| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00758/И |
| Дугаар | 156/шш2020/00805 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 156/шш2020/00805
| 2020 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2020/00805 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00758/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Тасхын, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороонд оршин суух, Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хаягт оршин суух, Г.С-т холбогдох гэм хорын хохирол 2,931,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Г.С, иргэдийн төлөөлөгч Ө.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 5 дугаар сарын 09-ний орой Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин П.Быд Улсын аварга малчны цол тэмдэг гардуулах арга хэмжээ болсон. Орой 20:00 цагийн үед шагнал гардуулахаар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Г, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Б тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэн. Гадаа харанхуй болсон, нойтон цас орж байсан тул Хэнтий аймгийн Засаг дарга Н.Г-ын жолооч Г.С 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер авто машинаар халтиргаатай үед хурд хэтрүүлэн ирж зогсож байсан. Н.Г миний 61-67 УНҮ Lexux RX450 авто машины баруун хойд талаас мөргөж баруун хойд талын кырло, баруун талын хаалга цөмөрч, баруун урд талын хаалга хонхойж зурагдсан. 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер авто машины зүүн урд талын их гэрэл, урд гупер хагарч бутарч унасан байдалтай байсан. Осол болох үед Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх /утас: 99035910/, Баян-Овоо сумын Засаг даргын орлогч Н.Цолмонбаяр /утас: 98050004/, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба /утас: 99112516/, ГХЯ-ны харьяа Дипломат үйлчилгээний газрын хэлтсийн дарга Г.Энхжавхлан /утас: 99990418/ нар газар дээр нь байлцсан болно. Тухайн үед жолооч Г.С буруугаа хүлээн зөвшөөрч Хэнтий аймагт очиж хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Н.Г миний бие 2020 оны 5 дугаар сарын 09-ний шөнө Хэнтий аймагт ирж хоноод өглөө жолооч Г.Сын 94490055 дугаартай утсаар холбогдон хохирол барагдуулахыг шаардахад Баянхутаг сум явж байна ирээд асуудлыг шийдэж өгнө гэсэн. Миний бие 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирээд жолооч Г.Стай утсаар ярьж хохирол барагдуулахыг шаардахад жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа дууссан байна, иймээс би өөрөө хариуцан хохирлыг барагдуулна, машинаа засварын газар өгөөд баримтыг нь явуулчих гэж хэлсэн. Иймд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд 2,801,000 төгрөг болсон. Делта авто засвар-ын газарт машинаа оношлуулахад баруун хойд кырло, баруун урд хаалга засварлах боломжтой, баруун хойд хаалга засах боломжгүй тул шинээр худалдаж авч будуулах шаардлагатай гэсний дагуу Авто экспо худалдааны төвийн Тотал авто сэлбэгийн газраас баруун хойд талын хаалга 1,350,000 төгрөгөөр худалдан авч Делта авто засварын газарт хүргэж өгсөн. Делта авто засварын газраас баруун хойд кырло засварлах, баруун урд хаалга засварлах, баруун хойд хаалга сольж будахад нийт ажлын хөлс 1,450,000 төгрөг болсон. Иймд Г.Саас хойд хаалга худалдан авсан 1,350,000 төгрөг, Делта авто засварын зардал 1,450,000 төгрөг, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний зардал 131,000 төгрөг, нийт 2,931,000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Гантулгын хариуцагч Г.Ст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Машинд 1,450,000 төгрөгийн засвар үйлчилгээ, 1,350,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан, хөрөнгө үнэлгээний хөлс 131,000 төгрөг, нийт 2,931,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлөх боломж байгаа, үлдэгдэл 931,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Машин даатгалгүй байсанд гомдолтой байна. Даатгалтай байсан бол ядаж 70 хувь, 80 хувь нь даатгалаас гарах боломжтой байсан. Даатгал нь дуусаад 1 сар болчихсон байсан гэв.
Иргэдийн төлөөлөгч Ө.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Засаг даргын Тамгын газар нь даатгалгүй тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оруулсан нь буруу гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Г.Ст холбогдуулан гэм хорын хохирол 2,931,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2020 оны 5 дугаар сарын 09-ний шөнө 20.00 цагийн орчим Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч Г.С нь 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн авто машиныг жолоодож яваад зогсож байсан 61-67 УНҮ Lexux RX450 авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар нь даатгал хийлгээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 931,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох учиртай. Энэ нь шүүх хөндлөнгийн байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.
Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх талуудаас нотлох баримтыг заавал ирүүлэхийг шаардахгүй.
Дээрх ослын улмаас гэмтсэн гэх 61-67 УНҮ улсын дугаартай, Lexux RX450 маркийн тээврийн хэрэгсэл нь Бизнес финанс групп ББСБ-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/-аар нотлогдож байх бөгөөд өмчлөгч Бизнес финанс групп ББСБ нь тус 61-67 УНҮ улсын дугаартай, Lexux RX450 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгч Н.Гд /хх-ийн 30/ олгосон байна.
Тухайн үед ослын улмаас нэхэмжлэгч Н.Гантулгын ашиглалтад байсан 61-67 УНҮ улсын дугаартай, Lexux RX450 маркийн тээврийн хэрэгсэлд баруун хойд хаалга, баруун урд крыло, баруун урд хаалга, хойд буфер эвдэрч, хохирол учирсан гэх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Хариуцагч Г.С нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажилладаг, түүний жолоодож явсан 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэсэн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9/2251 дугаартай албан бичиг, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48/3435 дугаартай албан бичгүүд хэрэгт авагдсан ба харин уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэнээр хэн нь эзэмшигч болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хариуцагч Г.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал нь үүнийг үгүйсгэж маргаагүй бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Г.С жолоодон, ажил олгогч Хэнтий аймгийн Засаг даргын албан хэрэгцээнд жолоочийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан, хариуцагч Г.С нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Гантулгын ашиглалтад байсан 61-67 УНҮ улсын дугаартай, Lexux RX450 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч Г.С хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг зохицуулсан бол мөн хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тухайн гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх гэм буруугийн хэлбэр шаардахгүй юм.
Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт "Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна" гэж заасан байна. Хуулийн энэхүү заалт болон хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9/2251 дугаартай албан бичиг, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48/3435 дугаартай албан бичигт дурдсанаар хариуцагч Г.С нь 00-01 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч биш юм.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсны хариуцлагыг өөрөө хариуцах талаар тайлбарласан ба шаардлагын үндэслэлийн үйл явдал нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа байх бөгөөд Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэж тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхээр заасны дагуу механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал хамааруулснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болдог.
Иймд хэргийн үйл баримтаар 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцагч Г.С хариуцан арилгах үүрэгтэй болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Г.Сын жолоодож явсан 00-01 ХЭА улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшил, өмчлөлийнх буюу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотолж, шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ст холбогдох гэм хорын хохирол 2,931,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ