Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 156/шШ2021/00537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00446/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н Д-ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Д холбогдох даатгалын нөхөн төлбөрт учирсан гэм хорын хохирол 3.997.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т /онлайнаар/, хариуцагч Ж.Д /онллайнаар/, гэрч О.Б , иргэдийн төлөөлөгч Н.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Даатгуулагч  нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай Н ДХХК-тай 408060 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан Хонда маркийн фит загварын .. УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ж.Д нь Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэрлэн ухаалаг худгийн урд талын замд Е Ш инвест ББСБ ХХК өмчлөгчтэй даатгуулагч О.Б ийн Хонда маркийн Фит загварын .. УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-д заасан хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчин Хьюндэй маркийн Портер загварын ..ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар даатгуулагч О.Б т хохирол учирсан болох нь холбогдох байгууллагуудын баримтаар тогтоогдож байна.

Манай компанийн зүгээс даатгалын гэрээний үүргийн дагуу даатгуулагч Батчимэгт учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлсөн.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д болон даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх төлбөрийг даатгалын буруутай этгээд болох Жамбалсүрэнгийн Дагвадоржоос 3.997.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б  нь өөрийн эзэмшлийн Хонда маркийн Фит загварын .. УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н ДХХК-д ТЭГШ 4 тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн уг даатгал нь даатгалын гэрээний 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд буюу жолоо шилжих үеийн эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учирч болзошгүй эрсдэл зэргийг Н Д100% хариуцахаар даатгалын гэрээг хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Д миний бие хадам эгч О.Б ийн эзэмшлийн .. УАН улсын дугаартай Хонда Фит маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-д заасан заалтыг зөрчиж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан нь үнэн гэхдээ даатгуулагч О.Б  нь даатгалын гэрээнд заагдсан эрхээ эдэлж Н ДХХК-иас машины эвдрэл гэмтлийг засварлах үнэ 3.997.100 төгрөгийг даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-д заасны дагуу баримтуудыг бүрдүүлж өөрийн 5079845842 тоот дансаараа авч машинаа засварласан. Миний бие Н ДХХК-иас мөнгө төгрөг авч хэрэглэсэн зүйл байхгүй байхад Ж.Д надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн заалтын дагуу Н ДХХК-иас надад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэхдээ даатгуулагч О.Б  нь гуравдагч этгээд болох Ж.Д надаас нөхөн төлбөрийг хангуулах эрхээсээ өөрөө сайн дураараа татгалзаж байгаа тул миний бие даатгагч Н ДХХК-иас даатгалын гэрээний үүрэг болох 3.997.100 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдөж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.А  дүгнэлтдээ: ...Жолоо шилжүүлж осол гаргасан хүний буруу боловч Н ДХХК-иас нөхөн төлбөр нэхэмжлэх нь буруу гэж үзэж байна... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ДХХК нь хариуцагч Ж.Д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт учирсан гэм хорын хохирол 3.997.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н ДХХК нь ...даатгуулагч О.Б тэй авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, гэрээний дагуу 93-70 УАН улсын дугаартай


тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3.997.100 төгрөгийг даатгуулагчийн дансанд бүрэн шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийг Ж.Д барьж хохирол учруулсан тул хохирлыг буруутай этгээдээс шаардаж байна.. хэмээн нэхэмжлэл гаргасныг

Хариуцагч Ж.Д эс зөвшөөрч ..Б  эзэмшлийн 93-70 УАН улсын дугаартай Хонда Фит маркийн авто машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь үнэн, даатгуулагч О.Б  нь даатгалын гэрээнд заагдсан эрхээ эдэлж даатгалаас 3.997.100 төгрөгийг авсан. Н ДХХК нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэж маргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар өөрт учирсан шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н ДХХК нь иргэн О.Б тэй 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан Хонда фит маркийн 93-70 УАН улсын дугаартай, Е Ш ББСБ-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг Тэгш-4 гэх даатгалын нөхцөлөөр даатгуулж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээг байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүйгээс гадна зохигчдын хэн аль нь Даатгалын гэрээтэй холбогдуулан маргаагүй байна.

Мөн даатгалын тохиолдол үүссэн болон хохирлын хэмжээний тухайд талууд  маргаагүй.

Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ж.Д нь уг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, 43-24 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасны улмаас даатгуулагч О.Б ийн 93-70 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан автомашины хохирлын мэдүүлэг, Н ДХХК-д гаргасан Дагвадоржийн өргөдөл зэргээр нотлогдохоос гадна 93-70 УАН Хонда Фит маркийн автомашинд учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-иар үнэлүүлж, 23 төрлийн эд ангид учирсан техникийн эвдрэлийн үнэлгээгээр шууд гарах зардлыг 3.997.100 төгрөг гэж тогтоожээ.

Даатгагч Н ДХХК болон даатгуулагч О.Б  нарын байгуулсан даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь даатгалын нөхөн төлбөрт 3.997.100 төгрөгийг автомашины өмчлөгч Е Ш ББСБ-ын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/199 дүгээр албан бичгээр олгосон хүсэлтийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр О.Б ийн 5076845842 тоот дансанд шилжүүлж, даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 35, 39 хуудаст авагдсан хүсэлт болон ХААН банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Даатгалын гэрээний дагуу даатгагч Н ДХХК нь даатгуулагчид учирсан хохирлыг автомашинд учирсан хохирлын үнэлгээний баримтад үндэслэн бүрэн барагдуулсан байна.

 

Хариуцагч Ж.Д  жолоодож явсан Хонда Фит маркийн 93-70 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулагч О.Б  нь Н ДХХК-тай Төгөлдөр нэртэй Тэгш-4 автомашин даатгалын гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн жолоочийн ганцхан өөрийн нэр дээр хийлгэж, хураамжид 300.000 төгрөгийг тушааж, хариуцагч Ж.Д нь даатгалд хамаарагдаагүй болох нь даатгалын гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 23 тал/

Хариуцагч Ж.Д нь уг тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй ба ...даатгалын компанид даатгуулсан тээврийн хэрэгслийг хэн ч барьж явсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгал өгөх ёстой, даатгуулагч О.Б  нь гуравдагч этгээд Ж.Д надаас нөхөн төлбөрийн шаардлагыг хангуулах эрхээсээ өөрөө сайн дураараа татгалзаж байгаа тул би уг нөхөн төлбөрийг Н ДХХК-д төлөх үүргээс чөлөөлөгдөнө хэмээн татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н ДХХК нь даатгуулагч О.Б т даатгалын нөхөн төлбөрийг төлж дуусгаснаар шаардах эрхийг шилжүүлэн авахаар зохицуулсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг хэн буруутай этгээд нь хариуцахаар зохицуулсан бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу хариуцагч Ж.Д  буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч О.Б т учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх Н ДХХК-д шилжсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Н ДХХК нь шаардах эрхийнхээ хүрээнд даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар, гэрч О.Б ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ж.Д даатгалын нөхөн төлбөрт 3.997.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Н ДХХК болон даатгуулагч О.Б  нарын хооронд байгуулсан Тэгш-4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.8-д Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль буюу гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байхаар давхар зохицуулсан болохыг дурдаж байна.

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийг даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх нь буруу хэмээн дүгнэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.903 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Н ДХХК-ийн захирал Б.Ж Э.Төгсжаргалд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосны дагуу Э.Т нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбатыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийхэд оролцогчид татгалзахгүй гэсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Ж.Д даатгалын нөхөн төлбөр 3.997.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ДХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.903 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА

 

ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ