Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 156/шш2020/00832

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2020/00832

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2020/00801 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш ХХК / -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох 1,416,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-ний захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК нь Өмнөдэлгэр сумын Ойн ангиас 97м3+50=147м3 мод бэлтгэхээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл авч, мод бэлтгэх эрхийн бичгийн хураамжид Өмнөдэлгэр сумын орон нутгийн төсвийн орлогын дансанд 1,416,750 төгрөгийг тушаасан. Ингээд эрхийн бичгийн хугацаанд модоо бэлтгэж авах гэтэл цас их орж зам хаагдаж цаг агаарын бэрхшээлтэй тулгарч мод татах тээвэрлэх боломжгүй болж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас модоо бэлтгэж татаж тээвэрлэж чадаагүй тул төсвийн орлогод тушаасан эрхийн бичгийн 1,416,750 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын орон нутгийн төсвөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК-ний нэр дээр өндөр настан иргэн миний бие нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Ойн ангиас зөвшөөрөл авч 147м3 мод бэлтгэхээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийн хураамжид Өмнөдэлгэр сумын орон нутгийн төсвийн орлогын дансанд 1,416,750 төгрөгийг тушаасан. Тухайн үед эрхийн бичгийн хугацаанд модоо бэлтгэж авах гэтэл хүн хүч, техник дутагдсан мөн цаг агаарын бэрхшээлтэй тулгарч мод татах тээвэрлэх боломжгүй болсон. Ингээд мод бэлтгэх эрхийн бичгээ 14 хоногийн хугацаагаар сунгуулсан боловч энэ хугацаанд мөн модоо бэлтгэж чадаагүй. Миний мод бэлтгэж чадаагүй байдалд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг захиргаа, албан тушаалтаны буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй. Гэвч модоо бэлтгэж чадаагүй, аваагүй атлаа мөнгө төлсөн тэтгэвэрийн иргэн надад хэцүү байна. Иймд модоо бэлтгэж, татаж тээвэрлэж чадаагүй тул төсвийн орлогод тушаасан мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл авахад төлсөн 1,416,750 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын орон нутгийн төсвөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК-ийн захирал Ц.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох мод бэлтгэх эрхийн бичгийн 1,416,750 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь биелүүлэх боломжгүй. Төсвийн тухай хуулийн 7.1-д Төсвийн жил нь тухай оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан ба энэ төлбөр нь төсвийн дансанд орсон, хуульд ойн нөөц ашигласны төлбөрийг буцаан олгохтой холбогдсон ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. 2017 оны төсөв тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд 2020 оны төсвөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,416,750 төгрөгийг буцаан олгох хууль зүйн үндэслэл бүхий эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт олгоогүй. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд байгалийн нөөц ашигласны төлбөрийг буцаан олгохтой холбогдсон зохицуулалт байхгүй. Хэрэв энэ мөнгийг төсвөөс гаргаад өгч болдог бол надад татгалзах зүйл алга. Иймд Ш ХХК-ийн нэхэмжилсэн 1,416,750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан 1,416,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш ХХК нь  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрээн нуруу гэх газраас шинэс модыг ойн цэвэрлэгээний огтлол хийж, 147м3 мод бэлтгэх эрхийн бичиг авч, төлбөрт 1,416,750 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мод бэлтгэх эрхийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Энэ талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...энэ төлбөр нь төсвийн дансанд орсон, хуульд ойн нөөц ашигласны төлбөрийг буцаан олгохтой холбогдсон ямар нэгэн зохицуулалт байхгүй. 2017 оны төсөв тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд 2020 оны төсвөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,416,750 төгрөгийг буцаан олгох эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч сумын Засаг даргад олгоогүй гэж мэтгэлцлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар байгалийн нөөц ашигласны төлбөр нь орон нутгийн төсөвт төлөгдөж, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.7-д зааснаар сумын төсвийн татварын орлогыг бүрдүүлнэ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар сумын Засаг дарга нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх тул нэхэмжлэгч Ш ХХК нь мод бэлтгэх эрхийн бичигт төлсөн 1,416,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд ойн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх эсхүл хөнгөлөгдөх боломжтой, харин мод бэлтгэх зорилгоор эрхийн бичиг авч, мод ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлөөд эрх олгосон байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үл хамааран модоо бэлтгэж чадаагүйн улмаас орон нутгийн төсөвт төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш ХХК нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааны дотор модоо бэлтгэж чадаагүй явдалд хариуцагч Засаг дарга болон түүний удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь нотлогдохгүй байна. Мөн энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дын шүүх хуралдаанд гаргасан ...тухайн үед мод бэлтгэж авах гэтэл хүн хүч, техник дутагдсан мөн цаг агаарын бэрхшээлтэй тулгарч мод татах, тээвэрлэх боломжгүй болсон..., ...ингээд мод бэлтгэх эрхийн бичгээ 14 хоногийн хугацаагаар сунгуулсан боловч энэ хугацаанд мөн модоо бэлтгэж чадаагүй. Миний мод бэлтгэж чадаагүй байдалд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг захиргаа, албан тушаалтаны буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох 1,416,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох 1,416,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МАРИНА