| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00574/И |
| Дугаар | 156/ШШ2019/00555 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2019/00555
2019 оны 10 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2019/00555 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00574/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ............оршин суух, Д.Х /................./-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Д.Х,
прокурор Д.Энхжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ц.Д нь 1955 онд Өндөрхаан хотын шүүхийн шийдвэрээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхээс 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цагаатгасан. Надаас өөр нөхөх олговор авах хүн манайд үлдээгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр Улсын дээд шүүхээс Ц.Дгийн зарим ялыг цагаатгасан боловч үлдэх хэрэгтээ гэм буруутай хэвээр үлдсэн тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Х нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 174/6141/ дугаарт нийлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ц.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж цагаатгагдсан, Д.Х нь Ц.Дгийн төрсөн хүү, түүнчлэн Ц.Д нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан орон сууц олгож байгаагүй гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар тогтоол,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/3078 тоот лавлагаа,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар шийдвэр,
- Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 208 тоот албан бичиг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.2 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1 Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд Ц.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний хүү Д.Хд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс Хэдийгээр Улсын дээд шүүхээс Ц.Дгийн зарим ялыг цагаатгасан боловч үлдэх хэрэгтээ гэм буруутай хэвээр үлдсэн тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэх саналыг гаргасан болно.
Ц.Д нь Өндөрхаан хотын шүүхийн 1955 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 86 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-ээр 3 жил, 128 дугаар зүйлийн 1-ээр 4 жил, 137 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлж, 47 дугаар зүйлийг журамлан биечлэн эдлэх ялыг 10 жилээр тогтоожээ. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар тогтоолоор Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянаад зөвхөн Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-ээр хорих ял ногдуулсан хэсгийг хүчингүй болгон цагаатгаж, цагаатгалын үнэмлэх олгожээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар хэлмэгдэгчид нөхөх олговорыг олгохоор хуульчилсан тул хэдийгээр зарим хэрэгтээ гэм буруутай үлдсэн боловч тодорхой хугацаанд хилс хэрэгт ногдуулсан хорих ялыг эдлэсэн тул Ц.Д, түүний эхнэр, хүүхэд нөхөх олговор авах эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Биндэр сумын Төрийн сангаас гаргуулан Боржигон овогт Дэндэвийн Хд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ