Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2020/00547

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 09 өдөр

 

 

Дугаар 156/ШШ2020/00547

 

 

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00426/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ...... тоотод оршин суух, ....... регистрийн дугаартай, Б овогт Э У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, ...... тоотод оршин суух, ....... регистрийн дугаартай, Г овогт С Х холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.У, хариуцагч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Х 2014 оноос таньдаг болсон. 2019 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод тааралдсан 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа, байрны түрээс хийх шаардлагатай байна гэж гуйгаад, өөрөө дансгүй байна гээд хүний 5450303346 тоот дансаар 125,000 төгрөг, 5738024165 тоот дансаар 45,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5431132146 тоот дансаар 745,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 125,000 төгрөгийг тус тус авсан. Нийт 1,000,000 төгрөгийг ойр зуурын хэрэглээний мөнгө гэж авсан. Байрны түрээсийн мөнгө 240,000 төгрөг өгөх ёстой. Мөн манай гэрт байсан гоо сайхны барааг авсан. Үүний үнэ 60,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг Х гаргуулахаар нэхэмжилсэн.

1,000,000 төгрөгийг цувуулж авахдаа дандаа өөр хүний данс руу хийлгэж авдаг байсан. Харин миний түрээслэж байсан байрыг С.Х 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл түрээсэлсэн. Ингэхдээ 1 сарыг нь 150,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Мөн түрээслэх хугацаанд гарах хэрэглээний зардал болох СӨХ, тог, цахилгаан, юнивишний төлбөрийг төлөх ёстой. С.Х манай байранд 2 сар байсан. Тэрээр нэг сарын түрээсийн мөнгийг өгсөн. Одоо нэг сарын түрээсийн мөнгө 150,000 төгрөг, энэ хугацаанд гарсан хэрэглээний зардал 90,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг байр түрээслэхтэй холбогдуулан нэхэмжилж байна.

Би С.Х 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 105,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг авсан. Түүний ээжээс нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөг авсан. Ээжээс нь авсан 100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж байна.

С.Х манай байрыг түрээслэж байх хугацаандаа миний өрөөнд байсан 54,000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний үнэртэй ус, 13,000 төгрөгийн үнэтэй нүдний тенийг авсан байсан. Үүний үнэ нийт 60,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд хариуцагч С.Х ойр зуурын хэрэглээний зардалд авсан 1,000,000 төгрөг, байрны түрээс 240,000 төгрөг, гоо сайхны барааны үнэ 60,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Х нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сард 2 хүүхэд, танил дүү А, А найз залуу Т нартай Улаанбаатарт амьдарч байгаад байр түрээслэх гээд Э.У А бид хоёр хамтраад 500,000, 500,000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Анужин 200,000 төгрөгийг, би 300,000 төгрөгийг Э.У бэлнээр өгсөн. Дараа нь А 150,000 төгрөгийг, би 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн сар өдрийг нь сайн санахгүй байна. Тэр мөнгийг Э.У өдрийн 3 хувийн хүүтэй бодож А бид хоёроос нийт 1,600,000 төгрөгийг авсан. 1 сар арай хүрээгүй байхад энэ байрны мөнгийг би өгсөн гээд намайг байхгүй байхад согтуу ирж дүү нарыг маань хөөж гаргаж түлхүүрийг нь аваад явчихсан байсан. Тэрнээс хойш бид нар тэр байрнаас гараад Э.У намайг цуг байя гэж гэртээ аваачиж цуг байсан. Би 2 хүүхдээ Хэнтий аймагт үлдээгээд Э.У өрийг дарж байрны түрээсийг төлдөг байсан. Э.У ярьж байгаа зүйлд ганц ч үнэн үг алга байна. Энэ хүн намайг шүүхээр далимдуулж над руу дайраад байгаа юм. Намайг шүүхээр их яваад байхаар чи шорондоо ороорой, чамайг шоронд оруулна гэх зэргээр хэлдэг байсан. Ингэж хэлээд байгаагийн учир нь Э.У намайг нөхөртэйгээ хардаад байгаа юм. Би У эгчид өгөх ёстой бүх мөнгөө өгсөн гэхэд чамд ямар баримт байгаа юм бэ гэж сүрдүүлдэг. Нэг удаа манай дүүгийн сарын цалинг нь хүртэл булааж авсан байсан. Би дүүтэйгээ нийлээд Э.У нийт 1,700,000 төгрөг өгсөн.

Би Э.У 2019 оны 8 дугаар сарын 5, 6-ны үед 255,000 төгрөг, 745,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг би цувуулж бэлнээр төлсөн. Манай дүүгээс 200,000 төгрөг, 150,000 төгрөгийг цувуулж авсан. Мөн манай дүүгийн цалин 600,000 төгрөгийг булааж авсан. Надаас 300,000 төгрөгөөр 2 удаа, 50,000 төгрөгийг тус тус цувуулж авсан. Манай ээжээс 100,000 төгрөг авсан. Ингээд нийт 1,700,000 төгрөгийг би төлсөн. Харин ч би Э.У илүү мөнгө төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч С.Х холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч С.Х нь надаас ойр зуурын хэрэглээний мөнгө гэж 1,000,000 төгрөг авсан. Мөн байрны түрээс 240,000 төгрөг, гоо сайхны барааны үнэ 60,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг төлөх ёстой гэж, хариуцагч С.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч Э.У ойр зуурын хэрэглээний мөнгө гэж авсан 1,000,000 төгрөг болон байрны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, харин гоо сайхны барааг би аваагүй тул 60,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж мэтгэлцлээ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч С.Х нь нэхэмжлэгч Э.У 2019 оны 8 дугаар сард нийт 1,000,000 төгрөгийг цувуулж авсан болох нь нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Харин хариуцагч С.Х нь энэхүү 1,000,000 төгрөгийг өөрөө 200,000 төгрөг, 150,000 төгрөг, 300,000 төгрөгөөр 2 удаа, 50,000 төгрөгөөр тус тус цувуулж төлсөн, дүү н.А нь 600,000 төгрөг, С.Х эх нь 100,000 төгрөгийг тус тус төлсөн, нийт 1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэд хоорондын зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцааны онцлог нь зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.

            Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

            Иймд нэхэмжлэгч Э.У, хариуцагч С.Х нарын хооронд үүссэн дээрх харилцаа нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна. Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Э.У нь хариуцагч С.Х зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзалаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэхүү татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас байрны түрээсийн 240,000 төгрөг, гоо сайханы барааны үнэ 60,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Э.У нь өөрийн түрээслэн сууж байсан байраа дамжуулан түрээслэхдээ Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д зааснаар гагацхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болох бөгөөд энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгч Э.У шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна. Мөнтүүнчлэн тэрээр түрээслэн сууж байсан байраа хариуцагч С.Х 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд дамжуулан түрээсэлсэн, хариуцагч С.Х нь 1 сарын хугацааны түрээсийн төлбөр болон хэрэглээний зардлаа төлөөгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар 60,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы бараа болох үнэртэй ус, нүдний тенийг хариуцагч С.Х нь авсан болох нь нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч С.Х 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У олгож, үлдэх 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Х 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Х 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.МАРИНА