Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 87

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: И.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Иш овогт Ичинхорлоогийн Буяннэмэхэд холбогдох 201715000112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд эксковаторчин ажилтай, ам бүл-7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар баг 32-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Иш овогт Ичинхорлоогийн Буяннэмэх /РД: ЙЮ89112433/  
Шүүгдэгч И.Буяннэмэх нь 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын 25ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт дөрвөн удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн П.Даариймааг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч И.Буяннэмэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Манай эхнэр намайг ажил төрөл хийх бүрт араас хөөцөлдөөд, элдвээр хэлээд байдаг юм. Тэгээд би ийм зүйл хийчихдэг. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Заамар руу ажилд явах гэтэл ажилд явуулахгүй байсан. Бас манай ахынд байсан гар утсыг аваад ирчихсэн байсан. Би тэр утсыг нь аваад ирсэн гэдгийг нь мэдээгүй. Тэрнээс болж маргалдсан. Намайг ажилд явуулахгүй байсан. Архи ууснаас миний буруу үйлдлээс болж хэрэг боллоо гэж бодож байна. Ялладагчаар татах тогтоолд дурьдснаар 4-5 удаа эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сандал шидэхэд хөл рүү нь цохьсон. Би архи уухаараа л эхнэртээ гар хүрчихээд байдаг. Хохирол төлбөрт 236000 төгрөг эхнэртээ өгсөн гэв.   
Хохирогч П.Даариймаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчимд манай нөхөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 26-06 тоотод байх гэртээ согтуу орж ирээд надаас хоол нэхээд байхаар нь би хоолыг нь өгөхөд хоолоо идчихээд гарах гээд байхаар нь би хувцсыг нь тайлаад унтуулсан. Өглөө нь 08 цаг өнгөрч байхад 12 дугаар ангид сурдаг дүү Баярсүрэн 
хичээлдээ явсан. Манай нөхөр гадагшаа гарах гээд байхаар нь куртикийг нь аваад гадаа нуучихаад гэртээ ороод иртэл манай нөхөр миний куртикийг яасан бэ? гэхээр нь би нуучихсан гэхэд миний нуруу руу 2 удаа өшиглөсөн. Намайг өшиглөхөөр нь би ахдаа хэлнэ шүү гэхэд хэлж л байхгүй юу гэснээ сандал аваад над руу шидэхэд миний хөл рүү оночихсон. Тэгээд гарах гээд байхаар нь би гаргахгүй, куртик хаана байна гээд дахиад нөгөө шидсэн сандлаараа миний дал руу 2 удаа цохисон. Аяга угаадаг төмпөнг барьж байгаад бас баруун хөл рүү 1 удаа цохисон. Гадаа цас орж байхад гэрээс намайг чирж гаргаад гадаа хөл рүү 3 удаа өшиглөж, нүүр толгой руу гараараа цохисон. Тэгэхээр нь би хажуу айлын хүнийг дуудаж цагдаа дуудаад өгөөч гэхэд И.Буяннэмэхийг дуудаач, би И.Буяннэмэхтэй уулзъя гээд байсан. Тэгээд би И.Буяннэмэхийг дуудахад манай хажуу айлын залуу мэндэлчихээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд би гэр рүүгээ ороод И.Буяннэмэхээс гар утсаа гуйж аваад цагдаа руу залгахад цагдаагаас гэрийнхээ хаягийг хэл гэхээр нь би мэдэхгүй шүү дээ гэхэд ахын дүү хүнээс асуучих гэхээр нь би И.Буяннэмэхээс хаягаа асуутал миний утсыг булааж аваад яах гэж цагдаа дуудаад байгаа юм бэ? гээд намайг багалзуурдсан. Тэгтэл И.Буяннэмэхийн ээж И.Буяннэмэх рүү залгаад наад янхан хүүхнээ нааш нь явуулаач гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудахаа болиод И.Буяннэмэхийн ээж нь зардлыг нь хотоос явуулаад И.Буяннэмэх тэр оройдоо Улаанбаатар хот руу явчихсан. Тэгээд би хоёр хоногийн дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж 4 дүгээр цахилгаан станцын орчимд байх хадмындаа очсон. Гэрт нь ороод би И.Буяннэмэхийг хаачсан юм бэ? гэж асуухад мэдэхгүй гээд хэлэхгүй байсан. Тэгтэл гаднаас И.Буяннэмэх орж ирээд намайг пизда минь яах гэж ирсэн юм бэ? гэхээр нь дэргэд нь очиж зогсоход И.Буяннэмэх чи яах гэж миний хажууд ирж зогсоод байгаа юм бэ? гэснээ миний нуруу руу гараараа цохиод авсан. Тэгээд би тэднийхээс гараад манаачийн путик руу ороод ахаа утсаа өгөөч ах руугаа ярих гэсэн юм гээд утсыг нь аваад цагдаа руу ярьж дуудлага өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр И.Буяннэмэхтэй хуримаа хийж нэг гэрт амьдарсан. Тухайн үед манай нөхөр Төв аймгийн Заамар суманд ажилладаг байсан. Заамарт ажиллаж байгаад 10 дугаар сард ирсэн. Би 9 сард төрсөн. И.Буяннэмэх 11 дүгээр сард ажилдаа явах гэхээр нь явуулахгүй гэтэл манай нөхөр намайг зодсон. Тэгтэл ээж нь цагдаад дуудлага өгөөд И.Буяннэмэхийг цагдаа нар аваад явсан. Тэрнээс хойш гэртээ ирэхгүй 3 cap гаран болоод 2015 оны 02 дугаар сард буюу цагаан сарын өмнө ирсэн. Тэгээд цагаан сараас өмнөхөн миний ээмэг бөгжийг ломбарданд тавих гэхээр нь би тавиулахгүй гэхэд намайг зодсон. Мөн цагаан сарын дараа ахындаа золгох гэж очиход ах нь гэрээ харж бай гэсэн. Тэд нарыг айлд золгох гээд явсан хойгуур манай нөхөр аймаг руу явах гэхээр нь явуулахгүй гэсэн чинь намайг мөн зодсон. 2015 оны сүүлээр И.Буяннэмэхийн дүү Буяндэлгэр нь хүнтэй суугаад И.Буяннэмэх хүргэж өгсөн. Тэгтэл шөнө нь согтуу орж ирээд чамайг ална гэж чаралж орж ирээд халуун зуухаа авч шидсэн. Би тухайн үед хойд орон дээр унтаж байсан. Зуухаа шидэхээр нь хүүхдээ аваад гараад гүйсэн. Тэгээд хүүхэд маань хатгаа авч эмнэлэгт хэвтсэн. Би хүүхэдтэйгээ эмнэлгээс гараад Улаанбаатар хот руу салаад явсан. Тэрнээс хойш бид хоёр 1 жил гаран тусдаа амьдарч байгаад 2017 оны 1 дүгээр сард эргэж хамт амьдарсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан. Энэ талаараа цагдаад мэдэгдсэн. Урд нь зодуулж байхдаа хаанаа ямар гэмтэл авч байснаа санахгүй байна. Харин сая 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрт байхад хөлөөрөө миний нуруу руу 2 удаа өшиглөж, сандлаар миний дал руу 2 удаа цохиж, аяга угаадаг төмпөнгөөр баруун хөл рүү 1 удаа цохиж, гадаа цас орж байхад гэрээс чирж гаргаад гадаа хөл рүү 3 удаа өшиглөж, нүүр толгой руу гараараа цохиод байсан. Тухайн үед хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Юунаас болж зоддогийг мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаж байгаад л намайг зодчихдог. Аль ч үед маргалдахаараа байнга зоддог. Одоо миний биед зовиур гээд байх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад 2014 оны сүүлээр нэг хандаж байсан. Бусад зүйл дээр хандаж байгаагүй. И.Буяннэмэх архи уугаагүй байхдаа хэрүүл маргаан хийдэггүй байсан болохоор цагдаад дуудлага өгдөггүй байсан. Мөн нөхөр хүүхдээ бодоод цагдаад мэдэгддэггүй байсан. Энэ талаар мэддэг хүн байхгүй. Би гэрийнхэндээ хэлэлгүй нуучихдаг. И.Буяннэмэх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. И.Буяннэмэх бид хоёр хуримаа хийгээд хамтран амьдарсан. Харин гэрлэлтээ батлуулаагүй. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Цаашид биеэ үзүүлвэл гарах зардал болон өмгөөлөгчийн зардлаа нэхэмжилж байна. Хуучин хаяг нь Арвайхээр сумын 2 дугаар баг 26-06 тоот байсан. Хаяг 
нь шинэчлэгдээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 32-06 тоот болсон. Улаанбаатар хотод байхдаа И.Буяннэмэхтэй хамт Энхбат гэх ахынд очсон. Тэдний орон дээр дэлгэц нь хагарсан хар өнгийн Parado маркийн утас байхаар нь И.Буяннэмэхээс энэ гар утсыг хэрэглэдэг юм болов уу гэж асуухад мэдэхгүй гэхээр нь би авсан. Тэгээд маргааш нь аймаг руу ирээд бид хоёр тухайн утсыг засуулаад хэрэглэж байгаад Энхбат ахын хүүхдэд буцаагаад өгсөн. Тухайн үед энэ гар утаснаас болж маргалдаагүй. Угаасаа И.Буяннэмэх энэ талаар мэдэж байгаа. Бид хоёр аймагт ирээд хамт явж уг гар утсыг 30000 төгрөгөөр засуулсан. Хардалтаас болоод л бид хоёр маргалддаг. Тэрнээс болоод намайг зоддог. 2014 оны 11 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа зодсон. Яг хэдэн удаа зодсоныг мэдэхгүй байна. Надад гомдол санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлс болох нийт 236000 төгрөгийг төлж хохирол бүрэн барагдуулсан. /хх-ийн 29-31 хуудас/  
Гэрч Ж.Баянсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би хичээлдээ яваад иртэл гэрт манай ах И.Буяннэмэх, бэр эгч П.Даариймаа нар байсан. И.Буяннэмэх ах хөдөө ажил руугаа явах гэсэн чинь эхнэр П.Даариймаа нь хамт явах гээд ах болохоор болохгүй гээд тэгээд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгтэл бэр эгч И.Буяннэмэх ахын хувцас куртикийг нь нуучихаад явуулахгүй пизда минь гээд уурлаад байсан. Тэгтэл И.Буяннэмэх ах мөн уурлаад байгаа бололтой байсан. Намайг хичээлээ тарж ирээд гэртээ байхад И.Буяннэмэх ах П.Даариймааг цохиж зодсон асуудал бол байхгүй. Харин намайг хичээлд явсан хойгуур И.Буяннэмэх ах П.Даариймаа эгчийг зодсон юм шиг байна лээ. Тэр талаар бол би сайн мэдэхгүй. И.Буяннэмэх ах П.Даариймаа эгч нар эрүүл байсан. И.Буяннэмэх ах П.Даариймаа эгч, 3 настай охин нь бид 4 л байсан. Энэ хоёр ер нь байнга хэрэлдэж маргалдаж байдаг. Тэгээд зодоон үүсдэг юм шиг байна лээ. Гэхдээ би И.Буяннэмэх ах П.Даариймаа эгчийг зодож байхыг хараагүй. /хх-ийн 33 хуудас/  
Гэрч Д.Мягмарбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 03 дугаар сарын хорин хэдний үеэр л байсан санагдаж байна, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна, намайг гэртээ ганцаараа байхад гаднаас хүн дуудахаар нь гартал И.Буяннэмэх эхнэртэйгээ хашаан дотроо зогсож байсан. Би И.Буяннэмэхтэй хаана, юу хийж байгаа талаар нь ойр зуурын юм ярьж байгаад гэртээ орсон. Тэр хоёр хашаандаа үлдсэн. Гаднаас И.Буяннэмэхийн эхнэр манай аавын нэрийг дуудаад байхаар нь тухайн үед аав байхгүй, би ганцаараа байсан болохоор гарсан. Тэгтэл И.Буяннэмэх эхнэртэйгээ хамт зогсож байсан. Намайг гэрээс гарахад И.Буяннэмэх, П.Даариймаа хоёр хашаан дотроо зогсож байсан. Тэгээд И.Буяннэмэх надаас тамхи асуусан. Би байхгүй гэсэн. Тэгэхэд тэр хоёр хоорондоо маргалдсан, зодоон цохион болсон шинжгүй байсан. Эхнэр нь уурласан байдалтай зогсож байсан. Миний дэргэд зодоон цохион, хэрүүл маргаан хийсэн асуудал бол байхгүй. Эхнэр нь надаас гар утсаа өгөөч, утсаар ярьчихаад өгье гэхээр нь надад утас байхгүй гээд би И.Буяннэмэхтэй ойр зуурын юм ярьж байгаад гэртээ орсон. Хэрвээ тухайн үед И.Буяннэмэх эхнэрээ зодож байсан бол би юу гэж цагдаа дуудахгүй эмэгтэй хүн зодуулаад байж байх юм бэ. И.Буяннэмэх надаас тамхи, эхнэр нь гар утас асуугаад байсан болохоор хүнтэй л ярих гэж байгаа юм байх даа гэж бодоод тухайн үед тамхи болон гар утас байхгүй байсан болохоор тэр хоёртой жоохон зогсож байгаад гэр рүүгээ орсон. Миний мэдэхийн нүүр нь лав зүгээр байсан. Би хөдөө мал дээрээ байдаг. Шаардлага гарсан тохиолдолд аймгийн төв ордог. Энэ талаар би сайн мэдэхгүй. И.Буяннэмэхтэй нэг гудамжинд хамар хашаанд тоглож өссөн. Сүүлийн хэдэн жил бол уулзаагүй. Эхнэрийг нь танихгүй. /хх-ийн 35 хуудас/  
Гэрч А.Энхбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны цагаан сарын дараа И.Буяннэмэх, П.Даариймаа нар нь манайд ирсэн. Эхнэр бид хоёр байхгүй байсан. Би тэр гар утсыг авсан талаар мэдээгүй. Тухайн гар утас нь эвдэрсэн, ашиглах боломжгүй утас байсан болохоор санаанд ороогүй. Манай бага хүүхэд л тоглоод байдаг байсан. Хар өнгийн Parado маркийн нүүр нь хагарсан, мэдрэгчтэй, 1 жил хэрэглэсэн гар утас байсан. Манай хүүхэд л засуулж барина гээд чадахгүй дүү нь тоглоод л байсан. Би 2016 онд Улаанбаатар хотын Tedy зах дээрээс 150000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо бол 
нэлээн хуучирсан утас байгаа. Би үнэлгээ гаргуулахгүй. Тэгээд ч П.Даариймаа, И.Буяннэмэх хоёр засуулаад ажилладаг болгоод буцаагаад өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №4317 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... П.Даариймаагийн биед баруун хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, нуруу, баруун, зүүн шилбэ, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 40 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.Даариймаагийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч И.Буяннэмэхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 5-6, 24-26, 48-49, 53, 70-71 хуудас/  
Шүүгдэгч И.Буяннэмэхийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-57 хуудас/  
Шүүгдэгч И.Буяннэмэхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч И.Буяннэмэх нь 2014 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хот 4 дүгээр цахилгаан станцын орчим зэрэг газруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Даариймааг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Буяннэмэхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Даариймаагийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний нуруу руу 2 удаа өшиглөж, сандал над руу шидэхэд миний хөл рүү оносон. Шидсэн сандлаараа миний дал руу 2 удаа цохисон. Аяга угаадаг төмпөнг барьж байгаад бас баруун хөл рүү 1 удаа цохисон. Намайг гэрээс чирж гаргаад гадаа хөл рүү 3 удаа өшиглөж, нүүр толгой руу гараараа цохисон. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж 4 дүгээр цахилгаан станцын орчимд байх хадмындаа очсон. Тэгтэл гаднаас И.Буяннэмэх орж ирээд намайг пизда минь яах гэж ирсэн юм бэ? гэхээр нь дэргэд нь очиж зогсоход И.Буяннэмэх чи яах гэж миний хажууд ирж зогсоод байгаа юм бэ? гэснээ миний нуруу руу гараараа цохиод авсан. И.Буяннэмэх 11 дүгээр сард ажилдаа явах гэхээр нь явуулахгүй гэтэл манай нөхөр намайг зодсон. 2015 оны 02 дугаар сард буюу цагаан сарын өмнө ирсэн. Тэгээд цагаан сараас өмнөхөн миний ээмэг бөгжийг ломбарданд тавих гэхээр нь би тавиулахгүй гэхэд намайг зодсон. Мөн цагаан сарын дараа ахындаа золгох гэж очиход ах нь гэрээ харж бай гэсэн. Тэд нарыг айлд золгох гээд явсан хойгуур манай нөхөр аймаг руу явах гэхээр нь явуулахгүй гэсэн чинь намайг мөн зодсон. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрт байхад хөлөөрөө миний нуруу руу 2 удаа өшиглөж, сандлаар миний дал руу 2 удаа цохиж, аяга угаадаг төмпөнгөөр баруун хөл рүү 1 удаа цохиж, гэрээс чирж гаргаад гадаа хөл рүү 3 удаа өшиглөж, нүүр толгой руу гараараа цохиод байсан. Тухайн үед хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаж байгаад л намайг зодчихдог. Аль ч үед маргалдахаараа байнга зоддог. Гэрч Ж.Баянсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23ны өдөр И.Буяннэмэх ах хөдөө ажил руугаа явах гэсэн чинь эхнэр П.Даариймаа нь хамт 
явах гээд ах болохоор болохгүй гээд тэгээд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг хичээлд явсан хойгуур И.Буяннэмэх ах П.Даариймаа эгчийг зодсон юм шиг байна лээ. Энэ хоёр ер нь байнга хэрэлдэж маргалдаж байдаг. Тэгээд зодоон үүсдэг юм шиг байна лээ. Гэрч Д.Мягмарбаатарын 2017 оны 03 дугаар сарын хорин хэдний үеэр яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна, намайг гэртээ ганцаараа байхад гаднаас хүн дуудахаар нь гартал И.Буяннэмэх эхнэртэйгээ хашаан дотроо зогсож байсан. Гэрч А.Энхбатын 2017 оны цагаан сарын дараа И.Буяннэмэх, П.Даариймаа нар нь манайд ирсэн гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №4317 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.Даариймаагийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч И.Буяннэмэхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч И.Буяннэмэхийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.  
Хохирогч П.Даариймаа нь шүүгдэгч И.Буяннэмэхтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болон шүүгдэгч И.Буяннэмэх нь хохирогч П.Даариймааг байнга зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч /үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн/ нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч И.Буяннэмэхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.   
Шүүгдэгч И.Буяннэмэх нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, шүүх түүнд ял оногдуулсан болно.  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,   
Шүүгдэгч И.Буяннэмэхийн эзэмшлийн AD 3309625 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч И.Буяннэмэхэд буцаан олгож,  
Шүүгдэгч И.Буяннэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Даариймаад 236000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь: 
1.Иш овогт Ичинхорлоогийн Буяннэмэхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар шүүгдэгч И.Буяннэмэхэд 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.   
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч И.Буяннэмэхэд оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.   
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  
5.Шүүгдэгч И.Буяннэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Даариймаад 236000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч И.Буяннэмэхийн эзэмшлийн AD 3309625 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч И.Буяннэмэхэд буцаан олгосугай.  
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Буяннэмэхэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Буяннэмэхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ