| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00762/И |
| Дугаар | 156/шш2020/00812 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 156/шш2020/00812
156/ШШ2020/00812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00762/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүн хараа Мандал сум, Д.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, хариуцагч Д.Б /онлайнаар / нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Н нь 2017 онд Д.Бтэй танилцсан. Бид хоёрын дундаас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.Б маань төрж хамтран амьдарсан. Бид хоёр тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2019 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Иймд Д.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Борхүү нь 2018 оноос Д.Нтэй хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд хүү Д.Б төрсөн. Бид Зүүн хараад хамт амьдарч байгаад 2019 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Аварга тосонгийн рашаан сувилалд хүүтэйгээ гурвуулаа явсан. Бид Хэнтийд рашаанд 5 хоноод аймаг орсон, аймаг ороод хадмынд очоод байж байтал Нандиа би энд үлдлээ, би танай аав, ээж дээр очмооргүй байна намайг нэг сарын дараа ирж аваарай гэхэд нь бид жаахан маргалдсан. Тэгээд эхнэр хүү хоёр маань Хэнтийд үлдсэн. Түүнээс хойш би Хэнтийд эхнэр хүүхдээ авахаар 2 удаа очсон боловч Д.Н надтай уулзахгүй зугтаачихдаг бөгөөд би хүүхдээ эмээ, өвөө дээрээ байхад нь очиж уулзаад буцсан. Намайг очиход Д.Н болон ээж нь намайг одоо ирээд хэрэггүй биз дээ гэсэн. Би одоо хүүгээ их санаж байна. Би цус харвалт, саажилтын улмаас, 2020 оноос эхлэн 50 хувийн группт орсон. Одоо ажил хийдэггүй группт, байнгын эмчилгээнд байдаг. Группийн мөнгө гэж сард 280,000 төгрөг авдаг. Ирэх жилээс группийн мөнгө 175,000 төгрөг болохоор байгаа. Би Д.Нийг Хэнтийд үлдсэнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр, 2020 оны 1 дүгээр сард болон 9 дүгээр сарын сүүлээр 3 удаа очиж уулзан эргэж, харихыг гуйж зөвшөөрөхгүй болохоор нь хүүгээ хувцаслаад, ойр зуурын хэрэглээг нь базааж өгөөд ирсэн. Б.Б нь миний төрсөн хүүхэд учраас би хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй. Хэрэв боломж байдаг бол хүүгээ өөр дээрээ авахыг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Бийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Бгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Нт даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА