| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000090 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* ******* асрагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 142-2-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд талын төв замаар улсын дугаартай цэнхэр өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж биед нь зүүн шилбэ ясны далд хугарал, хамрын нуруу, нуруу, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид 804,492 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг төлөх гэсэн боловч хохирогч өөрөө харилцах дансгүй, хүүхдүүдээс нь данс авах гэхээр шүүхээс сэтгэл санааны хохиролтой холбоотой шийдвэр гарсны дараа дансаа өгнө гэсэн байр сууринаас хандаж байсан учраас тухайн хохирлыг төлж чадаагүй...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Чингисийн дэлгүүрийн урд дайруулсан. Тэгээд эмнэлэгт очоод ухаан орсон. Сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг нэхэмжилж байна. Тэрнээс өөр илүү дутуу зүйл нэхэмжлэхгүй. Миний эм тариаг хүүхдүүд авч өгдөг учраас хүүхдүүдэд яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. ...Хүүхдүүд надад сэтгэл санааны хохирол 8 сая хавьцаа гарах боломжтой гэсэн. Гэхдээ би энэ хүүхдийн боломж бололцоог харж байгаад 4,000,000 төгрөг авахаар ярилцаж зөвшөөрсөн. Мөн сүүлд эмчилгээ, эм тариа, хоол хүнсний зардалд 350,000 төгрөг зарцуулсан тул үүнийгээ нэмж нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн төрсөн охин, зээ нарын хамт ******* сумын 2 дугаар баг тоотод амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг Овоотод найз гэрт нь очиж тэнд байж байгаад орой 17 цагийн орчимд өөрийн гэр рүү харих гэж гараад ******* сумын 2 дугаар баг төв зам дагуу байх хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар чигээрээ урагш гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин миний зүүн талын хөлөөр дайрч мөргөсөн. Би босох гэхэд босож чадахгүй байсан. Тэр үед удалгүй түргэний машин ирээд эмч үзээд машиндаа суулгаад хүлээн авах руу явсан. ...Би зүүн хөлөндөө хагалгаа хийлгэж хадуулсан. Хагалгаа хийгдсэн хөл гишгэж чадахгүй дөнгөж суга таяганд орж байна. Мөн шагай хөндүүрлэх зовуурьтай байна. нь миний хагалгаанд орох эд зүйл эм тариа, суга таяг, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйлийг авч өгсөн. Миний эмчилгээний зардлыг төлсөн. Сэтгэл санааны хохирлын төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 34-35/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 1,582,385 төгрөг зарцуулагдсан байна. ...Буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад орой 18 цагийн орчимд манай хажуу айлын хөрш ах хэлэхдээ аав чинь Чингисийн дэлгүүрийн хажууд зам дээр машинд мөргүүлчихсэн байна гэхээр нь би нөхөр руу гар утсаар ярьж хэлсэн. Нөхөр аавын мөргүүлсэн газар нь очоод гэр рүү ирээд аавыг эмнэлгийн машин ирээд хүлээн авах руу авч явсан байна гэж хэлэхээр нь би хамт Бүсийн оношилгоо эмчилгээний тасгийн хүлээн авах тасаг руу очсон. Очиход аавыг өвчин намдаах тариа хийчихсэн дээшээ рентгенд харуулна гээд аваад гарсан байсан. Тэр үед аавыг дайрсан жолооч эмэгтэй надтай уулзсан. Тэгээд аав рентген зургаа авхуулаад гэмтлийн хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нохойндоо хоол өгчхөөд ******* сумын 2 дугаар баг Хан-Уул бага сургууль руу хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суухаар машинтайгаа хөдөлсөн. Тэгээд 17 цаг 40 минутын үед ******* сумын 2-р баг дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхдаа тухайн гарцан дээр явж байсан хүнийг мөргөчихсөн юм. Тухайн үед гадаа харуй бүрий болсон байсан бөгөөд би тухайн хүнийг анзааралгүй дайрчихсан. Тэгээд сандраад зүүн тийшээгээ явж байгаад буцаж эргээд хэргийн газарт машинтайгаа ирсэн. Улмаар эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учраас өөрийн санаачилгаар хохирогч Энхбатад хагалгаанд орох үед нь эмийн сангаас 450,000 төгрөгөөр эмчилгээний хадаас, 50,000 төгрөгөөр хоёр суга таяг, 100 төгрөгөөр эм тариа, 104,492 төгрөгөөр дорнод хүнс худалдааны төвөөс 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн хохирогчид 100,000 төгрөгийн үнэ бүхий шинэ куртка нийт 804,492 төгрөгийн туслалцаа үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64, 68/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ДОР0725/103 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн шилбэ ясны далд хугарал, хамрын нуруу, нуруу баруун ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 45-47/
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
6.1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ, авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 51-53/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12/
- Зам тээврийн ослын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13-14, 15-16/
- Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/
- Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25/
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 47/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/
- Шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70, 72-74/
- Шүүгдэгч *******аас хохирол төлбөр төлсөн баримт, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76-79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд талын төв замаар улсын дугаартай цэнхэр өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж биед нь зүүн шилбэ ясны далд хугарал, хамрын нуруу, нуруу, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ДОР0725/103 тоот “...*******ын биед зүүн шилбэ ясны далд хугарал, хамрын нуруу, нуруу баруун ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осол хэрэгт холбогдсон Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Хүүхдүүд надад сэтгэл санааны хохирол 8 сая хавьцаа төгрөг гарах боломжтой гэсэн. Гэхдээ би энэ хүүхдийн боломж бололцоог харж байгаад 4,000,000 төгрөг авахаар ярилцаж тохирсон. Мөн сүүлд эмчилгээ, эм тариа, хоол хүнсний зардалд 350,000 төгрөг зарцуулсан тул үүнийгээ нэмж нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан байна. Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4,000,000 төгрөг авахаар шүүгдэгч харилцан тохирсныг шүүхээс буруутгах боломжгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт сүүлд гарсан баримтгүй зардалд 350,000 төгрөг нэмж нэхэмжилснийг шүүгдэгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаан завсарлахад хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн байна. Иймд хохирогчийн нэхэмжилж буй 4,350,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж шүүгдэгч *******аас 2,350,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэлээ.
Үүнээс гадна хохирогч ******* нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж түүний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,582,385 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2,350,000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 1,582,385 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА