Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2002003980246 |
Дугаар | 2021/ДШМ/304 |
Огноо | 2021-03-25 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | М.Очбадрах, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/304
2021 3 25 2021/ДШМ/304
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Эд холбогдох 2002003980246 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Э нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тариа” ХХК-ийн хашаанаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 132 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38-44 УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 16,3474 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Батсайханы Б.Эыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 132 грамм жинтэй нойтон ургамал, 16.3474 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хэргийн газрын нөхөн үзлэгээр дээжлэн авсан 340.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал /үндэстэй/ зэрэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Б.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 328 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ...132 грамм цэвэр жинтэй нойтон ургамал, 16.3574 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хэргийн газрын нөхөн үзлэгээр дээжлэн авсан 340.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал /үндэстэй/ зэрэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай” гэжээ.
Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах тухай хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалт байна.
Харин хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх талаар тусгажээ.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь эрүүгийн 2002003980246 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1791 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 132 грамм цэвэр жинтэй нойтон ургамал, 16.3474 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хэргийн газрын нөхөн үзлэгээр дээжлэн авсан 340.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал /үндэстэй/ зэрэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүд өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд мансууруулах бодисын хор уршгийн талаар нийтэд зориулсан үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар дамжуулан явуулж байсан нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэдгийг нотолж харуулдаг. Шүүгдэгч Б.Э нь оюутан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өвс, мансууруулах бодисыг түүсэн олж авсан, бусдад худалдах зорилго байгаагүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшсэн, оюутан залуу энэ жил төгсөх анги байхдаа энэ хэрэгт холбогдчихсон байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн биеийн байцаалтыг “...2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8-33 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэрээдээ овогт Нямдаваагийн Эрхбат /РД:ПК01312110/...” гэж өөр хүний биеийн байцаалтыг тэмдэглэсэн байна.
Б.Э нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеийн байцаалтаа “...Боржигон овогт Батсайханы Б.Э, 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголиан Контент Девелопмент” ХХК-д сошиал хөгжүүлэгч ажилтай, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуульд оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 54 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УЗ96102533/...” гэж өгсөн болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг тус анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлийг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ