Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/302

 

 

 

 

 

         2021           3           25                                        2021/ДШМ/302

 

Г.Х, Т.А, Б.Ба нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж,

Шүүгдэгч Б.Ба, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж, Л.Мөнхтөр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Ба нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Х, Т.А, Б.Ба нарт холбогдох 2006000002592 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Х, Т.А, Б.Ба нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод /нийтийн байрны 16 тоотод/ иргэн Д.Мыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт,

Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Гд байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,

Б.Баын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ханхөхий овогт Буянжаргалын Б.Б, Боржигон овогт Ган-Очирын Г.Х, Даваа овогт Төрмөнхийн Т.А нарыг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар Г.Х, Т.А, Б.Ба нарыг тус бүр 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4 дэх заалтад зааснаар Г.Х, Т.А, Б.Ба нарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Х, Т.А, Б.Ба нарын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Фүз тий ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Айс тий ундааны сав 1 ширхэг, Монгол стандарт архины шил 1 ширхэг, Өргөө гэх архины нэртэй хуванцар 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай, гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Ба нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын 11 дүгээр хуудас, 3 дугаар цогцолборт “...16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно гэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй.

- Хохирогчоор Д.Гг тогтоосон, мөн гэрчээр байцаасан мөртлөө хохирогчоор тогтоосон тогтоолоо үгүйсгэж, хүчингүй болгоогүй байтал шүүх гэрчээр гэж дүгнэлтэд оруулсан,

- Хохирогчгүй, хохирол нэхэх хүнгүй хэрэг болж шийдвэрлэсэн,

- Оршуулгын зардал мэтийн холбогдолтой нэг ч баримтгүйгээр шийдвэрлэсэн,

- Хохирогчийг тогтоож шүүх хуралд оролцуулаач гэж шүүх хурал дээр хэлсээр байтал санаатай орхигдуулсан.

2. Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэнийг тогтоогоогүй.

- Үхлийн өшиглөлтийг гэрч гэгдэх Ж.Мөнхтогтох үйлдсэн гэдгийг Б.Ба, Г.Х, Т.А нар хэлж бичсээр байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хэсгийг шүүх шийдвэрлээгүй,

- Үхлийн өшиглөлт, орноос татаж буулгасан зэрэг нь 2 өөр газарт, 2 өөр үйлдэл болсныг санаатай нууж, орон дээр болсон үйлдэлд гэрч Д.Ггийн мэдүүлгийг нотлох баримт болгосон,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Мөнхтогтохын гэрчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Д.Г нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчийн аль нь вэ. Мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй, шүүх хуралд оролцуулахгүй гэж улсын яллагч оролцуулахгүй байгаа нь хууль бус ажиллагааг нуугаад байна,

- Д.Ггийн мэдүүлэг гэх Г.Хийг муулсан үйлдлүүдийг шүүх хүчингүй болгосон мөртлөө гэрч Нарантуяа нарын Г.Хийг муулсан гэх ганц, хоёр үг нэмж нотлох баримт болгосныг шалган тогтоож өгнө үү.

3. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй, Мөнхтогтох гэгч Д.Ггийн мэдүүлгийг ашиглан орон дээр болсон үйлдлийг гуйвуулан өөрөө үхлийн өшиглөлт хийсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

4. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн талаар прокурорт бичсэн санал хүсэлтийн талаар нэг үг өгүүлбэр, шийдвэр байхгүй, санаатай орхигдуулсан. Г.Хэд өмгөөлөгч байлгалгүй хүчээр танилцуулж, гарын үсэг зуруулсан.

5. Г.Х нь нэг хүүхдийн хамт байдаг гэж бичсэн мөртлөө тэр хүүхдийн талаар тогтоолд дурдаж, асрамжийн талаар яах эсэхийг санаатай орхигдуулсан мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4  дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Г.Хийг яаралтай батлан даалтад гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж, Л.Мөнхтөр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч, дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл хэргийн бодит байдлыг тогтоох:

- Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

- Энэхүү хэргийг мөрдсөн мөрдөгч, хянасан прокурор нь хэргийн бодит байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

- Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх:

- Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүйгээр, хуулийн этгээд, иргэн бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй.

3. Т.Агийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн амь нас хохирсон эсэх:

            Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр байцаагдсан гэрч Д.Г нь намайг гарахад талийгаач Д.М орон дээрээ хэвтэж байсан. Харин цагдаатай хамт гэртээ ороход Д.М ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтэж байсан гэж тогтвортой мэдүүлсэн. Тэгэхээр энэхүү гэрчийн мэдүүлэг орон дээрээс унахаас өмнөх үйл баримтыг гэрчилдэг. “Д.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, хэргийн газар авсан фото зураг зэргээс үзэхэд хохирогч Д.М гаднаас согтуу орж ирээд хувцастайгаа орондоо орсон нь тогтоогдсон. Ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй гэж тухайн хэрэг учрал болоход байсан бүх хүмүүс гэрчилсэн нь ил харагдах нүүр гарыг ямар нэг шарх сорвигүй байсныг гэрчилсэн билээ.

            Үүнийг хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн хохирогчийн газар хэвтэж буй фото зураг, мөн шүүх эмнэлгийн цогцосны байдлыг харуулсан фото зургаар хохирогч Д.Мын биеийн цээжинд, хэвлий, хөл, гар, ил харагдах ямар ч гэмтэл байхгүй, харин нүүрний хэсэгт гэмтэл авсан нь мөн шүүх эмнэлгийн гадна үзлэгээр зөвхөн нүүрний хэсэгт учирсан гэмтэл дурдагдсан бөгөөд эдгээр гэмтэл үхэлд хүргээгүй болно.

            Хэвлийн хөндийн битүү гэмтэл нь унах, авто осолд орох, мохоо зүйлээр цохих зэрэгт үүсдэг эмнэл зүйн хувьд оношлоход маш ээдрээ төвөгтэй гэмтэлд тооцогддог бөгөөд гэрч Д.Г нь Мөнхтогтохын тухайд цагдаа дуудахаар гарахаас өмнөх үйл баримтыг гэрчилсэн, харин гараад явсны дараа Мөнхтогтохын хийсэн үйлдлийг гэрчлэх боломжгүй юм.

            Хавтаст хэрэгт авагдсан үйл явдал болоход хамт байсан бусад 4 хүн өөрөөр хэлбэл, Мөнхтогтох, Хүсэлнэмэх, Б.Б, Т.А нар тухайн хэрэг болоход хамт архи уугаад согтуу байсан нь гэрч Э.Ундрахбаярын мэдүүлэг болон тухайн өдөр согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, мөн ял шийтгэлтэй эсэх зөрчлийн талаар мэдээлэл зэргийг шалгасан нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл бүгд согтуу хэргийн газраас баригдаж бүгдээс нь согтолтын зэрэг тогтоосон атал Мөнхтогтохын согтолтын зэрэг тогтоосон нотлох баримт хэргээс алга болсон ба Мөнхтогтохын ял шийтгэлтэй эсэх, зөрчил гаргаж байсан эсэх нотлох баримтууд хэрэгт байгаа болно.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2103 дугаар дүгнэлт, гэрч Д.Г, Мөнхтогтохын мэдүүлэг шинжлэх ухааны хувьд хоорондоо эрс зөрүүтэй, харин ч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн. Энэ талаар үндэслэлээ шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбарлах болно.

4. Мөнхтогтох хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар:

            Мөнхтогтохын мэдүүлэг тогтворгүй бөгөөд анхнаасаа Г.Х, Б.Ба, Т.А нар Д.Мыг Мөнхтогтох зодсон талаар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн. Гэтэл хэргийн газар хамт согтуу байгаад бүгд зодсон гэж мэдүүлсээр атал 4 оролцогчийн 1 нь гэрч болоод, бусад гурваа ялласан. Мөнхтогтохын мэдүүлэг туйлын үнэн, харин бусад 3 туйлын худал мэдүүлэг өгсөн гэдгийг зөвхөн Д.Г өөрийн гарч явахаас өмнөх үйлдэлд Мөнхтогтох хохирогчид гар хүрээгүй гэсэн мэдүүлгээр дүгнэсэн нь Мөнхтогтохыг ял завшихад хүргэсэн.

            Харин Т.А, Б.Ба, Г.Х нарын мэдүүлгээр Мөнхтогтох орноос татаж унагаад толгой руу өшиглөсөн гэж мэдүүлсэн ба хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь биеийн хэвлийн ар хэсэгт байрлах хэвлийн хөндийн битүү гэмтлээс нас барсан байдаг.

            Мөнхтогтох гэгч нь хэн бэ гэдэг хувийн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь тогтоогдсон. Хэрэг шалгаж байх үед хулгайн гэмт хэрэг үйлдээд хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Үүнийг хэрэг шалгаж байсан мөрдөгч мэдэж байсан. Хорих ангид Т.А, Г.Х, Б.Ба нарыг байцаах гээд уулзахад Мөнхтогтохтой тааралдсан байдаг. Мөнхтогтох уг хулгайн хэрэгтээ шүүхээс ял авч, одоо хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа болно.

5. Д.М биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж гэж зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд:

            Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М нь хөнгөн зэргийн согтолттой гэж тогтоогдсон байх ба Д.М гэртээ өөрөө ирээд, орондоо орсон нь биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэсгүй болно. Харин гаднаас гэмтэл авч ирээд гэмтлийн улмаас босч чадахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Д.Мын үхэлд хүргэсэн гэмтэл нь орноос татаж унахдаа авсан гэмтэл үү, гаднаас дээрхи гэмтлийг авсан байсан уу гэдэг эргэлзээтэй. Гэрт авсан гэмтэл гэж  үзвэл үхлийн цаг таарахгүй байгаа болно. Д.М нь тэр өглөө 7 цагт гараад орой 19 цаг хүртэл хаана, хэн хэнтэй архи уусан маршрутыг шалгах шаардлагатай байсныг шалгаагүй.

            Анхан шатны шүүх хуралдаанд гэмтлийг гаднаас орж ирэхдээ авсан байсан эсэх, орноос хүчтэй татаж унахад үүссэн эсэхийг бодитоор тогтоогоогүй тул шүүхийн шатанд хэзээ, ямар нөхцөл байдлаас хэвлийн хөндийн битүү гэмтэл авсныг бодитоор тогтоох боломжгүй. Шүүх хуралдаанд шинжээчийг болон хохирогч Д.Г нарыг оролцуулах хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн тул тусгай мэдлэг шаардлагатай шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаах санал тавьсан билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ тогтоогдоогүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар тухайн өдөр болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлдэг. Үүний талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ч гэм буруутайд тооцсонд цор ганц үнэнг олж өгөөч хэмээн ийнхүү гомдол гаргаж байна.

Уг хэргийн талаар эргэлзээтэй, баримтгүй, нотолгоогүй, тогтворгүй цор ганц хүний мэдүүлэг, мөн нэг газарт хамт архи уусан хүмүүс дунд эрүүл нэг хүн байсан нь, гэрчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, цохиж зодсон гэрч гэгдэх Ж.Мөнхтогтохын зөрүүтэй мэдүүлэг, худал гүтгэлэг нь өөрийгөө тухайн хэргийн шийтгэлээс мултарч өнгөрөх гарц болсон нь ил тод байхад яаж, яагаад оролцоогүй гээд байгааг, гэрч гэж уг нь оролцоогүй хөндлөнгийн хүнийг хэлдэг гэж би ойлгодог. Бүх зүйлийн учир шалтгааныг тухайн өдрийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгдвэл хуулийн өмнө нь гэмтэн нь, худал нь, буруутан нь тодорхой харагдана гэж бодох юм. Бүхнийг санаж байхад, дүгнэх чадвартай байхад анхны мэдүүлсэн өдрийн цаг минутыг гурван өөр давтамж болгож байгаа гэрч, гэрч гэгдэх оролцоотой этгээдийн худал ба андуурсан мэдүүлэг бүхнээс ил тод байхад зөвхөн нэг өнцөг, туйлаас харсанд гомдолтой байгаа бөгөөд үнэн гэж хэлэх нь миний эсрэг ашиглагдах энэ үед тохиромжгүйг ч ойлгосон. Хуулийн дагуу, хуулийн шийдвэрт нийцүүлэн оролцоо, гэм буруу, шийтгэлийг оногдуулж надад оногдуулсан 15 жилийн хаалттай хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Хэрэгт эргэлзээтэй байдал маш их бий. Хохирогч Д.М нь өглөө 7 цагт гараад орой 19 цаг хүртэл хаана, хэн хэнтэй байсныг шалгах шаардлагатай. Хэрэв хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд “эргэлзээтэй нотлох баримт прокурор, шүүхийн үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан. Энэ хэрэгт олон олон эргэлзээтэй зүйл байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Мөнтогтохыг согтуу байсанг тогтоосон баримтыг дахин олуулуулах ёстой. Энэ баримтыг олох хүртэл энэхүү хэргийг өмгөөлөгч бид шийдүүлэхгүй. Яагаад нотлох баримт алга болдог юм. Тэр хүн согтууруулах зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа. Шүүхээс тусгай мэргэжил шаардагдсан эмнэлгийн дүгнэлтийг шүүхээс гаргаж байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Баын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Баын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийгээгүй хэрэгтээ 15 жилийн хорих ял авсандаа маш их харамсаж, гомдолтой байна. Мөнхтогтохын сүүлийн мэдүүлгийг байцаагч бичээгүй байсан. Талийгаачийг би огт танихгүй. Тухайн үед анх удаа харсан, өс хонзон хэрүүл тэмцэл хийж байсан удаагүй. Санаатай хүн алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Мөнхтогтохыг дахин шалгуулах саналтай байна. Мөнтогтох хэргээ хүлээн зөвшөөрөхгүй ял завшиж байна. Мөн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байгаа. Иймээс хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байх тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлын дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг учрал болоход Д.Г, Мөнхтогтох гэж 2 гэрч харсан байдаг. Энэ хоёр гэрчийн мэдүүлэг 1 дүгээр хавтас хэргийн 59-66, 69-74, 74-75 дугаар хуудасанд авагдсан. Уг мэдүүлэгт 3 шүүгдэгч хохирогчийг зодсон, цээж рүү нь өшиглөсөн гэх мэдүүлгүүд нь хоорондоо таарч тохирч байдаг. Мөнхтогтохыг амь хохирогчийн биед гар хүрээгүй, тухайн үед цохиж зодоогүй гэж гэрч Д.Г нотолж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн 59-66 дугаар хуудаст Д.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Шинжээчийн дүгнэлтээр маш олон тооны гэмтэл авч, битүү гэмтэл шокын улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдсон. Уг гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Амь хохирогчийн биед олон тооны гэмтлүүд буюу дэлүү няцрал, нарийн гэдэсний гэмтэл гэх мэт дурдвал нилээдгүй олон тооны гэмтэл учирсан. Уг гэмтлүүд зөвхөн орноос татах үед үүсэх ямар ч боломжгүй. Д.Ггаас эхлээд гэрчээр мэдүүлэг авсан. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байна. Мөн түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоож, хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гэрчээр явж байгаад хохирогчоор тогтоож болно. Хохирогчоор тогтоогдсон Д.Г оршуулгын зардалтай холбогдолтой ямар нэгэн зардал нэхэмжлээгүй. Баримтаа өгөөгүй учраас шүүх хуралдаанд бусдад өгөх төлбөргүй болохыг дурдсан байдаг. Мөн хохирогч Д.Гг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчид тайлбар хэлсэн. Хохирогчид анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж хэлсэн байдаг. Шүүх хуралдаанд оролцох гэж хохирогч үзсэн учраас заавал оролцуулахгүйгээр бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Мөн заавал өмгөөлөгч авах ёстой гэж тайлбар хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бичиг үсэг мэддэг учраас тухайн хүний өмгөөлөгч авах, авахгүй нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Мөн хэргийн газрын үзлэг хийгээгүй гэж гомдолдоо дурдсан боловч хэргийн газрын үзлэгийг хийсэн тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Г.Даваасүрэн гомдолдоо би гомдол гаргасан одоо хүртэл хариуг нь өгөөгүй гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч яллах дүгнэлт гардуулсаны дараа гаргасан гомдлыг шүүхэд нь хүргүүлнэ гэж заасан. Уг хуулийн заалтад заасны дагуу гомдлыг шүүхэд хүргүүлсэн байгаа. Мөнхтогтохын согтолтын зэрэг тогтоосон баримт хэргээс алга болсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдолдоо дурдсан. Тухайн үед Д.Г болсон асуудлын талаар мэдүүлсэн. Мөн гэрчээр тогтоогдсон Мөнхтогтохоор драйгер үлээлгэж согтолтын зэргийг тогтоолгоогүй байдаг. Тогтоолгоогүй учраас хавтас хэрэгт байхгүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний дарийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс гэрч Мөнхтогтох, Д.Г, У нарыг оролцуулах, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдоржоос гэрч нарыг оролцуулах, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөрөөс Д.Гг хохирогчоор оролцуулах хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн хүсэлтийг хэлэлцээд зарим оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ ямар үндэслэлээр “оролцогч нарыг оролцуулах” хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар дүгнээгүй, энэ талаар эрхийн акт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хохирогч, гэрч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан байна гэж дүгнэв.

Зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд “хүсэлтүүдийг татгалзаж шийдвэрлэв” гэж тэмдэглэгдэн тусгагджээ /2хх 200/.

Анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хурлын товыг мэдэгдсэн баримт /2хх 165/ хавтас хэрэгт байгаа атлаа, шүүх хуралдааны товыг хойшлуулж дахин хурлын тов тогтоохдоо хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй /2хх 192/ байх тул шүүх хуралдааны товыг хэргийн зарим оролцогч нар мэдээгүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн хуулийн заалтад нийцнэ.

Анхан шатны шүүхээс гэрч Мөнхтогтох, Д.Г, хохирогч У нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогч нарын мэтгэлцэх зарчмыг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.  

Иймд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хохирогч, гэрч, шинжээч нарыг бүрэн оролцуулж, мэтгэлцэх зарчмыг ханган шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х, Т.А, Б.Ба нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Ба нарт холбогдох хэргийг тус анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж, Л.Мөнхтөр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Ба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Ба нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Ба нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН       

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ