Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00668

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Г-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ч.Г-тай уулзахдаа өөрийн найз Д.Батсайхантай хамтран наймаа хийх гэж байгаа тул яаралтай 100 000 000 төгрөг хэрэгтэй байгааг илэрхийлж, 1 сарын хугацаатай, хүүгийн хамт зээлүүлэх хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Ч.Г, Х.Г-т итгэл үзүүлж хүү болон барьцаагүй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк дах өөрийн эзэмшлийн 5003515568 тоот төгрөгийн данснаас 100 000 000 төгрөгийг Х.Г-ын Хаан банк дах 5720562318 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл Х.Г мөнгөө буцаан төлөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харвал 32 000 000 төгрөгийг Х.Г өөрийн автомашины төлбөрт шилжүүлсэн баримтыг орчуулгын хамт өгсөн. Х.Г автомашин худалдаж авах зорилгоор мөнгө авсан, гэрч Д.Батсайханы мэдүүлгээр хамтран автомашины наймаа эрхэлдэг нь тогтоогдсон. Үүний дагуу Гаалийн ерөнхий газраас ирсэн баримтаар 2015-2016 онд автомашин худалдаж авсан нь нотлогдог. Хариуцагчаас автомашины төлбөр төлсөн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Мөн н.Цогтгэрэл рүү шилжүүлсэн гүйлгээний баримт, гэрчийн мэдүүлэгт н.Цогтгэрэл захиран зарцуулсан. Хэрэгт Д.Батсайхан руу мөнгө шилжүүлсэн баримтгүй. Гэрч Д.Батсайхан “н.Гэрэлмаа гэдэг эгч рүү залгаад миний мөнгийг шаардаад байсан” гэж хуурамч мэдүүлэг өгсөн, 100 000 000 төгрөг Д.Батсайхантай холбоотой гэдгээ нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил Япон улсад ажиллаж, амьдарч байсан Д.Батсайхан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний 99119873 дугаарын утас руу Япон улсаас залгаж “та ХААН банкны баруун 4 замын салбар дээр очиж Ч.Г гэж хүнээс 100 000 000 төгрөг аваад яаралтай 2 000 000 төгрөгийг над руу шилжүүлж, үлдэх мөнгийг Ж.Цогтгэрэлийн данс руу шилжүүлж туслаач, Ж.Цогтгэрэл хотод байхгүй, хөдөө явж байгаа” гэхээр нь Д.Батсайханы өгсөн Ч.Г гэх утсаар холбогдож уулзсан. Ч.Г миний ХААН банкны 5720562318 тоот дансанд 100 000 000 төгрөг шилжүүлсэн ба 32 965 800 төгрөгөөр 2 004 000 иен Хас банкны Түшиг салбараас Д.Батсайханы Япон улсад ажиллаж байсан компаний дансанд мөн өдөр шилжүүлсэн. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ж.Цогтгэрэлийн ХААН банкны 5007372056 тоот дансанд үлдэгдэл 67 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг би Ч.Г-аас Д.Батсайхантай хамтарч наймаа хийхэд шаардлагатай 100 000 000 төгрөг зээлэхийг хүсч, уулзаагүй. Анх 2016 онд намайг Япон явна гэхэд Д.Батсайханд хүргээд өгөөч гэж хурдан морины зурагтай ном өгч явуулахад Ч.Г-ыг харсан. Энэ асуудлаар надтай холбогдож шаардаагүй. Иймд 100 000 000 төгрөгөө надаас биш Д.Батсайханаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Г-аас 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Х.Г  нь иргэн Ч.Г-аас мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй, сэтгэхүйн ухамсарт дотоод мөн чанар нь илрэх хэлбэрээрээ харилцан ойлголцсон, нэгдсэн санаа зорилготой болсон байх хэлцэлд тавигдах хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн нөхцөл хангагдаагүй...” гэж дүгнэсэн байна. Иргэн Х.Г миний танил болох Д.Батсайхантай хамтран наймаа хийх зорилгоор надаас 100 000 000 төгрөгийг авахаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн дансанд шилжүүлэн авсанаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх шийдвэртээ ямар нэгэн байдлаар зээлж аваагүй, зорилгогүй их хэмжээний мөнгийг зүгээр өгсөн мэтээр бичиж байгаад гомдолтой байна. Учир нь миний бие Х.Г-т ямар нэгэн өр төлбөр байхгүй, тэр хүнд мөнгө өгөхдөө наймаанд оруулаад эргүүлээд өгнө гэсэн сэдэлтээр өгсөн нь буруу болсон гэж шүүх дүгнэсэн нь нэг талыг баримталсан гэж үзэж байна. Х.Г-ын хувийн дансанд миний шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг Япон улсын “Пийс Интернэшнл” ХХК-д өөрийн худалдан авсан автомашины төлбөрт өгсөн нь мөнгөн гуйвуулгын баримтаар нотлогдож байна. Х.Г-ын тайлбар, түүнд хавсаргасан Д.Батсайханы тодорхойлолтыг Х.Г бичсэн байгааг шүүх анхаарсангүй. Х.Г өөрийн автомашины төлбөрт үрснийг шүүх шалгаж 2015-2016 оны хооронд Х.Г Япон улсын “Пийс Интернэшнл” ХХК-иас нийт 115 192 179 төгрөгийн үнэтэй автомашиныг худалдан авсан болох нь Гаалийн ерөнхий газрын баримтаас харагдаж байна. Би Д.Батсайханд мөнгө шилжүүлээгүй, харин тэд нарын гуйлтаар Х.Г-ын дансанд 100 000 000 төгрөг шилжүүлж өгсөн нь үнэн. Д.Батсайхан мөнгийг авсан гэж байгаа бол нотлох баримтыг Х.Г гаргаж өгөх ёстой, харин тийм баримт байхгүй болохоор хамтрагч нар нийлж миний мөнгийг өгөхгүй, үгсэн тохирч гэрчийн үнэн худал мэдүүлэг өгч, түүнийг шүүгч өөр бусад нотолгоо байхад  нэг талд үйлчилж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх шийдвэртээ “....Д.Батсайхан нь хариуцагч Х.Г, гэрч Ж.Цогтгэрэл нараар дамжуулан иргэн н.Санжаанямд 20 000 000 төгрөг шилжүүлсэн гэх баримтыг олохгүй байна. Шүүгч ямар баримтыг харж н.Санжаанямд 20 000 000 төгрөг шилжүүлсэн гэж тогтоосон нь ойлгомжгүй. Х.Г надаас шилжүүлж авсан мөнгөө хүссэнээрээ зарцуулж, хүмүүст зээл өгөв, өөр этгээдэд шилжүүлэн өгсөн, түүнийгээ буцааж аваагүй байдаг ба энэ надад  хамаагүй. Учир нь авсан мөнгөө эргүүлэн төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Шийдвэрт “...Гэрч Д.Батсайханы мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар гэрчид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж, баталгаажуулсан...” гэжээ.  Миний ярьж, бичиж байгаа зүйл худал, харин Д.Батсайхан, Х.Г-ын үг үнэн гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Өөрийн данснаас Х.Г-ын данс руу 100 000 000 төгрөг шилжүүлсэн, тэр хүссэнээрээ зарсан, зээлсэн байдаг. Үүнийг шүүх үнэлж дүгнээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.Батсайхан, Х.Г  нар хамтран автомашины наймаа хийх гэж 100 000 000 төгрөгийг зээлсэн” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь “Д.Батсайханы хүсэлтээр Ч.Г-аас 100 000 000 төгрөг авч, Д.Батсайханы хэлсэн хүмүүст мөнгийг нь дамжуулж шилжүүлсэн, нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр тохиролцоогүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн тайлбарлажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд мөнгөн хөрөнгө болох 100 000 000 төгрөгийн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт Ч.Г ын ХААН банкин дах 5003515568 тоот хугацаагүй хадгаламжийн дансны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулгаар тогтоогдсон байна /1 х.х-ийн 4 дүгээр тал/ Гэвч уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгох зорилгоор шилжүүлсэн буюу хариуцагч нь мөнгөн хөрөнгийг өмчлөх эрхтэйгээр хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүй учраас тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрч Д.Батсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, баталгаажуулсан байна. Тиймээс түүний гаргасан “...Ч.Г-аас наймаа хийх гэж 100 сая төгрөг зээлсэн... Х.Г-ыг гуйгаад очоод аваад өгчих гэсэн... тэгээд Ч.Х-аас мөнгийг би хүлээж авсан...” гэх гэрчийн мэдүүлгийг /1 х.х-ийн тал/ маргааны үйл баримтад хамааралтай, үзэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой нотлох баримт гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Б.НАРМАНДАХ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА