| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00558/И |
| Дугаар | 156/ШШ2020/00602 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2020/00602
| 2020 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 156/ШШ2020/00602 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00096/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух,Ж.Б (РД:.............)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоотод оршин суух, Д.Г (РД:...........)-т холбогдох төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг 4,423,026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Гтэй гэр бүл болж, бид хоёрын дундаас 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин Э төрсөн. Улмаар таарч тохирохгүйн улмаас 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Д.Г нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэгт 14,961,450 төгрөг төлөх ёстойгоос 10,538,424 төгрөг төлсөн. ОхинЭ нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 нас хүрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд хариуцагч Д.Гөөс төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг 4,423,026 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүл салах тухай шийдвэрийг Ж.Б гаргасан. Хүүхдийн тэтгэлэгийг миний бие зарим сард нь ажил эрхлээгүйн улмаас төлж чадаагүй. Бас миний бие элэгний хүнд өвчтэй. Энэ мөнгө нь хуримтлагдаад ийм хэмжээний төлбөр гарсан байна. Одоо би цалингийн зээлтэй, байрны төлбөр сар бүр төлдөг. Би өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Цалин амьдралд хүрэхгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа төлөх ёстой төлбөрөө төлж байсан. Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдэд өөрт нь зориулагдаж байсан эсэх талаарх мэдээлэл надад байхгүй. Саяхан авсан мэдээлэлээр Ж.Б нь шинэ байранд орох гээд мөнгө хэрэг болсон тухай сонссон. Миний охин аавдаа зөөврийн компьютер авч өгөөч гэж хэлсэн боловч би авч өгч чадаагүй. Хэрэв ээж нь хуримтлал үүсгэсэн бол аваад өгөх л байсан. Би хамт амьдрах хугацаандаа Ж.Бийн боловсролд зориулж цалингийн зээл авч өгч байсан. Одоо миний хувьд энэ мөнгийг төлж өгч чадахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Гт холбогдуулан төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг 4,423,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.Г нар нь 2000 онд гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охинЭ төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 88 дугаартай шийдвэрийн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 88 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Гөөс 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охинЭг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэтгэлэгийг нэхэмжлэгч Ж.Бт олгож байхаар хянан шийдвэрлэсэн байна.
Гэвч тус тэтгэлэгээс хариуцагч Д.Г нь 2010 оны 1-5 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 1-2 дугаар сар, 6-11 дүгээр сар, 2012 оны 3 дугаар сар, 7-9 дүгээр сар, 2014 оны 7-12 дугаар сар, 2015 оны 1-2, 6-8, 10-12 дугаар сар, 2016 оны 1-3, 6-12 дугаар сар, 2017 оны 1-4, 9, 11 дүгээр сар, 2018 оны 9 дүгээр сар, 2019 оны 11-12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 4,423,026 төгрөгийн тэтгэлэгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч Д.Г нь энэхүү тэтгэлэгийг эрүүл мэндийн байдал болон тухайн хугацаанд ажилгүй байсан үедээ төлж чадаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлалаа. Энэхүү хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч Ж.Б нь шүүх хуралдаанд үгүйсгээгүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүргийн хувьд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Г нь Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 88 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охинЭг эхийн асрамжид үлдээсэн нь эцэг Д.Гийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Иймд хариуцагч Д.Гөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар хариуцагчийн хувийн байдлыг болон төлөгдөөгүй тэтгэлэгийн хугацааг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэлэгийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөнтүүнчлэн төлбөр авагч буюу нэхэмжлэгч Ж.Б нь төлбөр төлөгч Д.Гийг тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр болох хүүхдийн тэтгэлэгийг зарим хугацаанд төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж болох байтал төлбөр авагч буюу нэхэмжлэгч Ж.Б нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д зааснаар хариуцагчаар үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэх чадвартай бөгөөд хөдөлмөр эрхлээгүй үндэслэлээр тогтоосон тэтгэлгийг төлөхөөс зориуд зайлсхийсэн, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан хүн, хуулийн этгээд, төлбөр төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг байтал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа буюу 2011 оноос хойш 2019 онуудад тодорхой хугацаанд төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэгийг гаруулах талаар нэхэмжлэгч Ж.Б нь хүсэлт, гомдлыг гаргаж байгаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгч тал ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд төлбөр авагч буюу нэхэмжлэгч Ж.Бийн тодорхой хугацаа бүрт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байгаагүй нөхцөл байдал болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.7-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагч Д.Гөөс төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг 4,423,026 төгрөгийн 50 хувь болох 2,211,513 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, үлдэх 2,211,513 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гөөс 2,211,513 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.7-д заасныг баримтлан хариуцагч Д.Гөөс төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг 2,211,513 /хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, үлдэх 2,211,513 /хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга таван зуун арван гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гөөс 2,211,513 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА