| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0546/Э/220/2024/0919 |
| Дугаар | 2025/ШЦТ/825 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
***********гол, Хан-Уул, *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Э.Ууганзаяа, /СХД/
хохирогч, шүүгдэгч Л.***********,
шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*********** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********************** овогт ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, *********** овогт ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408018831075 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ************төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *********** дүүргийн ************ хороо, ********* ******** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *********** дүүргийн ************ хороо, ****************** тоотод оршин сууж буй, одоо ************* ХХК-нд манаач ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********************** овогт *********** (РД:*************),
2. Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ***************** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт *********** дүүргийн ************** дүгээр хороо, ************ ************ тоотод оршин суух хаягтай боловч одоо *********** дүүргийн *********** хороо, ************* тоотод оршин сууж буй,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим ял болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 308 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ялаар шийтгүүлсэн ялтан Б.***********гийн эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар шийтгүүлсэн ялтан Б.***********гийн эдлээгүй үлдсэн 03 жил 3 сар, 26 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 03 сар 26 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
*********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 702 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, *********** овогт ************** *********** (РД:***************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*********** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *********** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн явах чиглэлээс болж иргэн Б.***********тай маргаан үүсгэж газраас чулуу авч шидсэний улмаас *********** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажны шил хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч ***********ид 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.*********** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *********** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн унаж явсан *********** УББ улсын дугаартай иргэн ***********ийн тээврийн хэрэгслийн шил хагалсан гэх шалтгааны улмаас хохирогч Л.***********г зодож, эрүүл мэндэд баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Л.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.*********** нь “...прокурор намайг санаатай хүн зодож гэмтэл учруулсан гэж яллаж байна. Би энэ Л.***********г зодсон асуудал байхгүй. Би өөрөө хохирсон байтал яагаад шүүгдэгчээр явж байгааг ойлгохгүй байна” гэж,
Шүүгдэгч Л.*********** нь: “...гэм буруу дээр маргахгүй, гэхдээ би эхэлж чулуу шидээгүй, намайг Б.*********** нь заамдаж, хашаа руу түлхэж дарсны дараа чулуу шидсэн байгааг тайлбарламаар байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *********** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Л.***********, Б.*********** нар нь тээврийн хэрэгслийн явах чиглэлээс болж хоорондоо маргалдан:
- шүүгдэгч Л.*********** нь газраас чулуу авч шидсэний улмаас Б.***********гийн жолоодож явсан хохирогч ***********ийн эзэмшлийн *********** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажны шил хагалж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.*********** нь хохирогч Л.***********г зодож, эрүүл мэндэд баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан шуурхай дуудлагын хуудас: “...машины цүнх хагалчихлаа” гэсэн гомдлыг гаргасан. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хохирогч ***********ийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Толгойтод өөрийн найз ***********ийн гэрт нь ***********, *********** нартай хамт байж байтал 10 цагийн үед *********** “ахаа машинаа өгч байгаач, би ээжийг ойрхон хүргэж өгчхөөд ирнэ” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн *********** УББ дугаартай үзмэн ягаан өнгийн машинаа өгөөд явуулсан, тэгтэл 11 цагт *********** эргэж залгаад “ахаа машины чинь арын цонхыг хүн чулуу шидээд хагалчихлаа, тэгээд зугтах гээд байна, та хүрээд ирээч” гэхээр нь би өөрийн хамт юм яриад сууж байсан найз ***********г гуйж байгаад хар өнгийн приус 20 машинаар нь Толгойт хорооллын зам дээр очсон. Тэгсэн миний машин зам дээр 1 дүгээр эгнээнд урагшаа хараад зогссон, ар багажны шил хагарсан, зам дээр цагаан өнгийн приус 30 машин явах гээд урд нь *********** явуулахгүй замыг нь хаагаад зогсчихсон, олон хүмүүс шавчихсан байхаар нь машинаас буугаад *********** дээр очиж уулзсан чинь " ахаа энэ хүн машины чинь цонхыг хагалчихсан, зугтах гээд байна” гэхээр нь би тэр хүний онгорхой цонхон дээр очоод яаж байгаа юм бэ" гэхэд тэр хүн надад “чамд ямар хамаатай юм бэ" гээд явах гээд урд нь зогсож байгаа ***********г түрээд аажуухан яваад байхаар нь би тэр хүний өмссөн Монгол цамцны энгэрт машиных нь түлхүүр зүүлттэй байхаар нь булааж аваад машиныг нь унтраагаад “цагдаа дуудсан байна, чи цагдаа иртэл байж бай” гэхэд тэр хүн “ би тэр цагдааг чинь хийж байсан юм, та нар яах юм бэ, яаж ч чадахгүй шүү” гээд машин дотроосоо орилоод байж байтал дуудлагын цагдаа нар ирээд тэр хүнтэй эхлээд уулзаад надаас "энэ хүний машины түлхүүр хаана байна өг" гэхээр нь би түлхүүрийг нь гаргаж өгсөн. ***********г манай Толгойтын хүүхэд болохоор нь багаас нь мэддэг. Намайг очиход тэр хүн 45-50 орчим насны цагаан өнгийн шляпан малгайтай, дээгүүрээ бор шаргал Монгол цамц өмссөн машин дотроо жолооныхоо ард сууж байсан. Би очоод маргалдаж, зодоон цохион хийсэн асуудал бол огт болоогүй, намайг очихоос өмнө ***********тай маргалдсан гэж сонссон бөгөөд тэр хүн намайг очиход машинаасаа буухгүй байж байгаад цагдаа ирэхэд машинаасаа буусан. Энэ хүн нь буруутай нь тогтоогдвол миний машины шилийг төлөөд өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүн сүүлд нь намайг энгэрээс нь машины түлхүүрийг нь явуулахгүй гэсэн зорилгоор булааж авахад машины түлхүүрийн хамт сүйн бөгж байсныг авсан байна гэж ярьсан байна лээ тэгэхээр тэрийг шалгуулмаар байна, бас тэр хүн бөгжөө машин дотроос олсон гэж ярьсан байна лээ, надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал),
3.“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 20224 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0520 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...*********** УББ улсын дугаартай авто машины багажны шил 600.000 төгрөг...” гэх ( 1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал),
4. Хохирогч Л.***********гийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед өөрийн эхнэр *********** болон насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт Шинэ Толгойт хороолол руу айлын хүүхдийн үсний найрт орохоор эзэмшлийн *********** УАМ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн машинаар төв замаар хойд чиглэлд явж байгаад цагаан үргэлжилсэн шугам даваад эргээд орох гэтэл туслах замаас цагаан өнгийн *********** УЕХ улсын дугаартай верна маркийн автомашин урсгал сөрж тулж орж ирж зогссон. Тэгэхээр нь би машинаас цонхоор " ахын дүү чи урсгал сөрөөд байна, чи туслахаас гарч байгаа болохоор гол замын машинд зам тавьж өгөх ёстой” гээд шаардлага тавихад ут машины жолооч залуу юм хэлэхгүйгээр миний машины урдаас улам тулаад байхаар нь би машинаасаа буугаад тэр армийн хувцас өмссөн залууг “чи дүрэм зөрчөөд байна шүүдээ хойшоогоо ухарчхаач” гэхэд нөгөө залуу “чи энд дүрэм яриад байхдаа яадаг юм бэ, наад дүрэм чинь надад үйлчлэхгүй" гээд зогсоод байж байтал миний машины буруу талаар хар өнгийн машинтай эрэгтэй өндөр залуу жолоочтой дотроо бас нэг хар царайтай хөгшин эмэгтэй хүн суулгасан машин хажуугаар давхар орж ирж зогсоод намайг "наадах чинь нэг чигийн хөдөлгөөнтэй зам, чи хойшоо ухар малаа” гээд загнахаар нь би "энд ямар ч нэг чигийн хөдөлгөөнтэй гэсэн замын тэмдэг байхгүй байна, тэгээд ч би тантай яриагүй, та өөрөө бас дүрэм зөрчөөд байна цаашаагаа яв" гэхэд уг залуу хажуугаар эргээд урагшаа явсан. Тэгсэн чинь нөгөө цэргийн ангийн залуу машинаасаа бууж ирээд "чи муу хөгшин банди өөрөө ухар хоёулаа үзэх үү” гээд хувцсаа тайлаад дайрахаар нь би гар утсаараа бичлэг хийгээд " чамтай үзэхгүй" гээд зогсож байхад нөгөө залуу гар утас хараад буцаад машиндаа орсон бөгөөд энэ үед замын хажууд байсан согтуу хүмүүс “наадах чинь цагдаад байсан зэвүүн писда байгаа юм" гээд бас орилоод байхаар нь би эргэж машиндаа орж суугаад эхнэртээ “ миний хөгшин 2 хүүхдээ аваад бушуухан холдоод нөгөө айлдаа орж бай, машинаа энд нь хаячихъя” гээд дагуулаад Толгойт хорооллын явган хүний замаар эхнэр хүүхдээ дагуулаад алхаж байтал миний машины хажуугаас орж ирж хэрүүл хийсэн өндөр залуу явган өөдөөс ирж тааралдаад " энэ манай эндхийн писда биш байна, энийг алаад хаячихъя” гээд шууд миний нүүр рүү цохиход миний зүүж явсан хар өнгийн нүдний шил алга болсон. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу дахиж цохиод миний малгай газар унаад намайг үргэлжлүүлээд хоёр гараараа боогоод хойш түлхэхэд тэр хүний боолт ороод би хойшоо сонин болоод ард байсан хашлага тээглээд би газар арагшаа унасан чинь манай эхнэр хүүхэд ирээд тэр залууг салгасан. Тэгсэн манай 12 настай хүүхдийг “ ална шүү тавиарай " гээд манай хүүхэд рүү дайрахаар нь би “ чи миний хүүхэд рүү дайрна гэж байхгүй шүү” гээд тэр залууг татаад бас эхнэртээ хоёр хүүгээ аваад яв гээд машин дээрээ очиход өндөр залуу удалгүй эргэж ирснээ “энэ муу писда машины цонх хагалсан" гээд намайг дахиж багалзуураас базаж дээш өргөснөө намайг тавиад “ миний машины цонхыг чи муу хагалсан шүү, чамайг энд нэг ч хүн ирж өмөөрөхгүй шүү, би эндэхийн бүх хүмүүсийг танина, захын чавганц гарч ирж чиний эсрэг мэдүүлэг өгүүлнэ" гээд орилоод байхаар нь би машиндаа ороод цагдааг хүлээж байсан чинь верна машин хөдлөөд явсан байсан. Энэ үед замаар явж байсан жолооч нар намайг машинаа холдуулаач гээд орилоод байхаар нь би машинаа хөдөлгөх гэхэд өндөр залуу миний машины урд ирж зам хааж зогсоод хөдлөхгүй байж байтал тэнд байсан залуучууд дундаас бололтой нэг залуу ирээд миний цонхоор гараа оруулж ирээд зүүн гараараа нэг удаа баруун шанаанд нэг цохиод " чи муу яахаараа миний машины цонх хагалдаг юм бэ" гэхээр нь би "чиний машины цонхыг би хагалаагүй, цагдаа хүлээгээд учрыг нь олох гээд байж байна" гэсэн чинь миний хоолойг боогоод байхаар нь би ноцолдож байгаад гарыг нь тавиулахад миний цамцны энгэрийн товчиндоо зүүсэн байсан машины түлхүүр болон гэрийн түлхүүрийг товч ханз татаад булаагаад авсан. Тэгээд удалгүй алаг машинтай 2 цагдаа ирээд ахмад ***********т ирээд юу болсон талаар асуухаар нь би болсон явдлыг хэлээд миний түлхүүр булаасан болохоор би машинаа хөдөлгөж чадахгүй байна гэхэд ахмад *********** тэр хүмүүст хандаж “булаасан юмаа гаргаад өг" гэсэн чинь наг залуу миний түлхүүрүүдийг өгсөн. Тухайн үед цагдаад би хяналтын камер байгаа шүүгээд өгөөч гэхэд маргааш материалыг чинь авсан байцаагч шүүчихнэ, би дуудлага ихтэй яараад байна" гээд яваад өгсөн юм. Би тэр үед бичлэг хийсэн гэж бодож байсан боловч бичлэгээ шалгахад миний гар утас бичлэг хийгээгүй байсан, тэгэхдээ би тэр үед хэд хэдэн зураг авсан байгаа. Эдгээр гэмтлийг машин барьж явсан өндөр залуу хүзүү хоолойгоор намайг боогоод арагш түлхэж би төмөр хашаанд тээглэн унах үед үүссэн бөгөөд машины эзэн гэх залуу машины цонхоор орж надтай ноцолдох үед миний хэвлийд зулгаралт үүссэн гэмтлүүд байгаа юм.
Намайг шил хагалсан гээд байхаар нь би очоод зургийг нь авахад машины арын багажид цагаан өнгийн том дөрвөлжин хавтанг сул хийсэн байсан бөгөөд уг залуу машин нь хөдлөх үед шил нь хавтанд цохигдоод хагарсан байх гэж ойлгож байгаа. Тэр үед дуудлагаар очсон цагдаа шил хагалсан гэх чулуу эд зүйлийг үзүүлээгүй. Миний биед учирсан гэмтэл нь сүртэй тусламж авахаар гэмтэл биш учраас би эмнэлэгт үзүүлээгүй. Би өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор сэтгэцийн хор хохирол тогтоох журмын 2 дугаар хавсралтын хоёрдугаар зэрэглэлд заасан хэсгийн сэтгэл санааны хохирлыг надад гэмтэл учруулсан Б.*********** гэх хүнээс нэхэмжилж байна. Надад ямар нэгэн хохирол гэж өгсөн зүйл байхгүй. Би бас шил хагалсан гээд төлсөн зүйл одоогоор байхгүй бөгөөд хэрвээ миний буруутай байдал тогтоогдвол би шилний хохирлыг төлөх болно. …” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7394 дугаартай хүний бид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Хэсэг газрын үзлэг: Баруун гуяны ар дунд хэсэгт 15х8см хөх ягаан өнгийн цус хуралттай, үүний гол хэсэгт 6х3см улаан хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай, хүзүүний баруун дунд хэсэгт 1.5х1см, гуяны ар дээд хэсэгт 6х4см, хэвлийн баруун хэсэгт 3х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт: Л.***********гийн биед баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал),
6. Гэрч ***********ийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *********** дүүргийн 1 дугаар хороонд байдаг Шинэ Толгойт хороололд айлын хүүхдийн үсний найрт очихоор нөхөр 2 хүүгийн хамт гэрээсээ приус 30 маркийн машинтайгаа гарсан. Тэгээд Толгойт хороолол руу төв замаас эргээд орох гэж байхад өөдөөс цагаан өнгийн верна машин урдаас урсгал сөрж орж ирээд маргаан болсон чинь манай машины хажуугаар хар өнгийн машинтай нэг өндөр залуу орж ирээд “ наадах чинь нэг чигийн урсгалтай холдооч пизда минь” гээд хашхирсан.Тэр үед манай нөхөр тоохгүй нөгөө вернагийн жолоочтой маргаж байхад хажуугаас тэр хавийн бололтой архичид хэрүүл өдөөд байсан чинь манай нөхөр надад “ энд баахан согтуу хүмүүс байна, чи хүүхдээ аваад буугаад айлдаа очиж бай, тэгэхгүй бол хүүхэд айлгачихна” гэхээр нь би хоёр хүүгээ аваад машинаас буугаад явах гэхэд манай хүү явахгүй байхаар нь манай нөхөр хүүгээ дагуулаад бид 4 хамт байр руу алхсан чинь нөгөө хар машины жолооч гудамжинд явж тааралдаад манай нөхрийг “машинаа холдуулаач хаачих гээд байгаа пизда вэ” гээд манай нөхөртэй зууралдаад авахаар нь би дундуур нь ороод салгасан. Нөгөө залуу цааш алхсанаа цонхны шил хагарсан байна шүүдээ пизда минь“ гээд эргэж ирээд манай нөхөртэй зууралдаад авсан чинь манай хүү тэр залуугийн гарыг татаад салгах гэхэд манай хүүг элдвээр хэлээд дайрахаар нь хүүгээ холдуулсан. Тэгсэн чинь манай нөхрийг нэг гараараа заамдаад цохих гэсэн чинь хальт цохиод оноогүй, тэгээд чигээрээ хойш нь дарахад төмөр хашлага таараад дараад унаснаа дахиад цохих гэхээр нь би урдуур нь ороод цохиулаагүй. Тэгээд салгаад би хоёр хүүхдээ аваад айлд ороод цонхоор нь доошоо нөхрөө харж байхад манай нөхрийн машины өмнө нөгөө өндөр залуу зогсоод явуулахгүй байгаа бололтой урд зогсож байсан чинь цаанаас баахан залуучууд гарч ирсэн чинь нэг залуу цонхон дээр нь очоод манай нөхөртэй цонхоор тонгойгоод ноцолдоод байх шиг байсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн. Тэр үед манай нөхрийг хар машины жолооч гэх өндөр залуу ганцаараа халдсан өөр хүн халдаагүй. Бас саарал цамцтай залуу цонхоор нь тонгойж байгаад зууралдаад байсан. Би машины цонх хагарсан талаар бол мэдэхгүй, харин уг жолооч машинаа зам дээр тавьчхаад байрны хажууд манай нөхөртэй хамт зууралдсан байхад цонх нь яагаад хагарсныг ойлгохгүй байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал),
7. Гэрч Э.***********ийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би Шинэ Толгойт хорооллоос эхнэр хүүхдийн хамт эмнэлэг орж охин ***********ыг үзүүлэхээр *********** УЕХ улсын дугаартай верна машинтайгаа туслах замаас төв зам руу зүүн эргэх гэсэн чинь гэнэт өөдөөс цагаан өнгийн приус 30 машинтай цагаан малгай өмссөн 40 гаруй насны ах тулж ирээд “ Дүрмээрээ яв, чи ингэж явахгүй, би орох ёстой” гэхээр нь би тэр ахад “ахаа наадах чинь угаасаа зохицоод орчихдог шүүдээ, угаасаа ард 2-3 машин ирчихсэн байна, та өөрөө хүртэл үргэлжилсэн цагаан шугам даваад ороод ирсэн байна, би хүүхдээ үзүүлэх гээд яараад байна, та жоохон ухраад өгчих” гэсэн чинь тэр ах “ чи өөрөө ухар, би дүрмээрээ явж байна” гээд сигналдаад гэрлээрээ дохиод машин дотроо суугаад байсан юм. Тэгтэл хажуу талаар нь хар өнгийн машинтай өндөр залуу машин дотроосоо “ наадах чинь зохицоод ордог уулзвар шд наад машины чинь ард 2 машин байна, та жоохон ухарчхаач” гэсэн чинь тэр ах “ чамд хамаагүй, би дүрмээрээ явж байна “ гээд уурласан чинь нөгөө залуу машинтайгаа буцаж эргээд машинаа нэгдүгээр эгнээнд тавьчхаад хамт явж байсан хүүхдээ дагуулаад байр луу орчхоод удалгүй гарч ирэхэд нөгөө цагаан малгайтай ах машинаасаа эхнэр бололтой нэг хүүхэн бас нэг 13-14 насны эрэгтэй хүүхэдтэй хамт машинаа зам дээр цоожлоод тэр чигээр нь хаяад байр руу алхсан чинь нөгөө өндөр залуутай тааралдсан. Тэр үед өндөр залуу цагаан малгайтай ахад “ чи одоо холдоод өгчхөөч, яасан сүртэй юм бэ” гэсэн чинь “би дүрмээрээ явж байна, чи дуугүй бай” гэсэн утгатай үг хэлээд өндөр залууг заамдах гээд ойртсон чинь гарыг нь түлхэж харагдсан. Би тэр үед манай аав над руу залгаад утсаар яриад эргээд харахад өндөр залуу цагаан малгайтыг заамдаад авахаар нь гараараа түлхэхэд цагаан малгайтай ах ард нь байсан ногоон төмөр хашаанд тээглээд арагшийгаа саваад унаснаа өндөр залуу цаашаа хараад явж байхад нь газраас чулуу аваад араас нь шидсэн чинь зам дээр байсан машиных нь арын хаалганы цонх хагарсан юм. Тэр үед өндөр залуу “ энэ хаанахын пизда вэ, ямар ч байсан манай эндэхийнх биш” гээд уурлаад тэр цагаан малгайтыг бариад авсан чинь тэнд байсан хүмүүс салгасан юм. Тэгээд би хүүхэд халуураад байсан болохоор машинаараа бордюр даваад яараад яваад өгсөн.
Миний харснаар тэр ах цагаан сетика малгайтай, бордуу шаргал Монгол цамцтай, хар өнгийн хромон гуталтай байсан. Тэр ах машинаа түгжээд бууж ирэх үед тийм нүдний шил бол харагдаагүй, харин машинаас буухдаа түлхүүрээ баруун талынхаа өмдний хармаанд хийж харагдсан. Тэр хүн өөрөө эхлээд өндөр залууг “би дүрмээрээ явж байна, чи дуугүй бай” гэсэн утгатай үг хэлээд өндөр залууг заамдах гээд ойртсон чинь өндөр залуу гарыг нь түлхэж харагдсан, тэр үед би утсаар яриад дахиад анзаарсан чинь өндөр залуу нөгөө цагаан малгайтыг цээж рүү нь түлхэхэд нөгөө ах замын хажууд байсан ногоон төмөр хашаанд тээглээд унаж харагдсан. Тэгээд унасан уурандаа газраас чулуу аваад өдөр залуугийн араас шидсэн чинь машиных нь арын цонхыг хагалчихсан юм. Тэр үед өндөр залуу “ энэ хаанахын писда вэ” гээд ирээд бариад авсан чинь цагаан малгайт өөдөөс нь заамдаад тэр хоёр харилцан бие биеэ хувцсаараа боолцоод зууралдаж байхад хүмүүс салгасан юм. Түүнээс өөр ямар ч зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал),
8. Гэрч ************: “...Би *********** дүүргийн 2 дугаар хороо Шинэ Толгойт хорооллын 102 дугаар байрны 1 давхар үйлчилгээний төвд ноолууран цамц үйлдвэрлэдэг ажилтай, манай ажлын цонх урд зүгт харсан бөгөөд төв зам руу хардаг юм. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал гадаа хүмүүс чанга дуугаар “чи ухар, би ухар” гээд хэрүүл хийгээд дуу нь чангараад байхаар нь би цонхоор харсан чинь манай урд замаас төв зам руу орох гэж байгаа бололтой цагаан өнгийн верна машин зогсчихсон, төв зам дээр урдаасаа хойшоо чиглэлд өмнө нь цагаан өнгийн приус 30 Машин тулаад зогсчихсон, ард нь ногоон машин бас зогсчихсон, зам дээр түгжрэл үүсгээд хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би нэг аяга кофе найруулаад эргээд цонхоороо харахад приусын жолооч газраас чулуу аваад нөгөө залуугийн араас шидсэн чинь машиныг нь оносон бололтой ногоон машины жолооч шууд уурлаад приусын жолооч цагаан малгайтай ах дээр очиход ногоон машины жолоочтой хоорондоо заамдалцаад барилцаж байснаа нөгөө ногоон машины жолооч залуу нөгөө ахыг түлхсэн чинь тэр ах бага зэрэг гуйваад босож ирээд тэр залуу руу дайраад эхэлсэн. Тэгэхэд тэр хавьд байсан хүмүүс салгасан юм. Тэгээд удалгүй цагдаа дуудсан бололтой цагдаа ирэхээр нь би гадаа гараад тэр Приус 30 машины жолооч ахыг “ та арай ч дээ өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй болиоч" гээд хэлсэн.
Миний бодлоор зам дээр машинаа оруулж гаргахаас болж маргаан болсон байх гэж бодож байгаа. Тэр үед бол зодоон бол болоогүй. Би энэ жолооч нарыг бол огт танихгүй, харин приусын жолоочийн эхнэр бололтой нэг эмэгтэй, ногоон машины жолоочийн хамт явж байгаа бололтой нэг настай эмэгтэй байсан. Нөгөөхийг нь бол сайн анзаараагүй…” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),
9. Шүүгдэгч Б.***********гийн: “...би уг Л.***********тэй тээврийн хэрэгслийн чиглэлээс болж маргасан бөгөөд тухайн үед уг хүн миний араас чулуу шидээд миний унаж явсан машины арын цонхны шилийг хагалчихаар нь би уурлаад зууралдаад, ноцолдож байгаад түлхсэн чинь уг эрэгтэй хүн замын хашлаганд хөлөөрөө тээглээд арагшаа унасан юм. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээрх гэмтлүүдийг би учруулсан юм. Би тэр үед өөрийнхөө унаж явсан машинд суух гээд арагшаа хараад алхаад явж байхад чулуу нь миний унаж явсан машины арын шилийг оноод хагалсан юм. Миний унаж явсан машины арын багажид дөрвөлжин зүйл бол 20х30 см хэмжээтэй цагаан өнгийн том пялта байсан бөгөөд машинд арын багажид хэвтүүлсэн байсныг нь тэр машины шил хагалсан хүний шидсэн чулууг хайх үедээ босгож байгаад доогуур нь хайсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал)
10. Шүүгдэгч Л.***********гийн: “...*********** нь намайг зодож миний эрүүл мэндэд хохирол учруулчхаад буцаад явах гэхээр нь би ***********д чи хүн зодчихоод явна гэж байхгүй ээ, цагдаа дуудсан байгаа, чи хүлээж бай гэж хэлсэн чинь *********** нь над руу газраас чулуу аваад “чамайг ална” гэж хэлээд шидсэн. Тэгэхээр нь би газраас эрхий хурууны хумсны хэмжээтэй чулуу аваад *********** руу шидсэн боловч ***********г оноогүй, зам дээр зогсож байсан машины арын шилийг оноод хагалчихлаа гээд *********** нь над руу дахиад дайраад намайг заамдаж авсан чинь тухайн үед хамт байсан хүмүүс салгасан юм. Тухайн үед би цонх хагалснаа мэдээгүй. Ингээд цагдаагийн албан хаагч нар ирсэн юм” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд, шүүгдэгч Л.***********, Б.*********** нарын хооронд тээврийн хэрэгслийн явах чиглэлээс үүдэн маргалдаж, шүүгдэгч Б.*********** нь хохирогч Л.***********г заамдан чирч төмөр хашлага давуулан түлхсэнээс үүдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.*********** нь Б.***********гийн араас чулуу шидсэний улмаас түүний унаж явсан тээврийн хэрэгслийн цонхыг хагалж хохирогч ***********ид эд хөрөнгийн хохирол учруулсан үйл явдал өрнөсөн нь хохирогч ***********, хохирогч Л.***********, гэрч ****************, Э.***********э, *************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.
Шүүхээс нотлох баримтаар тооцсон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч ***********ийн хагарсан цонхны хохирлыг 600,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд шүүгдэгч Л.***********г бусдын эд хөрөнгөд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэв.
Хохирогч Л.***********гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 7394 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.***********гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Хэдийгээр шүүгдэгч Б.*********** нь “би хохирогч Л.***********г зодоогүй” гэж маргасан боловч тухайн хэргийн газар байсан гэрч Э.***********э, Т.*************, ************ нарын мэдүүлэгт “тухайн хугацаанд Б.***********, Л.*********** нар хоорондоо заамдалцсан, Б.*********** нь Л.***********г заамдсан чигтээ чирч төмөр хашлага давуулж түлхсэн, Л.***********гийн биед өөр халдсан хүн байхгүй. Харин Л.*********** нь газраас чулуу авч Б.***********гийн араас шидэхэд цаана байсан тээврийн хэрэгслийн арын шилийг онож хагалсан” гэх үйл баримтыг агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгч Б.***********гийн мэдүүлэг нь дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзэх ба шүүгдэгч нарын зүгээс хийсэн үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч тус бүрийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.***********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд,
Шүүгдэгч Б.***********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухай: Шүүгдэгч Л.***********гийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч ***********ийн машины хагарсан шилний хохирлыг 600.000 төгрөгөөр үнэлсэн, шүүгдэгч Л.*********** нь уг хохирлыг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж хохирогч ***********ид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.***********гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.***********гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Л.*********** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг гаргаж өгөөгүй байна.
Хохирогч Л.***********гийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөгчийн маягтын загвар (хавтаст хэргийн 158-165 дахь тал) хэрэгт авагдсан ба мөрдөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэхээр тусгасан, уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэг хамаарч байх тул хохирогч Л.***********гийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзнэ.
Иймээс хохирогч Л.*********** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Л.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Л.*********** нь: “...татгалзах зүйлгүй” гэж,
Шүүгдэгч Б.*********** нь: “...би эхнэр хүүхэд, 80 гарсан ээжийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг тул мөнгөн торгууль оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.***********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч Б.***********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
Шүүгдэгч Б.***********гийн хувьд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж, бусдад хохирол төлсөн зүйлгүй, харин хохирогч Л.*********** баримтаар хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
-шүүгдэгч Л.***********гийн хувьд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан, учруулсан хохирол, хор уршгийн шинж, бусдад хохирол төлсөн зүйлгүй бөгөөд мөн түүний хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдлын хувьд Улаанбаатар гурил ХХК-н манаачаар ажилладаг, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.***********, Б.*********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая, гурван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********, Б.*********** нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********, Б.*********** нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********гээс 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч ***********ид олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.***********гийн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.***********гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.***********, Б.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ