| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0220/Э/220/2025/0274 |
| Дугаар | 2025/ШЦТ/445 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Ч.Батбаатар /ТПГ/
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405046350001 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, *************** аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ************ дүүргийн ************* дугаар хороо, ********** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овогт ***********ын *********** /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***********ын *********** /РД:***********/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвийн зогсоол дээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг, 40 минутын орчимд "Тоёота приус" маркийн *********** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл хориглоно: а/...согтууруулах ундаа … хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, түүнээс өмнө эрх хасуулж байсан удаа байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь “...шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн: “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй тул эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвийн зогсоол дээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг, 40 минутын орчимд, "Тоёота приус" маркийн *********** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл хориглоно: а/ ...согтууруулах ундаа … хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэж ирүүлсэн.
Гэтэл тус хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Жолоодох эрхийн лавлагаа: “... 2024 оны 11 дүгээр сарын 11-нийн өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 12 сарын хугацаагаар эрх хасагдсан” гэх (хавтаст хэргийн 8 дахь тал),
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2276 дугаартай шийтгэвэр: “... Холбогдогч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 31 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-н голын замд “Тоyota Aqua *********** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан” (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
4. Шүүгдэгч ***********ын: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байгаа. Өмнө нь эрхээ хасуулсан удаа байхгүй. Би 2022 онд жолооч болж, үүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.
Дээрх баримтуудаас үзвэл, шүүгдэгч *********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаагүй байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг, 40 минутын орчимд /2,27%/ согтуурсан үедээ "Тоёота приус" маркийн *********** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон байна гэж үзсэн.
Учир нь, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/2276 дугаартай шийтгэврээр ***********ыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байна. (хавтаст хэргийн 8, 27-28 дахь тал),
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *********** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон энэ үйл баримт тогтоогдох үед түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шийдвэр гараагүй байсан үе байх тул түүнийг дээрх зөрчлийг гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан байна гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулах”-аар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тайлбарт:
-энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-“тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолооох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Иймээс шүүгдэгч ***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***********т холбогдуулан 2405046350001 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Тээврийн Прокурорын газарт буцаах нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********** овогт ***********ын ***********т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***********т холбогдуулан 2405046350001 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Тээврийн Прокурорын газарт буцаасугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ