2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/667

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

           улсын яллагч М.Анхбаяр,/БГД/

            шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405005310013 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********** оны 07 дугаар сарын 04-ний өдөр ********************* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, **************** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт, *********** дүүрэг *********** хороо *********** *********** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дууссан, *********** овогт ***********ийн *********** (*********************);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын автобусны буудлын арын байрны дунд ***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ***********ыг унагаан хөлөөрөө толгой хэсэгт нь өшиглөх үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, 11, 12, 21, 22 дугаар шүдний сулрал, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ахиж ийм асуудал гаргахгүй харамсаж байна гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *********** нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын автобусны буудлын арын байрны дунд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***********ыг унагаан хөлөөрөө толгой, нүүр хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, 11, 12, 21, 22 дугаар шүдний сулрал, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

            1. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Урд шөнө би бусдад зодуулсан, толгой тархи гэмтсэн...” гэх (хавтаст хэргийн 18 дахь тал)

 

2. Хохирогч ***********ы: “...Би тэр өдөр ажлаа тарчхаад ажлын дүү болох *********** болон *********** гэх үл таних залуугийн хамтаар ТБД андуудын ард байрлах зочид буудалд хамт шөнөжингөө Болор гэх нэртэй архи 1 литрийн архи нэг шилийг, хүний 2 ширхэг лаазтай cass гэх нэртэй пиво уусан. Тэгээд бид нар 2023 оны 12 дугаар сарын 30-ны 10 цагийн орчимд тус буудлаасаа гараад нэг байран дунд явж байсан /яг хаана явж байсан талаараа мэдэхгүй байна/ чинь *********** гэх залуу нь над руу уурлаад байхаар нь бид хоёрын хооронд маргаан үүсээд байж байгаад салсан юм. Тэгсэн бид хоёр одоо больё гээд байж байсан чинь *********** намайг хавирч унагаагаад толгой тархи нүүр нүдгүй өшиглөөд цохиод байсан, тухайн үед хажууд ***********, тэгээд тэрний найз нь хараад байж байсан ч бид хоёрыг салгаагүй. Тэгээд тэр *********** намайг зодчихоод шууд *********** болон найзын хамтаар шууд яваад өгсөн. Би бас Андуудын урдаас такси бариад гэртээ харьсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсан талаараа санахгүй байгаа бөгөөд мөн согтолт ихтэй байсан. Би уулзаж байгаагүй тухайн өдөр танилцсан. Тухайн орой буудалд үйлчлүүлэх хугацаанд бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцох зүйл болоогүй. Буудлаас гарах үед архи ууснаас болоод толгой эргэж байсан. Гадаа гараад яг зодуулж байх үеийг санаж байна. Би тухайн Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Миний толгой, нүд, эрүү битүү хөхөрсөн байдалтай байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 26-27 дахь тал),

3. Гэрч Д.***********ий: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ***********, *********** нэг найзын хамтаар бид 4 хороололд караокед орж үйлчлүүлсэн. Тухайн газарт үйлчлүүлж байгаад тэндээсээ гарч Андуудын замын урд талд байрлах буудалд ороод тухайн 3 хүн архи пиво уусан, би буудлын өрөөнд архи уугаагүй. *********** ах архи уугаад агсам тавиад байсан. ***********, *********** тэр хоёр маргалдаж байгаад тэр хоёр зодолдож эхэлсэн тул би ***********ий хамтаар салгасан. Тэгээд бид нар буудлаас гарсан ба би хамгийн сүүлд гарсан. ***********, *********** хоёр буудлаас гарч булан эргээд тэр хоёр зодолдсон. *********** бид хоёр тэр хоёрын зодооныг салгаж ***********г таксинд суулгаад явуулсан. Би архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан тул болсон асуудлыг санаж байна. Тэр хоёр зодолдож байгаад *********** нь *********** ахыг газарт унагааж дээрээс нь өшиглөж зодсон. Зодоон нь *********** ах хэл амаар доромжилсноос болсон. Би ***********тай 2022 онд цэрэгт байх үед танилцаж байсан. ***********г ажлын шугамаар таньдаг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1087 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“...***********ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, 11, 12, 21, 22-р шүдний сулрал, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

5. Хохирогч ***********аар өөрийг нь зодсон гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

6. Шүүгдэгч ***********ын: “...2023 оны 12 сарын 30-ны өдөр ***********, *********** гээд 2 он жавтайгаа уулзаад сая ***********ий ажлын газрын ах гээд *********** гээд ахын хамтаар бид хэд уулзаад Баянгол дүүргийн ард талын Өргөөгийн урд талд байрлах бааранд орж үйлчлүүлсэн. Ороод 2, 3 шил пиво ууж байгаад тэндээсээ гараад Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хавана гээд зочид буудал орсон. Тухайн газарт бас тодорхой хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглээд би яг тэр үед унтаад өгсөн юм. Тэгсэн чинь л намайг 2-3 удаа алгадах шиг болсон. Би сэрээд ***********ээс сая юу болсон юм гээд асуух үед чамайг унтаж байхад үед *********** чиний бэлэг эрхтнээр чинь оролдоод тоглоод сэр гээд алгадаад байсан гэж хэлсэн. Би босож очоод тухайн ***********ыг очоод нүүр хэсэгт нь 2-3 удаа алгадсан. Тэгээд буудлаасаа гараад ***********ыг газарт унагааж цээж болон хөл хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. *********** миний биед халдаж цохиж зодсон зүйл байгаа. Намайг унтаж байхад л алгадчихсан байсан юм. Тухайн өдөр л ***********тай танилцсан. *********** гэх найзын ажлын газрын ах нь байсан. Би ***********тэй 2022 онд Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хааж байх үед таньдаг болсон. *********** ах бид хоёрыг маргалдаж байх үед ***********, *********** нар байсан. Би бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Тухайн өдөр шүүгдэгч ***********, хохирогч *********** нар нь найзуудынхаа танилцуулсан хүрээнд бие биеэ мэддэг болж улмаар 4 -үүлээ нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хоорондоо тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагдах ба улмаар шүүгдэгч *********** нь буудлаас гарсны дараа хохирогч ***********ыг хавирч унагаан хөлөөрөө толгой хэсэгт нь цохих, өшиглөх  зэргээр зодсон болохыг хохирогч нь мэдүүлснээс гадна тухайн үед хажууд нь байж үйл явдлыг харсан гэрч Д.***********ий мэдүүлгээр давхар нотлогдсон, хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үлдлээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нотлох баримттай байна.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эндээс үзвэл, шүүгдэгч ***********ын хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***********ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***********ы биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг гэмтэл дотор 11, 12, 21, 22 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

Хохирогч Н.*********** нь  “Пи Ди Ай Си” шүд эрүү нүүрний эмнэлгийн тодорхойлолт, шүдний дэлгэмэл зураг зэргийг гарган өгч 2000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. (хавтаст хэргийн 41-43 дахь тал)

“Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, “…Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 228 дугар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч ***********аас 2.000.000 төгрөг гаргуулж, хохирогч ***********д олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч *********** нь сэтгэцэд учирсан гэм хорын зардал нэхэмжилснийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

Хохирогч ***********ы сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөгчийн маягтын  загвар  (хавтаст хэргийн 53 дахь тал) хэрэгт авагдсан ба мөрдөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэхээр тусгасан,  уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэг хамаарч байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзнэ.

Иймээс хохирогч *********** нь цаашид эмчилгээ хийлгэх, хагалгаа хийлгэхтэй холбогдон гарах зардлыг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар *********** дүүргийн *********** хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *********** нь “...*********** дүүргийн хэмжээгээр нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож өгнө үү... ” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч ***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, түүний хувийн байдал /хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдсэн ч дахин үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар *********** дүүргийн *********** хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т 2 (хоёр) сарын хугацаагаар *********** дүүргийн  *********** хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг  хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, хохирогч ***********д олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд гарах зардлыг, сэтгэцэд учирсан гэм хорын зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ