Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00718

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Налайх дүүрэг дэх МСҮТ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Налайх дүүргийн МСҮТ-д гагнуурын багшаар олон жил ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Би тухайн үед өдрийн цагаар ажилдаа яваад, оройн цагаар эхнэрийгээ сахиж хонодог байсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа тараад эмнэлэгт очиход “танай эхнэрийн бие тун тааруу байна. Иймд Гялс төв дээр очиж өнгөт зураг авахуулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө эхнэрийн хамт сургууль дээрээ очиж удирдлагаас чөлөө авах гэхэд байхгүй байсан. Тухайн үед цаг хугацаа давчуу байсан тул сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр өргөдөл гаргах боломжгүй болсон. Харин намайг сургууль дээр ирэхэд н.Дүгэрмаа багш байсан болохоор “эхнэрийн бие тааруу байна. Улаанбаатар хотод яаралтай зураг авахуулах шаардлагатай байна. Та сургуулийн захиргаанд хэлээд өгөөрэй” гэж хэлээд явахдаа н.Дүгэрмаа багшаас тэнхимын эрхлэгч Б.Алтансарнайгийн дугаарыг аваад замдаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Харин Гялс төв дээр очоод сургуулийн захирал Ц.Сонгуулийн утас руу залгаж “эхнэрийн бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байна. Та надад 3, 4 хоногийн чөлөө өгөөч” гэж чөлөө авахад “Ойлголоо” гээд утсаа салгасан. Намайг эхнэрээ сахиад эмнэлэгт байж байтал 2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой Б.Алтансарнай залгаад “Та маргааш ирэх шаардлагатай байна” гэсэн. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө ажилдаа ирээд хичээлийн бэлтгэлийг хангаад өрөөндөө сууж байхад намайг захирлын өрөөнд дуудсан. Намайг захирлын өрөөнд очиход тус сургуулийн захирал Ц.Сонгууль, сургалтын албаны дарга С.Мөнхбат, сургалтын албаны арга зүйч Б.Алтансарнай, хүний нөөц Б.Даваадалай, нягтлан Г.Ганцэцэг, аж ахуйн дарга Ж.Мөнхбат нар цугларсан байсан. Тэгээд намайг ороход таныг халах тухай асуудлыг ярилцах болно гэсэн. Мөн Энэ хүнийг захиргааны чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халах нь зүйтэй гэхэд бүх ажилчид дэмжсэн. Түүний дараа захирал Ц.Сонгууль надад та дараа, дараагийн ажилдаа ороход хүндрэлтэй учир өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан нь ашигтай мэтээр ярьж надад тайлбарласан. Тухайн үед эхнэр болон өөрийн биеийн эрүүл мэндээс болоод сэтгэл санаа тааруу байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэлгүй хүсэлтээ бичиж өгсөн. Би ажлаасаа тараад гэртээ очоод эхнэртээ ажлаасаа халагдсан тухайгаа хэлээгүй, харин эхнэрийн биеийг гайгүй болохоор нь ажлаас халагдсан тухай хэлсэн.

Гэтэл миний хувьд ажлаас халагдах сонирхолгүй байсан болохоор өөрийнхөө хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох баримт, тайлбарыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө сургуулийн захиргаанд өгөхөд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тушаал гарчихсан учир таны баримтыг хүлээж авах боломжгүй гэсэн. Би өөрийн хүсэлтээр ажлаас гарсан мэтээр тайлбарлаж тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Тухайн үед өөрийгөө эмчлүүлэх, эхнэртээ анхаарал халамж тавих үүднээс эмнэлгээр явсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зэрэг үйл явдлаас болж миний бие нэхэмжлэл гаргах хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хүсэлт, баримтаа хэрэгт хавсаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Сонгууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б тус сургуульд 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн барилгын сантехник мэргэжлийн дадлагажигч багшаар ажилд орж 9 дэх жилдээ гагнуурын багшаар ажиллаж байна. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлсөн. С.Б ажиллаж байсан хугацаандаа 5 удаа арга хэмжээ авагдсан. Намайг энэ сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 2 дугаар сард 3 өдөр захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан. Үүнийг С.Б-гийн ажилласан жил, нас, гэр бүлийнх нь байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Гэтэл нэхэмжлэгч тэр үед архи ууснаас болж ажилдаа ирээгүйгээс гадна ажлын байран дээр согтуу ирсэн. Өөрийгөө архи уугаагүй гэж ажилчидтай маргасан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулахад 1.64 хувийн согтолттой гарсан. Түүний дараагаар 2018 оны 3 дугаар сард над руу залгаж “3 өдрийн чөлөө авъя” гэхэд нь “Та өөрийн биеэр ирж чөлөө зөвшөөрлөө сургалтын менежер Б.Алтансарнайгаас авах хэрэгтэй. Надаас утсаар чөлөө авахгүй шүү” гэж хэлсэн. С.Б чөлөө зөвшөөрөлгүй 3 хоног ажил тасалсан тул 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2018 оны 9 дүгээр сард мөн адил чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан учраас энэ асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар С.Б-г ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу ажлаас халах тушаалыг гаргасан. Өмнө нь нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа Солонгос улс руу яваад архи уухаа болиод ирсэн байсан. Гэтэл өнгөрсөн 2018 оны 9 дүгээр сард дахин архи ууж, ажлаа тасалсан. Нэхэмжлэгчийн эхнэр манай ажил дээр ирээд “Энэ хүний архи уух асуудлыг зогсооно. ОХУ-д руу явж кодлуулна. Та манай нөхрийг харж үзээч, манай гэр бүлийг тэжээдэг ганц хүн юм” гэж надад хэлж байсан. С.Б өмнө нь захиргааны шийтгэл авахдаа “Би дахин шийтгэл авах үйлдэл гаргавал ажлаас халагдахад татгалзах зүйлгүй” гэсэн амлалт өгч байсан. Гэтэл бидний итгэлийг алдсан тул ажлаас халахаас өөр аргагүй болсон. Хэдийгээр би нэхэмжлэгчийг шууд ажлаас халах байсан ч энэ хүний тэтгэвэрт гарах нас, жилийг нь харгалзан үзээд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь гурван өдөр ажил таслаад ирэхдээ ажлын байран дээр согтуу ирсэн. Миний хувьд уг тушаалыг хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-д зааснаар Ш С.Б-гийн нэхэмжлэлтэй Налайх дүүрэг дэх МСҮТ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолдоо: Миний бие Налайх дүүргийн МСҮТ-д гагнуурын багшаар олон жил ажилласан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхнэрийн бие гэнэт муудаж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон. Иймд сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр өргөдөл гаргах боломжгүй байсан тул сургалтын менежер Б.Алтансарнайгийн утас руу залгахад утсаа аваагүй тул 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө эхнэрээ эмчлүүлж, Улаанбаатар хотод “Гялс” төвд бүх төрлийн зураг авахуулж байхдаа сургуулийн захирал Ц.Сонгуулийн утас руу залгаж чөлөө авсан. Гэвч маргааш өглөө сургалтын менежер миний утас руу залгаад албан ёсоор бичгээр чөлөө аваагүй тул таныг ажлаас халах гэж байна. Сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар оруулж шийднэ гэж ярьсан. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө би сургууль дээр очтол сургуулийн захирлын зөвлөл хуралдаад бүх гишүүдээс намайг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн. Сургуулийн захирал, сургалтын менежер нар ажлаас өөрийн саналаар гарч байгаа бичиг хийж өг гэж шаардсан. Тухайн үед санаа сэтгэл тоггворгүй, бие тааруу байсан тул тус бичгийг нь шахалт, дарамтын үүднээс бичиж өгсөн. Уг бичгийг үйлдэхдээ тайлбар болгож ямар шалтгааны улмаас уг бичгийг хийж өгч буйгаа илэрхийлсэн тайлбарыг мөн хавсаргасан. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр сургуулийн захиргаанд тайлбарласан тайлбар бичиж өгсөн.

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан эмчлүүлэгч миний картан дээрх баримтын он, cap, өдрөөр шүүж үзсэний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баримт, он нь мэдэгдэхгүй 10 дугаар сарын баримтуудыг хэрэгт өгөгдсөн гэж үзэж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд гомдол гаргах эрхтэй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс миний хавирга хэсгээр өвдөөд байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгэр хавирга хугарсан тухай онош тавьсан Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгээр зайлшгүй зүрхний бичлэг хийх ёстой, цуллаг эрхтнүүдээ рентгенд харуулах ёстой болохыг эмч хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн эмчийн үзлэгээр ходоодны энгийн зэрэглэлийн хорт хавдартай болох нь тогтоогдсон. Иймд эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтанд зайлшгүй орох шаардлагатай болсон. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс байнгын эмчийн хяналтанд орж, үзүүлж эмчилгээний эм тариа авч явсан. Мөн 2018 оны 11 дүгээр сард уг өвчиний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага гарсан. Өөрийн эрүүл мэндээ бодохоос гадна өөрийн эхнэртээ эмчилгээний эм тариа авах, эмчилгээнд хамруулах зэрэг гэр бүлийн асуудал ихээхэн байсан тул шүүхэд хандах боломж олдоогүй. Өөрийн эмчилгээнд анхаарахаас гадна, эмчид үзүүлээд явж байхад миний бие муу байсан төдийгүй 12 дугаар cap гарсанаас илүү дээрдсэн учраас миний бие шүүхэд гомдол гаргасан.

Дээрх үйл явдлыг нотолсон үйл баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Гомдол гаргаж өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаад байхад шүүх үл ойшоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдлаар нотлох баримт, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан атал хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Налайх дүүрэг дэх МСҮТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Налайх дүүрэг дэх МСҮТ-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн С.Б-г 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-ийн 5 дугаар тал/

Уг тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч гардаж авсан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.Б 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч С.Б шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн эмчийн үзлэгээр ходоодны энгийн зэрэглэлийн хорт хавдартай болох нь тогтоогдож байнгын эмчийн хяналтанд орж, ...уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон“ гэж тайлбарласан боловч уг үйл баримт тогтоогдоогүй, 2018 оны 11 дүгээр сарын 6, 16, 22-ны өдрүүдэд эмчид үзүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэх баримтууд /х.х-ийн 13-14 дүгээр тал/ хэрэгт авагдсан боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс бусад хугацаанд шүүхэд гомдлоо гаргах боломжтой байжээ.

Түүнчлэн 10 дугаар сарын 1-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт нэхэмжлэгч 2017 оы 9 дүгээр сарын 28-нд бусдад зодуулсны улмаас 2017 оны 10 дугаар сард үзүүлж, эмчилгээ хийлгэсэн /х.х-ийн 8 дугаар тал/  талаар эмчлүүлэгчийн картанд бичигдсэн зэргээс хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэж, сэргээх үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                          М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА