Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч О.С /онлайн/,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

               Холбогдсон хэргийн талаар:

               Шүүгдэгч Д.Х нь Хөвсгөл аймгийн ****сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-гийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүү ясанд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн    ******* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

             Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн ****сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт О.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь  халдаж,  нүүрэн тус газарт нь цохиж, эрүү ясанд хугарал бүхий  эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Д.Х-ын өгсөн: “...Машинтай явж байсан чинь нөхөр нь араас ирээд ард н.З гэх жолоочтой хэрэлдээд байсан. Тэгээд би буугаад очтол намайг сохор хүнтэй юу хийж яваа гэж намайг доромжилсон. Тэгээд бид нар байж байгаад нэг цохисон. н.З гэдэг залуу явсны дараа утсаа унагачихлаа гээд утсаа авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.С-гийн өгсөн: “...Сонсоход бүх юм ойлгомжтой тодорхой байна. Миний толгой өвддөг болж байна. Тэрнээс хойш ажилгүй 4 сар гаран байсан. Ажил орлогогүй байсан. Машинаа барьцаанд тавьсан байсан. Хүүтэйгээ нилээд 10,000,000 гаран төгрөг болсон байна. Сард олох байсан орлогоо нэхэмжлэхийг хүсэж байна. Сардаа 4,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн цалин авдаг. Би орлогогүй 4 сар байсан. Машин барьцаалсан баримт гаргаж өгөөгүй. Гомдол саналтай. Ажлаа хийж чадахгүй 4 сар гаран гэртээ байсан. Тэр хугацаанд мөнгөний хэрэгцээтэй болоод хүнээс мөнгө зээлсэн. Өдрийн хүү нь 120,000 төгрөг байдаг. Хүүтэйгээ нилээд 12,000,000 төгрөг гараад явж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

                      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Сгийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны  өглөө үүрээр 07 цаг болох гэж байхад  би хөдөөнөөс орж ирээд  гэрийнхээ  гадаа ирсэн чинь манай хашааны урд талын  шороон зам дээр  ***улсын дугаартай  приус-20 загварын саарал өнгийн машин зогсож байсан. Тэгэхээр нь би дотор нь хүн байна уу гээд харсан чинь машины арын суудал дээр архи уугаад тасарсан бололтой хүн унтаж байсан. Тухайн үедээ би юу ч бодоогүй гэртээ яваад орсон чинь манай эхнэр хүүхэд байхгүй байхаар нь буцаад хашааны гадаа гараад ирсэн чинь тэр приус-20 маркийн машинаас гадна дахиад нэг усан цэнхэр өнгийн Приус-30 маркийн машин ирээд тэр Приус-20 маркийн машиныг дагуулаад гудамжын үзүүрт очоод зогсохоор нь араас явж очоод Приус-30 маркийн машиныг дагуулаад гудамны үзүүрт очоод зогсохоор нь ардаас нь явж очоод приус-30 загварын машины хаалгыг нь татаад юун хүмүүс манай гэрийн  үүдээр овоороод байгаа юм гэж асуусан чинь тэр машин дотор манай эхнэр, эмэгтэй дүүгээ дагуулсан сууж байсан. Тэгээд би эхнэртээ хандаж чи гэр орондоо орохгүй юу хийж яваа юм бэ гэж хэлсэн чинь гэнэт миний ардаас баруун талын эрүү лүү нэг  удаа цохиод авсан. Тэр үедээ шууд миний баруун талын эвгүй болчихоор нь уур хүрээд намайг цохисон залууг зөрүүлээд 1-2 удаа цохисон. Тэгээд би тухайн үедээ тэр залууд миний эрүү эвгүй болчихлоо хамт явж эмнэлэг очиж үзүүлье гэж хэлсэн чинь ардаас яваад очно гэж хэлээд араас ирээгүй. Бас тухайн үед би цагдаа дуудах гэсэн чинь тэр намайг цохисон залуу утас булааж аваад цагдаа дуудуулаагүй. Тэр хүнийг манай эхнэр бол танихгүй юм шиг байсан.  Харин эхнэрийн дүү нь таних юм шиг байна лээ. Тэнд байсан бүх хүмүүс л харсан. .. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...Би уг гэмтлийг аваад Улаанбаатар хотод очиж нэгдүгээр эмнэлэгт эрүүний мэс заслын хагалгаанд  орсон. Одоо 5 сарын дахин  Улаанбаатар хотод очиж эрүүний хадаасаа авахуулна.. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгоно... Би хоёр удаа хагалгаанд орно. Хагалгаанд орох болгондоо унтуулгатай орж байгаа болохоор аягүй хэцүү байгаа.. Гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10  тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-ийн өгсөн: “...О.Сгийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 3.524.476 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан  байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 3.524.476 төгрөгийг буруутай  хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26/25 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 12-13 тал/,

 Гэрч Б.Н-ийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 00 цаг болох гэж байхад дүү Ш.Т хамт Мөрөн сумын *** дугаар багт байдаг А.Н нэртэй бааранд орсон. Тэгээд бааранд орж пиво ууж хэсэг бүжиглэж байгаад баар хаах үеэр буюу шөнийн 02 цагийн үед баарнаас Ш.Тэй хамт гараад ирсэн чинь баарны гадаа 2 залуу таараад танилцаад хамт сууж хэсэг юм ярьж сууж байгаад харьяа гэхээр нь зөвшөөрөөд баарны гаднаас саарал өнгийн Приус-30 маркийн машинд таксинд суугаад ****руу явж пиво  аваад тал руу гарсан. Тухайн үед уг нь тэр Приус-30 маркийн машиныг такси барина гэж хэлээд суусан чинь нөгөө хоёр залуугийн таньдаг ах нь болж таараад хамт тэгээд тал руу гарч пиво уусан. Тэгээд хаанаас ч юм тэр саарал өнгийн Приус-20 маркийн машин хүрээд  ирсэн. .. Тэнд байсан залуучуудын нэрийг Х.А, З.А, бас нэг залуу байсан нэрийг нь тэгэхдээ санахгүй байна. Ямар ч байсан тэнд саарал өнгийн Приус-20 маркийн машины эзнийг Х.А гэдэг юм шиг байсан. .. Ш.Г-таЙ бид хоёр тэр гурван залуутай хамт тал дээр ууж  байгаад үүрийн 06 цагийн үед гэртээ хүргүүлэхээр нөгөө гурван залуугийн машинтай явсан. .. манай нөхөр ирээд намайг юу хийж яваа юм гэж уурлахаар нь урдаас нь би “чи У.А гэдэг хүүхнээ яасан юм, өчигдөр чи О.Ю гэдэг хүүхэнтэй буудалд байсан гэж хэлж байна” энэ залуу гэж хэлээд нөхөртэйгөө маргалдаад байж байсан чинь хажуунаас нь Х.А гэдэг залуу манай нөхрийн ардаас нь эрүү хэсэг рүү нь нэг удаа цохиод газар унагаасан. Тэгээд би X.г барьж аваад чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм гэж хэлээд байж байхад манай нөхөр газраас босож ирээд чи яасан гэж намайг цохиж байгаа юм гээд зодолдох гээд байсан. Тэгээд би нөхрөө дагуулаад шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд зураг авахуулахад эрүү нь хугарсан байна гэсэн онош гарсан. Ямар шалтгаанаар зохисныг би сайн мэдэхгүй байна. Бид нар бол нэлээн согтуу байсан, манай нөхөр бол харин эрүүл байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 Гэрч Д.Ш өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой шөнийн 00 цаг болох гэж байхад би эгч Н.Э хамт **** нэртэй бааранд ороод тэнд нэлээн байж байгаад хаах цагаар  нь буюу шөнийн 02 цагт баарнаас гарсан. Тухайн үед Н.О эгч бид 2-ыг  баарны гадаа байхад 2 залуу хамт сууж ууя гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд тэр 2 залуутай хамт Приус-30 маркийн таксинд суусан чинь таксины жолооч нь нөгөө 2  залуугийн нэгийг нь таньдаг болж таараад тэгээд тавуулаа ****нэртэй газраас пиво аваад тал руу гарч уусан. Тэнд байсан залуучуудын нэрийг нь Х.Т, З.А гээд байсан. Харин нэг залуу нь бүүр тасраад ухаангүй байсан. Тухайн үед Х.Т нь машинтайгаа явж байгаа гээд саарал Приус-20 загварын машинтай явж байсан. Тэгээд бид нар хоёр машинтай тал дээр гарч уусан.  .. би гэртээ харина гээд явж байсан чинь Н.О эгчийн нөхөртэй гудмын үзүүрт нь таарсан. Тэгсэн чинь Н.О эгч манай нөхөр энд байна гэсэн чинь Приус-30 маркийн жолооч хараад ирье гэж хэлээд нөхөртөй нь очиж уулзаж байгаад танай нөхөр чинь У.А гэдэг хүүхэнтэй хамт байна Э.э, З.А хоёрыг хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд тэр З.А нь Э.Г таньдаг болоод хашааны гадаа нь очиж машин тэргийг нь үзээд буцаад Н.О эгчийн нөхөр байсан газар хүрээд ирсэн чинь нөхөр нь машинтайгаа яваад өгсөн байсан. Тэгээд Х.Т нь машинаа аваад бид нар хоёр машинтай гудмаар нь гарах гээд явж байхад Н.О эгчийн нөхөр нь бид нарыг  таниад ардаас хүрч ирээд Н.О эгчтэй маргалдаж байсан чинь бид нартай явж байсан Х.Т гэдэг залуу нь Н.О эгчийн нөхрийн араас эрүү лүү нь нэг удаа цохиод газар унагаасан. Тэгээд тэнд нөхөр нь нөгөө залуучуудтай маргалдаад байхаар нь Н.О эгч бид хоёр гэр лүү нь явж байсан чинь ардаас нь нөхөр нь хүрч ирээд хамт эмнэлэг явна гэж хэлээд дагуулаад явсан. ..Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Н.О эгч нөхөртэйгээ хэрэлдээд байхад Х.Т нь нөхрийнх нь ардаас эрүү рүү нь нэг удаа цохиод унагаасан аль талын эрүү лүү нь цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 578 дугаартай: “... О.Сгийн биед  эрүү ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. О.Сгийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид  хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 231 дугаартай: “...О.С  /*** /-ийн сэтгэцэд  2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх  хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан   хор уршгийг арилгах нөхөн  төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сард яг он сарыг нарийн сайн санахгүй байна найз Б.Т З.Атай хамт орой ****** нэртэй бааранд орж пиво ууж байгаад баар тарах үеэр баарнаас гарсан. Баарнаас гараад явж байхад З.А саадны урд явж байсан 2 хүүхэнтэй танилцаад бид хэд хамтдаа пиво уухаар болж байсан. Тэгээд тухайн үедээ  З.Агийн машинтай бид хоёр нөгөө хоёр хүүхнийг аваад гэрэлтэй цонхноос 2 том савтай үнээ пиво аваад хойд тал руу гарч уусан. Ингээд энэ хоёр хүүхэнтэй авсан пивоо хувааж ууж дуусгаад байж байхад нэг хүүхэн нь гэртээ харина гээд байхаар нь захын наахан талд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед тэр хүүхний хашааны гадаа ирэхэд хар өнгийн машин зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн манай найз залуу ирсэн байна гэхээр нь шууд цаашаа гудам гарах гээд явж байсан чинь нөгөө хар өнгийн машин бид нарын ардаас ирээд зогсоосон. Тэгээд машинаас махлаг залуу бууж ирээд эхнэртэйгээ хэрүүл хийгээд байхаар нь машинаас буугаад ирсэн чинь намайг хараад эхнэр лүүгээ чи ийм сохор хүнтэй явалддаг юм байна явж байгаа хүнээ хар гэсэн чинь тэр эхнэр нь урдаас юм хэлэхгүй байсан. Тэгсэн чинь тэр залуу над руу хүрч ирээд намайг заамдаад нөгөө гараараа нүүр лүү мангасдаад авсан чинь миний хиймэл нүд аяганаасаа унасан.Тэгэхээр нь доошоо тонгойх гэж байхдаа баруун гараа савсан чинь нөгөө залуугийн эрүүн дээр очоод оносон юм шиг байсан. Надад цохиулаад тэр залуу эрүү хугарчихлаа гээд нөгөө хоёр хүүхнийг аваад яваад өгсөн. Хохирол төлөөгүй, Тэр залуутай уулзахад надаас 25-30 сая төгрөг нэхсэн. Би ийм их хэмжээний мөнгө бол өгч чадахгүй. Эмчилгээний зардлыг нь бол өгнө. Бас ломбарданд тавьсан машин авч өг гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Д.Х нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Сгийн нүүрэн тус газарт нь цохиж эрүү ясанд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э, Б.Ш нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн_ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 578 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.А, З.А нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Д.Хын үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч О.С нь хохирол нэхэмжлэхээр хавтаст хэрэгт 3,575,630 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Дээрх баримтад хохирогчийн зайлшгүй хэрэглэх хэрэгцээний буюу хоол хүнсний хувцасны гэх ийм баримтууд авагдсан байгаа учраас үүнийг хохирол төлбөртэй холбоотой гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ авсан ийм баримтууд гэж үзэх боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс харж байгаа. Иймд хохирогч О.С-гийн хохирол нэхэмжлэхээр гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэмжээнд нь хохирогч О.С-д шүүгдэгч Д.Хаас гаргуулан олгуулах. Хохирогч О.С нь цаашид хагалгаа хийлгэнэ, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилнэ, зээл авчихсан байгаа учраас тухайн зээл хэтрэлттэй байна гэдэг ийм зүйлүүд ярьсан. Шүүх хуралдаанд, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нэхэмжилж байгаа зүйлсийн баримтыг гаргаж ирүүлээгүй. Иймд баримтаа бүрдүүлэн энэ зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх,  Улсын дээд шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн  зэрэглэлээр олгогдсон мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар ийм зохицуулалт байгаа. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Сгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 2 дугаар зэрэглэлд тогтоогдсон 2 дугаар зэрэглэлийн хувьд гэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 аас 12,99 дахин нэмэгдүүлж олгохоор заасан. Тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,00 төгрөг байгаа. Дээрх мөнгөн дүнг долоо дахин үржүүлж 4,620,000 төгрөгийг шүүгдэгч Д.Х-аас гаргуулж хохирогч О.С-д олгуулах, эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч О.С нь 3,524,476 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дээрх буруутай этгээд нь энэ санд учирсан хохирлыг нөхөн төлөх ийм хуулийн заалттай. Иймд шүүгдэгч Д.Х-аас эрүүл мэндийн даатгалын санд 3,524,476 төгрөгийг гаргуулан олгуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  Д.Х нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.С, иргэний нэхэмжлэгч Г.А, З.А, гэрч   Б.Э,  Д.Ш нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 578 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт  шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт О.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар  бие эрх чөлөөнд нь  халдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүү ясанд хугарал бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч  Д.Х-ын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч   О.Сгийн биед эрүү ясанд хугарал гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  Д.Х-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  Д.Х-ын хохирогч  О.С-гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Д.Х-ын  бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Сгийн биед учирсан гэмтэлд  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 578 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.С гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөр, эм эмчилгээ, хагалгааны төлбөр, тээврийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, машин барьцаалсан төлбөр зэргийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж /хх-ийн 90-94, 29-30/-д нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан зардал хх-ийн 89 дүгээр талд авагдсан / 5,400, 80,000, 10,000, 10,000/ 105.400 төгрөг, хх-ийн 90 дүгээр талд авагдсан /40,000, 1,000, 31,500/ 72.500 төгрөг, хх-ийн 91 дүгээр талд авагдсан  /40,000, 23,150, 30,000, 60,000, 70,000/ 223.150 төгрөг, хх-ийн 92 дугаар талд авагдсан /30.000/ төгрөг, хх-ийн 93 дугаар талд авагдсан /120,000, 80,000, 2,500, 45,000, 5,000, 3,500, 58,950/ 314.950 төгрөг,  хх-ийн 94 дүгээр талд авагдсан 70,000, 30,000, 30,000, 70,000/ 200.000 төгрөг зэргийг үндэслэн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал нийт 946.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч  Д.Х-аас гаргуулж хохирогч  О.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч  О.С-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 89 дүгээр талд авагдсан /89,400, 7,900, 15,800, 7,793, 9,000/ 129.893 төгрөг, хх-ийн 90 дүгээр талд авагдсан /12,400, 80,000, 50,000, 11,000, 55,500, 26,600, 650,000/ 885.500 төгрөг, хх-ийн 91 дүгээр талд авагдсан /39,000, 29,650, 36,241, 8,500, 12,000, 55,500/ 180.891 төгрөг, хх-ийн 92 дугаар талд авагдсан  /80,500, 30,000, 15,300, 88,800, 53,869, 40,000, 22,600, 80,000/ 411.069 хх-ийн 93 дугаар талд авагдсан / 36,300, 13,600, 13,400, 5,000/ 68.300 төгрөг, хх-ийн 94 дүгээр талд авагдсан /127,000, 10,500, 26,350, 11,100/ 174.950 төгрөг нийт 1.850.603 төгрөгийн баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу хоол ундны зардал мөн хэрэгт хамааралгүй зардал буюу  пиво, ундаа,  тамхи, оймс, гурил авсан баримт,  хэрэг болсон цаг хугацаанаас зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 1.850.603 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хохирогч О.С-гийн 3.586.433 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  хх-ийн 89 дүгээр талд авагдсан /21,100, 17,500, 128,000, 16,900, 17,500/ 201.000 төгрөг,  хх-ийн 90 дүгээр талд авагдсан /47,500, 39,990, 1,000, 1,500, 1,000, 600/   91590 төгрөг, хх-ийн 91 дүгээр талд авагдсан /3.500/ төгрөг,  хх-ийн 92 дугаар талд авагдсан  /171,060, 62,600, 16,000/  249.660 төгрөг, хх-ийн 93 дугаар талд авагдсан /102,450, 6,900, 5,000/ 114.350 төгрөг, хх-ийн 94 дүгээр талд авагдсан /24,400, 50,000, 8,000, 17,000, 30.400/ 129.800 төгрөг нийт 789.900 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин, машин барьцаалсан төлбөр, хагалгааны төлбөр зэрэг баримтгүй нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Х-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Мөн шүүхийн шатанд хохирогч  О.С нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж  тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт О.С-гийн бие эрх чөлөөнд нь  халдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүү ясанд хугарал бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь  2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон байна.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 231 дугаартай: “...О.С  /*** /-ийн сэтгэцэд  2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх  хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан   хор уршгийг арилгах нөхөн  төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэх дүгнэлтийн дагуу хохирогч О.С-гийн  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалзаасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

         Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч  О.С-гийн  эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч Д.Хын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч  О.Сд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

           2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 6 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3.960.000 төгрөг болж байна. / 660,000*6= 3.960.000/.

           Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  төгрөгийг шүүгдэгч Д.Х-ын нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч   Д.Х нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.524.476 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Х-аас 3.524.476 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн  505.1,  511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-аас 3,524,476 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 1009000280 дугаартай дансанд олгож, хохирогч О.С-гийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,850,603 хэрэгсэхгүй болгож, О.С-гийн  нэхэмжилсэн нэхэмжлэлээс 946,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3,960,000 төгрөг нийт О.С-д 4,906,000 төгрөгийг олгож, хохирогч О.С-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 789,900 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, машин барьцаалсан төлбөр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х-т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болоод мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Х нь хэрэг хариуцах чадвартай, мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, урьд долоон удаагийн ял шийтгэлтэй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгчдээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх холбоотой зардал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгч Д.Х өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..санал байхгүй..” гэв.

  Шүүгдэгч Д.Хын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч   Д.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч   Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   4.  Шүүгдэгч  Д.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч  Д.Х-аас 3.524.476  (гурван сая таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн *** дугаартай дансанд олгож, хохирогч О.С-гийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал 946.000 (eсөн зуун дөчин зургаан мянга) төгрөг,  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3.960.000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөг нийт 4.906.000 (дөрвөн сая есөн зуун зургаан мянга) төгрөгийг шүүгдэгч Д.Х-аас гаргуулж хохирогч О.Сд олгож, хохирогч О.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас  1.850.603 (нэг сая найман зуун тавин мянга зургаан зуун гурав)   төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.С-гийн нэхэмжлэлийн шаардлагаас   789,900 (долоон зуун наян есөн мянга есөн зуу) төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, машин барьцаалсан төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН