| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00217/И |
| Дугаар | 156/ШШ2019/00357 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 156/ШШ2019/00357
| 2019 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 156/ШШ2019/00357 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00217/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
.................тоотод оршин суух, Г. Б (РД: ..................)-ын хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р, прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... миний эцэг Базар овогтой Г 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор 10 жил хорих ял шийтгүүлсэн.
Дотоод явдлын яамны хэргийг нь хянаад 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор хэрэгт холбогдоогүй гэж сулласан юм. Хэнтий аймгийн сум дундын 01 дүгээр шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр Б.Гийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, хэрэгсэхгүй болгосон.
Эцэг Б.Г 1970 онд нас барсан. Эхнэр Б.М нь мөн нас барсан. 7 хүүхэд төрүүлснээс 2 нь айлд үрчлэгдэж, үлдсэн 5 хүүхдээс 4 нь нас барж, миний бие үлдсэн.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох тухай хууль 13 дугаар зүйлийн 2.2-т заасан, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсэгт заасны дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээс бүрдүүлсний дагуу цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Зууны мэдээ сонины 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн № 43, 44-т нийтэд мэдээлсэн тул нөхөх олговрын 40.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... (хх-ийн 1-2 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Б. Г нь 1889 онд тэр үеийн нэршлээр Зөвлөлт холбоот улсад төрж өссөн. 1920-иод оны эхэн үеэр эцэг Б, ээж З, эхнэр М, хүү Буджав, охин Цэрэндэжид нарын хамт Монгол оронд ирээд Хэнтий аймгийн Батширээт сумаар нутаглаж байгаад 1938 онд улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж эцгийн хамт баригдсан. Тэр үед миний ээж 12 настай байсан. Миний нагац аав Б.Г нь 1938 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 11 дүгээр хурлын тогтоолоор шүүх, цааз бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Дотоод явдлын яам хэргийг хянаад 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй гэж цагаатгасан. Мөн Хэнтий аймгийн сум дундын 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцоод хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.000.000 төгрөг авах үед нь хүү Б, охин Янар нь амьд байсан. Нөхөн олговрын мөнгөө гурвуулаа хувааж авсан. Миний нагац аав Г нь 1970 онд 81 насандаа нас барсан. Цагаатгалын мөнгө авснаас хойш хүү Б нь 2003 онд, охин Я нь 2009 онд нас барсан. Одоо манай ээж ганцаараа амьд сэрүүн байгаа. Миний ээж Быг Гийн хүүхэд гэдэг нь Монголын үндэсний архивын 1933-1938 оны Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв лавлагаанд бичигдсэн байдаг. Миний ээж Б нь эцгийнхээ хэлмэгдсэний 40.000.000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилж шүүхэд хандсан юм. Энэ тэтгэмжийг орон сууц аваагүйн төлөө олгож байгаа биш, хэлмэгдсэнийхээ төлөө, эцгийнхээ эцгийг алуулсных, өөрөө ямар ч хэрэгт оролцоогүй мөртлөө хэлмэгдэж явсных нь төлөө түүний санаа сэтгэлийн төлөө олгож байгаа нөхөн олговор гэж ойлгож байна. Түүнээс биш ганц эцэг эхэд олгогдох орон сууцны нөхөн олговор биш гэж үзэж байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан дагуу 40 000 000 төгрөгийг ээж Г.Бт олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Гийн төрсөн охин Б нь түүний хэлмэгдэж цагаатгагдсантай холбоотой нөхөн олговрыг авах эрх бүхий хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгогдох нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан материалуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй байна. Учир нь Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 05/2655 албан тоотоор архивын албан ёсны лавлагааг ирүүлсэн байдаг. Үүнд: Гийн цагаатгасан хэрэгт нь эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаарх баримт байхгүй бөгөөд эд хөрөнгө хураалгаагүй гэсэн лавлагаа авагдсан байгаа. Улс төрийн хэмлэгдэгчийн холбоотой шийдэгдсэн баримтууд зөвхөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагдаж эндээс лавлагааг албан ёсоор олгодог. Энэ лавлагаа хууль ёсны шаардлага хангаж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Б нь нөхөн олговор авах эрх бүхий этгээд боловч өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 40.000.000 төгрөгийн нөхөн олговор авах нөхцөл нотлогдохгүй байна. Хэдий хэлмэгдэгч баривчлагдсан байгаа ч гэсэн гэр орон сууцыг нь хураасан гэх баримт байхгүй. Харин хураагаагүй талаарх Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар бүрэн нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хэдийгээр энэ хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж хорих ялаар шийтгүүлсэн гэдэг нь тогтоогдож улсаас өгсөн 1.000.000 төгрөгийн нөхөн олговрыг авчихсан байгаа ч гагцхүү 40.000.000 төгрөгийг олгох үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Л.Рад цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Г.Б нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор (хх-ийн 14-15ы тал) цагаатгагдсан Базарын Гтой төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Үндэсний төв архивын лавлагаа, (хх-ийн 5 тал) Улсын бүртгэлийн төв архивын лавлагаа, (хх-ийн 8 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Базарын Г нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Дотоод явдлын яамны тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн Сум дундын 01 дүгээр шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаартай шүүхийн шийдвэрийн Хянавал хэсэгт ...Нэхэмжлэгч Г овогтой Я, Г овогтой Буджав, Г овогтой Б нар нь хэлмэгдэгч Базар овогтой Гийн төрсөн хүүхдүүд болох нь Үндэсний төв архивын 3636 тоот лавлагаа, иргэний паспортын хуулбар, Хэнтий аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны лавлагаанууд, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв архивын 6132 тоот лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо... гэж дүгнэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Гийн Я, Гийн Буджав, Гийн Б нарт аймгийн Цагаатгалын комиссоос 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Гийн Буджав 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 00/001234 дугаартай лавлагаагаар, Гийн Я 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн № 103/012023 дугаартай лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын... тус сумын 5 дугаар багийн иргэн СЖ-26070403 регистрийн дугаартай Гийн Б нь гэр болон орон сууц авч байгаагүй болохыг тодорхойлов... гэсэн № 221 албан тоотоор тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Гийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № 05/3499 дугаартай тодорхойлолтод:...хэргийг хянаад Дотоод явдлын яамны тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор 72.3-г баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ... гэж бичигдсэн байна.
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.2-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг... олгоно гэснээр Г.Бт 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Шарайд овогт Гийн Бт (СЖ-26070403 ) олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ