| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1910019480738 |
| Дугаар | 2021/ДШМ/297 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/297
2021 03 23 2021/ДШМ/297
Д.О, Ч.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Энхболд,
хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлоор Д.О, Ч.Э нарт холбогдох 1910019480738 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Дын О, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эзэн-Од” ХХК-д захирал ажилтай, “Тэнгэрийн ташуур” ТББ-д буяны үйл ажиллагаа явуулдаг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Ж овгийн Чын Э, 1971 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Ханмисануб” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Д.О нь “Toyota mark x” загварын 08-45 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Э.Ээд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Тайкун” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан,
мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Мт “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкинд хамтран эзэмших дундын 5058520437 дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч “мөнгийг нь авчир гэж байна” гэж 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг,
мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг койсик машинаас 29.677.000 төгрөгийг гарган авч залилсан,
шүүгдэгч Ч.Э нь Д.Отэй бүлэглэн “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас зарласан тендерт шалгаруулж өгнө” гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Моос 47.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.О, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овогт Дын О, Ж овогт Чын Э нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оээс 3.820.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ээд, 36.677.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.О энэ хэргийн улмаас 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О нь 39.677.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Мт төлөх ёстой байсан боловч 3.000.000 төгрөгийг төлж, 36.677.000 төгрөгийг төлөөгүй болно. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.От Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хөнгөн ял шийтгэлийг оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ч.Эын хувьд хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа тул ямар нэгэн гомдолгүй болно. Шүүгдэгч Д.О нь нийт хохирлынхоо 10 хүрэхгүй хувийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хурал болсноос хойш буюу “2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор хохирлоосоо 10.000.000 төгрөг төлнө. Мөн сар бүр 1.500.000 төгрөг төлөх журмаар бүх хохирлоо төлж барагдуулна” гэж хохирогч Б.Мт итгүүлэн түүнийг гуйж, төлбөр төлөх тухай хэлцэл хийсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Шүүгдэгч Д.О нь шүүхээс хөнгөн ял авахын тулд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй хэлцэл хийснийг хохирлоо төлөхийг илэрхийлсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Д.О нь 2 удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Би Б.Мтой 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэсэгчлэн төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг төлөх цаашид сар бүрийн 15-ны өдөр 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед хохирогч Б.М нь автомашин эсвэл 10.000.000 өгчих гэж байсан. Би гэрээ ёсоор Б.Мын өмнө үүргээ гүйцэтгэхээр төрсөн дүү Б.Тананцэцэг, хүргэн Э.У нар “Prius 30” загварын 6839 УНИ Улсын дугаартай машинаа эгчдээ өгье, наад хүндээ өг гэсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улс даяар хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хот руу машинаа оруулж чадаагүй миний төрсөн дүү, хүргэн хоёр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэхийн 16-5 тоотод амьдардаг. Хүргэн Э.У Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч хийдэг болохоор хөл хорионы улмаас ажлаас нь явуулахгүй байгаад хохирлоо төлж чадаагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй нь миний хүсэл зоригоос бус давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалсан юм. Шүүгдэгч миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн арилгана. Д.О миний бие “Тэнгэрийн ташуур” ТББ байгууллагын гишүүн цар тахлын улмаас үүссэн хол хорионы дэглэмийн улмаас ажил зогссон тул сар бүр төлөх 1.500.000 төгрөгийг төлж чадаагүй. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөх 1.500.000 төгрөг дээр 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа. “Prius 30” загварын 6834 УНИ Улсын дугаартай машиныг 13.000.000 төгрөгөөр үнэлж Б.Мт өгье гэхэд зөвшөөрсөн. Хүргэн Э.Уын нэр дээр байгаа учир Э.У хөл хорио тавихаар өөрийн биеэр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хохирогчийн хохирол төлбөрийг төлж бүрэн арилгана. Иймээс давж заалдах гомдолд дурдсан шиг би хөнгөн ял авахын тулд бодит байдалд дээр хэрэгжих боломжгүй хэлцэл хийсэн гэдэг нь худал. Учир нь гэрээ байгуулах үедээ би тухайн 10.000.000 төгрөг болон автомашин өгөх цаашид сар бүр төлөх мөнгийг ажлын орлогын эх үүсвэрээр төлөх боломжтой учир гэрээ байгуулсан. Мөн давж заалдах гомдолдоо “шүүгдэгч Д.О нь Э.Эийг залилсан бөгөөд хоёр удаагийн үйлдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэжээ. Хууль тогтоогчоос хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан 2 түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн эсвэл хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй гэж заасан бөгөөд хохирогч Э.Э болон Б.Мт холбогдох үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлд хамаарахаар байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор П.Энхболд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.От хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан. Хохирол төлбөрийн хувьд шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Мтой тохиролцож орж ирсэн. Анхан шатны шүүхээс хохирогчоос “хохирол төлбөрийг төлсөн гэж ойлгох уу” гэж асуухад, хохирогч Б.М “бид нар тохиролцсон, хохирол төлбөрийг барагдуулсан гэж ойлгож болно” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Д.О, Ч.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос Д.Оийг “Toyota mark x” загварын 08-45 УБО Улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Ээд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Тайкун” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Мт “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкинд хамтран эзэмших дундын 5058520437 дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч “мөнгийг нь авчир гэж байна” гэж 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг койсик машинаас 29.677.000 төгрөгийг гарган авч залилсан гэмт хэрэгт,
Ч.Эыг Д.Отэй бүлэглэн “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газраас зарласан тендерт шалгаруулж өгнө” гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Моос 47.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэмээн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, шүүгдэгч Д.О нь ганцаараа болон Ч.Этай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдыг залилан нийт 55.497.000 төгрөгийн хохирол учруулсан байхад уг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш төгрөгийг” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Оийн бусдад учруулсан 55.497.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар нөхцөл байдлыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Д.О, Ч.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Д.Оээс 40.497.000 төгрөгийн гаргуулан хохирогч Э.Э, Б.М нарт олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл...” гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсний дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ойлголтоор тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ хэлбэрийн хувьд авч үзэхгүйгээр шүүгдэгч бодитой байдлаар илэрхийлж байгаа, тодорхой хугацаанд хохирлыг төлөх санхүүгийн чадвартайгаа нотолсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг баримтын хэмжээнд төлж барагдуулсан байдалтай уялдаатай авч үзэх нь тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний мөн чанарт нийцнэ.
Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хохирол, цаашид нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.От ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохироогүй байгааг дурдаж байна.
Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О, Ч.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Д.О, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ