Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

 

 

 

  

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Д.Дашням,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000260025  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Дөрвөлж” хороолол 517 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С******* үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайд ******* үл ялих зүйлээс шалтгаалан таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар түүнийг заамдаж нүүр, дух хэсэгт цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “үүдэн 2 шүдний хугарал, буйланд шарх, баруун нүдний салст, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: нь“” гэх газарт удаа дараа хүмүүсийг дарамталж байсан учир би түүнийг хэрэг төвөг хийхээс нь өмнө урьдчилан сэргийлсэн. Тэр хүн согтуу байсан. Урьд нь 5 хүний амийг хөнөөх гэж байсан, нэг хүнийг машинаар мөргөх гэж байхад хүмүүс түүний зогсоосон. Тэр үүднээс нь энэ хүнийг эргэж хэрэг төвөг хийх бий гээд согтуу байсан тул “миний дүү машин тэрэг дайрах гээд байна, яаж ачаад байгаа юм бэ, ковшийнхон том байдаг юм” гээд бид хоёр маргалдсан. Миний хувьд 10 жил архины асуудлаа шийдсэн.Тэгээд архинаас болоод хэрэгт орох бий гээд санаа зовоод таслан зогсоох гээд хэрэгт  холбогдсон.Одоо би миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, нөгөө хүн минь ухамсрын доройтолтой хүн байсан. Тэгээд ах нь өөрөө хариуцлагаа хүлээн зөвшөөрье гэсэн, өөр асуудал байхгүй...гэв.

 

Эрүүгийн 2530000260025 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч *******ын: 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомт дээр тээврийн жолоочид бид нар машиндаа нүүрсээ ачих гээд оочирлоод байж байхад гэх нөхөр ковшоо согтуу барьчихсан машин тэрэг унагаачих гээд байхаар нь, мөн тэр үед 3 удаа сигнал дарахаар нь би хойшоо нэг ухарсан. Мөн урагшаа нэг ухарсан. Тэгтэл эргээд сигналдсан. Тэгэхээр нь би оочирлож байсан эгнээнээсээ гарсан. Тухайн үед тэнд байсан машинууд хоорондоо нийлээд хавиралдаад байхаар нь би бууж очоодт “чи яаж ачаад байгаа юм бэ” гэхэд надад “Би ачдагаараа ачиж байна” гэж хэлсэн. Тухайн үед бид хоёрын дунд нүүрс ачихаас болж маргалдаан нь эхэлсэн. Ковшийн жолооч уул нь дарааллын дагуу нүүрсээ машин дээрээ ачих ёстой байдаг юм. Тухайн үедтай муудаад цээж рүү нь гараараа нэг удаа цохиод, зодолдож эхэлсэн. Тэр үед нүүр рүү гараараа цохисон, хоорондоо зодолдож байсан хүмүүс болохоор хаа хамаагүй нэг нэгнийгээ цохиж байсан. Хохирогч нь надаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Хэрэв эмчилгээний зардлаа нэхэмжилбэл би төлнө...гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

 

- Хохирогч : Тухайн үед миний ковшийн хоёр талаар машинууд эгнээд оочирлосон би хоёр тийшээ эргэж ээлжилж ачилт хийж байхад ******* нь машинтайгаа миний баруун гар талаар орж ирж зогссон. Би зүүн гар талаас орж ирсэн тээврийн хэрэгсэл арай урагшаа өнгөрч зогсоод байхаар сигнал дарж зогсоогоод эргэж харахад нь хөдлөөд гарч байхаар нь би яасан юм бол гэж дотроо бодоод цаад талынх нь машинд ачилт хийсэн чинь нь хүрч ирээд “намайг буугаад ир, чи одоо яаж ачаад байгаа юм” гэхэд нь “би яаж ачсан юм ачдагаараа ачиж байна” гэхэд хоёр гараараа заамдаж баруун гараараа миний нүүр лүү цохисон. Тэгсэн миний үүдэн хоёр шүд унахаар нь “чи шүд унагачихлаа” гэхэд “тэгвэл чамайг нэг мөсөн гүйцээчихье” гээд миний дух, болон зүүн нүд рүү гараараа цохисон. Тухайн миний сигнал дарж зогсоосон машины жолооч болох Баяртөр гэх хүн хажууд ирээд салгасан.

Би аймагт байдаг хувийн шүдний эмнэлэг дээр очиж түрдээ буйлтай шүд хийлгэчихсэн байгаа. Тухайн үүдэн 2 хиймэл шүдийг 110,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Эмч хэлэхдээ яаралтай шүдээ хийлгэхгүй бол дараагийнх нь шүднүүд хөдөлгөөнд орж унана гэсэн. Надад эмчилгээний зардал төлөөгүй байгаа. Би ч эмчилгээний баримт гаргаж өгөөгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй танилцлаа. Би хүснэгтэд заасан 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Надад үүдэн 2 шүдээ хийлгэчихвэл өөр гаргах гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас),

 

- Гэрч :Тухайн газар ковш машинд нүүрс ачиж байгаад хэсэг ачихгүй зогссон. Тэгэхээр нь 5-10 минут машин дотроо хүлээж байгаад ковш байгаа газар луу очиход газар уначихсан хэвтэж байсан. Харин ыг Баяртөр гэх жолооч хорьчихсон зогсож байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

- төвийн их эмчийн “хуйх эмзэглэлгүй, духны хэсэгт 0,51 см орчим зулгаралт, шархтай нүд 2 талдаа хүүхэн хараа гэрлийн урвалтай ижил, баруун нүд хүрэн ирээн доод хэсэг буюу нүдний дотор скилер дээр цус хурсан, зүүн нүдний зовхи хөхөрсөн, хамар тэгш , уруул хавдсан, дотор хэсэгт 2-2,5 см  орчим зулгарсан шархтай. Үүдэн 2 шүд хугарсан, буйлнаас цус гарсан. Хүзүүний хөшингө илрээгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай “ 1. биед үүдэн 2 шүдний хугарал, буйланд шарх, баруун нүдний салст, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, уруулд зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 60 дугаар хуудас)

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 47 дугаар хуудас)

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 52-55 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтод үйл  ажиллагаа явуулах “” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайд иргэн ******* “ нүүрс буулгах” асуудлаас шалтгаалан таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр, дух хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь “үүдэн 2 шүдний хугарал, буйланд шарх, баруун нүдний салст, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Бичигт боомт дээр тээврийн жолоочид бид машиндаа нүүрсээ ачих гээд оочирлоод байж байхад гэх нөхөр ковшоо согтуу барьчихсан машин тэрэг унагаачих гээд, сигналдаад байхаар нь би оочирлож байсан эгнээнээсээ гараад, тэнд байсан машинууд хоорондоо нийлээд хавиралдаад байхаар нь би бууж очоодт “чи яаж ачаад байгаа юм бэ” гэхэд надад “Би ачдагаараа ачиж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нүүрс ачихаас болж маргалдаад цээж рүү нь гараараа нэг удаа цохиод, зодолдож эхэлсэн. Хоорондоо зодолдож байсан хүмүүс болохоор хаа хамаагүй нэг нэгнийгээ цохиж байсан ” гэх,

хохирогч “ Миний ковшийн хоёр талаар машинууд эгнээд оочирлосон би хоёр тийшээ эргэж ээлжилж ачилт хийж байхад ******* нь машинтайгаа миний баруун гар талаар орж ирж зогссон. Би зүүн гар талаас орж ирсэн тээврийн хэрэгсэл арай урагшаа өнгөрч зогсоод байхаар сигнал дарж зогсоогоод эргэж харахад нь хөдлөөд гарч байхаар нь би яасан юм бол гэж дотроо бодоод цаад талынх нь машинд ачилт хийсэн чинь нь хүрч ирээд “намайг буугаад ир, чи одоо яаж ачаад байгаа юм” гэхэд нь би “яаж ачсан юм ачдагаараа ачиж байна” гэхэд заамдаж аваад баруун гараараа миний нүүр лүү цохисон. Миний үүдэн хоёр шүд унахаар нь “чи шүд унагачихлаа” гэхэд тэгвэл чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд миний дух, болон зүүн нүд рүү гараараа цохисон. Тухайн миний сигнал дарж зогсоосон машины жолооч болох Баяртөр гэх хүн хажууд ирээд салгасан ” гэх,

гэрч “ Тухайн газар ковш машинд нүүрс ачиж байгаад хэсэг ачихгүй зогссон. 5-10 минут машин дотроо хүлээж байгаад ковш байгаа газар луу очиход газар уначихсан хэвтэж байсан. Харин ыг Баяртөр гэх жолооч хорьчихсон зогсож байсан ” гэх мэдүүлгүүд,

төвийн их эмчийн “хуйх эмзэглэлгүй, духны хэсэгт 0,51 см орчим зулгаралт, шархтай нүд 2 талдаа хүүхэн хараа гэрлийн урвалтай ижил, баруун нүд хүрэн ирээн доод хэсэг буюу нүдний дотор скилер дээр цус хурсан, зүүн нүдний зовхи хөхөрсөн, хамар тэгш , уруул хавдсан, дотор хэсэгт 2-2,5 см  орчим зулгарсан шархтай. Үүдэн 2 шүд хугарсан, буйлнаас цус гарсан. Хүзүүний хөшингө илрээгүй” гэх тодорхойлолт,

Шинжээчийн 54 дугаартай “ 1. биед үүдэн 2 шүдний хугарал, буйланд шарх, баруун нүдний салст, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, уруулд зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч нүүр, дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 54 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг өшиглөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний цохиж зодсоноор  эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

7. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Шүүгдэгч ******* нь “ нүүрс буулгах” асуудлаас хохирогч ******* маргаан үүсгэн, улмаар шууд санаатай үйлдлээр түүний нүүр, дух хэсэгт цохиж зодсон, уг үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр хэрэгт Би аймагт байдаг хувийн шүдний эмнэлэгт түрдээ буйлтай шүд хийлгэчихсэн байгаа. Тухайн үүдэн 2 хиймэл шүдийг 110,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Эмч хэлэхдээ яаралтай шүдээ хийлгэхгүй бол дараагийнх нь шүднүүд хөдөлгөөнд орж унана гэсэн” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тухайн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаагүй байна.

 

            Мөн тэрээр өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ аваагүй, тус санд хохирол учраагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.28-ны өдрийн 23/21 дугаартай албан бичгээр нотлогдоно.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч Б.Анхбаяр нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

4. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заажээ.

 

Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

            Эн хэргийн хохирогч Б.Анхбаяр нь тухайн гэмтлийн улмаас үүдэн 2 шүдээ унагаж, хиймэл шүд хийлгэж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон, тэрээр өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч, нэхэмжилнэ гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, болох хэрэгт мэдүүлсэн зэргийг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж зааснаар шүүгдэгч *******аас тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугар зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, 2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно ” гэх зохицуулалт нийцэх буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 12 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний сард 660,000 төгрөг байхаар тогтоосон заалтад хамаарах юм.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Дашнямаас “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу хохирогч тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил төрлөө гүйцэтгэж, машины дарааллаар ачаа ачаагүй нөхцөл байдлаас шалтгаалан маргаан үүсгэн тухайн гэмт хэргийг үйлджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Анхбаяр нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН