2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/822

 

 

МОНГОЛ УЛС МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Одонтуяа (ТПГ),

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408045640069 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр **************** төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ************** салонд үсчин ажилтай гэх, ******************* дүүргийн ************** дугаар хороо *********** ************* тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/1376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан, *********** овогт ***********ийн *********** /РД:***************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** овогт ***********ийн *********** нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны замд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приус маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөний улмаас тоёота Esquire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. Би өнгөрсөн 5 дахь өдрөөс эхлэн цагдан хоригдсон байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нь “...шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *********** нь: “...маргах зүйлгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.     

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч *********** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байж  энэ хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны замд тоёота приус маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явснаас үүдэн  тоёота Esquire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

                 1. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгслийг түр саатуулах шийдвэр, гэрэл зургийн үзүүлэлт: “...жолооч ***********ын согтолтын хэмжээ /3,81%/ гэж тэмдэглэж тодорхойлогдсон, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5, 10 дахь тал),

 

                 2. Жолоодох эрхийн лавлагаа: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жилийн хугацаагаар хасагдсан...” гэх (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

                 3. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 29-40 дэх тал),

 

                 4. Иргэний нэхэмжлэгч ***********ын: “...Уг Toyota Esduire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл эзэмшилд байдаг ба би 2022 оны 11 дүгээр сарын орчим 50,000,000 сая төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан. Тухайн тээврийн арын фубер хэсэгт бага зэрэг зураас үүссэн ба уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 250,000 төгрөгийг буруутай жолооч төлж барагдуулсан тул гомдол санал гэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

                 5. Гэрч ***********ын: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны замд Toyota Esduire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед Toyota Prius маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар ирж мөргөсөн. Тэгээд 102-т дуудлага мэдээлэл өгсөн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс замын цагдаа ирж хэргийн газарт хэмжилт хийгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон явсан жолооч ***********ын унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай хадам дүү ***********ын өмчлөл эзэмшилд байдаг. Зам тээврийн ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн арын фубер бага зэрэг зураас гарсан, хохирлыг мөнгө болох 250,000 төгрөгийг буруутай жолооч нь төлж барагдуулсан. Тухайн өдөр тээврийн хэрэгсэл дотор би ганцаараа зорчин явсан. Зам тээврийн ослын миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлж шинжээч томилуулах шаардлагагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

6. Шүүгдэгч ***********ын: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүнжийн нуур дээр найз ***********гийн хамт Экс нэртэй 0,75 литрийн архийг хоёулаа хувааж ууж дуусгаад *********** гэртээ харихаар явсан, харин би гэртээ орж өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашаанаасаа гаргаж аваад уг тээврийн хэрэгслийг жолоодон Хилчин хотхон орж найз эмэгтэйтэй уулзах зорилготойгоор 7 дугаар хороо өнгөрөөд цэргийн ангийн буудал орох гээд 1 нэгдүгээр эгнээнд явж байгаад Toyota Esduire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас шүргэсэн. Шүргээд машинаасаа бууж харахад арын фубер бага зэргийг зураас гарсан байсан. Нөгөө тээврийн хэрэгслийн жолооч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс цагдаа хэргийн хэмжилт хийгээд намайг драйвер багаж үлээлгэж шалгахад 3,81 хувийн согтолт илэрсэн. ...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 1 хугацаагаар жолоодох эрхээ хасуулж 400 нэгжийн торгуулийн шийтгэл авсан. Надад энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй, би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулах”-аар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тайлбарт:

 -энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны  үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-“тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн  хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас  зайлсхийсэн үйлдлийн улмаас  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.

 

Шүүгдэгч ***********т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0761553 дугаартай шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 38 дахь тал),

Гэтэл шүүгдэгч *********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан энэ хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приус маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явснаас үүдэн Toyota Esquire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн, шалгаж, тогтоох ажиллагааны  үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж нь 3,81% промиль (%) илэрсэн, түүний энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй байна.

Шүүгдэгч ***********ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч *********** нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота приус маркийн *********** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тоёота Esquire маркийн *********** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас иргэний нэхэмжлэгч ***********ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 250.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь  төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ***********ын “250.000 төгрөгийг буруутай жолооч төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно. (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *********** нь”....Торгох ял ч юм уу өөр арга хэмжээ авч болох уу, хоригдмооргүй байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулах”-аар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч *********** нь учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж /тэрээр өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байх атал энэ байдалдаа дүгнэлт хийлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн/,  бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч ***********ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Иймээс  шүүгдэгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн  ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч *********** нь 2025 оны 03 сарын 21-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 4 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ***********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ