Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2019/00644

 

 

 

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2019/00644

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00563/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

....................Н.Н (РД: СБ-34040504)-гийн хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Миний аав Ч. Н нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалаар цагаатгасан юм.

Одоо надаас өөр нөхөн олговрын 80.000.000 төгрөгийг авах хүн байхгүй. Иймд Н.Н надад 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү... (хх-ийн 1, 25 тал)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хэлмэгдэгч Н нь 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоол, шүүхийн цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр улс төрийн хилс хэрэгт ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн юм.

Хэргийг хянаад Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр магадлалаар цагаатгаж, цагаатгалын үнэмлэхийг нь олгосон байдаг. 1999 онд 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авч байсан учраас хэлэгдэгч Нн Нд 80.000.000 төгрөгийн нөхөх олговрыг олгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын шийдвэрээр Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаарт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд 80.000.000 төгрөгийг олгох иргэдийн жагсаалтад Нн Нгийн нэр нь зарлагдсан учраас бид нэхэмжлэлийн материалыг бүрдүүлж өгсөн.

Н нь баривчлагдаж яваад буцаж ирээгүй цаазлагдсан юм. Мөн нөхөх олговрыг авах өөр нэхэмжлэгч байхгүй. Н нь хэлмэгдээд буцаж ирээгүй, цаазаар авахуулсан учраас энэ нөхөн олговрыг авах эрхтэй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Эхнэр, охин хоёр нь байсан. Өөрийнх нь бүх эд хөрөнгийг нь хураасан гэдэг талаар Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Тагнуулын ерөнхий газраас гаргасан архивын лавлагаанд ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн гэдэг нь тодорхой байгаа. Харин Тагнуулын ерөнхий газраас эд хөрөнгийг нь хураалгасан гэдэг лавлагааг авах гэхэд эд хөрөнгөтэй холбоотой лавлагааг хувь хүнд өгөхгүй шүүхийн журмаар гаргуулж авах ёстой гэж хариу өгсөн.

Иймд Нн нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг түүний охин Нд олгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Нэхэмжлэгч Н.Н нь хэлмэгдэгч Нн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн тул нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэл гаргах этгээд нь Н болох талаар мөн хэлмэгдэгч Нн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдаж байсан талаарх лавлагаанууд хэрэгт авагдсан хэдий ч 80.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл нь хараахан бүрдээгүй байна. Учир нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т орон сууц аваагүй байгаа бол дараалал харгалзахгүйгээр гэр орон сууц олгоно гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар 13 дугаар зүйлийн 2.1, 2.2-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар орон сууц аваагүй улс төрийн хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг олгоно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хэлмэгдэгч нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн нөхцөлд түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 80.000.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан байгаа. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар хамгийн гол нотлох баримт нь Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай магадлал байгаа. Магадлалын 10-т Нн нэрийг ямар хэрэгт шийтгүүлсэн талаар тодорхой дурдаад, ямар нэгэн баримтгүй байсан учраас цагаатгасан. Мөн ямар ялаар шийтгүүлсэн талаар тодорхой дурдаад хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр Улсын дээд шүүхийн 21 дугаартай магадлалд шүүх цаазын бичгийн онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 23 дугаар тогтоолыг хөрвүүлж шийдсэн. Энэ тогтоолд цаазлах ялаар шийтгээд хөрөнгийг нь хураасан гэдгийг заах байсан. Гэвч тухайн үед цаазаар авах ялаар шийтгүүлсэн, хөрөнгө хураах ялаар шийтгэсэн гэсэн энэ хоёр тохиолдлыг хоёуланг нь цагаатгасан байж тухайн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар орон сууцыг нь хураасан байна гэж үзэх нөхцөл гарч ирэх гээд байгаа юм.

Улсын дээд шүүхийн магадлалд хөрөнгийг нь хураасан талаар баримт байдаггүй. Харин цаазаар авах ял шийтгэлийг нь цагаатгасан талаар баримт байна. Харин энэ хуульд заасны дагуу орон сууцаа хураалгасан гэсэн баримт байхгүй учраас хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна... гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр Б.Дт Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Нг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. (хх-ийн 4 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Н.Н өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Ч.Нг улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 44 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаар магадлалаар (хх-ийн 8-12 тал) цагаатгагдсан Чимэдийн Нн төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийдвэрээр, (хх-ийн 13 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.

Чимэдийн Н нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дээд шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт...Чимэдийн Н нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэгдэж, түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын лавлагаа, Улсын дээд шүүхийн магадлагаа, цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар, Нн Н нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Нн Нд 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 13 тал)

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд Нн Н болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № ........ дугаартай лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 17 тал)

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын:... тус сумын иргэн Нн Н нь сумаас орон сууцны дэмжлэг аваагүй нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн 189 тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх-ийн 37 тал)

Зууны мэдээ сонингийн хуулбарт:..Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 32 дугаарт, ...хэлмэгдэгч Чимэдийн Н, хүүхэд Нн Нд 80.000.000 төгрөг... (хх-ийн 20 тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Нг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай магадлалд:...хавсралтын 10 дугаарт... Ч.Н... 1936 онд Очирт элсэгдэж, 4 хүнийг элсүүлсэн, ард олны дунд тагнуул, цуурхал хийх, эсэргүү бослогод морь, шар өгөхөөр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдож, шүүх цаазын бичгийн 43, 44, 45, 48 дугаар зүйлээр ... буудан алах, бүгд хөрөнгө хураах ялаар шийтгүүлж... Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоос энэ магадлалд нэрлэсэн 53 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ... (хх-ийн 8-12 тал)

Прокурор нь хэлмэгдэгч Чимэдийн Нн гэр, байшингаа хураалгасан баримт хэрэгт байхгүй, хүсэлт гаргагч нь орон сууц улсаас авсан нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх хуралдаанд дүгнэлт гаргажээ.

Хэлмэгдэгч Ч.Н нь хэлмэгдэхийн өмнө буюу 1938 оны байдлаар... хөрөнгийн хувьд үхэр 31, хонь 25, гэр 2.... байсан болох нь тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар тогтоогдсон байна. (хх-ийн 7 тал) гэж шүүх дүгнэв.

Хүсэлт гаргагч нь улсаас орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын тодорхойлолт, (хх-ийн 16 тал) Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын орлогч М.Болдын тодорхойлолт, (хх-ийн 37 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Н.Нд 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, .............. регистрийн дугаартай, Н.Нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ