| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00585/И |
| Дугаар | 156/ШШ2020/00600 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2020/00600
156/ШШ2020/00600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00585/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .............. оршин суух, Н.Д/РД:............../
.......................... тоотод оршин суух, Н.Б /РД:............../ нарын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Д, Н.Б, прокурор Ж.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Д, Н.Б нар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний аав Д.Н нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа биеэр эдлэж байсан. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Зууны мэдээ сонины 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106, 107 дугаарт зарлагдсан. Иймд Н.Д, Н.Б бидэнд нөхөн олговорын 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй тул нэхэмжлэгч Н.Д, Н.Б нарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Д, Н.Б нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Д, Н.Б нар нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106, 107 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Д.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Улсын дээд шүүхийн 1938 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Н нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Н.Д, Н.Б нар нь Д.Нын хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 00/003240 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Н.Бын эцэг нь Д.Н, эх нь Д.М гэх ХААТР-1 маягт,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 00/003239 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Н.Дгийн эцэг нь Д.Н, эх нь Д.М гэх ХААТР-1 маягт,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 00/003236 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-10/5834, 03-10/5835 дугаартай лавлагаа,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/6841 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн магадлалын хуулбар,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг,
-Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 546 дугаартай шийдвэрүүд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Н.Б, охин Н.Днарт 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ........... регистрийн дугаартай, Н.Д, ............. Н. Б нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА