Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 86

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, Улсын яллагч: Ч.Мядагбадам, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: О.Даансран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Дөлгөөн овогт Оюунчимэгийн Даансранд холбогдох 201715000127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 6 дугаар баг 23-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дөлгөөн овогт Оюунчимэгийн Даансран /РД: ЙУ90010410/  
Шүүгдэгч О.Даансран нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн гудамжинд мотоцикльтой таксинд явж байгаад зам тээврийн осол гаргаж мотоцикльтой сундалж явсан П.Баатардашийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч О.Даансран шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлбөрт хохирогчид 400000 төгрөг төлсөн. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.   
Хохирогч П.Баатардаш хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн БОЭТ-ын урд хаалганы орчимд байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, шар өнгийн каскан малгайтай 20 гаран насны залуугаар таксидаад 10 дугаар баг руу айлаас юм авах гээд явж байгаад “Шар” дэлгүүр өнгөрөөд засмалаас зүүн гар тийшээ буугаад гудамж дуусгаад баруун эргээд урагшаа чигээрээ явж байтал зүүн талын гудамжнаас чигээрээ явж байсан улаан хүрэн өнгийн хятад мотоцикльтой хүн ганцаараа явж байхад нь миний таксидаж явсан мотоциклийн хүн баруун гар талаас нь очоод мөргөсөн. Би нүдээ аньсан. Нэг мэдэхэд газар унасан хэвтэж байсан. Миний зүүн талын хавирга орчмоор өвдөөд байсан. Таксидаж явсан залуу намайг Пэрэнлэйдагва гэдэг хүний хашааны гадаа буулгаад яваад өгсөн. Тэр залуу архи уусан байсан. Үнэртэж байсан. О.Даансрангаас хохирол төлбөрт 400000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 31 хуудас/ 
 Гэрч О.Оюунчимэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:... О.Даансран нь миний төрсөн хүү юм. Надтай хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 23-16 тоотод оршин суудаг. Зан байдлын хувьд төлөв томоотой, хүнтэй эвтэй, нийтэч, ажилсаг хүн юм. /хх-ийн 33 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 09ний өдрийн №159 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... П.Баатардашийн биед зүүн 5 ш хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 36 хуудас/  
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ослын актад:... 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10, 11 дүгээр багийн нутгийн зааг шороон замын уулзвар дээр жолооч О.Даансран нь 83-73 ӨВТ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа улсын дугаар марк нь тодорхойгүй мотоцикльтой мөргөлдсөн ба жолооч О.Даансран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.8 дахь заалт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”-ийг, мөн дээрх 2 мотоцикль хоёулаа осол болох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөн учраас зам тээврийн осол гаргасан байна. /хх-ийн 12-13 хуудас/    
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, О.Даансрангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирол төлсөн баримт, хохирогч П.Баатардашийн шүүгдэгч О.Даансрантай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 400000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 7-17, 25-28, 42, 44, 49, 51-52 хуудас/  
Шүүгдэгч О.Даансрангийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 31, 89 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46-47 хуудас/  
Шүүгдэгч О.Даансрангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч О.Даансран нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 83-73 ӨВТ улсын дугаартай, улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12 дугаар бүлгийн 12.8 “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас түүний мотоциклийн ард сундалж явсан хохирогч П.Баатардашийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
 Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Даансрангийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Баатардашийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн БОЭТ-ын урд хаалганы орчмоос улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой, шар өнгийн каскан малгайтай, 20 гаран насны залуугаар таксидаж 10 дугаар баг руу явж байгаад зүүн талын гудамжнаас чигээрээ явж байсан улаан хүрэн өнгийн хятад мотоциклийг баруун гар талаас нь очоод мөргөсөн. Нэг мэдэхэд газар унасан хэвтэж байсан. Миний зүүн талын хавирга орчмоор өвдөөд байсан. Тэр залуу архи уусан байсан. Үнэртэж байсан гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №159 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирол төлсөн баримт, хохирогч П.Баатардашийн шүүгдэгч О.Даансрантай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 400000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, О.Даансрангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч О.Даансрангийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.    Шүүгдэгч О.Даансранд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч О.Даансран нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэв.   
Хохирогч П.Баатардашийн шүүгдэгч О.Даансрантай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 400000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч О.Даансранд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч О.Даансранг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч О.Даансран нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,   
Шүүгдэгч О.Даансрангийн эзэмшлийн AJ4818623 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны 
өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч О.Даансранд буцаан олгож,  
Шүүгдэгч О.Даансран нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Баатардашид 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж,  
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 301 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.Даансранд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч О.Даансранд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:   
1.Шүүгдэгч Дөлгөөн овогт Оюунчимэгийн Даансранг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Дөлгөөн овогт Оюунчимэгийн Даансранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
3.Шүүгдэгч О.Даансран нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Баатардашид 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.  
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч О.Даансрангийн эзэмшлийн AJ4818623 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч О.Даансранд буцаан олгосугай.  
6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Даансранд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Даансранд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ