэхээр нь М.А та нар шиг хүүхдүүд намайг амждаггүй байгаа шүү гээд барилцаад авсан. Тэгээд ноцолдож байгаад үүдэнд байсан айраг руу унаад дээшээ хараад хэвтэж байсан тэгтэл гэдэснээс нь цус гараад байхаар нь би хүүгийн минь гэдэс юу болов гэсэн чинь М.А айрагны бүлүүр рүү унаа биз гэсэн тэгээд би хүүгээ босгож ирээд суулгаж байтал дотор муухай оргилоо гэхээр нь шалны хулдаасан дээр нь бөөлжүүлсэн тэгэхэд улаан хүрэн юмаар бөөлжихөөр нь хүүгээ аваад эмнэлэг рүү явсан. М.А М.Г харьж амар гэтэл манай хүү та намайг гэртээ оруулахгүй хөөж байгаа муу гэтэл хүргэн тэгж байна тэгээд яадаг юм гэсэн тэгээд зодолдоод эхэлсэн. Толгой нь зүгээр. М.Ж согтолт гайгүй байсан. М.А уусан байсан болохоор М.А ахынд очно гээд яваад очсон. М.Жийг хутгалж байхыг би хараагүй. Гэдэснээс нь цус гарахаар нь энэ юу болчхов гээд хүүгээ хартал гэдэснээс нь цус гараад өөх нь гарсан байсан тэгээд энэ яачуу гэтэл М.А айрагны бүлүүр рүү унаа биз гэсэн. Айрагны бүлүүр бөөрөнхий модон хурц эрмэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Н.У-ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед М.Жийн нөхрийн хамт очсон. Тэгээд бид нар пиво уусан шөнө 1 цагийн үед М.А ээжтэйгээ орж ирээд М.Атай зодолдоод эхэлсэн тэгээд би дундуур нь орж салгасан. Тэгээд би нөхөртэйгээ гараад явсан. Ямар шалтгааны улмаас зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. Гаднаас М.А орж ирээд зодолдоод эхэлсэн. Би хараагүй эхэлж орж ирэхэд нь салгачихаад би нөхөртэйгээ гараад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Д.Т-ийн өгсөн: “....2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой манай найзууд ирээд бид хэд пиво уугаад сууж байтал шөнө 01 цагийн үед М.Агийн ээж орж ирээд М.Аг явуулаад өгөөч гэхээр нь М.А гараад явсан тэгтэл гадаа зодоон болж эхэлсэн. Тэгэхээр нь би гүйж гараад салгаад М.А гэрлүүгээ орсон тэгтэл М.А араас гүйж орж ирээд М.А орон дээр сууж байтал М.А хажууд нь очиж сууж байснаа дахиад зодолдоод эхэлсэн тэгтэл тэр хоёр савтай аарц руу унаад босоод иртэл гэдэснээс нь цус гарсан байсан. Тэгээд ээж нь аваад явсан. М.Аг харьж амар гэсэн чинь М.А чи намайг хөөдөг хэн юм бэ гээд зодолдоод эхэлсэн. Би гайгүй байсан болсон зүйлийг санаж байгаа. Би хараагүй гэдэснээс нь цус гарахаар нь бид нар айрагны бүлүүр рүү унасан байх гэж бодсон. Айрагны бүлүүр хурц ирмэг байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Гэрч Т.М өгсөн: “...Тухайн орой манай хэдэн найзууд нийлээд М.Жийн гэрт пиво уугаад сууж байтал манай нутгийн О.Г гэдэг эмэгтэй орж ирээд Г.Мид хандаж манай хүү архи уучихаад гэр рүү гээ явахгүй байна, миний үгэнд орохгүй байна, чи хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн М.Ж гэрээсээ гараад явсан, М.Ж удалгүй орж ирээд гэртээ сууж байтал гаднаас О.Г эгчийн хүү /М.А/ согтуу орж ирээд М.Жид хандаж чи намайг гэрээсээ хөөдөг хэн бэ гээд агсраад М.Ж руу дайраад зодох гээд байхад нь М.Ж барилцаад авсан, тэгээд тэр хоёр гэрт зодолдсон, Тэр үед М.А М.Жийн толгой руу цохиод байсан. Бид нар тэр 2-ыг салгаад М.Жийн гэрт нь оруулж ирээд суулгаж байтал М.А дахиад гэрт нь орж ирээд М.Ж руу дайраад зодох гээд байсан, гэрт нь байсан хамаг юмнуудыг сүйдэлж, асгаж цутгаад байсан. Тэр 2 ноцолдож байгаад гэрийн хаяа руу давхралдаад унасан, тэгээд босож ирэхдээ М.Агийн бие нь цус болчихсон байсан. Би юунаас болоод цус гарсныг нь мэдээгүй. Ямар ч байсан М.А гэдэг залуу М.Жийг зодоод гэр орныг нь сүйтгэж агсам тавьсан. Уг нь М.Ж гэртээ зүгээр л сууж байсан. Тэгтэл О.Г гэдэг эмэгтэй манай хүү гэртээ харихгүй байна. Чиний үгэнд орох байх, чи хэлээд өгөөч гэж хэлэхээр нь М.Ж тус болох гэж согтуу хүүхдэд гэртээ харьж амар гэж хэлснийх нь төлөө гэрээсээ хөөлөө гэж агсам тавьснаас болсон. Ер нь тэр М.А гэдэг хүүхэд өөрөө М.Жийг маш их зодсондоо. Би нүдээр хараагүй тэр 2 ноцолдож байгаад босоод ирсэн чинь цус гарсан байсан. М.А гэдэг залуугаас болсон Тэр залуу М.Ж руу агсарч гэр орныг нь сүйдлээгүй бол тийм юм болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Гэрч А.Б-ийн өгсөн: “..Тухайн орой би эхнэр М.Г-ийн хамт найз М.Жийн гэрт ганц нэг пиво уугаад сууж байтал О.Г гэдэг манай нутгийн эмэгтэй орж ирээд манай хүү архи уучхаад танай гадаа орилоод байна, миний үгэнд орохгүй байна, чи гэртээ харь гээд хэлээд өгөөч гэж М.Жид хэлсэн. Тэгээд М.Ж О.Г гуайн хүүхэдтэй уулзахаар гэрээс гарсан. Тэгээд удалгүй би араас нь гарсан, тэгтэл нөгөө М.А гэдэг М.Жийг чи гэрээсээ хөөдөг хэн бэ гээд зодож байхаар нь би салгаад М.Жийг аваад гэрт нь орсон, тэгтэл нөгөө залуу гэрт араас орж ирээд М.Жийг ахиад зодоод байсан, би дахиад салгаад нөгөө залууг гэрээс гаргасан, дахиж гэрт орж ирээд М.Ж руу дайраад тэр хоёр ноцолдоод гэрийн хаяа руу хоёулаа унасан, тэгтэл М.А гэдэг залуугийн бие нь цус болчихсон байсан, тэгж байснаа дотор муухай оргиод байна гээд байсан. Тэгээд М.А гэдэг залууг ээж нь аваад явсан. М.Жийг зүгээр байхад нь М.А гэдэг залуу агсраад гэр орныг нь буулгаад, сүү цагааг нь асгаад байсан, бас М.Жийг тэр залуу зодоод байсан. Тэрнээс л болсон. Би хутга барьж хутгалахыг нь хараагүй. Нэг мэдсэн чинь л цус гарсан байсан. Хэдийд нь хутгаар хатгасныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай: “... Э.Мгийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнг гэмтээсэн шарх, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Э.Мгийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Г.М-ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө би гэртээ байж байтал манай хадам талын хамаатан М.А манай гэрийн гадаа машинтайгаа ирээд гадаа чанга чанга хашхираад байсан, тэр үед М.А ээж манайд орж ирээд М.А миний үгэнд орохгүй байна, би хүчрэхгүй байна, чи гэртээ явуулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь би гэрээс гараад М.А дээр очоод чи их согтсон байна, чи одоо гэртээ хариад амарчих гэсэн чинь М.А: чи намайг хөөдөг хэн бэ гээд намайг цохиод авсан, тэгэнгүүтээ хүмүүс бид хоёрыг салгаад би гэртээ орсон, тэгсэн чинь М.А би чамайг алнаа гээд араас ороод ирсэн, манай гэрт орж ирэнгүүтээ над руу дайраад байхаар нь би урдаас барилцаж аваад ноцолдож зодолдсон, М.А намайг зодоод байхаар нь би ширээн дээр байсан хутгыг аваад хэвлий хэсэг рүү нь нэг удаа хатгачихсан юм. Би М.Атай зодолдоод дийлэхгүй юм байна лээ. М.А залуу хүүхэд учраас би өөрийгөө хамгаалахын тулд хутгаар нэг удаа хатгачихсан, би М.Ад зодуулсандаа толгой манарч тэрхэн зуурын болсон үйл явдлыг сайн санахгүй балартсан байсан. Ер нь би өөрийгөө хамгаалсан. Би шүүх эмчид үзүүлэхгүй. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хохирогч М.Агийн буруутай үйлдлийг таслан зогсоох, өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалах гэж тийм үйлдэл гаргасан байна. Гэхдээ би хутга барьснаа санахгүй байна. Би тухайн үед М.Ад зодуулсандаа шоконд орсон байсан. Ер нь би гэртээ зүв зүгээр байж байхад гэрийн гадаа ирчихээд орилоод байхад нь М.А-гийн ээж О.Г эгч надаас гуйгаад М.Аг явуулаад өгөөч, би хүчрэхгүй, дийлэхгүй байна гэхээр нь л хүнд тус болох гээд М.А дээр очоод чи ээжийнхээ үгэнд ороод гэртээ харь, чи их согтсон байна, одоо хариад амарчих гэж хэлснийхээ төлөө би М.А-д зодуулж, зодуулж байх явцдаа өөрийгөө хамгаалж тийм үйлдэл хийсэн байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Г.М нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын .... дугаар багийн нутагт иргэн н.М.Атай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч нарын мэдүүлэг, 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, Г.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг учруулсан гэм хэргийг үйлдсэн гэм уруутайд тооцуулах саналтай байна. Хохирол н.М.Ад хохирол төлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,198,868 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Г.М ам бүл 6, өрхийн гишүүн. Ажил эрхэлдэг ганц хүн. Гэмт хэрэг гарах шалтгаан хохирогчийн буруутай үйлдлээс болсон..” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ц.Цэрэн-од гаргасан дүгнэлтдээ: ...Гэмтэл учруулсан нь үнэн байна, хүний биед гэмтэл учруулсан хүлээн зөвшөөрсөн...” гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Мгийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч Д.О.Г, Н.У, Д.Т, Т.М, А.Б нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.М нь 2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр “*****” гэх газар Э.Мгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, агсан согтуу тавьсан зүй бус үйлдлийн улмаас харилцан зодолдож, улмаар ширээн дээр байсан хутгыг авч цээж рүү нь хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Г.М нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн цээж рүү хэсэгт хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.М, хохирогчийн цээж рүү хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч Э.М нь шүүхийн шатанд: “...миний бие Э.М 2024 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүргэн ах Г.Мид хэвлийн тус газраа хутгалуулан биедээ хүнд гэмтэл авсан. Энэхүү гэмтэл нь ходоод цоорч оёдол тавигдсан. Хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээнд орж санхүүгийн асуудалд ороход эмчилгээний зардал болох зургаан сая төгрөгийг эхнэр болон өөрийн дансаар хүлээн авсан болно. Цаашид М.Ж-с хүсэх санал гомдол үгүй болно гэх гар бичвэр бүхий хүсэлт /хх-ийн 93 тал/, шүүгдэгч Г.М-ийн хохирогч Э.М-д Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93 тал/-д тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Мийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Э.Мд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.198.868 төгрөгийн (хх-ийн 18, 21-р тал) баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан өвчний жагсаалт, Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн бүртгэлийн маягт, эмнэлэгт өвчтөн хүлээн авсан маягт, өвчтөний түүх, эмнэлгээр үйлчлүүлсэн баримт, эмчилгээний задаргаа зэрэг баримт хэрэгт авагдаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 Өвчний түүх, мөн тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32 яаралтай тусламжийн хуудас тус тус хэрэгт хавсаргагдаагүй байх тул Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2.198.868 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Мийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг гарсныг мөн хөнгөрүүлэн тооцуулах саналтай байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М-д 5 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгийг устгуулах саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүх бүрэлдэхүүн ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзаж ял оногдуулах байх гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ял оногдуулж гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хсэгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээ буюу 3/2 багагүй хувийг оногдуулж оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Мийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 13 см бариул хэсэг нь 13 см, нийт 26 см урттай ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.198.868 (хоёр сая нэг зуун ерэн найман мянга найман зуун жаран найм) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 13 см бариул хэсэг нь 13 см, нийт 26 см урттай ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.М-д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
Б.УУГАНБАЯР