Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/273

 

 

 

 

        2021           3           18                                       2021/ДШМ/273

 

Б.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/910 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 09 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Мод холбогдох 2011000001059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 7-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-908 тоотод Мыг “Эхнэрийн хажууд өмнө нь уулзаж байсан эмэгтэйн талаар ярилаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “Хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Батсайханы Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулж”, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, оролцогч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлав” гэж заасан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг заалтыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүхийн дүгнэлтийн тулгуур болсон нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэлээс бүрддэг бөгөөд энэ нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл нь болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...ажиллагааг ямар хугацаанд ... ямар хэмжээгээр хийх” -ийг тусгахаар хуульчилсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласан үндэслэлээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт огт дурдаагүй орхигдуулсан нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/910 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 7-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-908 тоотод Мыг “Эхнэрийн хажууд өмнө нь уулзаж байсан эмэгтэйн талаар ярилаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “Хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Мын “...2020 оны 10 дугаар сарын 7-ны орой ажлаа тараад Б.Мын гэрт нь 1 шил архи хувааж уусан. Гэрээс нь гараад караокед пиво уугаад гарсан. Тэгээд манай гэрт 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид 2 ажлаа ярьж байгаад хоорондоо маргалдсан бөгөөд Б.М миний нүүр рүү гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Би эмнэлэгт оёдол тавиулахдаа ухаан орсон. ...Надад гомдол санал байхгүй. Бид хоёр учраа олсон. ...Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Миний эмчилгээг бүгдийг нь Б.М дагуулж яваад хийлгэж дуусгасан. ...” /хх 4-7, 8/,

гэрч Э.Нийн “...2020 оны 10 дугаар сарын 7-ны орой 22 цагийн үед манай нөхөр М ажлын газрын залуу болох Б.М, түүний эхнэрийн хамтаар манай гэрт ирсэн. Орж ирэхдээ М, Б.М 2 архи уусан байдалтай. Харин Б.Мын эхнэр эрүүл байсан. Тэд нар 1 шил архи, 1 том пиво аваад орж ирсэн бөгөөд авсан зүйлсээ манай нөхөр ажлын газрын залуугийн хамтаар уусан. Ингээд тэр 2 ууж сууж байгаад манай нөхөр, Б.М хоёр өмнө нь манай гэрт авч ирсэн хүүхний талаар ярьсан. Тэгтэл Б.М “Эхнэрийн хажууд юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд манай нөхрийн нүүр рүү олон удаа цохисон. Би хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Тэгээд хүүхдүүд уйлаад байхаар нь аргагүйн эрхэнд цагдаа дуудсан. ...” /хх 11/,

яллагдагч Б.Мын “...Би 2020 оны 10 дугаар сарын 7-ны орой ажлаа тараад хамт ажилладаг найз Мтай хамт манай гэрт очоод бид хоёр 1 ширхэг 0.75 литрийн архи уусан. Тэр үед манай найз охин Э байсан. Уг 1 шил архиа ууж дуусгаад караокед сууж байгаад тэндээс Мын гэрт нь очсон.  Тэр үед Мын эхнэр Н 3 хүүхдийн хамт байсан юм. Бид 4 хамтдаа 0.75 литрийн 1 шил архи, 2 литрийн 1 ширхэг пиво уусан. Тэгээд архиа уугаад сууж байхдаа М бид 2 ажил ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би Мын нүүр рүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохитол М намайг барьж аваад бид хоёр хоорондоо ноцолдсон. Тэр үед Э, Н нар салгасан. ...” /хх 53-55/ гэсэн мэдүүлгүүд болон,   

“...Мын биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 11656 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-17/,

М нь үзлэг, эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх 20-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Мыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан атлаа тогтоох хэсэгт орхигдуулсан зөрчил гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/910 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 950.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ